Alumni stories

В.Ганзориг: АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй IVLP хөтөлбөрийн төгсөгч, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн


Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач?

Намайг Ганзориг гэдэг. MASA-д бол хагас жилийн өмнөөс удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. IVLP гэдэг хөтөлбөр байдаг. “International Visitor Leadership Program” гээд АНУ-ын Төрийн Департаментаас санхүүждэг хөтөлбөр байдаг. Миний хувьд жилийн өмнө “NGO management буюу Төрийн бус байгууллагын удирдлага” гэх сонирхолтой эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдаад тэр дундаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ Америк улс хэрхэн асарч хамгаалж, төр болон төрийн бус байгууллага /цаашид ТББ/-тай хэрхэн хамтарч ажилладаг туршлага судлаад ирсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй хүмүүст боловсрол олгох бодлого, дэд бүтцийг бий болгосон байдал нь ямар байдаг юм бол?

АНУ-ын үндсэн бодлого нь хүн, хүний эрх чөлөө. Гэсэн ч Ази улсуудтай харьцуулахад тэнд хүн ажилтай орлоготой байж л элэг бүтэн, тайван амьдрах боломжтой. Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын систем нэлээн хүнд, боловсрол эрүүл мэндийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьдаг боловч капиталист нийгэм учраас бага зэрэг хэцүү санагдсан. Одоо бодоход саяхан юм шиг боловч ердөө 1960-аад оны үед Америкт арьс өнгөний ялгаварлалт эрчээ авч байсан ч одоо намжаад, түүний дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхагдалтгүй нийгэм байгуулахын төлөө нэлээн том ажил хийж байсан. Бид кино дээрээс дандаа гоё талыг нь хараад байдаг. Америкт байх үедээ санал тавьж байгаад бүүр хамгийн ядуу, хамгийн хүнд дүүргүүд дээр очиж байсан. Тэнд очиход нөхцөл байдал кино дээр гардгаас маш өөр. Ядуурал, архидалт, гэмт хэргийн тархалт, хүүхдүүдийн гэмт хэрэгтэй холбогдож буй байдал гэх мэт нэлээн хүнд дүүргүүд байдаг. Миний ойлгосноор суурь үйлчилгээ болсон боловсрол, эрүүл мэнд үйлчилгээнд нийгмийн энэ ялгаатай бүлгүүдийн жигд хамруулна гэвэл нэлээн хийх ажил байгаа юм байна. Улс орон болгоны онцлог өөр учраас өндөр хөгжилтэй улс байлаа гээд мундаг гэж шууд системийг нь хуулж, нутагшуулна гэдэг нь зөв арга биш гэдгийг ойлгосон. Авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй.

IVLP тэтгэлэгт хөтөлбөрт ямар шалгуураар тэнцсэн бэ? Хэрхэн бэлдсэн бэ?

Би яг үнэнийг хэлэхэд энэ тэтгэлэг байдаг гэдгийг мэдээгүй байсан. Хоёр жилийн өмнө Америкийн элчин сайдын яамнаас холбогдоод, манайд ийм хөтөлбөр байдаг юм. Тэр дундаа  “Төрийн Бус Байгууллагын Удирдлага” гэдэг чиглэл дээр өөрийн чинь бид нэрийг дэвшүүлж явуулах сонирхолтой байна гэсэн. Би сүүлийн арав гаруй жил ТББ-д болон оюуны бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр өөрийнхөө хувьд сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүс миний ТББ дээр хийдэг ажлыг мэддэг бас зарим төсөл дээр Америкийн элчинтэй хамтарч ажиллаж байсан. Зарим нэг хийсэн ажлууд анзаарагдсан юм шиг байгаа юм. Би ийм гоё боломж байхад тэгэлгүй яахав гэсэн. Гэхдээ уржнан жил тэнцээгүй юм. Харин өнгөрсөн жил дахиж холбогдоод “Энэ жил дахиад таны нэрийг дэвшүүлж болох уу” гээд миний хувьд зөвшөөрөөд хоёр удаа бүртгүүлсний эцэст тэнцсэн. Бэлдсэн зүйл бол байгаагүй. Миний энэ тэтгэлгийн хувьд бэлдэхээс илүү тухайн салбартай ажиллаад, зовлон жаргалыг нь үзээд яг бодитой жижиг гэлтгүй хувь нэмэр үйл ажиллагаа хийгээд явж байгаа хүмүүсийг бараг анзаараад цаанаасаа санал тавиад явуулдаг юм болов уу гэж би хувьдаа харсан. Түүнээс биш нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад хийгддэг зүйл биш юм байна гэж ойлгосон.

Та Монголын “Монголын Дауны Холбоо”-ны үүсгэн байгуулагч, энэ ажил, төсөл хөтөлбөрүүдийнхээ тухай мэдээлэл өгөөч?

Анх надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэвэл, нэгдүгээр курсээ төгсөөд зун амарч ирээд хоёрдугаар курс яг эхлэх үеэр манай нэг багш хүүхдүүдээс “Зуны гурван сарыг юу хийж өнгөрөөв” гэж асуусан юм. Тэгсэн бүгд л их үр бүтээлтэй өнгөрөөсөн байсан. Бараг би ганцаараа юу ч хийгээгүй байлаа. Энэ нь тухайн үедээ надад маш том нөлөө болсон. Түүнээс хойш цаг хугацаанд жаахан харам, аль болох үр бүтээлтэй, өөрт ашигтай, бусдад өгөөжтэй өнгөрөөх юмсан гэдэг болсон доо. Тэгээд аяндаа юм юм хийгээд явж байвал өөрөө тэр хийж байгаа үйлдлээсээ сэтгэл ханамж аваад эхэлсэн.

Одоо миний хувьд хувийн бизнес эрхэлдэг. Бидний хувьд нэлээн ачаалалтай ажилладаг. Ер нь энэ төрлийн ажлууд их стресс үүсгэдэг. Тэгээд сүүлд анзаарахад миний одоо хийж байгаа сайн дурын, хүчээ өгч байгаа энэ олон нийтийн ажлууд, ТББ-д ирээд ажиллахаар бизнесийн байгууллагын үүссэн стресс ачааллыг маань эд нар зөөллөөд, баланслаад байгаа юм шиг. Яагаад гэвэл сайн дурын ажилд тэр хүмүүстэй, тэр хүүхдүүдтэй, эцэг эхчүүдтэй нь уулзаад явахад ямар ч ашиг, мөнгө төгрөг, хатуу гэрээ ярихгүй. Зөвхөн хоорондоо үнэ цэнээ солилцоод, сайн дураараа нэгдэж, эвлэлдэж байгаа ийм харилцаа дунд орохоор бараг тархи болон оюун санааны иог болоод байгаа юм шиг санагддаг. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа дуртай түүнээсээ урам, эрч хүч авдаг байх их чухал. Тийм зүйлээ олох нь бас чухал, тэгэхгүй хүн дуурайж, мода дагаж аль нэг клубийн гишүүн болоод явах нь тийм ч зөв арга биш. Мөн сургуулийн тэтгэлэгт л хамрагдах гээд тодорхойлолт л авах гэж сайн дурын ажил хийх хэрэггүй гэж санагддаг, Гол нь өөрийгөө эхэлж таних нь их чухал. Ихэнх гадаадын их дээд сургуулиуд тэтгэлэг өгөхдөө чиний арван жилээ, бакалавраа хэр онц сайн төгссөнийг чинь голчлохгүй. Гол нь чиний энэ мэдсэн зүйлээ эргээд нийгэмдээ яаж зориулж байсан бэ? яаж зориулах гэж төлөвлөж байгаа вэ? өөрийн чинь оруулах хувь нэмэр чинь юу вэ? гэж асуудаг болчихсон. Энэ нь тэтгэлгийн гол шалгуур болоод удаж байна. Тэр зүйл нь бусдын тусын тулд ч байж болно, өөрийнхөө тусын тулд ч байж болдог. Тиймээс гоё тийм сониуч бай. Тэр дундаасаа дуртай зүйлдээ олох, өөрийгөө хуурахгүй, өөрийгөө эхэлж таних нь их чухал гэж санагддаг.  

Америкт хөтөлбөрт хамрагдаж байсан үеийн дурсамжаасаа бид нартай хуваалцвал?

Хамгийн сонирхолтой нь би кино дээрээс төсөөлснөөс өөр Америкийг хувьдаа нээхийг зорьж явсан, АНУ-ын Засгийн газраас зохион байгуулсан болохоор таван муж, нэлээн олон хотоор явсан. Яагаад гэвэл Америк өөрөө капиталист нийгэмтэй учраас баян ядуугийн ялгаа ихтэй, эмзэг бүлгийн хүмүүсийнх нь амьдрал яаж өрнөдөг юм? Тэднийг тэтгэж, асарч байгаа санхүүжилт нь хаанаасаа гардаг юм. ТББ, иргэний нийгмийн хүмүүс нь ер нь ямар схемээр ажилладаг юм. Над шиг цалингүй сайн дураараа ажилладаг юм уу? Эсвэл эсрэгээрээ бүр өндөр цалинтай ажилладаг юм уу? Мэргэжлийн хүмүүсийг хөлсөлж ажилладаг юм уу? ерөнхийдөө асуултынхаа хариултуудыг бас олсон. Бидний хувьд “Nongovernment organization NGO буюу ТББ”. Харин Америк улсын хувьд “nonprofit organization NPO буюу ашгийн бус байгууллага АББ” гэж явдаг. Хальт сонсоход утгын ялгаа байхгүй мэт боловч nonprofit гэдэг нь ашиг олж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Харин ч үйл ажиллагаа сайн ашиг олох ёстой. Гол нь олсон ашгаа удирдлага нь хувьдаа ашиглаж болохгүй. Энэ нь харин төрийн бус байгууллагадаа шингээд улам өргөжих ёстой. Тийм ч учраас ТББ-ууд нь бизнес сэтгэлгээтэй юм байна лээ. Зарцуулж байгаа цаг хугацаа бүрээ үнэлдэг. Тэр чинээгээр үзүүлж байгаа үйлчилгээ нь чанартай. Иргэд нь тэр чинээгээрээ хариуцлага, чанар нэхдэг.  Нөгөө талдаа санхүүжилтээр хариуцлагыг нь сайн барьж өгдөг. Монголд болохоор цэвэр сайн дураараа явагдаад байдаг, сайн дурын ажлын гоё зүйл нь сэтгэл болов ч нөгөө талдаа том хэмжээний зүйл хийхэд тоглоом биш л дээ. Санхүүжилт шаардлагатай болно. Бүтэн цагаар ажиллах болно. Урт хугацаандаа ТББ-ыг сайн дурын байгууллага амжилттай явах шалтгаан нь дээрх систем уруу орох ёстой юм байна гэдгийг сайн анзаарсан.

Нөгөө талдаа шоконд орсон зүйл гэвэл АНУ-ын хамгийн хүнд дүүргүүдээр нь явж байхад арьс өнгөөр ялгаварладаг байсан, тамлан зовоодог байсан түүхэн музей, тэдгээрийн видео, түүхийг уншаад харахад одоо ингээд ийм гоё болчихсон, соёлтой, мундаг хүмүүс болчихсон, саяхан л 40, 50 жилийн өмнө ямар их бие биенийхээ эсрэг үзэн ядалттай, бие биенийхээ амийг хөнөөж, эрхийг зөрчиж, амьтан шиг харьцаж байсан гэдгийг мэдэх үнэхээр шоконд орохоор байсан. Итгэмээргүй. Тэгэхээр хүний нийгэм ямар богино хугацаанд сайхан болж болдог юм гэдгийг харсан. Эцэст нь дүгнээд хэлэхэд ардчилал бол хязгааргүй эрх чөлөө биш хариуцлага юм байна гэдгийг л яс махандаа тултал ойлгож ирсэн.

Гадаадад суралцахаар явж байгаа олон залуус, ер нь суралцсан улс орондоо үлдэж ажиллах, амьдрах сонирхолтой байдаг. Бүгд биш ч өөрөө Монголдоо эргэж ирнэ гэж зорьж байсан уу?

Би Австралид байхад манай ангид байсан бүх гадаад оюутнууд байнгын оршин суух эрх гэсэн маягтад бүртгүүлээд үлдсэн. Тэнд хэдий гоё нийгэмтэй ч гэсэн миний хувьд бүх зүйлийг нь таамаглаж болдог, ойлгомжтой, аюулгүй, эрсдэлгүй нийгэм залуу хүний хувьд жоохон сонирхолгүй санагдаж байсан. Тэгээд ч Австрали улсад үлдвэл тэр улсад оруулах миний хувь нэмэр юу ч байхгүй. Тухайн үед чинь Монголд банк, санхүүгийн салбар нь унаж босоод л, анх удаа төлбөрийн карт, ATM орж ирж байсан. Тэнд энгийн, хуучин зүйлс Монголд цоо шинэ байсан. Монголдоо хангалттай хийх ажилтай, уйдах ч завгүй. Нөгөө талаас Монголдоо шинэ зүйлүүдийг хийгээд, тэрийгээ амжилт болгоод тамгалах боломжтой. Тийм орон зай байгаа болохоор ямар ч эргэж бодох юмгүй Монголдоо ирсэн. Японд ч гэсэн дараа нь төгсөөд шууд ирж байсан. Ажлын болон сурч мэдсэн зүйлээ Монголоо хөгжүүлье гээд ирсэн дээ.

Таны хувьд Австралид суралцаж, Японд суралцаж, Америкт бас сургалтад хамрагдлаа. Энэ бүх хугацаанд танд ямар өөрчлөлт гарсан бэ? Өнөөдрийн Ганзориг болж төлөвшихөд ямар ямар хүчин зүйл нөлөөлөв?

Намайг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Австралид би ажлыг чин сэтгэлээсээ хийх ёстой юм байна гэдэг зүйлийг сайн сурсан. Тухайн үед залуу байсан болохоор янз бүрийн ажил хийдэг байсан. Бүтэн цагийн хичээлийн хажуугаар хоёр, гурван давхар ажил хийнэ гэдэг нь өөрөө тийм амар биш л дээ. Үүрийн 4, 5 цагт босоод хичээлдээ явж, ажлаа давхар хийж, шөнийн ажилд гараад л. Ингээд ирэхээр надад зарцуулж байгаа цаг хугацааны үнэлгээ, ажлын үнэлгээ мөн мөнгөний үнэ цэнийг ойлгоод цаг хугацааг үр дүнтэй өөрийгөө хууралгүйгээр өнгөрөөх ёстой юм байна гэдэг зүйлийг сайн ойлгосон. Харин Японд нийгэм, технологийн шилжилт яаж хүний нийгмийг өөрчилж чадаж байна гэдэг зүйлийг ойлгосон. Товчхондоо Америк яваад ирсэн сургалтаар бол өөрийнхөө зорилгыг дахин тодорхойлсон гэж боддог. Бас нэг талаар хөгжил нь буурай янз бүрийн улс уруу явахад эсрэгээрээ чи өөрөө ямар гоё улсад амьдарч байгаа юм, ийм гоё найз нөхөдтэй, ийм гоё орчин хотод амьдарч байж гомдоллох эрхгүй гэдгийг ойлгодог. Тиймээс заавал өндөр хөгжилтэй улсад биш явж, газар үзэж, хүмүүстэй танилцаж, хүмүүс чамаас ямар өөр болохыг мэдэж, эсрэгээр тэр өөр хүмүүсийг чи яагаад хүлээн зөвшөөрөх ёстой юм гэдгийг ойлгох л ёстой юм байна лээ. Тэгэхээр хувийн бодлоосоо салж илүү уужуу, хүмүүсийг өөр өнцгөөр харж, асуудал шийдлийг өөр өнцгөөр хардаг болдог. Тэр нь эргээд чиний харилцаа, хүмүүжилд эерэг хандлага өгч, аливаа нэг зүйлд үргэлж эерэг, бүтээе гэсэн хандлагатай болдог.  

Танд баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье. 


MASA-ын  удирдах зөвлөлийн гишүүн Ганзоригийн ярилцлагыг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж сонсоорой.
▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
▶️Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.  

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа.