Сайн байцгаана уу. MASA-аас зохион байгуулдаг Америкт суралцсан миний түүх цуврал подкастын шинэ дугаар ийнхүү эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Ариунболдын Жаргалмаа оролцож байна. Тэрээр 2013 Global UGRAD хөтөлбөрийн оролцогч, бидэнтэй АНУ-аас цахимаар холбогдон оролцож байна.
Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байна уу. Подкастандаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Ариунболдын Жаргалмаа гэдэг. Би 2013 онд Global UGRAD хөтөлбөрөөр АНУ-ын Өмнөд Индианагийн их сургуульд нэг улирлын турш суралцсан, одоогоор АНУ-д ажиллаж, амьдарч байна.
Хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө Монголд хаана сурч байсан вэ? Global UGRAD хөтөлбөрийг хэрхэн олж мэдэв?
Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи хэлний багшийн ангид суралцаж байгаад Global UGRAD хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Энэхүү хөтөлбөрт 2, 3-р курсийн 3 ба түүнээс дээш голч дүнтэй оюутнууд хамрагдах боломжтой, Америк коллежийн боловсрол олгодог оюутан солилцооны хөтөлбөр гэж ойлгож болно. Сургуулийн мэдээллийн самбар дээр мэдээлэл нь байхыг хараад материалаа явуулчихсан. Түүнээс хойш сар гаруй хугацааны дараа ярилцлагын шатанд орох урилга ирсэн. Эхний 2 шатанд тэнцсэний дараагаар багагүй хугацаа өнгөрсний дараа TOEFL-ын шалгалт өгөхөөр болсон. Суралцах сургуулийн мэдээлэл хэсэг хугацааны дараа ирдэг юм билээ.
Ямар материал бүрдүүлж явуулж байсан вэ?
Зорилго тодорхойлох захиа, чамайг тодорхойлох 2-3 багшийн тодорхойлох захидал бол эхний шат бөгөөд дараагийн шат нь ярилцлагын шат байсан.
Америкт суралцах үеийн дуртай хичээл нь юу байсан вэ?
Би өөрөө хэлний чиглэлээр сурах сонирхолтой болохоор Франц хэлийг сонгон судалж байсан. Франц хэл надад тансаг, сонсголонтой хэл юм шиг санагддаг.
Англи хэлийг эх орондоо сурах, Америк очоод суралцах, гуравдагч орны хэл сурах ямар ялгаа, онцлогтой байсан вэ?
Тэр семестрт Франц хэл суралцаж байгаад, дуусаад Монгол руу буцсан учраас Франц хэлээ гүнзгийрүүлэн сайн сурч чадаагүй. Анхан шатны Франц хэлний мэдлэгтэй болоод буцаж байсан л даа. Франц хэлийг надад Англиар тайлбарлана. Би түүнийг нь эх хэлээрээ ойлгох гэдэг миний хувьд сорилттой зүйл байсан шүү.
Global UGRAD хөтөлбөрөөр суралцсан нь өөрт тань хэрхэн нөлөөлсөн вэ?
Миний хувьд Америкт нэг семестрийн турш суралцаад буцахдаа өөрийн тухтай бүсээсээ гараад, эргэж ирж суралцах хүсэлтэйгээр Монгол руугаа буцаад сургуулиа төгссөн. Үүний дараагаар 2016 онд магистрт суралцахаар АНУ-д эргэж ирсэн юм.
Англи хэлийг хэрхэн сурах талаар залуустаа хандаж зөвлөгөө өгөөч?
Би багадаа хүүхэлдэйн кино их үздэг байсан. 8-р ангиасаа гадаад багштай хувийн сургуульд явж эхэлсэн. Тэр үедээ Англи хэл маань тийм ч хангалттай биш байгааг анзаараад, илүү хичээх болсон юм. Дуртай зүйлээ хийхдээ Англи хэл дээр байлгахыг хичээнэ. Сонсдог дуу, үздэг кино нь Англи хэл дээр байх жишээний. Байнгын хэрэглээ болгохыг их хичээдэг хүүхэд байлаа. Бие даагаад, оролдлого сайтай байсны ачаар Англи хэлээ сайжруулахад нөлөөлсөн гэж боддог.
Магистраар Америкт сурахдаа сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлсэн бэ?
Би 5 сургууль руу материалаа явуулсны 4 сургуулиас нь тэнцсэн хариу ирсэн. Тэнцсэн хариу ирсэн сургуулиуд дундаас Олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодог сургууль аль вэ гээд хайх үед хоёр сургууль нь хасагдчихаж байгаа юм. Дараа нь хотын төвтэй ойр сургууль нь аль гэдгийг судалж байгаад сургуулиа сонгосон л доо. Эхний семестрийн төлбөрөө би өөрөө төлөөд, ингэхдээ сургуульдаа ажил хийгээд, дараагийн семестртэй тэтгэлэгт хамрагдсан. Тэтгэлэг авахын тулд Graduate Assistant буюу багшийн туслахын ажил хийж байсан юм. Энэ ажилд ороход эхлээд CV харна, дараа нь ярилцлагад орсон, өмнө нь хийж байсан ажлын туршлага харж байсан.
Америкт магистраар суралцахдаа цаг төлөвлөлтийг хэрхэн хийж ажил , хичээлээ зохицуулдаг байсан вэ?
Гэрээний дагуу 7 хоногт 20 цаг ажиллаж болдог. Гэхдээ багшийн ачаалал ямар байхаас хамаардаг. Зарим үед ачаалал ихтэй үе байна. Би өглөө нь зөөгчийн ажил хийгээд, үдээс өмнө хичээлдээ суугаад, өдөр нь оффисдоо суугаад багшийн туслахын ажлаа хийнэ. Завгүй амьдралын хэмнэл намайг ачаалал дааж чаддаг байхад сургасан гэж боддог. Түүний ачаар би одоо бүтэн цагийн ажилтай, дээр нь 7 хоногт 15 цагийн багшийн ажил хийж байна.
Америкт суралцаж байхад гэрээ санах, бууж өгмөөр санагдах гэх мэт хэцүү үеүдээ хэрхэн даван туулж байсан вэ?
Бүгд тэгээс эхэлдэг. Таньж мэдэх хүнгүй харь оронд сурахаар очиж байгаа гэдгээ ойлгоод бүх зүйлсээ өөрөө зохицуулж сурна. Миний хувьд сургуулиасаа 2 автобус дамжиж харих газарт амьдрах байраа сонгосон байсан юм. Ирж, буцахдаа нийт 2 цагийг зам дээр өнгөрүүлнэ гэдэг үр дүнгүй зүйл байсан учраас сургуультайгаа ойр байр олоод, өрөөний хамтрагчтай болоод амьдарсан ч тэр хүн нь надад таалагдаагүй. Дээрээс нь тэр байр хулганатай байсан. Харин сүүлд азаар гэх үү Монгол айлын зочны өрөөнд өөрийн матраас тавиад түр амьдрах боломж гарсан юм. Гадаадад сурахаар ирсэн хүмүүс үнэндээ хүнд хэцүү зүйлстэй нүүр тулах үе байдаг шүү гэж хэлмээр байгаа юм. Гэсэн ч чамд зорилго, мөрөөдөл, алсын хараа байвал зорьсон газартаа хүртлээ зогсохгүй байх хэрэгтэй.
Америкт магистраар суралцаад, эргээд эх орондоо ирж ажилласан уу?
Магистраар төгссөн оюутанд Америкт нэг жил ажиллах эрх өгдөг. Мэргэжлийн онцлогоос хамаарч 1-3 жилээр ажиллах эрх өгнө. Миний хувьд New York хот Manhattan коллежид багшлах боломж олдсон. Тэнд 3 сар ажилласны дараа Cleveland-рүү ажиллахаар буцсан юм. New York хот бол дэлхийн top 5 хотын нэг, маш өндөр өртөгтэй газар л даа. Багшийн цалингаар New York-д байр хөлсөлж амьдрах, өөрийн байшинтай болох боломжгүй.
Cleveland-д ямар ажил хийж байгаа вэ?
Би өмнө нь багшийн туслах хийж байсан гээд хэлж байсан даа. Тэр ажлаа үргэлжлүүлээд өөр төсөл дээр ажиллаж байна. Мөн Ахлах сургуульд шинжлэх ухааны багш хийж байгаа, мөн 24 сурагчтай анги удирдсан багшаар ажиллаж байна.
Монголын ахлах сургууль, Америк ахлах сургуулийн хоорондын ялгаа ямар байдаг вэ?
Америк болон Монгол хүүхдүүдийн хоорондын ялгаа нь бие даасан байдал юм. Америк хүүхдүүд 14-15 настайгаа ажил хийж эхэлдэг. Мөн сургуулийн зүгээс бүс нутгийн зарим жижиг бизнес эрхлэгчидтэй хамтарч сурагчдыг ажиллуулах, ажлын чиг баримжаа олгох, харилцааны чадварт сургах гэх мэт ажлууд хийгддэг. Монголд бол багшийг шүтэх үзэл байгаа харагддаг. Хэрвээ багшийн зааснаас илүү, эсвэл өөр зүйлийг сурагч асуувал буруудах гээд байдаг. Харин Америкт энэ харилцаа илүү чөлөөтэй, багш сурагч хоорондоо найзууд шиг байж чаддаг.
Америк сургуулийн боловсролын системийн онцлогийн талаар бидэнд мэдээлэл өгөөч?
Сургалтын агуулгын хувьд Монголтой адилхан байдаг. Анги дээшлэх бүрд хичээлийн агуулга хүндэрнэ. Америк хүүхдүүдийн онцлог нь практик буюу бодит үйлдэлд суурилсан оролцоо их байдаг бол Монгол хүүхдүүд онолын мэдлэг сайтай байдаг.
Америкт ахлах ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн сонгодог, түүнд нь сургуулийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
Чи ямар хичээл сонгохоос хамаараад эдгээр сургуулиудад орно гэдэг шалгуурын хувьд Монголынхтой адилхан. Харин Америкийн Liberal Arts College-ийн хувьд элсэж буй оюутан нь эхний 2 жил мэргэжлээ сонгохгүйгээр суурь хичээлүүдээ үзэж байгаад үлдсэн 2 жилдээ мэргэжлээ сонгож болдгоороо давуу талтай байдаг.
Америкт сурахыг хүсэж байгаа залуустаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Сонирхдог зүйлээ олоод түүнийгээ мэргэжил болгоод явж болно. Эсвэл сайн хийж чаддаг зүйлтэй болоод тэр чиглэлээ мэргэжил эзэмшиж болно. Америкт суръя гэвэл маш олон мэргэжил байгаа. Чиний алсын хараа ямар байгаагаас, зорилгынхоо төлөө тууштай байж чадах эсэхээс бүх зүйл хамаарна. Англи хэлээ сайн сураарай. Хүсэл мөрөөдлөө битгий хайрцаглаарай. Өөрт оногдсон ажлаа сайн хийгээрэй. Бага гэхгүйгээр боломж бүрийг ашиглаарай гэж хэлмээр байна.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагч сурахад ээлтэй юу?
Манай сургуульд тусгай боловсролын багш гэж байдаг. Энэ нь анги даасан багшаас тусдаа гэсэн үг. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй сурагч, анги удирдсан багш, тусгай боловсролын багшийг оролцуулаад тухайн сурагчид ямар хөтөлбөр, арга барилаар хичээл ороход тохирох талаар хурал болдог. Мөн багш нарыг жилд 2 удаа хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай хэрхэн ойлголцоход чиглэсэн сургалтад хамруулдаг. Хүртээмж талаасаа сургуулийн орчин бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй сурагчийг суралцахад таатай, хүртээмжтэй орчинтой.
Бидний урилгыг хүлээн авч, залуучууд, дүү нартаа хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил, үйлсэд өндөр амжилт хүсье. Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.