Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Амарбаяр гэдэг. Бакалаврын зэргээ АНУ-ын Dickinson State University-д, магистрын зэргээ Maharishi University of Management-д тус тус computer science мэргэжлээр төгссөн. АНУ-д 2006 оноос хойш амьдарч байгаад 2018 онд Монголдоо ирсэн. Мэдээллийн технологийн салбарт ажиллаад арван гурван жил болсон байна. Одоогоор өөрийн гэсэн стартапп бүтээгдэхүүн дээрээ анхаарч ажиллаж байна.
Америкт аль хотод ямар мужид сурч байв? Сурсан хотынхоо талаар мэдээлэл өгөөч.
Бакалаврт суралцах хугацаандаа North Dakota мужийн Dickinson хотод байсан. Магистрын хувьд Iowa мужид Fairfield гэдэг хотод сурсан. Аль аль нь их хөдөө талдаа жижигхэн хот байсан. Fairfield хотын онцлог нь бясалгал, цагаан хоолыг боловсролтой холбож эхлүүлж байсан. Тэгэхээр үүнийгээ дагаад хотын иргэдийн ихэнх нь цагаан хоол, бясалгал, эрүүл амьдралын хэв маягт их анхаардаг онцлогтой хот байсан.
АНУ-д сурахаасаа өмнө хаана сурч байв? Яагаад АНУ-д суралцах шийдвэр гаргасан бэ?
Тухайн үедээ анзаардаггүй байсан ч одоо эргээд харахаар би арван жилээ төгсөх гэж долоон сургууль сольсон байдаг юм. Их сургуульд мөн хоёр сургууль дамжиж байгаад АНУ-руу явж байсан. Олон сургууль сольсон шалтгаан гэвэл сургуулиуд гадагшаа явах боломж олгодог, тэтгэлэг олгож өгдөг гэх мэт амлалтуудаар хүүхдүүдийг татдаг, аав ээжүүд ч хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байна гээд байгаа юмаа зараад ч болов сургадаг байсан үе. Мөн анги их алгассан байсан учраас их сургуульд арай жаахан байна гээд авахгүй байсан. Харин MIU сургууль намайг авч дараа нь би ТИС-ийн уул уурхайн инженерийн анги руу шилжсэн. Одоо өнөөдөр технологи гэж яригдаж байгаа шиг одоогоос арван зургаан жилийн өмнө уул уурхай их эрэлттэй мэргэжил байлаа. Тухайн үед технологи надад яагаад ч юм ойрхон байдаг байсан. Тэгтэл “Глобал удирдагч сан гэдэг байгууллага Монголоос оюутнуудыг АНУ-руу явуулж байна, тэтгэлэгтэй юм байна, миний хүү явах уу?” гээд аав санал болгож байсан юм. Тэр үед гурван төрлийн мэргэжлээр сурах сонголт байсны нэг нь IT нөгөөх нь computer science, бизнесийн удирдлага байснаас би технологи сурахаар сонгож байсан юм.
Америкт амьдарч байхад хүнд санагдаж байсан үеийн дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцаач.
Америкт оюутан болж очсондоо өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл миний хувьд тэнд амьдралын маань туршлага олж авсан чухал үе өнгөрсөн. Тухайн үед тэнд таньдаг мэддэг хамаатан садан байхгүй байсан учир би яг ганцаараа л байна. Амжилтад хүрэх үү, бүтэлгүйтэх үү гээд л бүх зүйл надаас хамаарна. Бүх юмаа дэнчин тавиад очсон надад байгаа зүйл нь цаг хугацаа л байсан. Монголд байхдаа би өөрийгөө сайн англи хэлтэй гэж боддог байсан ч яг очсон чинь хүний яриаг сайн ойлгохгүй, чихний бөглөө гаргаагүй, соёлын болон хэлний шоконд орсон. Эхний үед муу дүнтэй, гэрээ санасан, орондоо уйлсан гээд л 15 настай хүүхдэд бүх зүйл шинэ байсан. Яваандаа сурч авсан тэр бүх зүйл дараа дараагийн амьдрал маань суурь болж өгсөн. Тэр сууриа л зөв тавьж чадвал дараа дараагийн шийдвэрүүд зөв явах боломжтой юм байна гэдгийг ойлгож авсан. Хичээлээс гадна хувийн амьдралд ч гэсэн хамгийн гоё дурсамжуудыг тэнд л бүтээсэн.
Дотуур байрнаасаа хөөгдөөд найзынхаа том өрөөнд хонож ч явсан. Их сургуулийнхаа хоолны газар мөнгө төлж чадахаа болиод нууцаар орж байгаад баригдаж ч байсан. Өлссөнөөсөө болоод айлын хашаанаас жимс нууцаар авч идээд явж байсан үе ч байдаг. Сургуулиа хаяад харлах гээд автобусны буудал руу цүнхээ чирээд явж байсан чинь автобусныхаа тасалбарыг авах мөнгө хүрэхгүй буцаад кампус руугаа явж байсан ч үе байдаг. Амралтаараа нууцаар харлаж ажил хийж байсан, бэртэж гэмтэж үзсэн, толгойдоо буу тулгуулж ч явсан гээд маш олон зүйлс болж байсан. Одоо эргээд харахад харлаж амьдраад явах уу, үгүй бол үүнийг давж гараад өөрт байгаа бүх боломжоо ашиглаад амжилттай сургуулиа төгсөх үү гэдэг эргэлтийн цэг дээр зөндөө очиж байсан. Тэгээд азаар ч юм уу ямартай ч сургуулиа хаяхгүй байх шийдвэр гаргаад сургуулиа амжилттай төгссөн нь зөв болсон юм.
Магистраа мөн Америкт хийсэн энэ тухайгаа дэлгэрүүл яривал?
Бакалавраа 2008 онд төгсчхөөд би эхлээд Монголдоо ажиллах бодолтой ирсэн ч тухайн үед ажлын орон тоо өнөөдрийнх шиг элбэг байгаагүй. Тэгээд АНУ-руу буцаж яваад таван жил ажилласан. Тухайн үед зочид буудлын захиалгын систем зохион бүтээдэг компанид ажилд орсон. Тэгээд одоо хангалттай гээд буцаж ирж байлаа. 2013 онд Монголд ирээд ажил хайгаад ярилцлагад орсон. За чамайг ажилд авах боловч бид чамд 800,000 мянган төгрөгийн цалин өгнө гэдэг байлаа. Америкт жирийн касс ч юм уу, айл нүүлгэдэг ажил хийхэд түүнээс өндөр цалин авна шүү дээ. Яагаад гэсэн чинь чамд магистр байхгүй юм байна гэдэг үгийг би гурван том компаниас авч байсан. Тэгээд л би магистраа хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Монголд миний боловсролыг үнэлэх газар тухайн үед бол байгаагүй. Өнөөдөр бол үнэлнэ, авна, хүрээд ир гэдэг болсон.
Магистраа хийхэд надад хоёр сонголт байсан. АНУ-д сураад ажиллаж үзлээ, одоо Азийн соёлоос сурвал дэлхийн иргэн болно гэж бодоод Солонгосын Сөүлийн их сургуульд тэтгэлэг аваад орсон. Гэвч АНУ-ын соёлд дассан, шилжилтийн насаа тэнд өнгөрүүлсэн, их тийм задгай ярьж сэтгэдэг болчихсон хүн Солонгосын сургуульд чадахгүй гэдгээ удаа ч үгүй ойлгосон. Тухайн улсын соёл, сургуулийн орчинд нь суралцах арга барилд нь дасах гэж мөн Солонгос хоолонд дуртай ч гэсэн байнга идээд байх нь надад тохирохгүй нүүрээр юм гараад нэлээн хүнд байсан. Тэгээд байж байтал гэнэт нэг өдөр фейсбүүк дээр бясалгаад, цагаан хоол идээд, магистраа хийгээд, дэлхийн топ компанид ажиллах боломж гэсэн нэг реклам гараад ирсэн. Миний хувьд шөнө нь унтаж чадахгүй, хоол унд нь зохихгүй, стресстэй байсан болохоор тэр дөрвөн үг аврал шиг санагдаад шууд тэр зар дээр дарж ороод өргөдлөө бөглөөд явуулж байсан юм. Тэгээд сарын дотор л шийдэгдсэн. Одоо эргээд харахаар АНУ руу тэр шийдвэрийг гаргаад явсан нь карьерын хувьд асар том эргэлтийг авч ирсэн байдаг. Яагаад гэвэл тэр сургуулийг төгсөөд олон газар ярилцлага өгч байгаад Amazon-д гэдэг тэр технологийн том ертөнцөд хөл тавих боломжийг бий болгож өгсөн юм. Түүнээс хойшоо карьер маань нэлээн амжилттай сайн явсан.
Сургалтын төлбөрөө хэрхэн яаж санхүүжүүлсэн вэ?
Бакалаврт суралцах хугацаандаа тэтгэлэгтэй байсан. АНУ-ын сургалтын төлбөр Tuition Fee гэж явдаг Fee дотроо бусад нэмэлт төлбөргүй байх уу үгүй юу гээд задраад явна. Би зөвхөн Tuition-ны тодорхой хувийн тэтгэлэг авч байсан юм. Үлдсэн дотуур байр, хоол бүх зүйлээ өөрөө төлдөг байсан. Дараа нь Dickinson State University-аас 1,000 ам.долларын тэтгэлэг авч байсан. Мөн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гэх мэт зүйлээс цуглуулж эх үүсвэрээ бүрдүүлж явсан. Мөн дотуур байранд оюутнуудыг хариуцсан ажилтан гэж байдаг. Хэрэв болж чадвал дотуур байр, хоолны зардлыг цаанаас нь даадаг болохоор их өрсөлдөөнтэй ажлын байр байлаа. Би өрсөлдөж ороод сүүлийн нэг жил нь байр хоолоо үнэгүй болгож чадсан юм. Оюутнуудад хандаж хэлэхэд тийм боломжууд мөн байдаг шүү.
Магистрын хувьд манай сургуулийн онцлог нь түрүүлээд 3,500-7,000 ам.доллар зээл аваад төлчихдөг байсан. Үлдсэн төлбөрөө төлөхгүй кампус дээрээ найман сар сурч байгаад дадлага хийж, дадлагаар ажиллаж олсон цалингаасаа буцаад зээлээ сар бүр төлөөд явдаг. Ер нь бол санхүүгийн хувьд уян хатан боломжтой тийм сургууль байсан.
АНУ-д ажиллах хэр байсан бэ?
Миний хувьд АНУ-д гадны оюутнууд ажиллаж амьдарч болох бүх процессоор нь явж үзсэн. Бакалаврын визээр явж байгаа оюутнууд F1 визээр явдаг. Энэ виз нь сургуулиа төгссөний дараа Optional Practical Traning гэдэг эрхээр нэг жил дадлага хийх боломжийг олгодог. Магистрын хувьд төгсчхөөд нэг жил ажиллаж болно. Мөн CPT буюу сурч байхдаа хажуугаар нь дадлага хийх боломж байдаг. CPT программаар ажиллаж байгаад OPT руу мөн шилжиж болно. Энэ эрхүүдээрээ ажилласны дараа ажлын визийн ангилалд орж болдог. H1B гээд миний авсан ажлын визийн ангилал байдаг юм. Энэ ангилал нь Америкийн компани тухайн ажлын байр дээр Америк иргэнийг үнэхээр олж чадахгүй байна. Тэгэхээр бид энэ гадны иргэнийг энэ ажлын байр дээр авна гэсэн хүсэлтийг тухайн хүний өмнөөс гаргаж өргөдөл явуулаад, зөвшөөрсний үндсэн дээр H1B гэсэн ажлын визийг авдаг. H1B-ыг авсан тохиолдолд гурван жил ажиллаж болдог. Энэ хугацаа дуусах дөхөөд ирэхээр дахиж гурван жилээр сунгаж мөн болдог. Их нарийн тогтолцоотой. АНУ-ын хөдөлмөрийн яаманд нь жил бүр хэдэн гадаад иргэн ажиллуулна гээд тоо заагаад өгсөн байдаг. Тэр зааж өгсөн хэмжээнээс нь илүү их өргөдөл ирдэг учраас сугалааны системээр хүмүүсээ сонгож авдаг. Тэгэхээр чи азаа үзнэ гэсэн үг.
АНУ-д сурч байх үеийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач.
Одоо эргээд харахад хөгжилтэй зүйл их болж байсан. Яг одоо санаанд орж байгаа дурсамж гэвэл би анх төгсөх үедээ 250 доллароор 1985 оны нэг машин авч байсан. Тэр машиныг зарсан хүн нь “Чи үүнийг хурдны зам дээр гаргаж болохгүй шүү” гэж байсан. Би нэг өдөр өлсөөд McDonald’s руу бургер авч идэх гээд явж байхдаа эргэлтээ буруу хийчихсэн чинь хурдны зам руу гарчихсан. Өмнө нь хурдны зам дээр нэг ч машин барьж үзээгүй. АНУ-ын хурдны замын дээд хязгаар нь 75 байдаг. Би 30-тай яваад байсан чинь машинууд араас тулж ирээд сигнал дараад тэгэхээр нь сандраад л гишгэсэн чинь машин маань салганаад яг тэр хурдны зам дээр салаад уналаа шүү. Тэгээд бүүр арай л гэж хурдны замаасаа гарсан чинь машины маань жолоочийн талын дугуй нь салаад уначихсан. /Инээв/ Тэр өдөр би өлсөөгүй байсан бол тэр машинтайгаа арай жоохон удаан байх байсан даа л гэж бодсон. Миний хувьд 250 долларын үнэтэй бургер болсон. Тиймэрхүү хөгтэй явдлууд зөндөө гарч байсан.
Одоо IT-ын мэргэжил нэлээн бүүм болоод байна. Одоогийн энэ нөхцөл байдал мөн ирээдүйн чиг хандлага нь хаашаа явж байна вэ?
Миний хувьд технологийн мэргэжил сонгосон явдалд аав ээж хоёр маань их нөлөөлсөн. Математикаар явуулах гэж их бэлдсэн ч би математиктаа сайн байгаагүй. Тэр чиглэл рүү бэлдээд байсан болохоор цаанаасаа л надад тэр орц нь бүрэлдсэн байсан. Тэр орцуудыг нь нийлүүлээд хоол болгож чадах уу үгүй юу гэдэг нь надаас хамааралтай. Газар ухах шаардлагагүй, барилга барих шаардлагагүй, гадаа халуун наранд хүйтэнд байх шаардлагагүй хэр нь компьютерын ард сууж байгаад хийсэн зүйлийг хүмүүс их сайхнаар хүлээж авдаг байсан нь надад их таалагдсан. Мөн Dickinson State University тухайн үед семестрээр төлбөрөө авдаг байсан юм. Төлбөрөө төлж л байвал чи тэр семестрт хэдэн ч хичээл үзсэн болно. Тэгээд би семестрт нийт 27-30 кредит авсан. Тэр нь бараг 7-9 нь хичээл гэсэн үг. Ажил дээр гарахад АНУ-д энэ мэргэжлийн үнэлэмж их өндөр, үнэлж чаддаг учраас бүх нь нөхцөл нь бүрдчихсэн байсан. Технологи бол хязгааргүй. Би юуг, бодол минь юуг сэтгэж чадна, түүнийхээ хэмжээгээр надад компьютер, интернэт байх л юм бол би хэн нэгний амьдралд дэлхийн хаа нэг газар өөрчлөлт шинэчлэлт, нөлөөг авч ирж чадна гэдэг маань өөрөө их том зүйл юм шиг санагддаг.
Та цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
Дэлхийн долоон тэрбум хүн ямар нэгэн байдлаар технологийн нөлөөтэй амьдарч байна. Тэгэхээр хүн бүрийн санаа уралдаад л эхэлнэ. Технологи бол түүнийг нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Технологи хувьсаж өөрчлөгдөж байдаг. За энэ арай ч болчихгүй байлгүй дээ гэсэн зүйл рүү л аваачаад байна. Хиймэл ертөнцөд хүмүүс танилцдаг болно. Хиймэл ертөнцөд хүмүүс уулздаг болно. Гэхдээ энэ олон болж байгаа сонирхолтой зүйлүүдийн бүгдийнх нь араас явах биш хувь хүнд яг аль нь илүү чухал байна түүнийгээ сонгож хэрэглэнэ.
Би 13 жилийн турш энэ салбарт ажилласан хүний хувьд хүний амьдралд тулгараад байгаа асуудлыг шийдэж өгөх санаа хөгжүүлээд одоо Монголдоо ирээд гурван төрлийн технологийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Нэг нь гэвэл одоо хүмүүс моментуудыг их гоё үнэ цэнтэй гэж боддог болсон. Жишээ нь: Хэн нэгэнд гоё гэнэтийн бэлэг барих, халуун дулаан үг хэлэх, баяр баясгалан аз жаргал өгч чадах тийм зүйл юм. Тэгэхээр нөгөө талд авьяастай, дуулдаг, зурдаг, юмыг хийж чадаж байгаа хүнийг цааш нь түгээж нэг нэгэндээ гоё моментыг бий болгож холбож өгдөг тийм дундын платформ хийх юм. Хамгийн энгийнээр хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих гээд тэр платформд орж хайртай хүнийхээ дуртай дууг дуулж чаддаг хүнтэй холбож өгөөд нөгөө хүн нь тэр хүнээс чамд гэнэтийн бэлэг илгээлгээ гээд мэндчилгээг нь хүргэдэг. Мөн хайртай хүнийхээ, гэр бүлийнхээ зургийг явуулаад биднийг зураад өгөөч гэхээр нөгөө талд гэртээ сууж байгаа хүн нь зураад явуулдаг гэх мэт иймэрхүү авьяасын зах зээлийг бий болговол их гоё санагдаж байгаа. Нөгөө хоёрт нь хосуудын болзооны орчны бүтээлч байдал, хосуудад болон гэр бүлтэй хүмүүст зориулсан болзооны санаа, сонирхолтой байх гэх мэт тиймэрхүү нэг платформ дээр ажиллаж байна.
Бидний урилгыг хүлээж авч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.
За баярлалаа.
Та бүхэн энэхүү яриа, подкастын дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.