News

Түгээмэл асуулт хариулт

EducationUSA-ын зүгээс АНУ-д суралцахтай холбоотой асуултуудыг багцлан, түгээмэл асуулт хариулт болгон хүргэж байна.

Q: АНУ-д байдаг олон их сургуулиудаас яаж сонголтоо хийх вэ?

A: Суралцахад тань хамгийн их нөлөөлөх зүйлээ тодорхойлоод, шалгуурыг нь хангаж буй бүртгүүлэх боломжтой сургуулиудаа хайгаарай. Мөн сонгосон сургууль тань магадлан итгэмжлэгдсэн эсэхийг шалгахаа мартуузай. Тусламж хэрэгтэй бол EducationUSA Mongolia зөвлөхүүдтэй холбогдоорой.

Q: Коллеж (college) болон Их сургууль (university) хоёр ямар ялгаатай вэ?

A: Коллеж нь зөвхөн undergraduate буюу бакалаврын түвшний зэрэг олгодог. Харин их сургууль нь undergraduate болон graduate буюу ахисан түвшний зэрэг олгодгоороо ялгаатай.

Q: АНУ-д суралцахад насны хязгаар байгаа юу?

A: Ахлах сургуулиа төгссөн, 17+ настай байх ёстой.

Q: АНУ-ын хичээлийн шинэ жил хэзээ эхэлдэг вэ?

A: Ерөнхийдөө, 8 сард эхэлж 5 сард дуусдаг. Гэхдээ их сургууль бүрийн хичээлийн улирлын тоо ялгаатай байдаг буюу 2, 3, 4 семестртэй байна.

Q: "Undergraduate" "Graduate" зэрэг нь ямар ялгаатай вэ?

A: Undergraduate нь ахлах сургуулиа төгссөний дараа хамрагдах 4 жилийн бакалаврын зэрэг эсвэл 2 жилийн ассошиэт мэргэжил эзэмших хөтөлбөр. Graduate нь бакалаврын зэргээ эзэмшсэний дараа хамрагдах магистр болон докторын зэрэг.

Q: Ямар ямар undergraduate зэргүүд байдаг вэ?

A: Aссошиэт: Тодорхой мэргэжил эзэмших, бакалаврын хөтөлбөрт шилжихийн тулд хамрагдах 2 жилийн хөтөлбөр.

Бакалавр: Олон төрлийн хичээл үзэж кредит цуглуулж суралцдаг 4-5 жилийн хөтөлбөр.

Q: Ямар ямар graduate зэргүүд байдаг вэ?

A: Магистр: Мэргэшүүлэх нэмэлт 2 жилийн хөтөлбөр.

Доктор: Cудлаач, профессор гэдгийг батлах 5-8 жилийн хөтөлбөр.

Q: Бакалавр, магистрт зэрэг суралцаж болох уу?

A: Хос мэргэжлийн хөтөлбөрт хамрагдвал их сургуулийн сүүлийн жилдээ магистрын хөтөлбөрт элсээд, төгсөхдөө магистр бакалаврын зэрэгтэй төгсөх боломжтой.

Q: MBA хөтөлбөр хэдэн жил байдаг вэ?

A: Ихэвчлэн 1-2 жил.

Q: АНУ-д суралцангаа ажиллаж болох уу?

A: International Student Office-ын зөвшөөрөлтэйгөөр гадаад оюутнууд 1-р курсдээ оюутны хотхонд 7 хоногт 20 цаг ажиллах боломжтой. 

Q: Graduate түвшинд зайны сургалтад хамрагдах боломжтой юу?

A: Боломжтой. Distance Education Accrediting Commission-ы вебсайтаас магадлан итгэмжлэгдсэн онлайн зайны сургалтуудын талаар мэдээлэл аваарай.

Q: Одоо суралцаж байгаа гадаадын их сургуулиас АНУ дахь их сургууль руу шилжиж болох уу

A: Болно. Гэхдээ зарим цуглуулсан кредитээ дахин судлах буюу хугацаа алдах магадлалтай.

Q: Transfer (шилжих) өргөдөл яаж явуулах вэ?

A: 1-р курсэд элсэгчидтэй адил өргөдөл явуулах ба шилжих гэж буй сургуулиас шаардагдах нэмэлт бичиг баримтыг бүрдүүлнэ.

Q: Community college гэж юу вэ?

A: 2 жил сураад асошиэт зэрэг авч сүүлийн 2 жилдээ томоохон их дээд сургуульд шилжин суралцах боломжтой сургуулийн нэг төрөл юм. 

Q: Community college ямар давуу талтай вэ?

A: Хямд сургалтын төлбөртэй, бүртгүүлэхэд хялбар, төрийн их сургуулиудтай хамтарч ажилладаг, заавал үзэх мэргэжлийн хичээлүүдийг судлах боломжтой байдаг.

Q: Community college-ээс 4 жилийн их сургуульруу яаж шилжих вэ?

A: Сургууль бүрийн шилжих журам өөр өөр байдаг. Аль их сургууль руу шилжихээ эрт шийдээд, шилжих бэлтгэлээ хангах нь зүйтэй.

Q: Сургуулиа магадлан итгэмжлэгдсэн эсэхийг яаж шалгах вэ?

A: U.S. Department of Education's Office of Post-secondary Education вебсайтаас шалгаарай.

Q: Хөтөлбөрөө магадлан итгэмжлэгдсэн эсэхийг яаж шалгах вэ?

A: American Council on Education-ы вебсайтаас “Accredited Institutions of Postsecondary Education”-ээс шалгаарай.

Q: Сонгосон мэргэжилдээ шилдэг их сургуулийг яаж олох вэ?

A: Коллеж болон их сургуулиудын танилцуулгаас аль чиглэл, салбартаа шилдгийг нь харах боломжтой.

Q: Англи хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?

A: АНУ дахь их сургуулиуд англи хэлээр чөлөөтэй уншиж, бичиж, ярьж чаддагийг тань нотлох стандартчилагдсан хэлний шалгалтын оноотой байхыг шаарддаг.

Q: АНУ-д сурмаар байгаа ч миний англи хэл тийм ч сайн биш. Яах вэ?

A: АНУ-д, онлайнаар, өөрийн байгаа улсдаа ч англи хэлний сургалтад хамрагдах боломжтой.

Q: Оюутнууд цаанаас нь төлөвлөсөн сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлүүдээ судалдаг уу? Эзэмшихийг хүссэн мэргэжилтэйгээ холбоотой хүссэн хичээлээ судалж болох уу?

A: Янз янз. Маш нарийн тодорхойлсон сургалтын хөтөлбөрүүд ч байдаг. Бакалаврын зэргийн сургалтын төлөвлөгөө нь ихэнхдээ уян хатан буюу заримдаа өөрийн төлөвлөгөөний дагуу ч явах боломжтой байдаг.

Q: Мэргэжлээ хэзээ сонгодог вэ?

A: 2-р курсээ төгсөхдөө сонгоно.

Q: Liberal arts college гэж юу вэ?

A: Нийгэм, байгалийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, хэл, математикийн хичээлүүдийг заадаг их сургууль.

Q: Liberal arts college-ын давуу тал?

A: Анги дүүргэлт цөөнтэй, байнгын хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны чадварын мэдлэгийг эзэмшүүлдгээрээ давуу талтай.

Q: Credit system гэж юу вэ?

A: Хичээл бүрт өөр өөр тооны кредит оноосон байдаг ба энэ нь 7 хоногт тухайн хичээлийн орох цагийг илэрхийлдэг.

Q: GPA гэж юу вэ?

A: Grade Point Average (GPA) буюу дундаж голч оноо нь оюутны хичээлтэй холбоотой чадвар, мэдлэгийг 4.0 гэсэн онооноос үнэлдэг хэмжүүр юм.

Q: АНУ-д яаж дүн тооцдог вэ?

A: Сорил, явцын шалгалт, улирлын шалгалт, бие даалт, төсөл, илтгэл, ирц, идэвх дээр үндэслэн дүн тооцдог.

Q: State university, private university ямар ялгаатай вэ?

A: State university-г АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдэг бөгөөд хэмжээний хувьд харьцангуй том, сургалтын төлбөрийн хувьд харьцангуй хямд.

Q: Их сургуулийн оюутнуудад зориулсан солилцооны хөтөлбөр байдаг уу?

A: Тухайн сургуулийнхаа гадаад оюутнуудын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой.

Q: Гадаадын их сургуульд судалсан хичээлүүдээс аль аль нь АНУ-ын их сургуульд хүлээн зөвшөөрөгдөхийг яаж мэдэх вэ?

A: АНУ-ын их сургуулиуд нь гадаад оюутнуудын үзсэн хичээлүүдийг шалгаад, шаардлагатай бол үнэлгээний агентлагтай холбогдохыг зөвлөдөг.

Q: АНУ-ын vocational training-д яаж хамрагдах вэ?

A: АНУ-ын их сургуулиуд зэрэг эзэмшихээс гадуурх буюу vocational training-ын I-20 олгох эрхгүй байдаг. Ассошиэт зэрэг бол Community college-ын technical/vocational хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Q: АНУ-д суралцахаар явж буй оюутнуудад өгөх зөвлөгөө?

A: EducationUSA Mongolia-тай холбогдож чиглүүлэх сургалт, зөвлөгөө аваарай. Оюутны хотхондоо ирснийхээ дараа сургуулиас өгөх бүх чиглүүлэх сургалтад хамрагдаарай. 

Нийтлэл бичсэн: MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнаран

Нийтлэл хянасан: MASA болон EducationUSA Mongolia баг