Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-гаас 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганыг “Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа” сэдвийн дор АНУ-ын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр амжилттай зохион байгууллаа.
MASA-гаас санаачлан 2011 оноос хойш хоёр жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн тус чуулганы зорилго нь Америкт төгсөгчдийн холбоод өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, ирээдүйн төлөвлөгөө, чиглэлээ тодорхойлоход оршдог.
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч М.Ганцэцэг долоо дахь удаагийн чуулганыг нээж үг хэлэхдээ “MASA нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Америкт их дээд сургууль төгссөн болон АНУ-ын Засгийн Газрын урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 1,500 гаруй төгсөгчдийг өөртөө нэгтгэсэн холбоо болж өргөжиж тэлсэн байна. Холбооны төгсөгчид маань Америк, Монгол хоёр улсын хооронд соёлын элч төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн өөрсдийн Америкт сурч эзэмшсэн мэдлэг, туршлагаа Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад зориулахын зэрэгцээ оюутан, сурагчдын боловсрол, тэгш боломжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг сайн дурын үндсэн дээр санаачлан хэрэгжүүлж байна” гэв.
АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган чуулганд оролцож буй төгсөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ MASA үүcгэн байгуулагдсаны 17 жилийн ойн мэндийг дэвшүүлж, АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн төгсөгчид хоёр улсын нийтлэг үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг сайшаасан юм. Тэрээр MASA-гийн гишүүдийн сайн дурын үйлсийн төлөөх хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн боловсрол, нийгмийн санаачилгуудыг онцлов. Тухайлбал, MASA-гаас National Enrichment хөтөлбөрийг 4 дэх удаагаа амжилттай хэрэгжүүлж, нийт Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарын гуравны хоёрыг чадавхжуулсан, баруун бүсийн аймгуудын 2,000 гаруй сурагчдад мэргэжил сонголт, Америкт тэтгэлэгтэй суралцах талаарх зөвлөгөө мэдээллийг түгээсэн, сургуулиудын номын санд 350 гаруй англи, монгол ном хандивласан талаар дурдав.
MASA-гийн зүгээс АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанганы Монголын нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж, MASA-ын үйл ажиллагаанд үргэлж дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг явдалд гүнээ талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав.
Мөн Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганд АНУ-ын Төрийн Департментын Зүүн Ази Номхон Далайн Бүсийн төгсөгчид хариуцсан зохицуулагч Жэйсон Торнтон цахимаар мэндчилгээ дэвшүүлж оролцов. Тэрээр Монгол төгсөгчдийн АНУ-ын Төрийн Департментын санхүүжүүлтэд шалгарч хэрэгжүүлсэн нийгэмд тустай санаачлагуудыг онцолсоны зэрэгцээ цаашид төгсөгчид хамтран сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулахын ач холбогдлыг дурдав.
Энэ удаагийн чуулганаар MASA-гийн үе үеийн Ерөнхийлөгчид болох Дефакто Институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Азийн хөгжлийн банкны зөвлөх Э.Билгүүн, Монголбанкны ахлах М.Ганцэцэг нар хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Энэ хүрээнд MASA гэдэг байгууллагатай холбогдсон түүх, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс сурсан сургамж, ололтуудыг хэлэлцэж, цаашид холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ үеэр MASA-гийн өмнөх Ерөнхийлөгч нарыг багтаасан Зөвлөх Хороог шинээр байгуулж байгааг зарласан бөгөөд тус хороо нь холбооны үйл ажиллагаанд стратегийн зөвлөмж, чиглэл өгч ажиллах юм.
Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганаар MASA болон АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй LEAD, FLEX, ACCESS хөтөлбөрийн төгсөгчдийн холбоод 2022-2024 оны онцлох амжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Түүнчлэн эдгээр төгсөгчдийн холбоодын төлөөлөл “Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа” гэсэн чуулганы сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
Долоо дахь удаагийн чуулганд АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган тэргүүтэй зочид, MASA-гийн үе үеийн Ерөнхийлөгч нар, гишүүд, LEAD, FLEX, ACCESS хөтөлбөрийн төгсөгчдийн холбоодын төлөөлөл нийт 65 гаруй хүн оролцлоо.
MASA-гаас тус чуулганд зориулан өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, үйл ажилллагааны талаар гаргасан тайлантай дараах холбоосоор орж танилцана уу: https://online.fliphtml5.com/yojef/hgku/
Photo Credit: Bazeer

