News

GRE & GMAT гэж юу вэ?

GRE General Test гэж юу вэ?

Бүх салбарын магистр, докторын хөтөлбөрт өргөдөл явуулж байгаа хүмүүсийн өгөх боломжтой стандартчилагдсан, олон сонголтот шалгалтыг GRE гэдэг. GRE шалгалтын оноо нь 5 жилийн турш хүчинтэй. Бэлдэхэд ойролцоогоор 1-3 сар шаардлагатай ба хангалттай өндөр оноо авахын тулд дор хаяж 100 цаг бэлдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Төлбөр нь хэд вэ? 

Хятад дахь шалгалтын төвүүдээс бусад төвүүдэд дунджаар 205 доллар байдаг. Уг төлбөрт авсан оноогоо 4 хүртэлх их сургууль руу илгээх зардал багтсан байдаг.

GRE шалгалт нь:

  • Энгийн арифметик
  • Алгебр
  • Геометр
  • Дата анализ
  • Бичгэн материал уншаад дүгнэлт, анализ хийх чадвар,
  • Шүүмжлэлт сэтгэлгээ,
  • Асуудал шийдвэрлэх чадваруудыг шалгадаг.

Шалгалтын бүтэц:

  1. Analytical Writing (0-6 оноо)

Дундаж оноо 4. Тус тус 30 минут бүхий Analyze an Issue, Analyze an Argument гэсэн 2 хэсгээс бүрддэг. Нарийн, ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх санаагаа ойлгомжтой, логик дэс дараалалтай илэрхийлж чадаж байгаа эсэхийг шалгана. 

  1. Verbal Reasoning (130-170 оноо)

Дундаж оноо 151. Нийт 60 минут үргэлжлэх ба өгүүлбэр гүйцээх 6 асуулт, төсөөтэй 2 өгүүлбэр бүтээж өгүүлбэр гүйцээх 4 асуулт, унших 10 асуултаас бүрддэг. 

  1. Quantitative Reasoning (130-170 оноо)

Дундаж оноо 153. 2 тоон илэрхийллийн хамаарлыг тооцох 7-8 асуулт, тооцоолол хийх 12-13 асуултаас бүрдэх ба нийт 70 минут үргэлжилдэг. 

Хэр удаан үргэлжилдэг вэ?

Шалгалт өгөх болон завсарлагааны цагтай нийлээд ойролцоогоор 4 цагийн турш шалгалт үргэлжилдэг. Дээр дурдсан хэсгүүдээс гадна судалгааны, оноонд хамаарахгүй 30-35 минутын хэсэг байдаг.

Хэдэн оноо авбал тохиромжтой вэ?

Өргөдлөө явуулж буй сургуулийн шалгууртай танилцсанаар өөрийн авбал зохих онооны хамгийн доод хязгаараа тогтооно. Эсвэл тэнцсэн оюутнуудын дундаж GRE онооноос чиглэл авах боломжтой. 

Шалгалт өгч буй хүмүүсийн
Дундаж GRE Verbal оноо
Топ 10%
162
Топ 25%
157
Топ 50%
151


Шалгалт өгч буй хүмүүсийн
Дундаж GRE Quant оноо
Топ 10%
166
Топ 25%
160
Топ 50%
153

Монголд GRE шалгалт өгөх боломжтой газрууд

1. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн эгц урд талд, Од Плаза төв, Study сургалтын төв

2. Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, ШУТИС төв байр

GMAT гэж юу вэ?

Бизнесийн сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалах гэж буй хүмүүсийн өгдөг, олон сонголтот, компьютерээр өгдөг, стандартчилагдсан шалгалтыг GMAT гэдэг. Шалгалтын оноо нь 5 жилийн турш хүчинтэй. Бэлдэхэд ойролцоогоор 1-3 сарыг зарцуулах шаардлагатай ба 710-аас дээш оноо авахын тулд дор хаяж 120 цаг бэлдэх хэрэгтэй.

Төлбөр нь хэд вэ? 

дунджаар 275 доллар ба үүнд 5 их сургууль руу оноогоо илгээх зардал багтсан байдаг. 

GMAT шалгалт нь:

  • Энгийн арифметик,
  • Геометр,
  • Нэгтгэсэн дата анализ,
  • Англи хэлний дүрэм,
  • Бичгэн материал уншаад дүгнэлт, анализ хийх чадваруудыг шалгадаг.

Шалгалтын бүтэц:

Дараах 4 хэсгийг ямар дараалалтай өгөхөө шалгалт яг эхлэхээс өмнө сонгодог. Verbal, Quantitive хэсгүүдийн оноо хамгийн чухал буюу нийлээд 200-800 оноо руу шилжүүлэгддэг. Дундаж оноо нь 552 оноо бөгөөд хэцүү асуултуудад зөв хариулах нь илүү давуу талтай. 

  1. Analytical Writing Assessment (0-6 оноо)

Дундаж оноо 4.4. 30 минут бүхий Analysis of an Argument нь бичгийн чадварыг шалгана. Гар аргаар болон компьютерээр дүгнэсэн 2 онооны дунджаар дүгнэнэ. 2 оноо хэтэрхий зөрүүтэй байвал өөр хүн оноо өгдөг. Өөрийн санаагаа илэрхийлэх бус бичээчийн аргументыг шүүмжилж, нотлох баримт логик дарааллыг нь анализ хийнэ.

  1. Integrated Reasoning (1-8 оноо)

Дундаж оноо 4.2. Нийт 30 минут үргэлжлэх нийт 12 асуулттай. Хүснэгт болон график унших, анализ хийх чадваруудыг шалгадаг. 

  1. Quantitative (0-60 оноо)

Дундаж оноо 39. Тооцоолол хийх, өгөгдөлтэй ажиллах нийт 31 асуулттай ба 62 минут үргэлжилнэ. 

  1. Verbal (0-60 оноо)

Дундаж оноо 27. Нийт 65 минут үргэлжлэх ба унших, шүүмжлэлт сэтгэлгээ, өгүүлбэр гүйцээхтэй холбоотой 36 асуултаас бүрддэг.

GMAT яаж дүгнэгддэг вэ?

Шалгалт эхлэхэд компьютер автоматаар таны дундаж түвшинг тооцоолж, тохирох асуултуудыг өгдөг. Зөв хариулах тусам асуултууд хүндэрч, таны оноо өснө. Мөн эсрэгээрээ, буруу хариулах тусам асуултууд хөнгөн болж, таны оноо буурна. Өөрөөр хэлбэл, таны хэдэн асуулт зөв, буруу сонгосноос гадна хэр хүнд асуултад хариулснаас хамаарч дүгнэдэг гэсэн үг.

Хэдэн оноо авбал тохиромжтой вэ?

Бүртгүүлэх сургуулийнхаа элсэгчдийн дундаж GMAT оноог харснаар, ойролцоогоор хэдэн оноо авахаар зорихоо тогтооно. Алдартай, том сургуулиудын MBA хөтөлбөрт элсэгчдийн дундаж оноо 710 байдаг. 

Шалгалт өгч буй хүмүүсийн
Дундаж GMAT оноо
Топ 10%
710
Топ 25%
650
Топ 50%
580

Хэр удаан үргэлжилдэг вэ?

Шалгалт өгөх болон завсарлагааны цагтай нийлээд, яг шалгалт өгөх өдөр ойролцоогоор 3 цаг 30 минутын турш шалгалт үргэлжилдэг. 

Монголд GMAT шалгалт өгөх боломжтой газар

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, ШУТИС-ын 1 болон 2-р байрны голд байрлах номын сан, 406 тоот English Academy


Нийтлэл бичсэн: MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнаран

Нийтлэл хянасан: MASA болон EducationUSA Mongolia баг


Эх сурвалж:

 https://www.kaptest.com/gmat/what-is-the-gmat 

https://www.ets.org/gre/revised_general/about 

https://www.kaptest.com/gre/what-is-the-gre