Alumni stories

Ё.Лхамаа "BOSTON UNIVERSITY" -ийн төгсөгч

Бидний урилгыг хүлээн авч манай подкастанд оролцож байгаад баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

За баярлалаа. Hubert H.Humprey хөтөлбөрт шалгараад 12 жил болсон байна. Боловсролын чиглэлээр магистр хамгаалаад олон дээд сургуульд суралцаад ирсний нэг нь Бостоны их сургууль байсан л даа. Одоо боловсролын чиглэлээр ажилладаггүй ч гэсэн үргэлж холбоотой байдаг. Цагдаагийн академид ажилладаг байж байгаад, одоогоор Оюу толгой компанид ажиллаж байна.

Анх яагаад Америк руу хөтөлбөрт хамрагдахаар шийдэж байсан вэ?

Хүний амьдралд эргэлтийн цэг гэж байдаг юм билээ. Тэр нь надад гурван удаа тохиож байлаа. Үүний нэг нь 29 настайдаа Hubert H.Humprey хөтөлбөрт тэнцсэн явдал байсан юм. Тухайн үед би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2 дахь хүүхдээ гаргачхаад гэртээ байсан үе. Тухайн үед төрсний дараах сэтгэл гутралд орчихсон. Юун англи хэл гэхээр болчихсон байсан тэр үед. Гэсэн хэдий ч IELTS-д бэлдэж эхэлсэн. Мэдээж шөнө эсвэл үүрээр л зорилгодоо зарцуулах цаг гарна. Гурван сарын хугацаанд бэлдэж байсан. Австралид сурахаар шалгуулсан ч тэнцээгүй. Hubert H.Humprey хөтөлбөрт маш сонирхолтой байдлаар тэнцээд орж байсан юм. Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төвийн мэдээллийн самбар дээрээс зарлалыг нь анх олж хараад, Австралид бэлдэж байсан материалынхаа эсээг нь сольж бичээд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр нь ажлын цаг дуусахаас өмнө өгч байлаа.

Hubert H.Humprey хөтөлбөрт материалаа бэлдэх үе шат нь ямар байсан вэ?

Би нийт 4 тэтгэлэг авч байсан. Үүний хоёр нь японоос, нэг нь Монголоос, нөгөөх нь Америкаас авч байсан юм. Эдгээрээс хамгийн их намайг сорьсон, сайжруулсан, өсөн дэвших боломж өгсөн нь Hubert H.Humprey байсан юм. 2010 оны 3 сарын 10-нд хөтөлбөрт тэнцсэн тухайгаа сонсоод үүнийг л би хүлээж байсан шүү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн дөө.

Hubert H.Humprey хөтөлбөрийн зүгээс тухайн үед  танд ямар шаардлага тавьж байсан вэ?

Таваас дээш жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьж байсан. Тэрэнд нь би нийцэж байсан. Миний IELTS оноо 6,5 билүү 6 байсан нь онооны шаардлагыг хангаж байсан юм билээ. Мөн удирдах албан тушаалд ажилласан байх гэдэг шалгуур тавьж байсан.

Таныг Америк руу явах үед тэтгэлгийн хэмжээ нь ямар байсан бэ? Хөтөлбөрт хамрагдахад хангалттай байж чадсан уу? Гэр бүлтэйгээ хамт явах боломж олдсон уу?

Надаас ямар ч мөнгө гараагүй. Дээр нь нэмээд тэтгэлэг авчихна. Бостоны их сургуулийн дотуур байранд амьдарч байсан. 4 сарын дараа гэр бүлээ авч ирсэн нь хамгийн гоё мэдрэмж санагдаж байсан.

Hubert H.Humprey хөтөлбөрийн сургалтын үйл явц нь яаж явагддаг вэ?

Магистрын хөтөлбөрийг бодвол арай өөр. Учир нь дунд шатны манлайлагчдыг бэлддэг учраас, хөтөлбөр нь илүү манлайллын цогц сургалтад суурилсан гэх юм уу. Жишээ нь өөр газруудаас том профессор, докторууд ирж яриа хийнэ. Мөн өөрсдийн хуваарилагдсан сургуулийнхаа хичээлүүдэд давхар суугаад явах боломжтой болсон юм. Суух хичээлээ өөрөө сонгох боломж байсан нь надад их таалагдсан. Бусад хотуудад хурал зөвлөгөөнд оролцох зардлыг ч ялгаагүй цаанаас нь даачихдаг.

Гэр бүлээ татаж авахад ямар нэг хүндрэлтэй асуудал байсан уу? Гэрийнхэн чинь тэнд очиход нийгмийн статус нь ямар байсан вэ?

Визний хувьд асуудалгүй гараад хүрээд ирсэн. Нөхөртөө ажил олох л жаахан хэцүү байсан даа. Хууль маш чангатай орон. Би юу ч хийсэн улсын маань нэр гарна гэдэг бодол намайг тэнд хууль бусаар амьдрах ч юм уу тийм зүйл хийлгээгүй. Гэсэн хэдий ч нэг жил дэндүү богино хугацаа санагдаж байгаа юм чинь. Нөхөр бид 2 эхлээд нийгмийн хамгааллын дугаар (social security number) авах гэж багагүй удсан. Тухайн дугаараа авсан тохиолдолд ажиллах эрх үүсдэг юм билээ. Харин ажиллах эрх гэдэг зүйл тусдаа байдаггүй.

Бостон хотын тухай ярьж өгөөч. Монголчууд сурч, ажиллахад хэр тохиромжтой санагдсан вэ?

Миний амьдралын дурсамж дүүрэн нэг жил тэнд өнгөрсөн. Олон хүн сүлжилдсэн их хөлийн газар биш бүх зүйл тайван, амгалан мэдрэмж төрүүлэхээр, цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй, өртөг нь хямдхан, хүүхдэд ээлтэй тийм л газар. Бид нар Washington. New York хотуудад очиж байсан хэдий ч надад Washington хот илүү их таалагдсан. 

Hubert H.Humprey-д тэнцсэн хүмүүст амьдрах байр,  нийтийн тээврийн хувьд ямар  боломж байдаг вэ?

Мэдээж тэтгэлэг байна ойлгомжтой. Харин оюутны байранд байх уу? Өөрөө амьдрах газраа олох уу? гэдэг 2 сонголт байдаг. Би оюутны байраа сонгосон. Төлбөрийг нь цаанаас нь даадаггүй. Сар бүр авдаг тэтгэлгээсээ өгч байсан юм. Тогны мөнгө төлөхгүй. Харин интернэтээ өөрөө худалдаж авч байсан. 

Hubert H.Humprey хөтөлбөрт хамрагдахын тулд заавал магистраар сурчихсан байх ёстой юу? Бакалавраа төгсөөд 5 жил ажилласан байж болдог уу?

Тэр үед би бакалавр, магистр хоёуланг нь Монголд сурчихсан байсан.

Hubert H.Humprey хөтөлбөрийн хичээлийн ачаалал ямар байсан вэ? Кредит цуглуулах ч юм уу тийм зүйл байсан уу?

Кредитийн шаардлага байсан. Түүндээ багтаагаад хичээлээ сонгоод судалж болдог. Ачааллын хувьд тийм их байгаагүй. Сурах болон сургах арга барилын ялгаа нь харин хэцүү байсан. Нэг хүн урд гараад яриад байхгүй. Уншиж судлах материалыг нь түрүүлээд өгчихдөг. Тэрийг уншилгүйгээр амжилттай сурна гэж байдаггүй. Хичээл бүхэн оролцооноос эхэлдэг гэж хэлмээр байна.

Сургуулиа төгсөөд Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй гэрчилгээ авдаг гэж үнэн үү?

Үнэн. Маш том нэр хүндийн хэрэг байдаг юм билээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаа учраас би цагдаа хувцастайгаа очсон. Дараа нь гэрчилгээ гардаж аваад ерөнхийлөгчийн гарын үсгийг харах бахархалтай байдаг юм билээ.

Сургалт, хурлуудад явдаг байсан гэсэн тэр талаараа хуваалцаач?

Миний хувьд англи хэл заадаг багш нарын том хуралд оролцсон юм. Одоогоор англи хэлний заах арга зүйн дэлхийн чиг хандлага хааш явж байгааг мэдэх боломж гэсэн үг шүү дээ.

Мэргэжил сонголт тал дээр та юу гэж зөвлөгөө өгөх вэ?

Би хэл шинжлэлийн чиглэлээр 6 жил сурч төгссөн. Гэвч тухайн мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаагүй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл үнэхээр дуртай зүйлээ олоод тэр чиглэлээрээ сураарай гэх гэж байгаа юм. Сонирхол тодорхойлох янз бүрийн тестүүд байдаг болчихсон шүү дээ. Түүнийг ашиглах хэрэгтэй. Бас бүх мэргэжилд давуу болон сул тал гэж байгаа. Жишээ нь эмч гэвэл хүний амь насыг хариуцна. Өөрт нь эрсдэлтэй мэт боловч эдгэрээд эмнэлгээс гарч байгаа хүнийг харах мэдрэмж нь сайхан шүү дээ. Энэ мэтчилэн бүх мэргэжилд давуу болон сул тал гэж бий. Хамгийн чухал нь чи үнэхээр хүсэж байна уу гэдэгт л байгаа юм.

Америк руу сурахаар  явах гэж байгаа хүмүүст хандаад, ийм л зүйлийг хийж үзээрэй гэдэг ч юм уу тэгж хэлмээр зөвлөгөө байгаа юу?

Би аялаагүй. Үүндээ их харамсдаг. Хажууханд том том өндөр хөгжилтэй үзэж харах зүйлээр дүүрэн хотууд байхад би хичээлээ хийгээд л сууж байсан. Тухайн үед аялах боломж, мөнгө байсан уу гэвэл байсан. Би дараа хэрэглэхээр хадгалсан тухайн үед. Одоо тэр мөнгө байхгүй. Харин дурсамж бүтээх боломжоо алдсан. Тэгэхээр боломж гарвал заавал аялаарай гэж хэлмээр байна.

Энэ хүрээд манай подкаст өндөрлөж байна. Ингээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.



Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA