Alumni stories

Ө.Сарангэрэл "FLEX" хөтөлбөрийн төгсөгч

Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа, өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Сайн байцгаана уу, намайг Өлзийсайханы Сарангэрэл гэдэг. Би Баян-Өлгий аймгийн Empathy сургуулийн 12-р ангийн сурагч. Би Флекс хөтөлбөрт 2021 онд тэнцээд 2022 онд амжилттай суралцаад ирсэн.

АНУ-ын аль мужийн ямар нэртэй сургуульд сурсан вэ?

Америкт байх хугацаандаа Небраска мужид амьдардаг байсан. Небраска мужийн public ахлах сургуульд суралцаад ирсэн.

Танай сургуулийн онцлог давуу тал болон Монголын сургуулиас ялгарах онцлог нь юу байсан вэ?

Миний амьдарч байсан газар хүн ам цөөнтэй. Сурч байсан сургууль маань ч ялгаагүй, хэдийгээр улсынх боловч сурагч багатай, ойролцоогоор 300 орчим сурагчтай. Мэдээж олон шинэ найзуудтай болоод гоё байсан. Хичээлийн хөтөлбөр нь Монголынхоос их өөр. Өдөр бүр нэг хичээл орно. Өнөөдөр орсон багшийн хичээл маргааш нь дахиад ордог ч юм уу. Монголд өнөөдрийн хичээлийн багш дараа 7 хоногт дахиад орох хуваарьтай байдаг шүү дээ. 

Флекс хөтөлбөрийн талаар анх хаанаас мэдээлэл авч байсан вэ?

Анх 8-р ангид байхдаа Флекс хөтөлбөрийн талаар сонсож байсан. Сургуулийнхаа хүүхдээс анх сонсоод фейсбүүкээр хуудас руу орж мэдээлэл аваад, 9-р ангидаа Ховд аймагт очиж 1,2 р шатны шалгаруулалтад оролцоод тэнцээгүй л дээ. Гэхдээ юуг, яаж бэлдэх талаараа ойлголттой болчихсон учраас 11-р ангидаа Улаанбаатар хотод онлайнаар дахиж шалгалт өгөөд тэнцсэн. Сургууль дээр зааж байгаа хичээлүүдээр л шалгаруулалтад бэлдээд оролцсон гэсэн үг.

Шалгаруулалтын шат шатны онцлог нь юу байсан вэ?

Эхний шатанд хувийн мэдээллээ бөглөөд 3 эсээ бичнэ. Дараагийн шат нь 15 минутын онлайн тест бөгөөд Англи хэлний түвшнийг нь шалгадаг. Сүүлийн шат нь ярилцлага, гүнзгийрүүлсэн түвшин тогтоох шалгалт өгдөг, сонсгол болон ярианы дасгал гэх зэргээс бүрдэж байсан. 

Флексийн сүүлийн шатны ярилцлага ямар болдог вэ? Хэрхэн бэлдэж байсан вэ?

Ярилцлага эхлэхээс өмнө намайг Монголоор ярих уу? Англиар ярих уу гээд асууж байсан. Надад ямар асуулт ирж байсныг санахгүй байна. Харин найзад маань ирсэн асуулт нь үнэхээр сонирхолтой байсан гэсэн.  Юу гэж асуусан вэ гэвэл: Чамайг Америк ээжийнхээ төрсөн өдрийг түүний гэр бүлтэй хамт тэмдэглэж байна гээд бодъё. Чи түүний төрсөн өдрийн бялууг нь өгөхөөр явж байхдаа унагаачихжээ. Одоо чи юу хийх вэ? гэсэн асуулт ирсэн юм билээ. Ярилцлагын тухайд, тэр үед давхар IELTS-т бэлдээд сар хагас болж байсан учраас яриа маань сайжирсан байсан гэсэн үг.

Хичээлийн анхны өдөр ямар байсан вэ? Багш болоод ангийнхан чинь чамайг хэрхэн хүлээж авч байсан вэ?

Америк дүү маань надад их тусалсан. Сургууль дотор хаана юу байдаг талаар надад хурдан тайлбарлаж өгсөн. Өөрөө дараа нь хичээлтэй учраас маш товчхон тайлбарласан ч надад их тус болсон. Би ангидаа ороод өөрийгөө танилцуулахдаа дотроо маш их сандарч байсан ч гэсэн өөрийгөө сайн илэрхийлж чадсан юм байна гэдгээ дараа нь ангийнхаа найзаас сонсож байсан юм.

Америкт сурч байхдаа ямар хичээлүүд судалж байсан вэ? Дугуйланд хамрагдаж байв уу?

Бидэнд заавал судлах хичээл гэж байсан. Тэр Америкийн түүх, улс төр, Англи хэл 3 гэх мэт хичээлүүд үзнэ. Англи хэл 3 гэдэг нь анхан шат боловч уран зохиол руу илүү чиглэсэн байдаг. Би нэмэлтээр математик болон видео бүтээлт, спортын тойрог зэрэг хичээлүүд сонгосон. Спортын тойрог гэдэг нь нэг өдөр чи сагс тоглосон бол дараа өдөр нь фитнес дасгал хийж, төмөр өргөнө гэсэн үг. Дугуйлан гэвэл би сургуулийнхаа волейболын шигшээ багт тоглодог байсан. Монголд байхдаа л сонирхдог байсан учраас сургуульдаа волейболын дугуйланд хамрагдсан юм.

Америк зул сарын баярын дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?

Онц гоё дурсамж гэхээр зүйл байгаагүй. Учир нь манай Америк ээж өвдчихсөн, аав ажилтай байсан юм. Манай Америк ээж Филиппин хүн байсан. Тэдний заншлаар нь зул сарын орой жимс идээд, өндөр болгодог дасгал хийж байснаа санаж байна.                                                                                                   

Америкт очоод ямар нэг төсөл , хөтөлбөрт оролцож сайн дурын ажил хийж байсан уу?

Манай мужид “Нарны гэрэлт тосгон” (Sunshine Village) гээд настай хүмүүс амьдардаг газар байдаг. Тэнд очиж Монголын талаар танилцуулга хийж, нэг өдрийг хамт өнгөрүүлсэн. Сургууль дээрээ Монгол улсаа танилцуулж илтгэл тавьж байсан. Манай сургуульд 5 дахь өдөр бүр спортын арга хэмжээ болдог. Тэнд арын алба, гал тогоонд туслах гэх мэт ажил хийдэг байсан. Бас цэргийн албаа хаагаад тэтгэвэртээ гарсан хүмүүст хандив цуглуулах ажилд оролцож байсан юм.

Америк, Монголын боловсролын ялгаа их анзаарагдсан уу?

Манай улсын боловсролын систем бага зэрэг хүнд санагддаг. Нэг ном бариад түүнийгээ улиралдаа эсвэл жилдээ багтаах гээд яаруу, бүрэн гүйцэт ойлгоцгүй үлдээдэг талтай юм шиг санагддаг. Америкт хэрвээ нэг хүүхэд хичээлээ ойлгоогүй бол дахиад магадгүй эхнээс нь заана гэдэг ч юм уу тийм ялгаа байсан.

Монгол улсынхаа соёлыг сурталчлан таниулах зорилгоор ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байв уу?

Сургуулийнхаа бага, дунд, ахлах бүх ангиар Монгол дээлээ өмсөж ороод Монголынхоо түүх болон өнөөгийн байдал, зан заншлыг харуулсан илтгэл тавьж байсан юм. Монголоос авч очсон бэлэг дурсгалын зүйлсээ харуулж, тайлбарласан. Нэг ангид ороход төрийн дууллаа дуулж өгөөч гэж байсан. Би мэдээж дуулсан. Мөн дээр хэлсэн “Нарны гэрэлт тосгон” ахмадын хотхонд дахин очоод нэг өдрийн өдөрлөг хийхдээ Монгол хоолоо хийж, түүхээ ярьж өгөөд эргээд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж байсан юм.

Америкт байхдаа аялах боломж гарч байсан уу? Хэрвээ байсан бол хаашаа аялсан вэ?

Надаас гадна 3 өөр улсын сурагч, байрлуулах байрныхаа багштайгаа хамтдаа Небраска мужийн төв рүү аялж байсан. Харин өнгөрсөн жил 1 сарын хугацаатай, өөрийн мөнгөөрөө Калифорниа муж руу 7 хоног, Лос Анжелес руу 5 хоног, Сан Франциско руу 2 хоног аялсан. Алдартай бүх газруудаар нь очиж үзсэн. Намайг Монгол руу буцахаас өмнө Америк гэр бүл маань намайг явах гэж байгаа юм чинь гээд Иллиной муж руу хамт аялцгаасан.

Хөтөлбөрт хамрагдсаны дараа ямар боломжууд нээгдсэн вэ?

Флекс хөтөлбөрт хамрагдсан гэдгээрээ өөрийн чинь түүх үүснэ. Бүртгэлтэй болчихсон учраас мэдээлэлтэй байх боломж нь илүү нээгддэг гэж хэлж болно. Мөн Монгол хүүхдүүд Америкт очоод улсаа төлөөлдөгтэй адилаар хөтөлбөрийн тухай, Америкийн амьдралын тухай олон хүнд хүргэе гэвэл өөрийн аймаг, сум, дүүрэг, хотдоо төлөөлөгч болж болно гэсэн үг.

Флекс хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

Бүх зүйлээ цаг хугацаанд нь багтаагаад амжуулаарай. Бүрдүүлэх материал, өөрөөс шалтгаалах зүйлсээ сайн бэлдээрэй.

Манай өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзталаа баяртай.

Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.



Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

▶️Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA