Alumni stories

Б. Баяржавхлан: "University of Michigan"-ы төгсөгч

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаараар Мичиганы их сургуулийн төгсөгч Батбаатарын Баяржавхлан өөрийн сурсан түүхээсээ хуваалцаж байна.

Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Би 2012 онд нэгдүгээр бүрэн дунд сургуулийг төгсөөд хоёр жил сургуульдаа бэлдэж 2014 онд Компьютерын инженер мэргэжлээр 4 жил сурч төгсөж амжаагүй улиран сурсны эцэст 5 жил сураад 2019 онд Мичиганы их сургуулийг төгссөн.

Америкт суралцах хэр сорилттой байсан бэ? 2 жилийн gap year хэр үр дүнтэй байсан бэ?

Миний үед 10 жилийн хүүхдүүд олимпиадад оролцож өөрийн амьдралыг олимпиадаар хэмжиж явж байгаад төгсөөд яах аа мэдэхгүй цохилтод ордог байсан юм шиг санагдсан. Миний хувьд төгсөөд гэнэт сургуульд явах болоод бэлтгэл маань бүрэн хангагдаагүй байсан учраас хоёр жилийн завсарлага авах шаардлагатай болж байсан. Тэр хугацаанд МУИС–ийн физик электроникийн ангид график инженер мэргэжлээр 1 жил суралцаад 1 жил чөлөө аваад TOEFL, SAT өгч явсан. University of Michigan–ы төв кампус руу яваагүй, салбар сургууль руу нь явсан. Анх материал явуулсан ч тэнцээгүй нэлээн хямарч дахиад жил алдах вий гэж бодож байсан. Тэгж байгаад хоёр жилийн дараа явж байсан.

Gap year авахдаа Америк явна гээд шийдчихсэн байсан юм байна тийм үү?

Шилдэг 100 сургуулиуд руу явуулах хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхлээд миний явсан жил эхнийх нь жил байсан. Өмнө нь энэ программ улсын болон олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдэд дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх өгдөг байсан юм. 2011 онд International Junior Science Olympiad олон улсын олимпиадад Монгол улс оролцдог байсан. 16–аас доош насны 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хими, физик, биологийн нийлмэл хүрээнд өрсөлддөг олимпиад зохион байгуулагддаг байсан. Би 2009 онд 9–р ангид байхдаа оролцож Монгол улсаас 6 хүн шалгаруулна гэснээс 2 дугаар байранд ороод Азербайжан улс руу яваад IJSO олимпиадад орсон юм. Тэгээд олон улсын олимпиад болохоор явуулж болно гэсэн эрх өгч байсан.

Олимпиадад амжилт гаргасан явдал нь өөрийн чинь Америк явах хамгийн анхны хөшүүрэг болж өгсөн гэсэн үг үү?

Тэр бол азтай тохиолдол байсан. Олимпиадад ороод эрт бичиг олж авсан учраас ийм хөтөлбөр байгаад Америк явна даа гэсэн бодолтой байсан. Бусад хүүхдүүдтэй харьцуулах юм бол 100 сургуулийн нэр зарлагдаад бусдаас арай богино хугацаанд өөрсдийгөө бэлдэх боломж олгосон байх. Надад тэр боломж нь эрт нээгдсэн гэсэн үг л дээ.

TOEFL –ийн төвшинд хүрэх хүртэл англи хэлийг хэрхэн бэлддэг байсан бэ?

Миний англи хэл 11–р анги төгсөөд маш муу байсан. Би Монголд байхдаа 4 удаа TOEFL–ийн шалгалт өгсөн. Эхний шалгалтаа өгөхөд гучин хэд бил үү дөчин хэдэн оноо авсан. Түүнээс бага оноотой хүнтэй таараагүй. Хоёр дахь шалгалт дээрээ жаран хэд авсан.  Дараа нь долоо хоногийн зайтай хоёр дараалж шалгалт өгөөд нэг нь 79 нөгөө нь 81 оноо авсан. Миний явсан сургуулийн шаардлага 80 байсан учир сүүлийн оноогоороо явсан юм.

Үе шаттайгаар ахисан байна шүү дээ, энэ амжилтын цаана юу байсан бэ?

2014 онд ангийн хоёр найзтайгаа нэг сургуульд яваад цуг амьдраад 4 жил сурсан. Бид гурвын англи хэл муу байсан учир олон бэрхшээлүүд туулж маш олон янзаар англи хэлэндээ бэлдсэн. Өглөө 4 цагт босож нэгнийхээ гэрт очиж 8, 9 цаг болтол бэлддэг байлаа. Тэрнээс үр дүн бага гарсан. Миний бодлоор харин үр дүн уншсан номуудаас их гарсан. Ном унших явцад англи хэл мэдэгдэхүйц сайжирсан. Хоёр жилийн хугацаанд их тууштай байж билээ. Найзууд маань гадагшаа яваад байсан учраас peer pressure–д өртсөн, тэгээд л ер нь явъя гээд шийдсэн.

Мичиганий их сургуулийг яагаад сонгосон бэ?

Тэнцсэн болохоор нь явсан. Би ер нь бол амбиц өндөртэй. Технологийн их сургуулийн эхний хэдэн сургууль руу нь явна гэсэн амбицтай байсан ч англи хэл хүрээгүй. Мичиганы их сургууль сайн сургууль, хоёр салбар сургуультай. 2 жил салбар сургууль дээр, 2 жил нь төв сургууль дээр сургах хөтөлбөртэй байсан нь таалагдсан тэгээд явсан.

Америк явж суралцахад санхүүгээ яаж төлөвлөж явсан бэ?

Сургалтын төлбөр улсаас шилдэг 100 сургуулийн төрийн сангийн санхүүжилтээр төлөгдсөн. Амжиргааны задралаа өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй болсон. Очиж байгаа газраасаа хамаараад санхүүгээ төлөвлөхөд төвөгтэй юм билээ. Эхний ээлжид халаасны 4000 доллартой яваад очоод эхний улиралдаа сурч байхад багш нартайгаа танилцаж хоёр дахь улирлаас багшийн туслах хийгээд түүнийхээ хүрээнд халаасны мөнгөө өөрөө олдог болоод гэрээсээ дахиж мөнгө бараг аваагүй. Долоо хоногт 20 цаг гэхээр хоёр долоо хоногтоо 40 цагийн ажиллах эрхтэй. Ажил хийгээд яваад байвал байр хоолныхоо төлбөрийг болгоод яваад байна.

Анх Америкт хөл тавиад ямар мэдрэмж авч байсан бэ? Чиний төсөөлсөн Америк орчин соёл хэр өөр байсан бэ?

Анх очиход хүмүүс нь маш нөхөрсөг сайхан байсан. Хүмүүс нь үнэн сэтгэлээсээ ер нь тэнд байсан хоёр жил ойр дотны найзууд ихтэй, хамт олонтой байсан. Харин сэтгэл дундуур байсан нь зүйл гэвэл Америк кинон дээр гардаг шиг өндөр барилгууд төсөөлж байсан боловч миний очсон газар төсөөлснөөс өөр байсан. Мичиганд бараг уул байхгүй тэр чигээрээ модтой. Өндөр дээрээс гараад дээрээс нь харчих юмсан даа гэж их бодож байлаа.

Америкт очоод хичээлээ үзэж байхад ямар бэрхшээлүүд гарч байсан бэ, яаж даван туулсан бэ?

Харьцсангүй гайгүй байсан. Яг үнэндээ математик, физик, химийн хичээлүүд буюу шинжлэх ухааны хичээлүүдийнхээ суурь ойлголтыг мэдэж байх юм бол багш, оюутнуудтайгаа ойлголцоход боломжтой.  Ер нь бол хүндрэлтэй хичээл англи хэл байсан. Америк хүүхдүүдийн эсээ болон миний бичсэн эсээ тэнгэр газар шиг өөр байсан гэх мэт хүндрэлтэй зүйл байсан.

Эзэмшсэн мэргэжлээрээ Америкт ажиллаж байсан туршлагатай гэж сонссон, ямар ажил байсан бэ?

Би мэргэжлээ сонгох гэж олон удаа сольсон. Анх замын инженер, уул уурхайн инженер гээд хэд хэдэн мэргэжлээс яг би юунд сонирхолтой бэ гэдгээ мэдэх гэж их хичээсэн. Ингэж яваад компьютер инженерийн мэргэжилд би дуртай юм байна, бас намайг сорьж чадаж байна гээд сонгосон.

Өөрийн зүгээс АНУ-д ажиллах дадлага хийх, боломжуудаа хэрхэн олдог байсан бэ?

АНУ–д их сургуулиуд дээр том, жижиг болон гаднын компаниуд ирж ярилцлага хийдэг. Тэндээс дадлага олох боломжтой байдаг. Гэхдээ миний хувьд таньдаг эгчээрээ дамжуулж нэг компанид ярилцлагад орох боломж гарсан. Ярилцлага дээр Америк, Араб, Энэтхэг хүмүүстэй ярилцлага хийхэд Монголын талаар маш их мэдээлэлтэй Монголд ирж байсан хүмүүс байсан. Хамт олон нь найрсаг сайхан хүмүүс байсан учраас ярилцлага амжилттай болсон.

Баяржавхлангийн хувьд шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас CPT болон OPT–ийн талаар мэдээллийг уншигчиддаа хүргээч?

Science, Technology, Engineering and Math мэргэжлээр сурах юм бол төгсөөд OPT-ээр ажилладаг. Сурч байх явцад дадлага хийх юм уу цагаар ажиллах юм бол CPT болдог. Энэ мэргэжлүүдээр сурахын давуу тал болохоор ОРТ нэг жил байж байгаад гурван жил сунгах боломжтой. Хагас цагийн СРТ–ээр хязгааргүй ажиллах боломжтой гэхдээ бүтэн цагаар нэг жил ажиллаад хэтэрчихвэл OPT хийх эрх нь хасагддаг болохоор нэг жил хүрэхгүй хугацаанд хийж байгаад цаашдаа part time аар ажиллавал сургуулиа төгсөөд OPT–ээр ажиллах боломжтой байдаг.

Мэргэжил сонголтын талаар ярилцъя гэж бодлоо. Өөрөө сурч байх хугацаандаа мэргэжлээ олон удаа сольсон гэж байсан. Энэ тухайгаа хуваалцвал?

Мэргэжлээ солиход эхний хоёр жил хичээлүүд дээр асуудал гараагүй. Аль ч мэргэжлээр сурсан ерөнхийдөө инженерийн чиглэлээр суралцаж байсан болохоор суурь хичээлүүд нь гайгүй. Сургуулийн зүгээс зөвлөгөө өгч байсан. Миний хувьд анх физикийн хичээлд дуртай байсан учраас дан физикээр сураад явж байсан. Гэвч Монголд буцаж очоод юу хийх бэ гэсэн шийдэл нь олдохгүй байсан. Тэгээд миний сонирхолд арай ойр, ажлын олдоц ихтэй юм байна гэсний үндсэн дээр цахилгааны инженер луу орсон. Тэгж явж байгаад код бичмээр санагдсан тул зориглоод компьютер science руу орох гэтэл арай болоогүй учраас компьютер science цахилгааны инженер хоёрын дундуур Компьютерийн инженерийг сонгосон. Ингэж явсаар мэргэжил сонголт дээрээ нэг жил алдсан юм.

Өөрийн тань зүгээс хархад залуучуудад мэргэжил сонгоход ямар зөвлөгөө өгөх бэ?

Мэргэжил сонгох нь их төвөгтэй. Арван жилд байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд өөрийн сонирхож байгаа мэргэжлээр тухайн мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүс дээр очоод өдөр тутмын ажлуудын сонирхоод уулзаасай гэж хүсдэг. Мэргэжил сонгохдоо нэг их хүндрүүлж бодох шаардлагагүй гэж бодсон, ер нь нэг сонирхсон салбартаа орчвол хөрвөх боломж их байдаг. Дараа нь ажилдаа гарсан ч мэргэжлээ солих боломжтой. Ерөнхийдөө юунд дуртай байна, хийж байгаа зүйлийн маань юу нь гоё байна гэж харах нь чухал.

Америкт суралцаад ирэхэд Америк орон өөрийг тань хэр их өөрчилж чадсан гэж бодож байна?

Сургуульд явсандаа маш их баяртай байдаг, мундаг хүмүүстэй сайн найзуудтай сайхан дурсамжууд  бүтээсэн, хувь хүнийхээ хувьд хөгжсөн. Олон хүмүүстэй нөхөрлөж, 5 жилийн хугацаанд арван хоёр өрөөний хамтрагчтай байж үзсэн нь хүнтэй харилцах тал дээр их юм ойлгуулсан. Ер нь ТОП сургууль бол ТОП сургууль л байдаг юм байна гэдгийг ч ойлгосон. Мичиганы их сургуулийн хувьд ухааруулах аргаар сургадаг сургууль байсан. Одоо ажил дээр гарч ирээд их юм сурсандаа баяртай байгаа.

Америкт суралцаж байх хугацаандаа Монгол соёлын байгууллагад гишүүнээр ажиллаж байсан. Энэ байгууллага юу хийдэг вэ? Америкт монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ямар хувь нэмэртэй ажиллаж байсан бэ?

Тэмүүлэн гэдэг нэг эгч 2012 онд Мичиганы их сургуульд очиж ажиллаж эхэлсэн. Цацрал, Энхжаргал гэх хоёр оюутан Монголоос очоод эхний тухайн хотын анхны 3 монгол хүн болсон юм байна лээ. Хотод маань Монгол улс, Монгол хүн гэж мэддэггүй учир соёлоо сурталчилъя гээд энэхүү байгууллагыг байгуулсан гэсэн. Ингээд 2013–2015 онуудад Монгол оюутнууд нэмэгдснээр үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй зохион байгуулах болсон. Миний хувьд морин хуур тоглодог байсан учраас үйл ажиллагаануудад оролцож соёлоо сурталчилдаг байсан.

Өөрийн чинь очсон сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хэр ээлтэй орчинтой сургууль байсан бэ?

Америкт барилга барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандарттай байдаг учир сургуулиуд тухайн стандартыг хангасан байдаг. Тэргэнцэртэй хүн явах бүрэн боломжтой. Манай сургуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон түр зуурын хөдөлмөрийн алдагдалтай хүмүүст зориулсан тусалжийн байгууллага байдаг. Жишээлбэл гараа хугалсан бол байгууллагад мэдэгдэж, тухайн байгууллагаас цалинтай оюутан хичээл дээр нь тэмдэглэл бичиж сууж өгдөг. Манай сургууль 2016 онд Америкт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй сургуулиар шалгарч байсан. Компьютерын ангийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижуулсан байдаг.

Америкт сурахыг төлөвлөж, мөрөөдөж байгаа дүү нартаа юу гэж уриалмаар байна?

Айгаад байх юм байхгүй, зоригтой байхад бүтнэ дээ. Хойшоо битгий суугаарай. Бүтэн гаргалгаа нь олдохгүй ч гэсэн чи хоёр алхам алхаж байтал дараагийн гарцууд гарч ирж л таарна. Олон асуудлууд байдаг ч яг Америкт суръя явъя гэж бодож байгаа эргэлзэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд яваад үзээрэй, болж л таараа гэж хэлмээр байна.

Манай урилгыг хүлээж авч бахархалтай, сургамжтай, үнэтэй зөвлөгөө хуваалцсанд баярлалаа. 

Намайг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа.


Та подкастын энэхүү дугаарыг бүтнээр нь доорх платформуудыг ашиглан сонсох боломжтой.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу. 

Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа | Нийтлэсэн: А. Болормаа | Хянасан: Н. Доржнамжин