Өнөөдрийн зочноор GlobalUGRAD хөтөлбөрийн 2019-2020 оны төгсөгч оролцож байна. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
Урьж оролцуулсан маш их баярлалаа. Өөрийнхөө туршлагыг чадахаараа хуваалцъя гэж бодож байна. Намайг Өлзийнямийн Баттөр гэдэг. Одоо МУИС-ын 3-р курсийн оюутан. Ерөнхийдөө чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдэг. Хамгийн сүүлд Нэгдсэн Үндэсний байгууллагын залуучуудын байгууллагад хоёр жил байсан. Сая АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрт оролцоод New Mexico Highlands University-д суралцаад ирсэн.
АНУ-ын аль сургуульд сурч байсан вэ? Мэргэжлийнхээ талаар хуваалцвал?
Би АНУ-ын New Mexico муж байдаг. New Mexico Highlands University-д сэтгэл судлалын чиглэлээр суралцаад ирсэн. Мэргэжлийнхээ талаар ярих юм бол одоо хүмүүс их EQ гэж ярьдаг болчихсон. Ерөнхийдөө сэтгэл судлал үүнтэй салшгүй холбоотой IQ-ээс бусад бүх хүний ур чадвар, хүмүүжил, зан араншин, хүний суурь чанар, онцлог шинж гээд энэ бүгдийг судалдаг. Монголд ойлголт арай бага байдаг. Сэтгэл зүйч гэдгээр нь мэддэг байгаа.
Ер Корона вирусийн үед хөтөлбөрийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан уу?
Гарсан байгаа. Яасан гэхээр жил бүр Вашингтон Ди Сид хотод GlobalUGRAD хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа гэж болдог. Бүтэн долоо хоногийн турш яг энэ тэтгэлгийг авсан орон орны залуучууд цугладаг. Тэр үйл ажиллагаа корона вирусээс шалтгаалаад болоогүй цуцлагдсан, тэр жаахан харамсалтай байсан.
Хөтөлбөрөөр АНУ-д байсан нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрч байсан бэ?
Ер нь их сонирхолтой байсан. Өглөө бүр 7 н цагт босоод сургуулийнхаа цайны газар өглөөний цайгаа уудаг. Тэгээд хичээлдээ яваад. Өдөр тарж ирээд, миний сурч байсан сургууль тоглоомын өрөөтэй байдаг байсан. Оюутнуудын чөлөөт цагаа өгрүүлдэг өрөө, хичээлээ дарж ирээд тийшээ ороод биллиард тоглодог байсан. Тэгж жаахан толгойгоо амраагаад компьютерын өрөөндөө орж хичээлээ хийж эхэлдэг. Яагаад гэвэл би гадаад хэл дээр хичээл үзэж байгаа болохоор Америк оюутнуудыг бодбол хоёр дахь ачаалалтай ажиллах учраас орой болтол сууна. Тэгээд оройн хоолоо идчихээд буцаад тоглоомын өрөөндөө ордог. Найзуудтайгаа биллиард тоглоно, теннис тоглоно. Зарим даа найзуудтайгаа гадуур явна. Ерөнхийдөө өдрүүд ийм адилхан өнгөрч байсан.
GlobalUGRAD хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Энэ хөтөлбөр нь АНУ-ын засгийн газраас өгдөг 100% санхүүжилттэй тэтгэлэгтэй байгаа. Түүгээрээ онцлог нэг семестрийн тэтгэлэг гэж явдаг. World learning гээд олон улсын боловсролын байгууллагаа удирдан явуулдаг юм. Гол шалгуурууд нь бусад тэтгэлэгтэй адилхан. Мэдээж дүнгийн голч үзүүлэлт чухал, 3,5-аас дээр байх хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол улсын их дээд сургуулийн оюутан байх ёстой. Нийгэмд ямар нэгэн сайн дурын ажил хийдэг. Ангил хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд эсээ бичнэ, application материалуудаа явуулаад. Ерөнхийдөө бусад тэтгэлэгтэй төстэй.
GlobalUGRAD хөтөлбөрийн талаарх мэдээллийг анх хаанаас авсан бэ?
Би Америкийн элчин сайдын яамны болон World Iearning-ын цахим хуудаснаас хараачихаад өнгөрөөсөн. Дараа нь НҮБ-ын залуучуудын зөвлөх хороонд байсан. Энэ хөтөлбөрийн төгсөгч Халиулна эгч маань надад зөвлөөд, чи нэг сонирхоод үзээч гэж хэлсэн. Тэгээд л би дахиж уншаад, бэлдэж, өргөдлөө явуулсан. Тэгээд материал хүлээн авах сүүлийн хугацаанд 12 сарын 31 хүртэл хүлээж авдаг. Тэгээд би яг 2018 оны 10 сард мэдээллээ аваад 11 сараас эхлээд бэлтгэлээ хангаж эхэлсэн. Бэлдэж байхдаа надаас хамаарах зүйлс, бусдаас хамаарах зүйлс гээд хоёр багана болгож бичээд надаас шалтгаалах зүйлээ өөрөө бэлдээд, бусдаас шалтгаалах зүйлүүдээ холбогдоод явж байсан. Тэгээд сар гаруй бэлдсэн зүйлээ яг 12 сарын 31 нд явуулахаар болсон. Яг шинэ жилээр гэрт ерөөсөө анхаарал төвлөрөхгүй, гэрийнхэн шинэ жил гээд догдлоод, би гэтэл зөвхөн энэ хөтөлбөрийнхөө л тухай бодоод. Тэгээд кофе шопд орой 10 цаг хүртэл материалаа бэлдээд сууж байсан. Энэ их гоё дурсамжтай санагддаг.
За GlobalUGRAD хөтөлбөрийн шалгаруулалтаас аль нь хамгийн хүнд байсан бэ?
Надад бол хүнд санагдаагүй. Харин миний хувьд би олон улсын шалгалтууд өгч байгаагүй. TOEFL-ын шалгалт өгөхөд их сандарч байсан, бусад нь бол гайгүй байсан. Энэ хөтөлбөрт материалаа явуулахад TEOFL, IELTS-ын оноо шаарддаггүй нь маш их таалагдсан. Тэгээд материалаа явуулсан байгаа. Урьдчилаад бэлдсэн байвал зүйгээр зүйл дүнгийн голч өндөр байх хэрэгтэй. Сайн дурын ажлууд хийдэг бол маш сайн гэж би хувьдаа харсан. Надад материалаа бэлдэж байхад бас чухал санагдсан зүйл нь тодорхойлох захидал байсан. Яагаад гэхээр би өөрөөсөө хамаарах эсээ, cv гээд эдгээр зүйлийг нь хийчихлээ. Тэгсэн намайг тодорхойлох хүн, тодорхойлох захидал авах гэж байгаа хүнээ урьдчилаад маш сайн сонгох хэрэгтэй. Тэгээд бас эсээ 80%-ын их чухал санагдсан. Тэгэхээр эсээгээ эртхэн бичээд дуусчихвал хүмүүсээр уншуулж шалгуулаад санаа бодлыг нь тусгаад бичвэл эсээ чухал гэж хэлмээр байна.
Энэ хөтөлбөрт тэнцэхэд чамд яг юу нөлөөлсөн гэж бодсон бэ?
Хамгийн анх тэнцчихээд их догдолж байлаа. За миний материал яг юу нь сайн байсан байж болох уу гэхээр магадгүй эсээ гэж бодсон. Тэгэхээр би эсээндээ бараг долоо хоногийн өмнө бичиж дуусаад хүмүүсээр уншуулаад, засаж янзлаад явсан. Эсээн дээрээ л өөрийгөө зөв тусгаж өгч чадсан юм болов уу гэж харсан. Дараа нь мэдээж дүнгийн голч байсан. Дараагийн чухал зүйл нь сайн дурын ажил хийдэг байсан нь нөлөөлсөн байх. Ер нь би 9-р ангиасаа л хойш СХД-ын хүүхдийн холбоо, нийслэлийн хүүхдийн холбоонд сайн дурын ажил хийж эхэлж байсан. Тэгэхээр энэ бүхнийгээ өргөдөл дээрээ тусгаж өгч байсан маань тэнцэхэд дөхөм болсон байх гэж бодсон.
Америкт суралцаж байх хугацаандаа сайн дурын ажил хийж байсан уу?
GlobalUGRAD хөтөлбөрт тэнцэхээр тодорхой цагны сайн дурын ажил хийх ёстой байдаг. Хамгийн гоё зүйл нь гэвэл яг өөрийнхөө хийх дуртай сайн дурын ажиллаа өөрөө сонгож болдог. Монголд сайн дурын ажил хийх нэг өөр, АНУ-д сайн дурын ажил хийх нь ялгаатай. Миний хувьд өмнө нь төсөөлөөгүй тийм ажил хийсэн. Тэр нь юу вэ гэхээр гэр оронгүй, амьжиргааны төвшин амьдралын баталгаажих төвшнөөс доогуур хүмүүсийг хооллодог газар байсан. Би тэнд гал тогоонд ажилласан. Анх удаа тийм газрын гал тогоонд сайн дурын ажил хийж үзсэн. Тэгэхээр бас нэг шинэ туршлага болж таарсан. АНУ-д сайн дурын ажил хийхийн давуу тал нь олон танилтай болсон. Анх очоод сонин санагдсан зүйл нь намайг танихгүй байсан ч гэсэн Hi гэж мэндэлдэг юм байна лээ. Монголд бол би таньдаг хүнээ л сайн уу гэж мэндэлдэг. Тэгээд би эхлээд их гайхсан. Тэгэхээр арай тийм нөхөрсөг байдаг юм байна гэж харсан. Сайн дурын ажил хийж байхдаа маш олон хүмүүстэй, маш олон сэдвийн хүрээнд яриад, олон танилтай болдог юм байна лээ.
Хөтөлбөрт тэнцсэн гэдэг мэдээ авах тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ?
Хамгийн анх нэг дүгээр шатандаа тэнцчихлээ гээд яг цагаан сарын өмнө мэдсэн. Яг баярын үеэр хариун ирээд баярлаж чадахгүй, маргаашаас нь эхлээд дараагийн шатандаа бэлдэж байсан. Тэгээд аль болох догдлолоо бариад, дараагийн шатандаа бэлдсэн. Яг 2019 оны 6 сард эцсийн шийдвэрийг авсан. Тэнцчихлээ энэ сургууль руу, энэ муж руу явахаар боллоо гээд тэр үед жинхэнээрээ хөл газар хүрэхгүй баярлаад, яг тийм мэдрэмжийг анх удаа авч байсан.
Америк руу явахдаа яг юу бэлдвэл зүгээр гэж бодож байна вэ?
Энэ хөтөлбөрийн онцлог нь өөрөө соёлын солилцоо. Америкт очихдоо эх орныхоо монгол соёлын бие төлөөлөгч болж очиж байгаа. Америк найзуудтайгаа ярихдаа монгол соёлынхоо уламжлалыг хуваалцдаг. Хүмүүс монгол бэлэг дурсгалын зүйл авч очдог ч гэсэн Америкчууд хэрэглэхгүй бэлэг аваад очдог юм байна. Тэгэхээр өдөр тутамдаа хэрэглэдэг бэлэг байвал зүгээр юм байна гэж бодсон. Би үзэгний пинал авч явж байсан. Мөн сургууль бүр соёлын өдөрлөг зохион байгуулдаг. Тэр өдөрлөгт би үндэсний хувьцаа өмсөөд загвар өмссөн. Яг үндэснийхээ хувцсыг өмсөөд гараад ирсэн чинь Америк найзууд энд тэндээс татаж үзээд их гайхаад сонирхож байсан. Уг нь хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа дээр бүжиглэх нь бүжиглээд, дуулах нь дуулдаг, тэгсэн корона гараад хаалтын үйл ажиллагаа болохгүй. Бүх зүйл цахимаар явагдсан. Бүх оюутнууд өөрсдийнхөө соёлыг төлөөлдөг. Тэгээд тайзан дээр бүжиглэх дуулах нь бүгд цахимаар хийгээд, би өрөөндөө монгол бүжиг бүжиглэж бичлэг хийгээд явуулж байсан. Их өвөрмөц байсан.
Чиний анзаарснаар Монгол болон АНУ-ын боловсролын системийн ялгаа байсан уу?
Надад Америкийн хамгийн их таалагдсан зүйл нь лекцээрээ шинэ мэдлэг орж байгаа, тэр хичээлийнхээ дараагийн лекц ордоггүй. Дараагийн хичээл дээрээ бататгах асуулт, бататгах даалгавар, хөгжөөнт тоглоом гэх мэт тухайн мэдээллээ толгойд нь үлдээх зорилготой үйл ажиллагаа хийдэг нь надад их таалагдсан. Аль болох хэтрэхийн их мэдээллээр шахахгүй өгсөн мэдээллээ бататгаад явдаг нь их таалагдсан. Монгол улсын хувь мэдлэг, мэдээллийг маш сайн өгдөг. Гэхдээ практик үйл ажиллагаа дээр их бага байдаг. АНУ-д бол бага мэдээлэл аваад туршаад яваад байдаг нь давуу тал юм байна лээ. Америкийн нэг онцлог давуу тал нь дугуйлан сургалт нь маш их хөгжсөн байдаг юм байна лээ. Хамгийн гол нь Фитнес, бассейн бүх урлагийн болон спортын дугуйлан нь оюутнууддаа үнэгүй байдаг. Яг хичээлийн хажуугаар оюутнуудаа хөгжүүлэх арга хэмжээ их явуулдаг юм байна лээ.
GlobalUGRAD хөтөлбөрт хамрагдсаны дараа ямар боломжууд нээгдсэн бэ?
Миний хувьд гадагшаа ийм урт хугацаагаар анх удаагаа явж үзсэн. Тэгэхээр өөрийгөө таних, өөрийгөө сонсох, ганцаараа амьдарч сурах, бие ээ дааж сурсан. Энэ GlobalUGRAD хөтөлбөрт нь өөрөө их нэр хүндтэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн төгсөгч гэдэг утгаараа дараа дараагийн хөтөлбөр, тэтгэлэгт тэнцэхэд том нөлөө болдог юм байна гэж би харсан. Дээрээс нь Америкт суралцаж байхад яваандаа би магистраа АНУ-д хийх үү, өөр оронд хийх үү, гээд судалж байсан. Тэгсэн миний сурч байсан сургууль чи хэрэв буцаад ирж суралцвал магистрын тэтгэлгийг чинь 100% өгөх боломжтой гэж хэлж байсан. Тэгэхээр энэ бас надад олдож байгаа хамгийн том боломж юм болов уу гэж харсан. Энэ нь GlobalUGRAD хөтөлбөрийн надад өгсөн хамгийн том боломж.
Өнөөдрийн ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуулт болгоод GlobalUGRAD хөтөлбөрт бэлдэж байгаа залууст юуг зөвлөх вэ?
Миний хувьд тэтгэлэгт материалаа явуулах даа өөртэй итгэлгүй байсан. Яагаад гэхээр би өөрийгөө дутуу үнэлж байсан байгаа юм. Тэгэхээр над шиг өөртөө жаахан итгэлгүй, би материалаа явуулчих юм бол тэнцэхгүй байх гэж бодож байгаа оюутнууд байвал, битгий тэгж бодоорой гэж хэлмээр байна. Оюутнууддаа хэлэхэд материалаа явуулаад л үз. Тэнцвэл сайн л биз. тэнцэхгүй бол туршлага хуримтлуулна гэж хэлмээр байна.
Үйлдэл бүр өөрийн гэсэн үр дагавартай байдаг гэдэг шиг тэ. Өнөөдөр манай урилгыг хүлээн авч сайхан яриа өгсөн Баттөр дөө баярлалаа. Цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл