Alumni stories

Т. Мөнгөншагай "Fulbright TEA хөтөлбөрийн төгсөгч"

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт АНУ-д 100%-ийн тэтгэлэгт TEA хөтөлбөрийн төгсөгч Н. Мөнгөншагай оролцож байна. Ингээд өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач.  

За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнгөншагай гэдэг. Би ТЕА буюу Teaching Excellence Achievement Program-ийн 2020 оны төгсөгч байна.  Би англи хэлний багш мэргэжилтэй. Сүүлийн 7 жилийн хугацаанд тасралтгүй мэргэжлээрээ ажиллаад явж байгаа.  

Юуны өмнө манай уншигчдад TEA гэж яг ямар хөтөлбөр байдаг талаар тайлбарлаж өгөөч.

ТЕА хөтөлбөр нь ЕБС-ийн багш нарт зориулсан зургаан 7 хоногийн буюу АНУ-ын засгийн газрын  богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр байгаа. Манай хөтөлбөрийн онцлог нь гэвэл математик, англи хэл, нийгмийн болон шинжлэх ухааны багш нар хамрагдах боломжтой байдаг.  

ТЕА хөтөлбөрт оролцохын тулд таван жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай. Би энэ хөтөлбөрийн талаар дөрөв дэх жилдээ ажиллаж байхдаа анх олж мэдээд судалж эхэлсэн. Тав дахь жил маань болмогц тэр даруйдаа материалаа бүрдүүлээд өгч байсан. Хөтөлбөрийн ерөнхий дэлгэрэнгүй мэдээлэл нь Америкийн элчин сайдын яамны веб сайтад байдаг.  

ТЕА хөтөлбөр нь хэр хугацаанд үргэлжилдэг, очоод ямар хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг талаар бидэнтэй хуваалцаач.       

Зургаан долоон хоногийн турш үргэлжилдэг соёлын солилцооны хөтөлбөр гэж ойлгож болно. Тодорхой хэмжээний академик хөтөлбөртэй, мөн мэргэжлийнхээ дагуу ЕБ-ын сургуулиуд дээр очин туршлага судлах, өөрийн мэдлэгээ чадвараа хуваалцах боломжуудыг нээж өгдөг маш гоё хөтөлбөр байгаа.                                                      

ТЕА хөтөлбөр гэхээр зарим уншигчид маань гадаадын сургуульд очоод багшлах гэсэн ойлголттой байж магадгүй. Үнэн хэрэгтээ яг юу хийж өнгөрөөдөг вэ? 

2020 оны хувьд тав нь зочин их сургууль байсан. Миний хувьд Калифорни мужийн California State University of Chico их сургуулийн сургалтад нь хамрагдаж байсан. Багш нар очоод шууд хичээл заагаад байдаггүй. Хамгийн гол зүйл нь Америк орны боловсролын систем нь яг ямар байдаг талаар ажиглалт хийх боломжийг бидэнд олгодог. Хэрвээ бид хүсвэл өөрийн орныхоо соёлын талаар тодорхой хэмжээнд заах боломжтой.  

АНУ-д очсон сэтгэгдэл ямар байсан бэ?  

Анх удаагаа очиж үзсэн. АНУ-д очоод мэдээж маш сайхан байсан. Явахаасаа өмнө бол кинон дээр гардаг шиг л төсөөлөлтэй байлаа. Хэл заадаг хүний хувьд бол хэл гэдэг нь тухайн орны соёл байдаг. Маш их зүйл сурч мэдээд туршлагатай болоход тусалсан.  

Таны хувьд их сургуульд ямар ямар зүйлийг нь илүү ажиглан судалж байв?

Багш нарт зориулсан хөтөлбөр учраас хичээлийн төлөвлөгөөгөө хэрхэн сайжруулах, заах арга зүйн сургалтад суух болон сурагч төвтэй сургалт, технологийг хичээлтэйгээ холбогдуулан яаж ашиглах талаар шинэлэг сонирхолтой зүйлсийг олж мэдэж авсан.  

АНУ болон Монгол улсын боловсролын системийн ялгаа юу байв? Монголд хэрэгжүүлмээр санагдсан зүйл байсан уу?

Номын сан бол үнэхээр шилдэг нь байсан. Ерөнхийдөө маш тав тухайгаас гадна маш олон төрлийн номын сонголтуудтай, мөн онлайн хэлбэрээр ч байдаг нь надад маш их таалагдсан. Үүний дараагаар мэдээж сургалтын орчин буюу сурагчдадаа суралцахад хэрэгтэй техник технологийг нь бүрдүүлж өгсөн байдал нь үнэхээр таалагдсан. Мөн багш нарын ажиллах орчин хичээлийн бэлтгэлээ хийх газар, багш нарын өрөө, сургалтын материал, хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэт дурдаад байвал маш олон давуу талтай байсан. Бас багшид ирж байгаа ажлын ачаалал нь харьцангуй бага байсан. Манай улсад одоохондоо бүх зүйл нь эсрэгээрээ байгаа гэж хэлж болно. Үндсэн гол шалгуур дээрээ ЕБС-ын багш гэж заасан байдаг.

АНУ-д суралцаж байхад тань тохиолдсон хамгийн сайхан болон сорилттой үе юу байсан бэ? 

Маш олон дурсамжууд байна. Ер нь бол явахаас өмнө нэг бодол төрж байсан. Эндээс явахдаа би Монгол орноо төлөөлөн явж байгаа учир буцаж ирэхдээ сурч мэдэж олж авсан зүйлээ болон эргүүлээд  энэ хөтөлбөрөө хэрхэн танилцуулах вэ гэсэн зүйлийг бодож явсан. Тэгээд Монголоос явах өдрөөсөө эхлээд буцаж ирэх өдөр хүртлээ өдөр бүр богино хэмжээний тайлбар бичлэг буюу өөрөөр хэлбэл  влог хийж танилцуулж байсан. Хэдийгээр богино хугацааных ч гэсэн маш эрчимжүүлсэн завгүй хөтөлбөр байсан. Нойр солигдчихсон болохоор эхний хэд хоног маш хэцүү байсан ч эргээд бодоход тэнд хамгийн хэцүү байсан зүйл одоо хамгийн сайхан зүйл болоод хувирчихсан. Дээрээс нь яг ковидын үе байсан болохоор жаахан хэцүү байсан.

 ТЕА хөтөлбөрийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан вэ?            

Энэ асуултад хариулахаас өмнө та хэд маань Фулбрайт ТЕА 2020 гээд хайгаад үзээрэй. Хайгаад үзвэл яг энэ хөтөлбөрийг сонирхоод явахаар шийдсэн хүмүүст зориулан хийсэн мэдээлэл бүхий 28 өдрийн видео байгаа. Өглөө 9 цагаас оройны 7 цаг хүртэл тасралтгүй хөтөлбөртэй байдаг. Өглөө нь их сургуулийнхаа багш дээр очоод цаг цагаар нь хөтөлбөрүүдээ авдаг. Өдрийн цайндаа орсныхоо дараа буцаад хөтөлбөр лүүгээ ордог. Очсон газраасаа хамаараад тодорхой хэмжээний өөр өөр зохион байгуулалттай байсан. Үүний хажуугаар Америк айлуудаар зочилж  хэрхэн амьдардаг талаарх болон соёлыг нь судлах маягаар явдаг байсан.  

Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа хаана байрлаж байсан вэ?  

Хөтөлбөрийн хугацаанд бид нар зочид буудалд байрлаж байсан. Дотроо гал тогоотой 2 унтлагын өрөөтэй. Орон орноос ирсэн багш нар байгаа болохоор маш олон орны хүмүүстэй цуг байж соёл нь ямар байдаг хоол нь ямар байдаг гэх жишээгээр олон зүйлийг мэдэж авч байсан.  Хөтөлбөрийн хугацаанд хоёр удаа өрөөний хамтрагчаа сольсон. Эхний хамтрагч маань Африкаас ирсэн багш байсан бол дараагийн хамтрагч маань Энэтхэг багш байсан.  

Очсон мужийнхаа талаар яривал?  

Калифорни бол том мужуудын нэг. Шинжлэх ухаан технологийн төв газрууд нь тэнд байдаг. Миний очсон Чикаго хот бол ерөнхийдөө газар тариалан маш хөгжсөн хот байсан. Газрын самрын 90%-ийг дангаараа тариалдаг..  

Таны хувьд англи хэл сурч багаа хүүхэд залууст зориулан ямар зөвлөгөө өгөх вэ? 

Миний хувьд англи хэлийг одоо ч гэсэн сураад л явж байгаа. Ер нь ямар ч зүйлийг сурахад хүн бүр мэдээллийг өөр өөр байдлаар хүлээн авдаг. Зарим нь маш сайн сонсож чаддаг байхад зарим нь маш сайн уншдаг шүү дээ. Хамгийн түрүүнд чамд ямар арга барил тохирдог гэдгийг олох хэрэгтэй. Миний хувьд би маш их сонсдог. Хүний яриа сонсох их дуртай болохоор англи хэл дээр маш их зүйлсийг сонсож сурдаг.

Хэрэв та хэл сурах ямар нэгэн тэтгэлэг хайж байгаа бол яг одоо фейсбүүкээс MASA, Education USA гээд хайгаад үзээрэй. Бүхий л тал дээр тань мэдлэг ойлголтыг өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж ямар хэл сурах гэж байгаа, тэр хэлнийхээ дунд түвшин хүртэл сайн багш олж авах хэрэгтэй. Дундаас дээш түвшинд хүн бие даагаад өөрөө сурах чадвартай болдог. Маш энгийн зүйлээс л эхлэх хэрэгтэй.  Энгийн харилцан яриа сонсох, өдөр тутамд хэрэглэгддэг үгнүүдээ цээжлэх гэх мэт. Тэр зүйлүүд чинь аяндаа таны тархинд суух үед би англи хэлийг ойлгож чадах болж гэх мэтээр өөрийгөө урамшуулан цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.  

Төгсөх гэж буй ахлах ангийн сурагчдад болон хараахан мэргэжлээ сонгож чадаагүй залууст юу гэж зөвлөх вэ? 

Ажил мэргэжил сонгох тал дээр эхлээд чи өөрийгөө л сайн таньж мэдэх хэрэгтэй. Чи юунд дуртай, юу чамд сонирхолтой байдаг, юу чамайг баяр хөөртэй болгодог, чи юунд цаг заваа зарцуулдаг талаар сайтар бодон мэргэжлээ сонгох нь чухал. Мэргэжлээ бүр сайн тодорхойлж чадахгүй байвал эхлээд аль салбарын хүн болохоо бодоод үзэх хэрэгтэй. Үүний дараагаар сонгосон мэргэжлээ маш сайн судлан дадлага хийх нь зөв гэж боддог.  

Америк болон Монгол сурагчид юугаараа ялгаатай байсан вэ?

Мэдээж соёлын хувьд ялгаатай байсан. Гэхдээ нэг зүйлийг ажиглахад Америк ч бай Монгол ч бай өсвөр насны хүүхэд бол өсвөр насны л хүүхэд. Нэг ялгаа нь тэд нар ангиар ярьдаг бид нар Монголоор ярьдаг. Хэлээ сайн сурч чадвал гадаад хүүхдүүдээс дутаад байх зүйл огт байхгүй.  

ТЕА хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч.  

Америкийн элчин сайдын яамны албан ёсны хуудсанд ойр байгаарай гэж зөвлөмөөр байна. Мэдээлэлтэй ойрхон хүн түрүүлж хөгждөг гэж би хувьдаа боддог. Дараагаар нь аппликейшн процессын асуултад оновчтой бөгөөд тодорхой хариулт өгч чадсан эсэхдээ анхаарах хэрэгтэй. Гол зүйлээ тойруулалгүйгээр чухал зүйлээ эхэлж хэлээд дараа нь дэлгэрүүлэн яриарай. Аппликэйшин шатандаа тэнцсэн тохиолдолд ярилцлагын шатанд дуудах болно. Тухайн таны бөглөсөн зүйл дээр тулгуурлан танаас асуулт асууна. 2-р шатандаа тэнцсэний дараагаар TOFEL-ийн шалгалт өгч байсан. Ерөнхийдөө жилийн хугацаанд үргэлжилж байсан. 

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар өөрчлөлт гарсан бэ?  

Америкт эсвэл гадаад гарчихвал болоо гэсэн нэг тийм бодол байдаг байсан. Юу хэлэх гээд байна гэхээр энд хэн байсан Америкт очсон ч чи тэр хүн хэвээрээ л байна. Нэр хүндийн хувьд өөрчлөлт авчирсан хэдий ч би бол би хэвээрээ л байгаа. Илүүг сурч мэдээд бага ч гэсэн сурагчдаа зөв зам руу нь хөтлөх гэсэн мөрөөдөлтэй хүн хэвээрээ байгаа.                                                                                       

Энэ хөтөлбөрт оролцохоор зорьж байгаа багш нарт юу гэж хэлэх вэ?

Битгий санаа зовоорой. Өөрийгөө хэзээ ч битгий голоорой. Тухайн үедээ бол би өөрийгөө маш их голдог байсан. Гэхдээ л би чадсан болохоор та бүхэн ч гэсэн чадах болно. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ тултал нь хийгээрэй. Дутуугийн мэдрэмжтэй бай энэ нь цаашдаа ч гэсэн таныг суралцахад туслах болно.  

Бидний уриалгыг хүлээн авч өнөөдрийн маань зочноор оролцсон танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.  

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье.  




Та бүхэн энэхүү яриа, подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу. 

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.