Alumni stories

С.Үүрцайх: "Ger Hub" ТББ-ын захирал

Сайн байна уу? Эрхэм уншигчдаа энэ удаагийн зочноор Гэр өргөө ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С. Үүрцайхыг урьж оролцуулсан юм. 

Бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн Үүрцайх танд маш их баярлалаа. Та яагаад анх АНУ-д сурахаар шийдэж байсан вэ? Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай хаанаас анх мэдэж авсан вэ? Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.

Би одоогийн Хүмүүнлэгийн их сургуулийн Англи, Орос хэлний орчуулгын ангийг төгссөн юм. Тэр үед англи хэлтэй л бол ажилд орох боломж нь илүү харагддаг байсан. Яагаад гэвэл тухайн үе цөөхөн хүн англи хэл сурдаг, мэддэг байсан. Тэнд сурч байхдаа л би магистрт сурна гэж боддог байсан. Манай найзууд ч гадаадад сурах мөрөөдөлтэй байсан. Хамгийн ойрхон жишээ гэвэл манай дүү Физикч мэргэжилтэй. CNN үзэж англи хэл сурч TOFEL-ын шалгалт өгөөд тэтгэлэг авч байсан. Түүнийг нь хараад би надад ч бас боломж байгаа, хүн бүрт боломж байдаг гэдгийг ухаарсан. Үүнээс хойш нэлээн идэвхтэй бэлдэж, тэтгэлэг судалсан. 

Одоо бодоход судалгаагаа тааруухан хийсэн. Эхний удаа тэнцээгүй. Дараа жил нь дахиж бүтэлгүйтэж байхаар сайн бэлдэж байгаад өгье гээд хоёр, гурван жилийн дараа бил үү тэтгэлэг авсан. Нэг л өдөр мөрөөдөл минь биелсэн ч яаж баярласнаа санадаггүй юм. Хамгийн түрүүнд дарга дээрээ очоод би тэнцсэн байна гээд л орилж байсан (инээв). 

Фулбрайтад хоёр гурван жил бэлдсэн гэсэн. Тэтгэлэгт шалгаруулах явцад хамгийн хэцүү байсан зүйл юу байсан вэ? Мөн сургуулийнхаа тухай танилцуулаач? 

Манай сургууль - Syracuse University Maxwell School - төрийн захиргааны удирдлагын чиглэлдээ нэр хүндтэй, чансаагаараа дээгүүрт жагсдаг. TOFEL-ын шалгалт дээр хэлний чадвараас гадна стратеги талаас нь бэлтгэх хэрэгтэй. Эсээ бичих хамгийн хэцүү байдаг. TOFEL-ын оноо өндөр байвал эсээ юм уу, өргөдлийн дутуугаа нөхнө гэж бодсон. 

Тухайн үед ажиллаж байсан чиглэл, ирээдүйд юу хийхээ сайн бодож, эсээндээ тодорхой бичихийг хичээсэн. Эсээг ер нь нэг жилийн дотор эсвэл өргөдлийн хугацаа ойртох үед бичдэг зүйл биш. Яагаад намайг тэтгэлэгт авах ёстой вэ? Өргөдөл илгээж буй бусад хүмүүсээс ялгарах зүйл надад байна уу? Ирээдүйн зорилго маань тэтгэлэгтэй яаж холбогдох уу? Би ажлаа, сурах чиглэлээ хэр зэрэг ойлгож байна вэ? гэсэн өнцгөөс, англи хэлээр маш сайн бичих хэрэгтэй. Нэлээн ярвигтай даалгавар. 

Америкт анх хөл тавьж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач. Өмнө нь очиж байсан уу? Сурах гээд л анх удаа очсон уу?

Өмнө нь Америкт ажлаар очиж байсан. Гэвч магистрт сурах гэж очсон сэтгэгдэл шал өөр байсан. Яагаад гэвэл сурах нь мөрөөдөл байсан учраас их өөр нүдээр харсан. Сургууль дээрээ очиход кинонд гардаг шиг л кампуст хүмүүс бужигнаад, ногоон зүлэг дээр хичээлээ хийгээд л.   

Фулбрайтын хөтөлбөр оролцогчдод зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Харин би мөрөөдөж ирсэн газартаа хоёр жил ерөөсөө номын сангаас салахгүй гэдэг зорилго тавьсан. Яагаад гэвэл би гурван хоног чөлөө авч Фулбрайтын хөтөлбөрт явчихаад ирэхэд хичээлээсээ хоцрох юм шиг санагдаад ихэнх арга хэмжээнд яваагүй. Нэлээн удаан хугацаанд тэр шийдвэртээ огт харамсаагүй. Тэгэхдээ сүүлд нь "Яагаад би тийм сонин шийдвэр гаргаад, номын санд өөрийгөө түгжсэн юм бол. Яагаад Фулбрайтын аялал, семинарт оролцоогүй юм бол доо" гэж бодсон. Тэгэхээр хичээлээ амжуулахын хажуугаар тийм боломжуудыг ерөөсөө алдахгүй байх хэрэгтэй. 

Яагаад гэвэл зөөлөн чадвараа хөгжүүлэх боломж гарна. Фулбрайтын тэтгэлэгт олон орны, өөр соёлтой, өөр хүмүүс ирдэг болохоор тэдэнтэй харилцана гэдэг их сонирхолтой. Бас Америкаар аялна. Анх очиход гурван долоо хоногийн танилцах хөтөлбөрт оролцоход надад их сонирхолтой байсан. Олон орноос очсон хүмүүстэй танилцах, тэднээс суралцах боломжийг өгсөн.  

АНУ-д сурснаараа хувь хүнд тань өнөөдрийн Үүрцайх бий болоход яг ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

Хувь хүний талаасаа гэвэл маш олон зүйлд нүдийг маань нээсэн. Хамгийн сайн ойлгосон зүйл нь техникийн чиглэлийн мэдлэгээс гадна зөөлөн ур чадвар чухал, ийм чадвараа хөгжүүлж чадвал байнга урагшилж байх юм. Өөрөөр хэлбэл, зорилгодоо хүрэх, зорьсон ажлыг гүйцэтгэх чадвар гэж ойлгосон. Хүн ямар нэгэн хамт олонд нэгдээд өөрөө олон нийтийн нэг хэсэг болоод явах нь их зүйл сургадаг гэдгийг ойлгосон. Одоо миний хийж байгаа ажил маань ч олон нийтэд чиглэдэг. 

Америкт сурахад хамгийн их хэцүү санагдаж байсан зүйл нь юу байсан вэ? Одоо явах гэж байгаа хүүхдүүдэд зөвлөх зүйл танд юу байна?

Би сургуульд явахдаа англи хэлийг нэлээн сайн эзэмшсэн гэж боддог, бас IBT-ын оноо ч нэлээн өндөр байсан. Тэгсэн яг академик англи хэл дээр олон хичээл үзээд ирэхээр өөрийгөө хангалттай бэлдээгүй байна гэж голсон. Энэ шокноосоо гарахын тулд эхний хоёр сар гаруй хичээлийн ном уншаад, уншсан зүйлдээ дүгнэлт хийх зэргээр хурдан сайжирсан. Өөр хэцүү байсан зүйл нь цаг агаар: манай сургууль Нью Йорк мужийн хойд хэсэгт болохоор өвөл нь ихэнхдээ бүрхэг байдаг. Монголд өвөл хэчнээн хүйтэн ч гэсэн дандаа нартай байдаг шүү дээ. Хичээл ихтэй, дээр нь тэнгэр бүрхэг байхаар их стрессттэй байсан. Тэрийг шийдсэн арга нь номын санд их суусан, бараг л “амьдарсан”. Номын санд оюутнууд байнга бужигнаж, гэрэл нь унтардаггүй болохоор цаг агаарыг сүүлдээ анзаарахаа больсон. 

Манай уншигчдад та одоо хийж байгаа ажлынхаа тухай танилцуулаач.

Ажлынхаа тухай ярихаар бүрт миний хэлэх дуртай эхний үг нь “Би ажилдаа маш их дуртай.” Ажилладаг газраараа их бахархдаг. Яагаад гэвэл би мөрөөдлийнхөө ажилд орчихсон. 

“Гэр өргөө” байгуулагдаад таван жил болж байгаа ч нэлээн их ажил амжуулсан гэж бид боддог. Хүүхэд, залуусын боловсролын хөтөлбөр нь одоо гурван дахь жилдээ хэрэгжиж байгаа. Мөн гэр хорооллын иргэдийг санаачлагатай амьдарч, өөр хоорондоо нэгдэх замаар асуудлаа шийдэх нь хэрэгтэй олон нийтийн төвөө нээхээр бэлдэж байгаа. Энэ мэтчилэн бидний хийж байгаа ихэнх ажлууд хүмүүс санаачлагаараа нэгдэж асуудлаа шийдэх санаачилгыг дэмждэг. Ингэснээр хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх замаар гэр хорооллыг өөрчлөх боломж байгаа гэдгийг уриалах юмаа. “Түгээмэл асуудалд шинэлэг шийдэл олох” зорилгынхоо хүрээнд бид олон улсын судалгааны баг, их дээд сургуулийн багуудтай хамтарч, олон улсын хэмжээнд гарч буй шинэ санааг Монголдоо турших, хэрэгжүүлэх зорилготой.

Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сайн дураараа ажиллаж байсан шүү дээ. Та сайн дурын ажлын гараагаа яаж эхэлж байсан вэ? 

Анх асрамжийн газарт хааяа очиж тусалдаг байсан. Тухайн үед сайн дурын ажил түгээмэл байгаагүй. Тэгээд Америкаас буцаж ирээд сайн дурын ажил хийхээр хоёр гурван байгууллагатай холбогдоход сайн дурын ажил хийдэг хүмүүс олон болчихсон, бас харьцангуй зохион байгуулалттай болсныг мэдсэн. Хоёрхон жилийн дотор ийм өөрчлөлт гарсан нь сайхан юм. Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл хүүхэд, залууст мэргэжил сонгохоо ойлголт өгөх боломж хомс гэж үзсэн учраас тэдэнд ойлголт, чиглэл өгөх зорилгоор төсөл хэрэгжүүлсэн. Бид цуврал видео хичээл бэлтгэснээс гадна Удирдах зөвлөлийн болон MASA–ын гишүүдээ оролцуулсан мэргэжлийн өдөрлөг зохион байгуулсан. 

Одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхэд, залууст зөвлөгөө өгөөч. 

Бүх зүйл чамаас өөрөөс чинь шалтгаалах учраас дөрвөн жил хаана сурах нь тийм ч чухал биш гэж би хувьдаа зөвлөдөг.  Мэдээж тэтгэлэг аваад Америкт сурч чадвал маш сайн. Эсээг хэдхэн сарын дотор бичих биш эртнээс бэлдэж эхлээрэй. Нэг удаа өргөдөл өгөөд бүтэхгүй байсан ч дахин оролдож үзэх л хэрэгтэй.

Мэргэжлээ сонгож буй хүүхэд, залууст хэлэхэд мэргэжлийн чиглэлээс гадна ямар ч мэргэжил, ямар ч орчинд өөрийг чинь байнга хөгжүүлж байх зөөлөн чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. 

   За танд хүрэлцэн ирж манай уншигчдад өөрийн туршлага, үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. 


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: М.Ивээл  |  Постер дизайн: М.Ивээл