Alumni stories

Ш. Буянжаргал "University of Illinois" -ийн механик электроникийн чиглэлээр магистрын хөтөлбөр төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт University of Illinois-ийн төгсөгч Ш. Буянжаргал оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.  

Сайн байцгаана уу. Намайг Ширнэнгийн Буянжаргал гэдэг. Би Увс аймгийн Улаангом хотод төрж өссөн. КТМС-д нэг жил сураад Японы засгийн газрын тэтгэлгээр Нагасаки мужид сурч байсан. Тэнд АНУ-ын цэргийн баз хэд хэд байдаг байсан учир амралтын өдрүүдээр яг л Америк улс шиг болоод хувирчихдаг байсан юм. Тэндээс л АНУ-ыг зорихоор шийдсэн. Тэгээд 2010-2011 оны хооронд University of Illinois, Chicago-д мехатроник буюу механик электроник чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн байгаа. Төгссөнийхөө дараа Япон улс дахь Тошиба компанид үйлдвэрлэлийн автоматжуулалтын системийг зохион бүтээх инженерээр ажиллаж байгаад 2014-2019 оны хооронд Монголд технологийн коллеж гэдэг шинэ сургалтын системийг нэвтрүүлэн захирлаар нь ажиллаад 2019 онд технологийн бизнесийн салбарт буцаж ирсэн Япон хамтрагчтайгаа нийлэн Монголд IT outsource ажил хийгээд явж байна.

Яагаад заавал АНУ-ыг сонгон суралцах болсон бэ?

Энэ бол маш сонирхолтой асуулт. Энэ аялал маань 13 наснаас минь эхэлсэн. Тэр талаараа би “Тоглоомын дүрэм” гэсэн нэртэй ном гарган түүн дээрээ дурдсан байдаг. Намайг 13 настай байхад Монгол улс Ардчилсан нийгэм рүү шилжээд ахуй амьдрал хүнд хэцүү байсан. Тэгээд аав ээж маань надад “Улс орон маань болохоо байлаа шүү хүү минь ээ! Улс орондоо хэрэгтэй зүйл хийгээрэй. Өөр хүсэх зүйл юу ч алга.” гэж хэлж байсан юм. Япон болон АНУ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж яваа улсууд шүү дээ. Тухайн үед Японоос АНУ руу суралцах боломж тийм ч олон байсангүй. Тэгээд өөртөө АНУ-д суралцах ёстой юм байна гэж зорилго тавиад тэнд  очсон. Америкчууд яг яаж хөгжсөн юм гэх гол нууцыг заавал өөрийн биеэр үзэж харах зорилт тавьсан байсан. Тэгээд аз болоход манай сургууль хамтарсан хөтөлбөр гаргаад АНУ-д очиж сурахад тодорхой хэмжээнд сургуулиас санхүүг нь гаргаж, тодорхой хувийг өөрөөсөө гарган жил гаруй суралцсан.

АНУ өөрийн тань хүлээлттэй хэр нийцэж байсан бэ?

Ер нь бол АНУ-ыг бид киногоор нь төсөөлдөг шүү дээ. Япон бол хотжилт маш өндөр хөгжсөн газар. Тэгээд АНУ-д очоод Япон улстай харьцуулахад зарим зүйл нь жоохон хуучин санагдаж байлаа. Харин яг дунд нь ороод суралцахад л давуу талууд нь мэдрэгдэж эхэлсэн. Хувь хүний үзэл маш чухал байдаг. Тус улсуудын ялгаа нь Япон үндэстэн Япон хүн гэдгээрээ нэг сэтгэлтэй байдаг бол Америкт хүнийг хайрлах, хувь хүний эрх чөлөөг маш их хүндэлдэг,

Ер нь АНУ-д амьдрах хэр байсан бэ? Оюутны хотхондоо амьдарч байсан уу гадуур амьдарч байсан уу?

Оюутны байранд амьдрах нь харьцангуй үнэтэй байсан. Хамгийн хямд тусдаг нь айлын хажуу өрөө хөлслөх учраас найзуудтайгаа байр хөлслөөд амьдарч байлаа.

АНУ-д суралцаж байх хугацаандаа гоё дурсамжууд үлдээж чадсан байх. Тэр дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцаач.

Маш олон орны найз нөхөдтэй болж чадсан. Үүнээс гадна дотоод нислэгүүд нь маш хямд учир зөвлөгөө гэвэл мөнгөө хуримтлуулаад аялж үзээрэй. Миний хувьд Нью-Йорк руу аялж байсан. Хот төлөвлөлт нь маш гоё зохион байгуулалттай байсан болохоор үнэхээр кино шиг санагдаж байсан. Чикаго хотын хувьд ч гэсэн 70-аад оны үед баригдаж байсан гайхалтай бүтээн байгуулалт, Мичиганы нуур гээд л үнэхээр гоё. Манай байрны эзэд ч гэсэн маш сайхан сэтгэлтэй, дүрэм журмыг сайн баримталдаг хүмүүс байсан. Одоо ч гэсэн холбоотой байдаг. Америк нь их зочломтгой сайхан хүмүүстэй улс. Талархлын баяраар би нэг найзынхаа гэрт уригдаж байсан юм. Хэдэн үеэрээ дамжсан хоолны жороор амталсан тахианы мах шардаг уламжлалтай. Тэд нар маань надад маш сайхан дурсамж болон үлдсэн.

Дурсамжтай сайхан зүйлсийн хажуугаар сорилттой санагдаж байсан зүйлсийнхээ талаар бидэнтэй хуваалцаач.

Эхлээд бол соёлын шок гэдэг зүйлд орсон. Жишээлбэл манай сургуульд багшилж байсан багш ижил хүйстэн. Анх тэр нь надад маш сонин санагдаж байлаа. Үүнээс гадна арьс өнгөөрөө бүлэг болдог. Цагаанууд нэг бүлэг өнгөт арьстнууд нэг бүлэг гэх мэт. Ази дотроо ч гэсэн хуваагдчихдаг. Тэр үйл явцыг миний хувьд жоохон шок маягаар хүлээн авч байсан. Тийм учраас тусламж зөвлөгөө аваад асууж лавладаг байсан зүйлс олон байсан. Судалгааны туршилтын ажлууд дээрээ миний хувьд бага зэрэг уурлаж уцаарлах хэрэг гарсан ч дараа нь сайн ойлголцож чадсаны үр дүнд харьцангуй гайгүй давсан.

Одоо хоёулаа таны мэргэжлийн талаар ярилцъя. Механик электроник гэдэг нь яг юу хийдэг ажил вэ?

1970-аад оны үеэс улс орнууд газрын тосны хомстолд орж газрын тосыг эрсдэлтэй юм байна гэж үзээд цахилгаанаар ажилладаг үйлдвэр хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Үүнээс механик электроник гэдгийг хооронд нь холбон мехатроник гэсэн нэр томьёо анх үүссэн юм. Өөрөөр хэлбэл автоматжуулалт, роботжуулалт гэсэн утгатай. Механик эд анги болон механик системийн суурь ойлголтууд дээр электроникийн чиглэл цахилгаан гүйдэл, өндөр болон нам хүчдэл, хэлхээ болон эд анги системүүд яаж ажилладаг талаар мэдлэг хэрэгтэй. Үүнээс гадна компьютер энэ гурвыг нэгтгэн үйлдвэрлэлийг яаж автомат болгох, роботыг яаж автомат болгох гэдэг тал дээр ажиллан шинэ системүүдийг зохиогоод түүнийгээ туршиж үздэг мэргэжил гэж ойлгож болно.

Маш хэрэгцээтэй мэргэжил байна. Яг энэ мэргэжлийг сонгоод цаашид суралцах гэж байгаа оюутан залуустаа юу гэж зөвлөх вэ?

Манай Монгол орны хувьд хүн ам цөөнтэй учраас аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд суурь мэдлэгийг олж авах нь маш чухал. Хамгийн наад зах нь цэвэрлэх аж үйлдвэрээ авч үзье. Япон болон АНУ-д бол бүх зүйл нь автомат болчихсон. Тиймээс яг энэ чиглэлээр орчин үеийн залуус маань суралцах нь ирээдүйд маш их эрэлт  хэрэгцээтэй  болох учраас энэ салбараар яваасай гэж хүсэж байна. Робот гэдэг зүйл бидэнтэй улам л ойрхон болсон. Жишээлбэл Тоёота компанийн үйлдвэрт маш том том автоматажсан роботууд ажилладаг. Ойрын 10 жилд энэ нь маш хурдацтай хөгжсөн учраас үүнийг зохион бүтээдэг, засварладаг хүмүүс ихээхэн хэрэгцээтэй байгаа.

Таны хувьд одоо яг юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ? Цаашдаа юу хийж бүтээх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Миний хувьд тавьсан зорилт байгаа. 2027 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гаргана гэж бодож байна. Хоёрт, ийм төрлийн мэргэжилтнүүдийг олшруулах үүднээс аж үйлдвэр технологи гэдэг зүйлсийг ойлгуулахын тулд 15 наснаасаа 5 жилийн хугацаанд сурдаг суурь мэдлэгийг олгодог сургалтын систем оруулж ирсэн байгаа. Үүнийгээ улам илүү өргөжүүлэх тал дээрээ ажиллаж байна. Яг үүнийг уншиж байгаа хүүхдүүдээ нэг зүйлд уриалмаар байна. Үзэж байгаа хичээлийнхээ мөн чанарыг, хэрэгцээ нь яг юу юм бэ гэдгийг маш сайн ойлгоорой. Чамд огт хэрэггүй бол сураад хэрэггүй. Зүгээр л дүнгийн хойноос битгий хөөцөлдөөч . Дүн хэрэгтэй боловч мөн чанарыг нь ойлгоосой гэж хүсэж байна. Саяхан АНУ-д маш гоё шинэ систем байгуулагдсан нь коллеж ахлах сургууль хоёр хамтраад ахлах сургуулийн хичээл коллежийн хичээл хамтарч ордог болсон. Үүн дээр дэлхийн болоод АНУ-ын шилдэг 300 компаниуд хамтран ажиллаж байгаа. Дэлхийн 20-30 оронд яг энэ системийг нэвтрүүлэн явж байна. Тэр нь ч манай оронд нэвтрээд явж байгаа. Чиг хандлага нь ч гэсэн тийм болчихсон. Диплом хэрэггүй ээ. Чи ажиллаж чадаж л байвал манай компанид ороорой чи хэдэн ч настай байсан хамаагүй гэх систем нэвтэрсэн байгаа. Томоор системлэж харан мөн чанарыг нь ойлгох явдал юм. Дараагийн чадвар нь аливаа асуудал дээр судалгаа хийж мөн чанарыг нь олоод тэрийгээ маш гоёор загварчлан шийддэг байх. Ердөө л аливаа юмны мөн чанарыг олж харах нь хамгийн чухал. Үүнийг эцэг эхчүүдэд ч гэсэн зөвлөмөөр байна. Хоорондоо бас маш сайн ярилцаасай гэж хүсэж байна. АНУ-д бага ангийн хүүхдээ хөзрөөр дамжуулан стратегид сургадаг. Тийм багаас нь сургаж хоорондоо ярилцана гэдэг үнэхээр гайхалтай.

Таны хувьд англи хэлийг яаж сурч байсан бэ?

Би анх Япон улсыг зорихдоо Япон хэлний А үсэг ч үгүй явж байсан. Англи хэл дээр хэдэн үг цээжлээд л явж байсан. Хэлийг сурахад надад хамгийн их тус болсон зүйл бол Монгол хэл маань байгаа. Манай ЕБС-ийн багш Монгол хэлийг маш системтэйгээр заасан. Тэр үндсэн систем нь цаашид хэл сурахад маш амар болгож өгсөн. Япон хэлийг харьцангуй хурдан сурч байсан. Очоод найман сарын дотор хамгийн өндөр үнэлгээг авч чадсан. Англи хэлийг ч гэсэн нөгөө л нэг системээрээ өөрөө бие даан сурч байсан юм. Нэгдүгээрт хэл гэдэг чинь өөрөө логиктой. Хэлний логик гэдэг нь тухайн хэлний зүрх сэтгэл нь, үг гэдэг нь араг яс нь юм. Монгол хэлэнд найман төрлийн үг ашигладаг. Англи хэлэнд ч гэсэн яг л адилхан найман төрлийн үг үздэг. Үүний дараа үгийг хооронд нь холбох. Үндсэндээ гурван төрлийн холбоос байдаг. Нэр үгийг нэр үгтэй, үйл үгийг үйл үгтэй, үйл үгийг нэр үгтэй холбох. Энэ бүгдийг хооронд нь системчлэн ойлгон суралцах юм бол маш чухал. Англи хэл нь үгийн сан багатай болохоор Монгол хэлийг бодвол хамаагүй амар. Энэ бүгдийг  базаад TEME гэдэг аппликейшн болгон бүтээсэн байгаа. Дээрээс нь үйл үгийн 26 цаг гэж ярьдаг. Энийг би хувьдаа буруу, хүний толгойг эргүүлсэн зүйл гэж боддог. Англи хэлний үйл үгийг тоолсон аргаа Монгол хэлний үйл үгийг тоолбол 38 үйл үгийн цагтай болно гэсэн үг. Миний бодлоор Монгол хэлээ сайн эзэмшсэний үндсэн дээр бусад бүх хэлийг суралцахад амархан байх болно.

АНУ-д суралцсан нь танд хэрхэн яаж нөлөөлсөн бэ?

Яг ул суурь нь яаж хөгждөг юм бэ гэдэг зүйлийг хайгаад яваад байгаа шүү дээ. Маш олон төрлийн хүмүүстэй хамт суралцан тийм их шинэ санаанууд гарч болдог юм байна гэдгийг ойлгосон. Олон салбарын хүмүүстэй нийлж шинэ зүйлс хийхийг суралцсан. 

Бидний урилгыг хүлээж авч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. 

Намайг урьж оролцуулсан та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Амжилт хүсье.



Та бүхэн энэхүү яриа, подкастын дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.