Сайн байна уу? Манай энэ удаагийн дугаарт Жаргал маань оролцож байна. Та бидэнд өөрийгөө товч танилцуулаач?
Сайн байна уу? Урьж оролцуулж байгаад баярлалаа. Мөн сонсогчдодоо энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Жаргал гэдэг. Би "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэргийг 2020-2022 оны АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрөөр суралцаж хамгаалсан. Монголдоо ирээд гар утас хөгжүүлэлтийн чиглэлээр одоо ажиллаж байгаа. Сүүлд хийсэн ажил гэвэл Байгаль хамгаалалтын чиглэлээр хоёр ч апплекейшн гаргасан байгаа. Ажлынхаа хажуугаар АНУ-ын төрийн департаментын санхүүжилттэй хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байгаа.
Fulbright хөтөлбөрийн тухай сонсогчид маань дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Ямар шалгуур байдаг бэ? Хэн энэ хөтөлбөрт оролцох эрхтэй вэ?
Fulbright хөтөлбөр маань дотроо их олон төрөл байдаг. Миний явсан хөтөлбөр маань Fulbright оюутнуудын хөтөлбөр байсан. Энэ нь магистрын чиглэлээр сурах гэж байгаа төгсөгчдөд зориулсан нэгээс хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг. Дотроо хоёр төрөл байдаг. Нэг нь АНУ-аас санхүүжилттэй, нөгөөх нь Монгол улсын засгийн газраас санхүүжилттэй гэсэн хоёр төрлөөр явдаг байгаа. Миний явсан төрөл нь АНУ-ын засгийн газрын санхүүжилтэй нь байсан. Манай Fulbright хөтөлбөрийн 2022 оны оюутнуудаас нийт 20 оюутан байснаас тав нь АНУ-ын санхүүжилтээр, арван таван нь Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэйгээр санхүүжилт аваад байгаа. Fulbright хөтөлбөрийн онцлог давуу тал нь бүх сургалтын төлбөр нь, тэр дундаа нислэгийн зардал, очоод амьдрах зардал, сар бүрийн тэтгэлэг зэргийг олгодгоороо давуу талтай байсан. Оюутнаас өөрөөс нь ямар ч сургалтын зардал гардаггүй. Гэхдээ АНУ-д очсоны дараа сар бүрийн тэтгэлэг орж иртэл түр хугацааны сурагчид өөрөөс нь зардал гардаг. Сургалтын тэтгэлэг нэгэнт ороод эхэлсэн цагт ямар ч зардал гарахгүй.
Fulbright хөтөлбөрийн шалгуурууд нь юу юу байдаг бэ?
Шалгуур нь эхлээд эсээний шалгалт байгаа, Fulbright хөтөлбөрт эхлээд онлайн апплекейшн бөглөдөг буюу хэлний оноотой байх шаардлагатай, мөн төгссөн сургууль, голч дүн гэх мэт мэдээллээ өгдөг. Миний бодлоор эсээ хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм шиг санагдсан. Эхний онлайн шалгууруудаа давсны дараа ярилцлага авдаг. Тэгээд ярилцлагад тэнцсэн хүмүүсээ дараагийн үе шат руу оруулдаг. Тэгэхээр Fulbright хөтөлбөр маань бэлтгэлтэйгээ нийлээд 2020 онд явахаар төлөвлөж байгаа бол 2019 оноос эхлээд, сурагчид маань өөрсдөө шалгарсныхаа дараа дахин олон үе шат байдаг. Шалгарчхаад шууд явна гэж ойлгож болохгүй. Заавал TOEFL-ын шалгалт өгөх шаардлагатай. Миний хувьд GRE өгсөн гэх мэт их олон үе шатаар дамжиж явсан. Тэгээд хэлний оноогоо авсан ч гэсэн дараа нь өөрийнхөө хүссэн сургууль руугаа материалаа явуулдаг. Тэр сургууль нь чамайг авна гэсэн тохиолдолд л сургууль даа явна. Түүнээс өмнө бол байнгын хүлээлтийн байдалтай бараг нэг жилийн хугацаа шаарддаг. Үүний төлөө эсээгээ дахин дахин бичнэ, тодорхойлох захидлаа бас бичнэ.
Сая хэлсэн олон шалгууруудын дундаас танд хамгийн хүнд хэцүү санагдсан шалгуур нь аль нь байсан бэ?
Fulbright хөтөлбөрт өргөдөл гаргахдаа өмнө нь IELTS -ийн их өндөр оноотой байсан. Тэр оноогоороо шалгалт бүрдээ тэнцээд явчихна даа гэж бодсон чинь заавал TOEFL гэвэл GRE-ын шалгалт өгөхгүй бол болохгүй гээд TOEFL-ын шалгалтыг дахиж өгсөн. TOEFL бол IELTS-ын шалгалтаас их өөр байсан буюу унших, сонсох чадвараа хамт юм уу, үгүй бол уншаад ярих эсвэл сонсонгоо асуултдаа ярьж хариулах гэх мэт хоёр чадвараа зэрэг ашигладаг арай өөр үйл явцтай байсан. Тийм болохоор тэр шалгалтдаа дахиж бэлдэх шаардлагатай болсон. Инженер чиглэлээр сурах гэж байгаа хүмүүс GRE-ын шалгалт өгдөг. Бизнесийн чиглэлээр сурах гэж байгаа хүмүүс GMAT-ын шалгалт өгдөг. Шалгалтууддаа яг өөрөө бие дааж, онлайн шалгалтын тест бэлдээд л явсан.
Fulbright хөтөлбөрийн тухай хаанаас анх сонссон бэ? Яагаад АНУ руу явахаар шийдсэн бэ?
Би магистраа яг хаана хийхээ шийдээгүй байсан. Ер нь хамгийн түрүүнд хэлний оноо хэрэгтэй гээд IELTS –ийн шалгалтаа өгсөн байсан юм. Дараа нь гурван сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргасан байсан. Нөгөө хоёрт нь би тэнцээгүй ч Fulbright хөтөлбөрт тэнцээд, яг тэр жилдээ явж байсан. Fulbright хөтөлбөрийн зүгээс сурах гурван сургуулийг нь санал болгодог, чиний дүн тэнцээд, чиний суралцах чиглэл тохирч байвал энэ сургуулиуд руу чиний материалыг явуулах хүсэлтэй байна, тэгвэл чиний тэнцэх магадлал их өндөр байна гээд хөтөлбөрийн зүгээс санал болгодог. Тэгж санал болгохоос өмнө чамд өөрт чинь би энэ сургууль руу ормоор байна гэсэн хүсэлт байвал түүнийг чинь мөн харгалзаж үздэг. Би өөрөө нэг ч сургууль санал болгоогүй Fulbright хөтөлбөрийн санал болгосон сургуулиудаас сонгож байсан.
Таны хувьд Fulbright тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д сурсан. Үүний хажуугаар оюутны цагийн ажил хийж байсан уу?
Сургуулийнхаа IT-ын албанд хоёр сарын хугацаатай ажиллаж байсан. Дараа нь манай Fulbright хөтөлбөр маань төгссөний дараа нэг жил ажиллах эрхтэй байдаг тэр эрхээрээ төсөл дээр ажиллаж байгаад төсөл маань дуусаад ирсэн.
Сая та хэллээ, байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан гэж, одоо таны ажиллаж байгаа чиглэл энэ хэвээрээ юу?
Тийм, миний өөрийн сонирхол яг байгаль орчин, хүрээлэн буй орчин тал руугаа илүү байсан юм.
Таны хүсэл тэмүүлэл сурч байсан сургуулиас нь үүдэлтэй юу? Эсвэл үүнээс өмнө байсан уу?
Сургуультайгаа ойрхон гэж хэлнэ. Миний амьдардаг муж нь бидний хэлдгээр уултайгаа ойрхон, устайгаа ойрхноороо онцлогтой байсан юм. Ууланд авиралт, усанд сэлэлт, завиар зугаалах, цанаар гулгах гэх мэт спортоор хичээллэх боломж дүүрэн байдаг байсан. Энэ нь Улаанбаатар хотын уугуул иргэн надад илүү нөлөөлсөн байх аа.
Мичиган муж бусад мужаа бодвол амьдралын өртөг нь ямар вэ?
Бусад том хотуудыг бодвол өртөг нь ойролцоогоор 2 дахин бага, түрээсийн хувьд ч боломжийн байсан. Энэ мужийн онцлог нь бараг 70% нь оюутнууд амьдардаг.
Сургалтын төлбөр нь ямар байсан вэ? Амьдралын өртгөө дагаад хямд байсан уу?
Технологийн чиглэлийн сургууль болохоор бусад том мужийнхтай адил хэмжээнд байдаг л даа. Тийм учраас сургалтын зээлд хамрагдаж чадаагүйгээс болоод сургуулиа орхисон хүүхдүүд ч цөөнгүй.
Америк явах үе, эргэж ирэх үе хоёрын та ямар хэмжээнд өөрчлөгдсөн вэ?
Чадвар маань илүү сайжирсан гэж хэлмээр юм уу даа. Мөн мөнгөний зарцуулалтын тал дээр илүү сахилга баттай, зүй зохистой зарцуулах тал дээр суралцсан гэж хэлж болно.
Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
Ахлах сургуулиа төгсөх үеэсээ л хаана ямар мэргэжлээр сурахаа тодорхойлоод, өөрөөр хэлбэл өөрийгөө олчихсон хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Миний хувьд тийм байгаагүй. Бүх хичээлдээ жигд сайн байсан учраас олон сургуульд хүсэлтээ өгсөн. Тэнцсэн хариу ирсэн дундаас нь өөрт хамгийн сонирхолтой гэж бодсон мэргэжлээ сонгосон. Мэргэжил сонголтын тухайд сонирхол тодорхойлох төрөл бүрийн тест байгаа шүү дээ. Хамгийн чухал нь өөрийгөө сонсох нь л чухал санагддаг.
Fulbright хөтөлбөрт тэнцэхэд өөрийн тань давуу тал юу байсан вэ?
Миний хувьд IELTS-ын оноо өндөр байсан. Бас ярилцлагаа сайн өгч чадсан гэж хэлмээр байна. Бусад хүмүүс шиг 2-3 хуудсанд дэлгэрэнгүй бичээгүй. Яагаад явахыг хүссэн бэ гэдгээ нэг нүүрэнд багтаагаад товчхон бичсэн юм.
Ямар асуулт асууж байсан вэ?
Сайн дурын ямар ажил хийж байсан талаар, ямар чиглэлээр сурах сонирхолтой вэ гэх зэрэг асуултууд байсан санагдаж байна.
Америк явахаасаа өмнө ийм зүйлийг мэдчихсэн байсан бол гэсэн зүйл нь юу байсан вэ?
Утасны дугаар болон банкны данс нээлгэх нь хэцүү санагдсан. Монголд хаанаас, хэзээ ч авах боломжтой нь утасны дугаар шүү дээ. Америкт эдгээрийг авахын тулд амьдарч байгаа газрын хаяг зайлшгүй шаардлагатай байдаг. Анх очиж байгаа учраас энэ нь надад бага зэрэг хүндрэлтэй байсан л даа. Миний хувьд ийм байгаа ч бусад хүмүүсийн хувьд өөр байж болно.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад ээлтэй юу?
Манай сургуулийн хувьд Америкийн бусад сургуулиудын адил хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан өргөн хаалга, том лифт, лифтний нам товчлууртай. Мөн суралцах үйл явц, ялангуяа шалгалтын үед хэл ярианы бэрхшээлтэй оюутан байвал дуудлагыг нь нягталж шалгадаггүй ч юм уу, тиймэрхүү тусламж байдаг. Товчхондоо бэрхшээл бүрд нь тохирсон хэрэгсэл, тоног төхөөрөмж, багш, сайн дурын хүүхдүүдийн дэмжлэг байдаг гэсэн үг.
Энэ хүрээд манай подкаст өндөрлөж байна. Ингээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
#MASA