Alumni stories

П.Цэлмүүн "ACCESS & SPORTS VISITOR PROGRAM"-ийн төгсөгч

Сайн байна уу? Энэ удаагийн дугаарт маань “Access” хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, “Sports Visitor” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөл бөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Манай хамгийн залуу оролцогч Цэлмүүн маань сонсогчдод өөрийгөө танилцуулаач.

Сайн байна уу? Намайг П.Цэлмүүн гэдэг. Би 16 настай, ЕБС-ын Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 11-р ангид суралцдаг. Access хөтөлбөрийн 2022 оны төгсөгч байна. Миний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нар АНУ-д хоёр долоо хоногийн турш аялж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн спортын тэтгэлэгт юм. Энэ нь зөвхөн Access хөтөлбөрт сурч байгаа болон, төгссөн хүмүүст зориулагдсан байдаг.

Access гэдэг нь өөрөө яг ямар хөтөлбөр юм бэ?

Дунд ангийн 8,9-р хүүхдүүд хамрагдаж явж болдог бөгөөд хоёр жилийн турш ангил хэлний сургалтад явдаг хөтөлбөр байгаа юм. 

АНУ-ын элчин сайдын яамнаас зарлагддаг энэ хөтөлбөрт ямар ямар шалгуурууд байдаг бэ?

Шалгуур нь гурван шаттай байгаа. Эхнийх нь эсээ байдаг. Нийтдээ гурав дөрвөн эсээ бичиж явуулдаг. Хоёрт нь англи хэлний анхан шатны тест өгдөг, тэгээд гуравт нь ярилцлага өгдөг. Өөрийгөө танилцуулаад, яагаад Access-д ормоор байгаа хүслээ илэрхийлж бичдэг.

Эсээ гэлээ, ямар ямар сэдвээр эсээ байх уу?

Тэр нь жирийн л эсээ байдаг. Өөрийгөө танилцуулаарай, хобби чинь юу бэ? Яагаад чи Access-д орох ёстой вэ гэх мэт. 

Access хөтөлбөрийн явц ямар байдаг бэ?

Миний хувьд 8-р ангидаа Access хөтөлбөрт орж 9-р ангид байхдаа төгсөж байсан. Эхлээд орохдоо нэг тест бөглөдөг, хоёр жилийн дараа мөн тест өгдөг. Анх чи ийм түвшинд байсан байна. Одоо ийм болжээ гэсэн харьцуулсан тест бөглөдөг юм. 

Sports Visitor программ нь яг ямар хөтөлбөр гэдэг талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаач.

Sports Visitor хөтөлбөр нь хоёр долоо хоногийн хугацаатай АНУ-ын аль нэг муж руу явдаг хөтөлбөр байгаа. Ихэнхдээ хөл бөмбөг тоглодог хүмүүс хамрагддаг хөтөлбөр байгаа юм.

Тэгэхээр хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчид оролцох боломжтой юу? Сонирхогч байж болох уу?

Мэргэжлийн тамирчид ч байж болно, сонирхогч тамирчид байсан ч болдог. Access программд хамрагдсан хүмүүсээсээ сонгоод Sports Visitor хөтөлбөрт 100%-ын санхүүжилтийг нь дааж явуулдаг хөтөлбөр байгаа. 

Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдахын тулд давхар шалгуур үзүүлэлттэй юу? Үгүй бол Access хөтөлбөрт орсон хүн бүр оролцох боломжтой байдаг уу?

Дахиад нэг шалгуур үзүүлэлт байдаг юм. Төгссөн хүмүүс мөн оролцож болдог. Намайг орж байхад дөрвөн жилийн өмнө төгссөн хүмүүс оролцож байсан. Тэгээд бүлд оролцоод эсээ бичээд, ярилцлага өгч байсан. Ангил хэлний шалгалт гэж авахгүй, эсээ бол өөрийгөө танилцуулаарай, хобби чинь юу вэ гэсэн сэдэвтэй байсан. 

Access хөтөлбөрөөс өгч байгаа англи хэлний сургалт, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний мэдлэг ялгаа байсан уу?

Байсан. Манай сургууль улсын сургууль учраас англи хэлний улсын багш нар хичээл орно. Харин Access хөтөлбөрт багш нар нь туршлагатай багш нар байсан. Манай Access-ын багш Монгол улсаас Австрали руу анхны тэтгэлэг авч явж байсан хүн байсан. Эхлээд нэг багш хичээл ордог ч сүүлдээ гадаад багш хичээл орж байсан.Мөн хийсэн хичээлээ ярилцаад багын ажиллагааг их сайжруулж байсан. 

АНУ-д очоод ямар мужид очсон бэ? Мөн аялж байсан мужуудынхаа тухай хуваалцаач.

Америкийн Бостон Масачусетс гэдэг муж руу явсан. Мөн тэндээ очоод өөр муж руу мөн аялуулсан. 

Хамгийн анх АНУ-ын онгоцны буудал дээр буугаад төрсөн сэтгэгдэл ямар байсан бэ?

Маш их гайхсан. Их олон хүн бужигнасан завгүй газар байсан. Яг очиход хөтөлбөрийн зохион байгуулагч нар нь автобусаар байрших газрууд руу чинь дагуулж явдаг юм билээ. 

Монголоос Бостон руу ганцаараа явсан уу?

Үгүй ээ. Манай Access-ын нэг хүүхэд нэг багштайгаа, мөн төгссөн гурван хүүхэд, гээд бид зургуулаа явсан. 

Бостонд очоод ямархуу байсан бэ? АНУ-д байхдаа хамгийн дурсамжтай байсан үеийнхээ тухай бидэнд хуваалцаач.

Би Бостонд байхдаа ихэнхдээ хотынхоо захад байрладаг байсан. Тэр нь яг далайн хажууд байгаль нь үнэхээр сайхан харагддаг байсан. Хотынхоо төвд нь нэг хоёр удаа л очсон, хотынхоо төвд бол их зохион байгуулалттай байдаг юм билээ. Өндөр өндөр барилгуудтай хэр нь автомашины зам нь их зохион байгуулалттай байсан. Миний нэг анзаарсан зүйл гэвэл Монголчууд их чимээгүй байдаг юм билээ. Америкчууд бол их дуу чимээтэй, нээлттэй амьдардаг юм шиг санагдсан. Бид хөл бөмбөгийн бас, бейсболын тэмцээн үзсэн чинь цаг гучин минутын турш Америкчууд бүгд яг өөрийн гэсэн багаа дэмжээд шуугилдаад л байсан. 

Бостонд очоод хаана байрлаж байсан бэ? Багаараа хамт байсан уу?

Багаараа, зургуулаа хамт байсан. Анх Бостонд очоод UMass гээд сургууль руу явсан, тэндээ байрласан. Эхний долоо хоног нь бидэнд заавал хөл бөмбөгийн тухай биш боловсролын талын хичээлүүд орж байсан. Яаж багаар ажиллах уу, яаж төсөл гаргах уу гэх мэт. Багш нар нь олон хүн биш яг өөрт чинь л хичээл зааж байгаа юм шиг их гоё хичээл ордог юм билээ. 

Монголоос тавуулаа явсан юм байна. Олон улсаас өөр ямар улсаас хүүхдүүд ирж байсан бэ?

Дэлхий даяар нийт 48 нь хүмүүс оролцож байсан. Монгол, Филиппин, Перу, Уругвай, Өмнөд Африк, Казахстан гэх мэт улс орноос хүмүүс ирсэн байсан. Тэгээд бүгд UMass их сургуульдаа байрлаж байсан. Би гэхэд нэг Монгол, нэг Перугийн өрөөний найзтай байсан. 

За эхний долоо хоногт UMass-д хамрагдсан юм байна. Дараагийн долоо хоногт ямархуу байсан бэ?

Дараагийн долоо хоногт нь таван өдөр дараалаад хөл бөмбөг тоглосон. Бостон хотынхоо хөл бөмбөгийн багтай хамтраад ийм ийм хөдөлгөөнүүд байдаг гээд хичээл заагаад хооронд нь тоглуулсан. Өглөө 9,10 гээд эхлээд орой 5,6 гээд дуусаж байгаа юм. Дунд нь мэдээж амарна л даа. Дөрөв таван багт насны ангиллаараа хуваагдаад тоглодог байсан.

Мэргэжил сонголтын талаар хичээлүүдээсээ ойлгосон зүйлээсээ хуваалцаач.

Яг өөрийнхөө хүссэн чиглэлээр л яваарай. Ээж аавын тань зөвлөсөн мэргэжил өөрийн чинь хүсэл хоёр өөр байдаг. Аав ээжийнхээ зөвлөснөөр өндөр цалинтай мэргэжил сонгосон ч дараа нь яг өөрийн нь дуртай зүйл биш учраас хайран мөнгө, хайран цаг хугацаа болдог учраас өөрийнхөө л хүсэж байгаа мэргэжлээр яваарай. Хэрэв өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлийг мэдэхгүй бол олон зүйлийг хийж үз, спортоор хичээллэж үз, бүжиглэдэг юм уу, зураг дарж үздэг ч юм уу өөрийнхөө дуртай зүйлийг хайж олох хэрэгтэй гэж зөвлөж байсан. 

Тэгэхээр чиний хувьд яг ямар мэргэжлээр сурахаар бэлдэж байгаа бэ?  

Би бизнесээр явна гэж боддог. Одоогоор надад таалагдаж байгаа хоёр мэргэжил байгаа. Нэг бол бизнес юм уу, үгүй бол IT-гаар сурна гэж бодож байгаа. Би багаасаа л компьютерт ойр байсан, компьютерыг жаахан мэддэг болохоор мөн код бичих нь надад таалагдаж байгаа учраас сурмаар байгаа.  

Тэнд суралцаж байхдаа дараа нь АНУ-д сурна гэдэг хүсэлтэй болж ирсэн үү?

АНУ-д орчин нь их гоё юм билээ. Сурах боломжууд их өндөр байгаа юм шиг санагдсан. Өөрийнхөө сонирхсон мэргэжлийнхээ дагуу АНУ-д дахиж очиж сурах хүсэлтэй байгаа. Мөн өөрийнхөө хэлний түвшин дээр илүү анхаарна гэж бодож байгаа.

Сайн дурын ажлыг чи юу гэж боддог бэ?

Өөрийнхөө мөнгөний оронд өөрийнхөө цагийг өгч байгаа. Мөн ажлын туршлагатай болдог. Заавал ямар нэг байгууллагын сайн дурын ажлыг хийх биш өөрөө найзуудтайгаа нийлээд санаачилж хийж байгаа гудамж цэвэрлэдэг ч юм уу, тэр ч мөн сайн дурын ажил гэж тооцогдоно. 

АНУ руу явж ирсэн нь чамд яг ямар нөлөө үзүүлсэн бэ?

Өөрийгөө яаж зөв илэрхийлэх бэ гэдэг арга олж мэдсэн, тэр тал дээрээ нэлээн өөрчлөлт гарсан гэж бодож байна. Мэргэжил сонголтын талаар би мөн хаана сурах уу гэдэг талаараа илүү сайн бодсон. Тэгээд тэтгэлэг аваад гадаадад сурах нь дээр юм байна гэж бодож байгаа.

Хоёр долоо хонгийн дотор олон улсын сурагч залуустай хөтөлбөрт хамрагдаад  ирэхээр ангил хэл нь сайжирдаг юм байна уу?

Тийм их сайжирдаг юм билээ. Зарим үгийг хэлэхэд их чөлөөтэй болдог. Дараа нь монгол хүнтэй англиар ярьчих гээд хоёр долоо хоногийн турш яриад байхаар зуршил болчихдог юм билээ. Сонсох чадвар их сайжирсан, олон улсын хүмүүсийн яриаг сонсож байгаа болохоор хүн бүрийн яриа өөр, зарим нь аялгатай ярьдаг гэдгийн мэдээд авсан. Гадаад хүмүүс бодсоноос илүү эелдэг байдаг. Алдаа гаргасан ч гэсэн зүгээр ээ дахиж хэлж болно гээд бүгд их эелдэг хүмүүс байсан. 

Цаашдаа сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд юуг зөвлөмөөр байна?

Бүх зүйлд их нээлттэй байгаарай. Хийж байгаа зүйлээ  цаг үрж байна гэж битгий бодоорой. Миний хувьд олон зүйл өөрийгөө сорьж үзсэн. Зориг сангийн хөтөлбөрт явж байхад багийн ажлын цагт их дургүй цаг үрж байгаа юм шиг санагддаг байсан ч ирээдүйд маань хэрэгтэй. Тэгэхээр бүх зүйлд нээлттэй байгаарай. Ичиж зоволгүй бүх зүйлд өөрийгөө сорьж үзээрэй. Оролцсон зүйл болгон чинь бүтэлтэй болохгүй ч гэсэн битгий шантраарай. 

За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Цэлмүүндээ  их баярлалаа. Цаашдын ажил үйлс, боловсрол сурлагад нь өндөр амжилтыг хүсэж байна.

За баярлалаа.   

Та бүхэн манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг  П. Цэлмүүний ярилцлагыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоорой.


⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA