Alumni stories

П. Чингүүн "University of Nebraska" -ийн цахим аюулгүй байдлын чиглэлээр магистрын хөтөлбөр төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт University of Nebraska-ийн төгсөгч П. Чингүүн оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.  

Сайн байцгаана уу? Намайг Пүрэвдаваагийн Чингүүн гэдэг. Би 2018-2020 онд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын University of Nebraska-д Cybersecurity чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн байгаа.  КТМС-ын компьютерын чиглэлээр бакалавраа төгссөн. Төгссөнийхөө дараа IT Auditor мэргэжлээр зургаан жил ажилласан. Ирээд ч мөн адил мэргэжлээрээ ажиллаж байгаа. 

Небраска муж нь АНУ-ын төв муж гэж хэлж болно. Омоха хот нь ерөнхийдөө нэг сая орчим хүнтэй, амьдрахад таатай, амьдрах өртөг бусад хот мужуудтай харьцуулахад харьцангуй бага, тайван амгалан цаг агаарын хувьд Монгол оронтой адилхан, ерөнхийдөө их найрсаг хүн амтай, надад маш тааламжтай сайхан байсан. Сургуулийн хувьд улсын сургууль учраас төлбөр харьцангуй бага байхаас гадна маш олон мэргэжил санал болгодог. 

Ер нь яагаад заавал АНУ-д суралцахаар шийдсэн бэ?

Мэдээж хүн болгон л хамгийн сайн боловсрол АНУ-д байгаа гэж бодож байгаа байх. Миний хувьд кибер аюулгүй байдал чиглэлээр ажилладаг хүн шүү дээ. Манай мэргэжлийн гол стандартууд, гол технологиуд тэдгээрийг гаргадаг байгууллагууд бүгд ерөнхийдөө АНУ-д байдаг учраас мэргэжилтэйгээ холбогдуулан АНУ-ын сонгож байсан.

Анх Фулбрайт хөтөлбөрийн талаар яаж олж мэдэж байсан бэ? Хөтөлбөрт бэлдэж байх үеийн дурсамжаа бидэнтэй хуваалцаач.

Фулбрайт бол мэдээж дэлхийн хамгийн алдартай тэтгэлгүүдийн нэг. Өмнө нь IT-ын чиглэлээр суралцаад ирсэн хүмүүсээс зөвлөгөө авсны үндсэн дээр хөтөлбөрийг мэдэж байсан. Хамгийн чухал нь мэдээж эсээ байдаг. Бусад шалгуур дээр миний хувьд хангалтай тэнцэж чадна гэж бодож байсан. Эсээгээ бичихийн тулд өмнө нь суралцсан хүмүүсээс сайтар зөвлөгөө аваад нэлээн нямбай бэлдэж өгч байсан. Миний мэргэжлийн хувьд маш өвөрмөц ховор мэргэжлийн нэг байсан байх гэж би боддог. Тийм ч учраас шалгарч тэнцэж чадсан байх аа.

Монголын засгийн газрын, АНУ-ын засгийн газрын Фулбрайт хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?

Хоёр төрлийн тэтгэлэг хоёр тусдаа зарлагддаг учир аль алинд нь л материалаа өгөөд үзэх хэрэгтэй. АНУ-ын тэтгэлэгт арай цөөн хүн хамруулдаг бөгөөд зардал нь арай илүү байдаг. Зардалд нь TOEFL-ийн шалгалт, GRE  шалгалт өгөх, замын зардал, ачааны мөнгө, сургалтын төлбөр гэх мэт эргэж ирэх хүртэл гарах бүх зардал орно.

GRE өгөх гэж буй хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Зүгээр л маш сайн цаг зав гаргах хэрэгтэй. Хэр олон цаг бэлдэж чадна тэр хэмжээгээрээ л оноо чинь дээшилнэ гэсэн үг. Хүний чадахгүй мэдэхгүй тийм ч хүнд зүйлс огт байдаггүй.

Таны хувьд англи хэлийг яаж сурч байсан бэ?

Ахлах ангиасаа эхлүүлэн суралцсан. Өөрөө шалгалтын материалууд дээр ажиллаад гэртээ сууж бэлддэг байсан.

АНУ-д байх үеийн тань хамгийн сайхан дурсамж юу байсан бэ? 

Манай хөтөлбөрийнхөн хоорондоо маш сайхан найзууд болж чадсан. Бид хамтдаа эхний жилийн өвлийн амралтаар зүүн эргээр, дараа зун нь Мексик, дараагийн өвлийн амралтаар баруун эргээр аялсан. Маш олон газруудыг үзсэн дурсамжтай сайхан цаг хугацаа байсан.

АНУ-аас Мексик руу явахад визны асуудал хэрхэн яаж гардаг вэ?

Ер нь нэг АНУ-д оччихсон байхад төв Америкийн ойролцоо улсууд руу аялахад амархан байдаг. АНУ-ын визтэй бол дахиад виз хүсэх шаардлагагүй чөлөөтэй байдаг юм билээ.

Эсрэгээрээ хүнд хэцүү, сорилттой үе байсан уу? 

Яг очоод л байр олохоос эхлээд хүндрэлтэй зүйлс тохиолдож байсан. Хичээл орох хугацаагаа тулгаж очсон учраас сургуультай ойр байрнууд аль хэдийнээ дүүрчихсэн байсан. Одоо бодоход эхний улирал хамгийн хүнд байсан. Эхний улирал нь хамгийн хүнд онолын хичээлүүдээ шууд үзэж эхэлнэ, хичээл зааж буй багш нарынхаа аялгыг гүйцэж сайн ойлгож өгөхгүй, Монголоор үзсэн ч ойлгоход хүнд хичээлүүд байсан. Алдартай профессоруудын хичээл нь түрүүлээд дүүрчихдэг учраас боломжтой бол очих гэж буй сургуулийнхаа багш нарыг хүртэл сайтар судлах хэрэгтэй юм билээ.

Мэргэжлийнхээ талаар бидэнд илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч.  

Сybersecurity гэдэг нь ерөнхийдөө маш том сэдэв. Мэдээж хүмүүсийн мэдэхээр hack, технологийн эрсдэлүүд, мэдээллийн технологийн эрсдэлийг удирдах, IT-ын засаглалыг сайжруулах, эд мөрийн баримт цуглуулах шинжилгээний ажлууд, аюулгүй байдлын тал гээд л маш том агуулгатай өргөн хүрээтэй салбар. 

Мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдэд зориулан яг юун дээр анхаараарай гэж зөвлөх вэ? Ялангуяа IT-ын чиглэлээр суралцаж байгаа, сурах гэж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Юуны түрүүнд мэдээж дуртай зүйлээ л хийсэн нь дээр байх. Миний хувьд илүү академик талаасаа хүмүүсийг суралцаасай гэж хүсдэг. Зүгээр л сургалтад суугаад эсвэл өөрөө интернэтээс сурах болон их сургуульд сураад мэргэжлийн зэрэгтэй болно гэдэг нь хоорондоо маш том ялгаатай. Онолын мэдлэгтэй хүмүүс нь онолын судалгаагаа хийгээд талаас нь судлан амжилт гарах боломжтой. Үүний араас инженерүүд нь бодит амьдрал дээр сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллавал үр дүнтэй. Монгол орны хувьд хүн ам цөөхөн учраас гадаад улс оронд ажиллахаас илүү Монгол орондоо ашигтай зүйл хийх хэрэгтэй. Тийм болохоор хүүхдүүдийг илүү академик чиглэлээр суралцаад эх орондоо хэрэгцээтэй зүйлс хийж бүтээгээсэй гэж хүсдэг.

Сүүлд харахад ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэгт IT салбар багтсан байсан. Тийм учраас орчин үеийн хүүхэд залуус энэ чиглэлээр маш их явж байна. Үүнийгээ дагаад нэг буруу хандлага ажиглагдсан нь “Би сургуульд сурахгүйгээр ажилтай болж болох юм байна” гэсэн ойлголт яваад байдаг. Энэ тал дээр таны бодол?

Өмнө хэлсэнчлэн онолын мэдлэг бол юутай ч харьцуулшгүй. Зарим хүмүүс “Сургуульд сурах хэрэггүй болсон. Онлайнаар 3 сар сургалтад суугаад ажилтай болно” гэж яриад байдаг. Тэр бол тэр маш буруу зүйл юм. Яагаад гэвэл аливаа нэгэн газар ажлаа дийлэхгүй болох үед хүмүүсийг олноор нь ажилд авч эхэлдэг. Ямар мэргэжилтэй эсвэл туршлагатай үгүй чинь хамаагүй бид сургаад авна гэх мэтээр ажиллах хүчээ хурдан хангахын тулд хүмүүсийг цуглуулдаг. Томоохон технологийн компаниуд ч гэсэн мөн адил. Тэдэнд дипломгүй хүмүүс хэрэгтэй биш аль болох хурдан өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх бодлого л байгаа юм. Үүнийг маш буруу сурталчилгаа хийж олонд таниулж байгаа гэж хардаг.

АНУ-д суралцаж байхдаа дадлага хийж байсан уу?

Миний хувьд 2020 онд сургуулиа төгссөний дараагаар 3 сарын хугацаанд Post Academic Track дадлага хийсэн байгаа. Тэр нь арилжааны 9,000-10,000 ажилтантай, өрсөлдөөн ихтэй том компани байсан. Ерөнхийдөө дадлага хийх гэж байгаа газраа эртнээс хайх хэрэгтэй. Эхний жил онлайнаар дадлага хийх газраа хүсэлт өгсөн боловч ямар ч үр дүн байгаагүй. Хоёр дахь жилээсээ өөрөө хүмүүстэй биечлэн уулзаж эхэлснээр ажлын санал ирж байсан. Монголдоо ажлын туршлагатайгаас гадна сертификаттай байсан учраас цуг ажиллаж байгаа хүмүүсээсээ бараг л хамгийн туршлагатай нь би болж таарч байсан. Тийм учраас намайг дадлагажигч гэж харахгүйгээр ажил даалгаж өгдөг байсан. Ер нь миний мэргэжил Монголд ч гэлтгүй Америкт ч гэсэн эрэлттэй хэдий ч хомстолтой байсан учраас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан. 

 IT Auditor гэдэг нь яг юу хийдэг мэргэжил вэ?

Ер нь бол маш сонирхолтой ажил. Уйдахгүй бас уйдах ч зав гардаггүй. Ерөнхийдөө хөндлөнгийн баталгаажуулалт хийдэг гэсэн үг. Тухайн ажиллаж буй байгууллагатай хамгийн хурдан үнэ цэнтэй өөрчлөлтүүдийг авчирч чадах хүн. Үйл ажиллагаанд нь байгаа алдаа дутагдал эсвэл технологи дээр нь байгаа эрсдэлүүдийг хэлэхээс гадна илүү яаж сайжруулж болох вэ гэдэг тал дээр нь ажилладаг байгаа. 

Америкт сурахаар төлөвлөж буй залууст юу гэж зөвлөх вэ?

Бакалаврын хувьд заавал АНУ гээд байх шаардлага байхгүй байх. Ялангуяа IT-ын мэргэжлийн хувьд. Яагаад гэвэл үнэтэйгээс гадна тэтгэлэг бага олддог. Очоод зардал маш өндөр. Боломж нь байвал явах нь мэдээж зөв. Байхгүй бол өр зээл тавин явах шаардлагагүй гэж боддог. Харин магистрын хувьд аль болох Америкт сураасай гэж хүсдэг.

University of Nebraska нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцахад хэр ээлтэй байсан бэ?

Маш ээлтэй байсан. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц нь маш сайн хөгжчихсөн байдаг. Миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл гэвэл барилга байгууламжууд нь огт босго, довжоо байгаагүй. Үүнээс гадна хаалга болгон нь товчлууртай. Шат байхгүй босго байхгүй гэдэг нь маш их саад бэрхшээлийг нь хөнгөлж байгаа хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн хүнээс тусламж авахгүйгээр ажиллаад сураад амьдрах бүрэн боломжтой. Машин нь хүртэл тусгай тоног төхөөрөмжтэй. Би яг очсоныхоо дараа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн машинаасаа буух гэж байхад нь Монголоороо сэтгээд л очоод туслах гэтэл тэр хүнд ямар ч тусламж хэрэггүй байсан.  

Бидний урилгыг хүлээж авч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. 

Намайг урьж оролцуулсан MASA-ын хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.


Та бүхэн энэхүү яриа, подкастын дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.


▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.