Та өөрийнхөө тухай товч танилцуулаач. Хаана өсөж төрсөн вэ? Яагаад АНУ-д сурахаар болов? Үүнээс өмнө та Японд сурч байсан энэ талаараа танилцуулаач.
Юуны өмнө урьсанд баярлалаа. Намайг Пүрэвчавийн Авралт-Од гэдэг миний уугуул нутаг Сэлэнгэ аймгийн Ерөө сум. 4-р арван жилийн сургуулийг ес, арав дугаар ангийн математикийн чиглэлээр төгссөн. Түүний дараа МУИС-ыг эдийн засгийн онолын ангийг Эдийн засгийн онолын чиглэлээр төгссөн. Тэгээд их сургууль Санхүү эдийн засгийн дээд сургуульд дагалдан багшаар Батсүх багшийн удирдлага доор хоёр жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Японы засгийн газрын тэтгэлгээр JDS гээд Японы хөгжлийн тусламж гэдэг тэтгэлгээр Японы олон улсын их сургуульд нь Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Тэгээд Японд магистраа хийчхээд тэндээсээ доктор хийх төлөвлөгөөтэй байсан ч бүтээгүй тул дахин “The University of Arizona”-д “Нөөцийн эдийн засаг” чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан юм. Японы их сургуульд болон Аризонад сурч байхдаа хажуугаар нь Монгол банкинд ажиллаж байсан. Мөн санхүү эдийн засгийн сургуульд үргэлжлүүлэн цагийн багшийн ажил хийсэн.. Товчхондоо бол ийм байна.
Та сая Японд сурч байхдаа АНУ-д докторын зэргээ хамгаалах гэсэн боломжгүй байсан гэлээ. Яагаад боломжгүй байсан юм бол? Энэ талаараа дэлгэрэнгүй хуваалцаач.
Сургууль бүр өөрийн гэсэн чансаатай байдаг. Японы онолын их сургууль маань сүүлд байгуулагдсан сургууль АНУ-ын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Тэгэхээр хаана, ямар сургууль төгссөн вэ? Тэр сургуулийнхан чансаа болон, магадлан итгэмжлэгдсэн байдал их чухал. Японы бүх сургууль нь магадлан итгэмжлэлтэй. Гэвч Америкчууд түүнийг өөрсдийнхөө төвшинд хүлээн зөвшөөрөхөд жаахан төвөгтэй байдаг юм. Миний хувьд 2008 онд Японд сурч төгсөөд үүнээс хойш докторын чиглэлээр сурах гээд олон сургууль руу өргөдөл өгсөн. Жил бүл таваас арван сургууль руу хүсэлт гаргаж байснаас ганцхан газар нь хүлээж авсан нь “George Washingtion” сургууль байсан. Гэвч ямар ч тэтгэлэг байхгүй, би өөрөө 100% зардлаа дааж явах тийм нөхцөлтэйгөөр хүлээж авч байсан.
Тийм учраас эхлээд тэтгэлэг олж дараа нь сургуульдаа явах гэж нэг, хоёр жил хойшлуулаад энэ хугацаандаа төрийн сангийн зээл хүртэл хөөцөлдөж үзлээ, төрийн сангийн зээл жилдээ 12 мянган доллар, докторт сурах хүнд гурван жил 36 мянган доллар. Харин “George Washington” сургуулийн жилийн төлбөр нь 60 мянган доллар байх жишээтэй. Тэгж явахдаа тэтгэлэгүүд судалсаар Фулбрайт тэтгэлэгт өргөдлөө өгч би докторын урилгыг авчхаад байгаа юмаа, дэмжээч ээ гэж хандсан. Харамсалтай нь Фулбрайт нийгмийн ухааны чиглэлийн докторын хөтөлбөрийг дэмждэггүй. Тэр утгаараа надад ямар санал тавьсан гэхээр чи дахиад магистрт сурвал бид магистрын төлбөрийг өгч болох юм байна гэсэн нөхцөл тавьсан. Тэгж ахиж нэг жилийн магистрын хөтөлбөрүүдэд хүсэлт явуулаад “The University of Arizona”-ыг сонгож явсан юм. Японы бүх сургуулийг гэж хэлж болохгүй л дээ Япон бол сайн сургуулиуд ихтэй, гэвч Японы зарим нэг сургууль болон Монголын сургуулийн магадлан итгэмжлэгдсэн байдал, чансаагаараа олон улсын төвшинд өндөрт явдаггүй болохоор нь энэ жаахан хүндээр тусдаг.
Магистрт сурахдаа сургалтын төлбөрөө 100% даалгаж чадсан уу?
Японд сурахдаа Японы засгийн газрын тэтгэлэг ЖАССО-аас гаргасан JIS гэж 100%-ын тэтгэлэгтэй хөтөлбөрөөр явж сурсан. Үүний дараа Фулбрайтаар дамжаад явсан. Фулбрайтад тэнцэх үйл явц яадаг гэхээр шалгалт өгөөд тэнцсэн бол нэг жил чиний өмнөөс бүх шалгалтыг даадаг. Тэгээд сургуулиудаас чинь хариу ирвэл нэг жилийн турш аппликэйшн өргөдлүүдээ өгөх үйл явц үргэлжилдэг гэсэн үг. Фулбрайтийн сайхан зүйл нь сургалтын төлбөрийг чинь 100% даана. Гэвч хүссэн сургууль руу чинь явуулна гэсэн үг биш. Санхүүжилт хэмжээтэй учраас цаанаасаа гурав дөрвөн сургуулийн сонголт өгнө. Тэтгэлгийн хувьд амьжиргааны өндөр өртөгтэй газар байгаа бол арай өндөр, байгаа газраасаа хамаараад өөр байдаг.
Магистраас докторын зэрэгт шилжиж сурахад хэр их хөдөлмөрлөсөн вэ? Залуучуудад хандаж хэлэхэд яг юун дээрээ илүү анхаараасай гэж зөвлөх вэ?
Тэгэхээр магистр бол хоёр жил. Зарим магистр нэг жил байдаг. Тэгэхээр эхний нэг жил маш сайн сурах ёстой. Өөрийгөө цааш нь сурах сонирхолтой байгаа гэдгээ тэр сургуулийнхаа тэнхимийн эрхлэгч багш нарт тодорхой хэлэх ёстой. Багшийн туслах хийгээд, судалгааны тусах ажилтан болоод явах боломжууд байдаг. Гэвч Фулбрайтаас сурч байгаа хүний нэг дутагдалтай тал нь нэмэлт цалинтай ажил хийж болдоггүй. Тэгэхээр би хамтарч ажилламаар байгаа багшдаа, би цааш нь докторт сурах төлөвлөгөөтэй байгаа. Ийм чиглэлээр сонирхож байна. Таны удирдлагад хамтраад ажилламаар байна. Танаар дипломоо удирдуулмаар байна гэж хэлсэн. Гол нь докторт ямар багш санал болгох хэнээс захидал авч байгаа гэдэг нь маш чухал байдаг. Тэгэхээр хэний санал болгож байгаа оюутан вэ гэдгээрээ ер нь хол явах боломжтой учраас ямар багштай нийлж ажиллах уу гэдэг нь их чухал. Миний хувьд Фулбрайт байсан учраас багш дээрээ сайн дурын ажил хийгээд эхний жил багш нартайгаа дотносох, тэдний итгэлийг олж авах байдал дээрээ ажилласан. Тэгж нэг жилийн турш хамтарч ажиллаад, янз бүрийн судалгаа, олон төсөл дээр тусалж ажиллаж туршлагатай ч болсон.
Тэгээд хоёр дахь жилээсээ докторт сурах бэлтгэлдээ орсон. Жишээ нь: би арван долоон сургууль руу өргөдлөө явуулж байсан. Хичээлд нь суусан багш нараасаа тодорхойлох захиа авна. Эртхэн нь бэлдэж эхлэхгүй бол цаг их зарцуулдаг. Би Монгол оюутнуудыг их чадварлаг гэж боддог. Хамгийн гол нь төлөвлөгөөтэй эртнээс бэлдэх хэрэгтэй. Ямар чиглэлээр сурах юм, аль сургуулийг сонгох вэ гэдэг нь чухал. Үнэхээр доктороор сурах гэж байгаа оюутан байвал тодорхой хэмжээний өөрийн сонирхсон сургуулийн жагсаалттай болж авах хэрэгтэй. Багш нарийн зөвлөхдөө арван таван сургууль гарга гэдэг. Тэр арван таван сургуулиа дотор нь гурав хуваана. Эхний тав нь маш өндөр зэрэглэлийн сургууль. Ер нь азаа үзье гэсэн зорилготойгоор хандана. Дараагийн тав нь би тэнцэж магадгүй гэсэн сургууль руу өгнө. Сүүлийн тав нь баталгаатай таван сургууль гэдэг. Энд би өргөдлөө өгөхөд баталгаатай тэнцэх ёстой, гэсэн заримаар ер нь бол багцын онолоор өөрийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө маягтайгаар бэлддэг. Энэ бэлтгэл их нүсэр ажил, үүнээсээ болоод шантрах ч юм уу, жижиг сажиг зүйлээ дутуу бөглөх, ганц нэг зүйл дээр бичиг үсгийн алдаа гарах ч юм уу, ийм зүйлээс болоод өргөдөл хасагдах магадлал байдаг. Тэгэхээр энэ бэлтгэлийг их нягт нямбай хийх хэрэгтэй. Ерөнхийдөө доктор яаж явдаг вэ гэвэл чиний дөрвөн жилийн чинь сургалтын төлбөрийг даана. Дөрвөн жилийн турш чамайг ажилтай байлгана. Цалинжуулна гэсэн үг. Багшийн туслах юм уу, судалгааны туслахын ажил олж өгч түүгээрээ цалинжуулаад явдаг.
За ингээд та докторт сурахаар хариугаа авчихлаа. Магистрт сурах, докторт сурахын ялгаа юу байсан вэ? Хэр их ялгаатай санагдсан вэ?
Ер нь зарчмын өөрчлөлт гарна. Яагаад гэвэл бид чинь судлаач болох шат руугаа орж байна гэсэн үг. Тэгэхээр магистр хичээл аваад, үзээд явна. Диплом бичих үгүй нь сонголт шүү дээ. Хэрэв цааш нь докторт сурах бол диплом бичиж болно. Тэгэхээр магистр нь судалгааны чиглэлээр цаашид ажиллахгүй бол хүссэн хичээлүүдээ аваад кредитээ тооцуулаад сургуулийнхаа шаардлагын дагуу төгсөөд явж болно. Харин доктор эхний нэг жил үндсэн хичээлүүдээ үзнэ. Тэр нь үзсэн дөрвөн хичээлээрээ шалгалт өгөөд давах юм бол үндсэн докторын оюутан болгож авдаг. Тэгээд хоёр дахь жилээсээ өөрөө бие дааж сурах зарчимдаа орно. Судалгааны ажил эхлүүлээд бие даагаад өгүүлэл бичиж эхэлж байгаа юм. Ер нь бол магистртай харьцуулахад өөр шат дараалалтай байдаг. Нэг талаасаа биеэ даасан эрх чөлөөтэй юм шиг. Нөгөө талаараа стресстэй ч юм шиг. Хүн бүрд өөрөөр тусна л даа. Судалгааны ажил гэдэг чинь, цагийн ажлаас ялгаатай. Чи өдөр бүр бодож явах ёстой. Үнэхээр чи өөрөө энэ чиглэлээр явна гэсэн дур сонирхолтой бол Монголчууд ярьдаг шүү дээ. “Дур эзнээ голохгүй” гэдэг шиг тэр хэмжээгээрээ “Дургүй хүчгүй” ч гэдэг үг шиг өөрөө сонирхолгүй бол ачаалалтай, дарамттай санагдана. Хоёр дугаар курсээс эхлээд жил бүр нэг өгүүллэг бичээд явна. Тэгээд төгсөхдөө бичсэн гурван өгүүллэгээ диссертац болгоод гаргах ёстой. Манай сургуулийн жишээгээр л бол ийм байсан.
Та АНУ-ын хоёр ч сургуульд сурсан хүн. Таны анзаарснаар АНУ-ын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа хэр ээлтэй байсан вэ?
Энэ тал дээр их мундаг л даа. АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ 100% дэмждэг. Хэрэв тэгэхгүй байдал ялгаварлан гадуурхаж байгаа гэсэн үг. Энэ чинь хуулиараа хориотой байдаг. Жишээ нь: Би чинь багшийн туслахаар ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд байвал, тэдний шалгалтын хугацаа нь 50%-аар нэмэгдэх ёстой байдаг. Мөн хичээлүүд онлайн болоод бид бүх зүйлээ онлайнаар хийж байгаа. Тэгээд ямар нэгэн материалыг сургуулийнхаа вебсайт дээр тавихад тэр материалыг компьютер таниад текст болгож уншиж чадахгүй мэдээлэл оруулж болохгүй. Хэрэв зураг аваад орууллаа гэхэд тэр зургийг компьютер танихгүй уншаад ямар текст байгаа юм, ямар агуулгатай байгааг нь хэлж өгч чадахгүй. Гэтэл тэр дунд чинь харааны бэрхшээлтэй оюутан байгаа тул мэдээлэл хүлээж авч чадахгүй. Заавал давхар сонсох боломжтой байх жишээний тэр утгаараа их нарийн дэг журамтай. Тэгэхээр АНУ-ыг тэгш байдлыг дэмжсэн нийгэм гэж ойлгож болно.
Жишээ болгоод хэлэхэд Монголд ч тэгш байдлын асуудал хурцдаад байгаа, янз бүрийн мэдээлэл их байна. Гарааны төвшин өөр гэдэг ч юм уу. АНУ-ын мөрөөдөл гэдэг бол. Ямар ч айлын , хэний ч хүүхэд болж төрсөн байсан ч бай хамаагүй. Ямар нэг мэргэжилтэй болоод ажил хийгээд, эхнэр хүүхдээ тэжээгээд явах цалинтай, байшин, машинаа авах боломжтой боломжтой байхыг Америкийн мөрөөдөл гэж нэрлээд байгаа юм. Тэр боломж нь АНУ-д бол байгаа. Харин Монгол хүн бүр байраа аваад, машинаа аваад эхнэр нь ажил хийхгүйгээр явах боломжтой юу гэсэн асуулт тавихад тэр нь үнэхээр хангалтгүй. Гэвч боломжгүй бол биш одоогийн залуу үе, үнэхээр мундаг, одоогийн нөхцөл байдал ч өөр. Тэгэхээр залуу үед маань илүү боломж байгаа. Өөрсдөө л сайн хичээх юм бол тэд нар маань их мундаг явах ёстой гэж бодож байгаа.
Юм бүхэн боломжтой гэдэг утгаараа энэ жишээг хэлэхэд. Би хүүхэд байхдаа малчин болно гээд шийдсэн байсан. Юун эдийн засагч болно гэж огт бодоогүй. Намайг хүүхэд байхад өмч хувьчлалаар айл бүрд мал тараасан. Тав, зурав дугаар анги хүртлээ өмч хувиллаар өгсөн таван хонио хариулаад явдаг байлаа. Айл бүр таван хонио нийлүүлээд сүрэг болгоод, ээлжлээд хариулдаг байлаа. Миний ээлжид дээр халуу өдөр байсан тул ус авах гээд гэртээ орчоод гараад ирэх хооронд нөгөө хонин сүрэг маань алга болчихсон. Тэр чинь арав, хорин айлын өмч явж байгаа. Тэгээд тэр өдрөө олоогүй, шөнөжин хайгаад ч олоогүй. Маргааш нь олсон чинь бараг долоо хонь ч билүү чонод бариулсан байсан. Тэгж манай өмчөөр авсан таван хонио өрнөдөө өгөөд, нутгийнхан намайг малд нүдгүй хүүхэд гээд л. Тэгж манай гэрийн ганц өмчийг нь би өөрийн хариуцлагагүйгээс болоод алдчихсан юм. Түүнээс хойш би эдийн засгаар явна гэсэн шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш эдийн засагч болно гэж сурч явсаар байгаад одоо л доктороо хамгаалж байна. Тэгэхээр одоо доктор хийх гэж байгаа хүүхдүүдэд үнэхээр чи зорьж байгаа бол болно. Болохгүй юм байхгүй. Та нарийн хувьд илүү богино хугацаанд хийх боломжтой шүү гэж хэлмээр байна.
Одоо яг мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч.
Яг дуртай, сонирхсон чиглэлээрээ л явах ёстой. Дургүйд хүчгүй гэдэг шиг ямар нэгэн зүйлийг хүчээр хийлгэх шиг буруу зүйл байхгүй. Намайг найм дугаар анги төгсөхөд манай аав эмч болгон гээд химийн ангид оруулж байсан юм. Аймгийн төвд дотуур байртай. Тэгээд ааваа явсны дараа би шууд захиралтайгаа очиж уулзаад. Би химийн чиглэлээр явахгүй, би эмч болох сонирхолгүй байна гээд математикийн анги руу шилжиж ороод энэ мэргэжлээ сонгож байсан юм. Аль чиглэл гэх юм байхгүй. Дуртай зүйлээ л сонгоо. Мэргэжил бүр өөрийн гэсэн онцлогтой.
За, их сонирхолтой яриа өгч, өөрийн туршлагаас хуваалцсанд баярлалаа.
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт П. Авралт-Од оролцлоо. Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоорой!
Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг энэхүү подкастыг та бүхэн дараах холбоосоор орж бүрэн эхээр нь сонсох боломжтой!
Itunes: https://cutt.ly/6gmbHKm
Anchor: https://bit.ly/37ge41U
Castbox: https://bit.ly/2Zj72VC
Stitcher: https://cutt.ly/bgmbNE1
Soundcloud: https://bit.ly/3phHhzL
Podcast Founder: Bilguun Erdenebat | Article Editor: Tungalagtuya & Namjin | Poster Design & Sound Editor: Nomulin |