Alumni stories

Б.Булган-Эрдэнэ: FLEX хөтөлбөрийн төгсөгч

Эрхэм хүндэт уншигчдаа, манай ээлжит нэгэн дугаар ийнхүү эхэлж байна. Зочин маань өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй сайхан танилцуулж өгөөч.

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Булган-Эрдэнэ гэдэг. Би АНУ-ын засгийн газрын тэтгэлэгтэй явагддаг ахлах сургуулийн сурагч солилцооны FLEX хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг буюу 2018 оны төгсөгчдийн нэг байгаа.

Хоёулаа яриагаа FLEX гэж яг ямар хөтөлбөр болох, шалгуурууд нь ямар байдаг талаар ярилцаад цааш нь өрнүүлье.

Манай хөтөлбөр маань 9-11 ангийн сурагчдад зориулсан 100%-ын тэтгэлэгтэй явагддаг сурагч солилцооны хөтөлбөр. Манай улсад 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 50 гаруй төгсөгчтэй. Жилийн турш АНУ-д Host family буюу зочин айлд амьдран АНУ-ын соёлыг суралцах мөн өөрсдийн соёлыг ч гэсэн түгээх зорилготой. Шалгуурын хувьд 3 үе шатнаас бүрддэг. Зөвхөн англи хэлний чадвар гэлтгүй сурагчдын дасан зохицох чадвар, хувь хүн талаас нь харж шалгаруулдаг.

Хэд дүгээр ангид байхдаа энэ хөтөлбөрөөр явж байсан бэ?

Би 2017 онд буюу 11-р ангид байхдаа анх энэ хөтөлбөрийг олж мэдээд явж байсан. Жил болгоны намар зарлагдаад хавар хариу нь гараад явдаг. Яг амралтын үе байсан болохоор гэр бүлээрээ Хөвсгөлд аяллаар явж байх үед сургуулиас залгасан, тухайн үед аз болж сүлжээтэй газар явж таараад анх тэгж мэдээлэл олж авч байсан. Тэр үед хүүхдийн тоо нь хязгаартай байсан тул сургуулиасаа шалгарсны дараа үндсэн шалгаруулалтад орох эрхтэй болж байсан. Одоо бол ямар нэгэн хүүхдийн тоо хязгаар байхгүй учир хүүхэд бүрд нээлттэй. Яг тэр жил надад жоохон хэцүү жил байсан, өсвөр насан дээрээ яг өөрийгөө голдог. Тийм болохоор яг энэ боломжийг л алдаж болдоггүй юм шүү гэж өөртөө ахин дахин хэлж байсан шалгалт дөхсөн үед нойргүй хонож бэлдээд шалгалтаа өгч байсан.

Аймаг гэж ярилаа шүү дээ, Булган-Эрдэнэ аль аймгийнх билээ? FLEX хөтөлбөрийн шалгаруулалт нь бүсчилж явагддаг гэсэн. Тэр үед бүсчлэн явагдаж байсан үү яг яаж явагдаж байсан бэ?

Би Эрдэнэт хотод төрж өссөн. 17 нас хүртлээ Эрдэнэт хотдоо амьдарч байсан. Тэр үед туршилт  маягаар явагдаж байсан учраас харьцангуй бага хүүхэдтэй шалгаруулалт болж өнгөрсөн.

Хамгийн хүнд санагдсан шалгаруулалт нь юу байсан бэ?

Миний хувьд сүүлийн шат буюу 3-р шат. Хамгийн урт, хамгийн олон шалгууруудтай шат нь байсан. Ярилцлага авна, эсээ бичнэ, багаар ажиллах чадвар, англи хэлний академик мэдлэгээ шалгана, өргөдөл гаргана үүнээс гадна зочин айлдаа зориулж захиа бичнэ гээд маш олон үе шатуудтай байдаг. Анхны удаа учраас мэдэхгүй зүйлс маш олон гарч ирж байсан. Маш их эргэлзэж байсан ч гэсэн өөрийнхөөрөө хийгээд явуулсан нь их зөв сонголт юм шиг санагдсан.

3-р шатны шалгаруулалтыг бүр сайн дэлгэрүүлээд задалж ярьж өгөөч. Цаашид энэ хөтөлбөрийг сонирхож буй сурагчдадаа хандан зөвлөгөө өгвөл?

Эхний шатанд англи хэлний шалгалт авдаг. Англи хэлний түвшин дунджаас дээш түвшинд байх ёстой. 2-р шатанд эсээ бичдэг. Эхний 2 шатандаа тэнцсэн үед 3-р шатандаа орох эрхтэй болдог. 3-р шатны шалгаруулалт нь арай хүндрээд ирдэг, бусад шалгалт нь ч гэсэн илүү академик тал руугаа чиглэдэг. Үүний дараа ярилцлага өгдөг. Монгол хэл дээр ч ярьж болно англи хэл дээр ч ярьж болдог гол нь өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй. Хамт өрсөлдөж байгаа хүүхдүүдтэй нэг баг болгоод багийн ажиллагаа шалгадаг. Үүний дараа аппликэйшн бөглөдөг. Тодорхой хэмжээний хугацаанд нэлээн зузаан мэдээлэлтэй аппликэйшн бөглөдөг. Бүх шалгуураа өгч дууссаны дараа хүлээх шаардлагатай болдог. Тэр нь бас маш догдлолтой хэцүү шатуудын нэг. Зөвлөгөө гэвэл ганц англи хэл шалгалт биш учраас бусад чадваруудаа ч гэсэн анхаарах хэрэгтэй. Мөн би чадахгүй байх гэсэн өөртөө итгэх итгэлгүй байх нь элбэг. Тийм учраас тэгж битгий бодоосой гэж би хүсэж байна.

Тэтгэлэгт тэнцэхэд давуу тал болж өгсөн зүйл нь юу байсан гэж боддог бэ?

Шалгаруулалтын явцад өөрийгөө маш сайн илэрхийлж чадсан юм болов уу гэж боддог. Хүмүүстэй нээлттэй харилцах дуртай зан чанар маань давуу тал болж чадсан байх гэж боддог.

Тэнцсэн гэх мэдээг анх авахад маань ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Хамгийн анх хэнд энэ баяртай мэдээгээ дуулгаж байв?            

Амьдралдаа хамгийн их догдолж хүлээж байсан мөчүүдийн маань нэг байсан. Хичээл орж байх үед дуудлага ирж байсан, дугаарын хараад маш их сандарсан. Тэгээд утсаа аваад ярьтал “Баяр хүргэе” гэсэн үгийг сонсоод ганцаараа сургуулийнхаа коридорт орилж дэвхцэж байсан. Ээж маань манай сургуульд багшилдаг байсан учраас хамгийн түрүүнд ээж дээрээ гүйж очоод хэлж байсан. Гэр бүлийнхэндээ хэлээд надаар бахархаад баярлаж байгааг нь харах үнэхээр гоё байсан.

АНУ-д анх хөл тавьсан мэдрэмж ямар байсан бэ?

Хөтөлбөрт хамт тэнцсэн хүүхдүүдтэйгээ хамт Вашингтон хүртэл яваад, цаашаа муж муж руугаа тараад явцгаадаг. Дандаа чиглүүлэгч нартайгаа хамт явж байгаад анх удаа Чикагогийн онгоцны буудлаас ганцаараа биеэ даагаад явсан мөч хэзээ ч мартагдашгүй байсан. Тэр үед онгоцны буудал дээрээс нь олон хүнтэй бужигнаж байгаад салаад ганцаараа яваад төрсөн мэдрэмж их гоё, мартагдашгүй, ингээд л амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж шинэ орчинтой танилцах гэж байна гээд маш их догдолж байсан. Тэс өөр орчинд очих нэг талаараа аймар байсан ч гэсэн нөгөө талаараа маш их хүлээлттэй догдлоод байж ядаж байсан.

АНУ-д очоод сургуульдаа суралцаж байх үеийнхээ дурсамжуудаас хуваалцаач.

Хамгийн анх зочин гэр бүлээ хүлээж байгааг мэдээгүй. Тэгээд шатаар буугаад явж байтал миний нэрийг бичээд барьчихсан хүмүүс хүлээж байсан. Тэрийг хараад бас гайхаж байсан. Анх удаагаа уулзаж байгаа ч гэсэн надад маш гоё дотно мэдрэмжийг  төрүүлж чадсан. Гэртээ очоод хувцаснуудаа тавьчхаад хамгийн түрүүнд зочин ээжтэйгээ дэлгүүр хэсээд хүнсээ цуглуулж байсан, тэгээд шууд л тэр гэр бүлийн нэг гишүүн болж байгаа юм шиг санагдаж байсан.

Ангиа яаж хуваарилдаг байсан бэ?

Очоод удаагүй байхдаа АНУ-ын ахлах сургуулиудад өөрсдөө хичээлээ сонгон хуваариа зохиодог учраас сургуультайгаа танилцан ангиудаа нүдэлж аван хуваариа гаргаж байсан. Ер нь Монголын ахлах сургуультай харьцуулахад маш өөр системтэй байдаг. Их сургуультай илүү төстэй системтэй, нэг анги гэж байдаггүй хичээл сонголтоороо нэг анги болон суудаг. Монголд багш нар нь орж ирэн хичээлээ заадаг бол тэнд сурагч нар нь хичээлдээ орж суудаг. Түвшин болон хичээлээ өөрөө сонгодог учраас 9-р ангийн хүүхэд 12-р ангийн хүүхэдтэй нэг хичээл үзэх боломжтой.

Зочин гэр бүлтэй амьдрах ямар байсан бэ?

Манай хөтөлбөрийн нэг том давуу тал нь зочин гэр бүлийг сурагч нартайгаа тохирсон байлгахыг хичээдэг. Тийм ч учраас гэр бүлтэйгээ илүү хурдан дасаж дотносоход амар байсан. Тэнд очоод дугуй унах, загас барих гээд олон зүйлсийг сурахаас гадна талархлын баяр, зул сарын баяр гээд гэр бүлийн баярууд маш их болдог. Намайг одоо ч гэсэн гэр бүлийнхээ нэг гишүүн охин шигээ үздэг.

АНУ-ын хэв маяг манай орны хэв маягаас юугаараа ялгаатай вэ?

Монголд айл болгон өөр байдаг шиг тэнд ч гэсэн өөр өөр байдаг. АНУ д өдрийн турш маш завгүй байдаг. Хүүхдүүд нь ахлах сургуулиасаа эхлэн машин барих эрхтэй болдог. Тийм учраас илүү биеэ даасан, амралтын өдрүүдээ гэр бүлдээ зарцуулах гэж маш хичээдэг. Янз бүрийн гэр бүлийн тоглоом тоглож, кино түрээслэж үзэх гэх мэт завгүй байсан ажлын өдрүүдийнхээ алжаалыг тайлж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Тэр нь надад ялгаатай санагдаж байсан.

Чиний хувьд ямар хичээлүүдийг сонгон суралцаж байсан бэ? Хичээлээс гадуур сайн дурын ажил хийдэг байсан уу?

Миний хувьд нэг жилийн хугацаанд суралцах байсан учир илүү сонирхолтой хичээлүүдийг сонгохыг хичээсэн. Франц хэл, атомын хичээл надад маш сонирхолтой байсан. Муур дээр хүртэл задлан хийж, анагаахын том том сургуулиудад очин задлан хийж байхыг хүртэл харж байсан. Ер нь практик талдаа чиглэсэн байдаг нь надад маш их таалагдсан. Дугуйлангийн хувьд хичээл тарсны дараа явагддаг. Тэмцээн уралдаан болон дугуйланг илүү нухацтай хүлээж авдаг, анги гэж байхгүй сургууль сургуулиуд нь хоорондоо өрсөлддөг. Миний хувьд сурагчдын зөвлөл мэтгэлцээний клубүүдэд явж байсан. Заримдаа шөнийн 11 цаг хүртэл гэртээ харихгүй байх тохиолдол гардаг байсан. Найз нөхөдтэйгөө, заримдаа гэр бүлтэйгээ, заримдаа ганцаараа ч хамаагүй сайн дурын ажил хийдэг байсан.

АНУ-аас яг ийм л юмыг Монголд хэрэгжүүлэх юмсан гэсэн зүйл нь юу байсан бэ?

Нэг давуу тал нь сонгох эрх Америк хүүхдүүдэд байсан. Ингэснээр хүүхэд юу хүсэж мөрөөдөж байгаа тэр чиглэлүүдээ илүү сайн суралцах боломжтой. Монголд энэ тал нь жоохон дутмаг байдаг. Үүнээс гадна нийгмийн ажилтан нь сурагч нартайгаа маш гоё тулж ажилладаг. Тийм зүйлсийг монгол оронд хурдан хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Сэтгэлгээний хувьд ч гэсэн маш чөлөөтэй. Заавал ийм байх ёстой гэсэн зүйлс бараг байдаггүй. Хязгаарлагдмал зүйл нь бага байдаг учраас өсвөр наснаасаа эхлэн өөрийнхөөрөө чөлөөтэй байж өөрийгөө илэрхийлэх боломж нь ч гэсэн хамаагүй их байдаг. Хичээл дээрээ унтлагынхаа хувцастайгаа эсвэл гэрийн шаахайтайгаа ирсэн хүүхдүүд ч байдаг. Тэр хүүхдийг хэн нь ч энэ юу өмсчихсөн юм бэ гэж бодохгүй тэр хүүхдийн юу өмсөх нь тэр хүүхдийн л эрх байдаг.

Монгол улсаа таниулах ямар нэгэн арга хэмжээнд оролцож байсан уу?

Жижигхэн мужийн жижиг хотод очиж байгаа учраас хүмүүсийн уулзаж байсан хамгийн анхны Монгол хүн нь би байсан. Тийм учраас энэ нь миний хувьд маш том хариуцлага байсан. Хамт хичээлд сууж байсан хүүхдүүддээ өөрийн эх орныхоо талаар хагас цаг орчмын танилцуулга хичээл орж байсан. Ихэнх хүмүүс манай улсыг 13-р зууны үеэр төсөөлж байсан учраас надаас та нар хичээлдээ явахдаа мориор явдаг уу эсвэл тэнд гар утас байдаг уу гэх мэт асуултуудыг надаас асууж байсан. Тэр болгоныг нь засаж залруулан одоогийн Монгол улсыг таниулахыг хичээдэг байсан.

Хөтөлбөрт хамрагдсаны дараагаар ямар боломжууд нэгдсэн бэ?

Анх явахдаа англи хэлээ сайжруулаад ирнэ дээ л гэж бодож байсан. Буцаад ирэхэд хувь хүнийхээ хувьд өөрчлөгдсөн байсан. Би чадахгүй гэсэн айдсаасаа салж надад заавал томчуудын туслалцаа хэрэггүй юм байна, өөрөө хийж бүтээж чадах юм байна гэсэн бодолтой болоод илүү өөртөө итгэлтэй болсон.

Энэ хөтөлбөрөөр сурахаар төлөвлөж байгаа сурагчид даа зориулан зөвлөгөө, урмын үг хэлээч.

Жижиг хотын дундаж айлын дундаж бололцоотой миний хувьд энэ хөтөлбөр маань яахын аргагүй маш том алдаж боломгүй боломж байсан. Хэрвээ энэ хөтөлбөрт оролцохоор төлөвлөж байгаа бол хэзээ ч битгий шантраарай. Өөрийгөө битгий голоорой. Өөрийгөө үнэнээр нь харуулан хамгийн сайнаараа хичээгээрэй хэзээ нэг нь цагт заавал үр дүн нь гарах болно.

За энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна бидний урилгыг авсан танд маш их баярлалаа. Амжилт хүсье.

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа нэр төрийн хэрэг байлаа. Амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️Itunes: энд дарж сонсоно уу

⏸Anchor:энд дарж сонсоно уу

⏺Castbox: энд дарж сонсоно уу

⏸Stitcher: энд дарж сонсоно уу

▶️Soundcloud:энд дарж сонсоно уу

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин