Alumni stories

А.Оюунзул: Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч

Төгсөгчдийн түүх цуврал ярилцлагын маань энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулж өгнө үү.

Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюунзул гэдэг. Би МУИС-ын сэтгүүл зүйн ангид суралцдаг байсан. Global UGRAD хөтөлбөрийн 2016 оны төгсөгч. Одоогоор утга зохиол, номын орчуулагчаар ажилладаг. Мишель Обамагийн Becoming, Хилгүй хүчтэн гэх мэт уран зохиол, баримтат зохиол гээд одоогоор нийт 7 бүтээл орчуулаад байгаа.

Global UGRAD хөтөлбөр болон өөрийнхөө сурч байсан сургууль мужийнхаа талаар бидэнтэй хуваалцаач.

Ball State University-г төгссөн. Индиана мужийн жижиг хотын 15-20 мянган оюутантай том сургууль байдаг. Цаг агаарын хувьд манай оронтой төстэй, хүмүүс нь маш найрсаг.

Хөтөлбөрийг анх хаанаас олж мэдэж байсан бэ? Яагаад энэ хөтөлбөрт өргөдлөө өгөх болсон бэ?

Өөрийгөө сорин огт өөр орчинд суралцах хүсэлтэй байсан. Мэдээж 100%-ын тэтгэлгээр сурна гэдэг маш том боломж. Анх онлайнаар олж мэдэж байсан. Америк сургуульд өргөдөл гаргахтай адил төстэй. Дүн, ярилцлага, эсээг харахаас гадна манлайлах чадвар болон нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж чадах эсэхийг нь хардаг юм шиг санагдсан.

Хөтөлбөрт зориулж бэлдэж байх үеийнхээ дурсамжаас хуваалцаач.

Маш гэнэтийн шийдвэр байсан ч, анхнаасаа эсээ дээрээ юу бичихээ сайн мэдэж байсан учраас өргөдлөө хамаагүй хурдан гаргаж байсан. Шалгаруулалтын хувьд тал талын сонирхол, хувь хүнийг бүхлээр нь харж үздэг юм шиг. Миний хувьд ном зохиолтой холбоотой ажил илүү их хийдэг байсан. Хүүхдийн номын зураг зурахаас гадна номын клубд зохион байгуулдаг байсан маань бас нөлөөлсөн байх. Энэ хөтөлбөрийг сонирхож байгаа хүүхдүүд байвал өөрөө өөртөө үнэнч байж, хүсэл мөрөөдлөө үнэн зөвөөр илэрхийлээрэй.

Сэтгүүлч гэдэг мэргэжлийг яагаад сонгосон бэ?

Маш эртний түүх. Манай арван жилийн багш биднийг зоддог байсан. Тэр нь маш хэцүү санагдаад нэг удаа санамсаргүй багшийнхаа бичлэгийг хийгээд youtube дээр тавьчихсан чинь хэдэн сарын дараа мэдээгээр гараад сургууль даяараа маш их асуудал болж байсан. Хүн болгон намайг буруутгаад маш хэцүү байсан. Үүнээс үүдээд, ер нь би өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа дуу хоолойгүй хүмүүсийн төлөөлөл болох хэрэгтэй юм байна, яригддаггүй, ил гардаггүй асуудлуудыг ил болгох хэрэгтэй юм байна гэж шийдээд энэ мэргэжлээ сонгож байсан. Энэ түүхээ эсээ болон ярилцлага дээрээ тусгаж байсан.

АНУ-д сурах Монгол улсад сурах ялгаа нь юу байсан вэ? АНУ-д ямар хичээлүүдийг судалдаг байв?

АНУ-д би 5 хичээл үзсэн. Хөтөлбөрөөс тавьдаг нөхцөл нь дор хаяж 12 кредит үзэх ёстой байдаг. Сэтгүүлчтэй холбоотой хичээлүүд байсан. Нэг нь дизайн нөгөө нь найруулгын хичээл. Үүнээс гадна хөгжим, уран зохиолын хичээл судалдаг байсан. Хөтөлбөрөөс бас нэг тавьдаг нөхцөл нь Америк оронтой холбоотой нэг хичээл судлах ёстой байдаг учраас Мексик уран зохиолыг сонгож байсан юм. Маш завгүй байхаас гадна шинэ орчинд дасах гэж бас жоохон хугацаа орсон.

Шалгаруулалтын аль шат нь хамгийн хүнд санагдаж байсан бэ?

Би өөрөө бага зэрэг ичимхий дотогшоогоо хүн учраас ярилцлагын шатан дээрээ маш их сандарсан. Яг ингэж хариулна даа гээд бэлдчихсэн байсан зүйлээ сандарлаасаа болоод хэлж чадаагүй. Ярилцлагын шат хүнд байсан даа.

UGRAD хөтөлбөрт материалаа бүрдүүлэн илгээх гэж байгаа оюутнуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Өөртөө үнэнч байж, өөрөө өөрийгөө яг байгаагаар нь л харуулахыг хичээх хэрэгтэй байх. Хүсэл мөрөөдөлтэй зорилготой эрмэлзэлтэй байгаа чинь бүрдүүлж байгаа материал дээрээс чинь харагдах болно. Яг яагаад заавал явах болсноо, өөрийнхөө давуу талаа, сул талаа, төлөвлөгөөгөө эсээ эсвэл ярилцлага дээрээ маш сайн илэрхийлж өгөх хэрэгтэй. Гадаад явж суралцах нь маш том хариуцлага учраас би хувьдаа бэлэн үү, маш том сорилтод бэлэн үү гэж өөртэйгөө ярилцах хэрэгтэй.

Хөтөлбөрт тэнцэхэд тань ямар давуу талууд тус болсон гэж боддог вэ?

Миний хувийн түүх миний зорилго, алсын хараа юм уу даа. Түүнийгээ би маш сайн гаргаж өгч чадсан гэж боддог. Тухайн хүүхдийн сэтгэлийн хат, хатуужил, сэтгэл зүйг бас тодорхой хэмжээнд хардаг байх.

Хөтөлбөрт тэнцсэн гэх мэдээг авахад ямар байсан бэ? Тухайн үеийнхээ мэдрэмжээсээ хуваалцаач.

Хариугаа 5 сард авж байсан санагдаж байна. Нэг ажил амжуулах гээд явж байсан юм. Тэгээд  и-мэйлээ шалгатал баяр хүргэе гэсэн хариу ирчихсэн байсан. Тухайн үед бараг л итгэж өгөөгүй болохоор тэгж их тоогоогүй. Яг явах дөхөөд л визээ хөөцөлдөөд ойртоод ирэхэд маш их догдолж эхэлсэн. 

АНУ-д очсон дурсамжууд, анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Очоод соёлын шок гэдэг зүйлийг утгаар нь мэдэрсэн. Нислэг оройтоод 48 цаг унтаагүй аймаар ядарчихсан анх удаагаа ганцаараа биеэ дааж амьдарч үзэж байсан. Шинэ газрын соёл, хоол хүнс гээд бүх зүйлсэд нь хурдан дасах шаардлагатай болсон. Мөнгөн дэвсгэртийнхээ учрыг олох гэж бас жоохон толгой эргэсэн. Амралтын үеэр очсон учраас сургууль хов хоосон, бүх зүйл нь хаалттай байсан. Дараа нь солилцоогоор ирсэн оюутнуудтайгаа сайн найзууд болж байсан, одоо ч гэсэн найзалдаг хэвээрээ. Жижиг хот болохоор автобус тийм ч олон яваад байдаггүй, хүмүүс нь өөрсдийн гэсэн машинтай. Нэг өдөр дэлгүүр хэсэж байгаад гараад ирсэн чинь сүүлийн автобуснаасаа хоцорчихсон, утасны цэнэг дуусчихсан. Бараг цаг орчим алхсаны эцэст арай гэж сургууль дээрээ очиж байсан. Эхний нэг сар бол үнэндээ чанга байсан. Гадаад улсыг зорих гэж байгаа бол чиглүүлэх сургалтад заавал суугаарай гэж зөвлөмөөр байна.

АНУ-ын боловсролын системийн давуу болон сул тал нь юу байсан бэ? Монгол улсын боловсролын системтэй харьцуулахад юугаараа ялгаатай байв?

Эхний нэг жил дурын хичээлээ сонгоод хоёр дахь жилээсээ эхлүүлэн мэргэжлийнхээ хичээлийг судалж эхэлдэг. Мөн лекц семинарын хувьд ерөнхийдөө адилхан бүтэцтэй. Багш нар нь сурагч нарынхаа үзэл бодлыг маш сайн сонсож, тулж ажилладгаараа онцлог. Сурагч нараасаа маш их асуулт асууж, ярилцдаг учраас нэг ч хичээлийг дутуу хийхгүй үлдээж болдоггүй. Хичээх л юм бол манай Монгол оюутнууд  илүү амжилттай суралцах юм шиг санагдсан. Гол нь цагаа сайн зохицуулж, хийе гэсэн бүх зүйлээ амжуулдаг байх хэрэгтэй. Давтлага зөвлөгөөг маш сайн өгдөг, нөөц боломж бололцоо нь бүгд гарын доор байдаг. Хичээл хийх орчин тоног төхөөрөмж гээд бүх зүйл нь цаанаасаа бэлэн байж байдгаараа давуу талтай байсан.  

Соёлын солилцооны хөтөлбөр гэдэг утгаараа Монгол улсынхаа соёлыг хуваалцах үйл ажиллагаанд оролцож байсан уу?

Манай сургууль дээр гадаад оюутнууд эх орноо танилцуулах жижигхэн илтгэл тавьдаг. Америкчуудын хувьд Монгол орныг тийм ч сайн мэддэггүй. Харин өөр орны хүүхдүүд нийслэлтэй нь хүртэл мэдэж байсан. АНУ-д хүний хаанаас ирсэн хэн гэдэг нь тийм ч чухал биш байдаг. Хамгийн гол нь зөв сэтгэгдэл үлдээх гэж маш их хичээсэн.

АНУ-д суралцаж байхдаа аялж байсан уу?

Манай хөтөлбөрийн бас нэг гоё зүйл нь та нар аялцгаа гээд мөнгө өгчихдөг. Аль ойрхон байснаар нь эхлээд Чикаго тэндээсээ Нью Йорк орж үзсэн. Үнэхээр мартагдашгүй адал явдалтай хэд хоногийг өнгөрөөж байсан. Дараа нь номоо орчуулахад аялж байсан туршлага маань ч гэсэн хэрэг болж байсан. Нэг мартагдашгүй дурсамж гэвэл Нью Йорк-оос буцахдаа онгоцноосоо хоцроод бөөн юм болж байсан. Маргааш нь бүтэн 12 цаг автобусаар яваад яг хажуугийн муж дээр ирсэн чинь дугуй нь хагараад шатахуун түгээгүүр дээр бүтэн өдөр болж байсан. Тэгээд үүрээр яваад очтол найз бид хоёрыг тосож авах ёстой байсан хүн маань унтчихсан байсан болохоор автобусанд цуг явж байсан Орос ахынд нөгөө хүнээ сэрэх хүртэл нь хүлээх шаардлагатай болсон. Нөгөө ах маань бид хоёрыг дайлаад л. Бид хоёр танихгүй хүний гэрт байгаа болохоор жоохон айдас хүйдэстэй. Зүгээр найзтайгаа цай ууж сууж байгаад л онгоцноосоо хоцорчихсон. Үнэхээр азгүй гэх юм уу хөгжилтэй ч гэх юм уу тийм нэг явдалтай зүйл болж байсан.

Хөтөлбөрт хамрагдсаны дараа ямар боломжууд нээгдсэн бэ?

Ирээд ажилд орохоос эхлээд давуу талууд олон болсон. Орчуулга хийх нь тухайн хэлийг маш сайн мэддэг байхаас гадна маш их мэдлэгийг шаарддаг. Энэ тал дээр хөтөлбөрөөр дамжуулан сурсан мэдлэг туршлага маань маш их хэрэг болсон. Одоогоор ажиллаж байгаа удахгүй гарах ном маань зөвхөн Нью-Йоркд амьдардаг хүмүүс ойлгох боломжтой үг хэллэгүүд гардаг. Тийм үг хэллэгүүдийг ч төвөггүй орчуулж чадахаар болсон хөтөлбөрт хамрагдсаны үр дүн гэж хардаг.

Хөтөлбөрт материалаа илгээхээр төлөвлөж байгаа залууст юуг захих вэ?

Үнэхээр алдаж болохгүй маш гоё боломж шүү. Байж болох бүх боломжоо ашиглаарай. АНУ-д төгссөн хүмүүсийн яриа болон зөвлөгөөг маш сайн сонсож судлаарай. Хүүхдүүдийн эсээг бас сайн уншиж үзэх хэрэгтэй. Коллежид эсээ бичих талаар зөвлөсөн ном байдаг тэрийг бас уншаад үзээрэй. Үнэлж баршгүй  маш том гоё дурсамжийг үлдээхээс гадна хувь хүн талаасаа маш өөрчлөгддөг. Америк явах тийм ч хол зам биш шүү. Зорилгоо зөв тодорхойлоод хэн гэдгээ мэддэг хүсэл тэмүүлэлтэй байхад оролдоод үзэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

Бидний урилгыг хүлээн авсан Оюунзулдаа баярлалаа. Цаашдаа олон олон гоё номуудыг орчуулан Монгол түмэндээ бэлэг барих болтугай. Маш гоё яриа болж өнгөрлөө. Амжилт хүсье.

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.

 Дохионы орчуулгатай бичлэг үзэх:


Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэлэнд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

 Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин