Сайн байна уу, уншигчдадаа өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулж өгөөч.
Сайн байцгаана уу. Намайг Уянга гэдэг. Би FLEX хөтөлбөрийн 2020 оны төгсөгч. АНУ-ын Айдоха мужийн Нампа хотын ахлах сургуульд суралцаад ирсэн байгаа.
Яг суралцсан мужийнхаа талаар бидэнд ярьж өгөөч.
Айдоха муж нь АНУ-ын баруун номхон далайн эргээр байрладаг. Маш гоё онгон зэрлэг байгальтайгаас гадна маш гоё хөгжин цэцэглэж буй орнуудын нэг. Ерөнхийдөө тийм ч том биш, жижиг хотуудын нэг. Манай сургуулийн хувьд 1901 онд байгуулагдаж байсан 9-12 р ангийнхан суралцдаг. Спорт хөл бөмбөгөөрөө алдартай хотынхоо хамгийн том сургууль.
FLEX хөтөлбөрийн талаарх мэдээллийг анх хаанаас олж сонсож байсан бэ?
Онлайнаар анх уншиж танилцаж байсан боловч яг зориглоод оръё гэсэн бодол байгаагүй. Гэтэл манай англи хэлний багш надад санал болгоод, эхний жилдээ би жаахан эргэлзээд дараа жил нь орохоор шийдэж байсан.
2020 оны FLEX хөтөлбөрийн үе шат шалгуурууд ямар байсан бэ?
Би 2019 онд шалгалт өгсөн. Шалгалт 3 үе шаттай. Эхний шат нь англи хэлний ерөнхий мэдлэгийг шалган 16 минутад 15 асуулт асуудаг. Хэрэв тэр шатандаа тэнцсэн тохиолдолд дараагийн үе шат буюу 1 цаг 30 минутад багтаан эсээ бичдэг. Тэнцсэн тохиолдолд яриа болон сонсох чадварыг шалгах ярилцлагад ордог. Энэ шатандаа тэнцвэл аппликэйшнаа бөглөөд явуулдаг. Дан ганц дүрэм болон бичиг дээрээ анхаарахаас гадна яриа болон сонсох чадвараа ч зэрэг хөгжүүлэх нь чухал санагдсан. Би өөрөө Увс аймгийнх учир шалгалтаа Ховд аймагт очиж өгөх шаардлагатай болж байсан. Ерөнхийдөө 3 бүсэд хуваан шалгалтыг авдаг. Баруун бүс нутгийнхан Ховд аймагт, төвийн бүсийнхэн Улаанбаатар хотод, зүүн бүсийнхэн Говь-Алтай гэсэн 3 бүсчлэлд хуваан шалгалтыг авж байсан. Миний хувьд шалгалт өгөх өдрөө буруу сонсчхоод Ховд аймаг руу очихын тулд маш хөгжилтэй зүйл болж байсан.
Шагналтандаа бэлдэж байх үеийнхээ дурсамжаас хуваалцаач. Англи хэлэндээ хэрхэн яаж бэлдэж байсан бэ?
Анх 7-р ангид байхдаа нэг олимпиадад оролцоод алтан медаль авж байсан. Үүнээс хойш урамшаад англи хэлэндээ сонирхолтой дуртай болж эхэлсэн. Дуу сонсож, кино англи хэл дээр үзэж, ном хүртэл англи хэл дээр уншдаг байсан. Хамийн чухал нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Анх бол буруу зөв ярьж байгаагаа ч мэдэхгүй сургуульд маань байсан сайн дурын ажилтныхаа өрөөнд орон англи хэлээ давтан өдрийг өнгөрөөдөг байсан.
Шалгаруулалтаас аль нь хамгийн хүнд санагдаж байсан бэ?
Миний хувьд эсээ бичих нь хүнд байсан. Яагаад гэхээр цагаа зөв хуваарилж тооцоолж бичих нь маш чухал. Богино хугацаанд өөрийгөө бүрэн илэрхийлж гаргана гэдэг амаргүй санагдаж байсан.
FLEX хөтөлбөрт оролцохоор шийдсэн сурагчдад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
Эсээний хувьд бид яг Монгол хэл дээр бичдэг эсээ шиг боддог. Ер нь иймэрхүү тэтгэлэгт эссэ хувь хүн талаас нь харуулах зорилготой асуултууд давамгайлдаг. Жишээ нь ийм байдалд орсон үед яах вэ? гэх мэтчилэн асуултууд ирдэг. Цагаа маш сайн баримталж сурах хэрэгтэй. Эсээнийхээ асуултыг ойлгох нь маш чухал. Мөн өөртөө итгэлтэй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй.
Хөтөлбөрт шалгагдаж байхдаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааг чи юу гэж бодож байна вэ?
Эсээн дээрээ ч ярилцлага дээрээ ч ер нь бүх шалгуурууд дээрээ үнэн бөгөөд өөрийнхөөрөө байх нь маш чухал байдаг. Зөвхөн англи хэлэндээ анхааралгүй өөрийгөө хувь хүн талаас нь маш сайн бэлдэх хэрэгтэй. Мэдээж англи хэл шалгуур ч гэсэн хувь хүн талаас чинь илүү хардаг учраас нийгмийн үйл ажиллагаанд ордог ч юм уу, өөрийгөө сайн илэрхийлээд сурчихдаг ч юм уу тэр талаасаа бэлдэх хэрэгтэй.
Хөтөлбөрт хамрагдахаас өмнө олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсан уу?
Тийм зүйлсэд маш идэвхтэй байсан. Нийгмийн идэвх сайтай байсан учраас хөтөлбөрт тэнцэхэд маш их нөлөөлсөн байх гэж боддог. Сониуч зантайгаас гадна үе тэнгийнхнийхээ дундаа аль болох олон гоё үйл ажиллагаануудыг зохиохыг хичээдэг байсан.
Ямар давуу тал байсан учраас хөтөлбөрт тэнцэж чадсан гэж боддог вэ?
Мэдээж англи хэлний мэдлэг нөлөөлсөн байх. Хоёрт, нийгмийн идэвхтэй байсан маань нөлөөлсөн байх. Үүнээс гадна шалгаруулалтууд дээрээ 100% өөрийнхөөрөө бөгөөд үнэн байж чадсан гэж хувьдаа боддог.
Шалгаруулалтын үйл явц нь хэр удаан үргэлжилж байсан бэ?
Ерөнхийдөө эхний шатууд 3 хоногийн дотор явагдаж байсан. Үүний дараа сарын хугацаанд аппликэйшнээ бөглөн явуулаад тэндээсээ шалгардаг.
Яг тэнцсэн гэдэг хариуг авах үеийн мэдрэмж ямар байсан бэ?
Үнэхээр аз жаргалтай, хэзээ ч мартагдашгүй сайхан өдөр байсан. Олимпиадаас медаль авчхаад баярлаад явж байтал утсаар залгаад тэнцсэн гэсэн хариу ирж байсан. Тэгээд бүүр итгэж өгөхгүй гудамжаар явж байснаа ч анзааралгүй орилж хашхираад бөөн юм болоод, хамгийн түрүүнд ээждээ болон багшдаа дуулгаж байсан.
Тэнцсэний дараа явах хүртэл нь АНУ-ын засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байсан уу?
Энэ тал дээр хөтөлбөрөөс маань маш гоё дэмжлэгийг үзүүлдэг. Нийт 20 хүүхэд тэнцээд явахын өмнө 3-4 хоногийн хугацаанд том жижиг гээд бүх асуудлууд дээр зааж зөвлөдөг чиг баримжааны сургалтыг зохион байгуулж байсан.
Хамгийн анх АНУ д очсон мэдрэмж ямар байсан бэ? Анхны гэсэн гоё дурсамжуудаасаа хуваалцаач.
Мэдээж анх очоод онгоцны буудал дээр буухаас эхлээд л маш олон шоконд орж байсан. Сэтгэл түгшилт сандрал давхацсан хэрнэ үнэхээр гоё байсан. Америк киногоор төсөөлж байсан боловч яг очоод үзэхэд шал өөр байсан. Намайг маш гоё эелдэг халуун дотноор хүлээж авж байсан. Хичээлийнхээ анхны өдөр үндэсний хувцсаа өмсөөд очиж байсан. Тийм болохоор хүн бүр намайг солилцооны сурагч гэж мэдээд маш гоё тусалж дэмжиж байсан. Би бүр 6 удаа сургуультайгаа танилцаж байсан. Аль болох л найзтай болохыг хичээн надад найрсаг хандсан хүн болгонтой найзлахыг хичээсэн.
Хичээлийн үйл явц нь яаж явагддаг байсан бэ?
Нэг хичээл 1 цаг 30 минутаар ордог. 1 өдөр 4 хичээл, нийтдээ бол 8 нь хичээл ордог байсан. 40 минутаар завсарлаад цайгаа уудаг. Хичээлүүдээ өөрөө сонгох боломжтой. Багш нар нь хичээлээ маш хөгжилтэй аргаар заадаг учир уйдна залхана гэсэн асуудлууд гардаггүй юм билээ. Миний хамгийн дуртай анги нь The History of Hollywood буюу кино үздэг хичээл байсан. Ангидаа маш гоё буйдантай хичээл орох болгонд эрдэн шиш, чихэр багш нь бидэнд өгдөг. Тэдэн онд ийм тийм зүйлүүд болж байсан гэж тайлбарлахаас илүү киног нь үзэхэд илүү сайн ойлгодог байсан. Үүнээс гадна хоол хийдэг хичээл, ирээдүйд ээж аав болоход нь бэлддэг анги хүртэл байсан.
Зочин гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач.
Зочин гэр бүлтэй өнгөрүүлсэн цаг хугацаа бол хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан. Миний очиж байрласан гэр бүлийн хувьд 30 жилийн турш 100 гаруй хүүхэд хүлээж авсан тийм настай гэр бүл байсан. Араб улсаас мөн нэг хүүхэд надтай хамт тэнд ирсэн тэр гэр бүлд байрласан. Тэгэхээр би АНУ-д байсан гэр бүлээсээ гадна тэр хамт амьдарч байгаа хүүхдийнхээ соёлоос мөн суралцдаг байсан. Манай зочин айл коридортоо маш том газрын зурагтай түүн дээр нь ирсэн хүүхэд болгон өөрийн эх орноо дугуйлдаг байсан. Тэгээд ирсэн хүүхэд болгоноо дагуулж явдаг уламжлалт газруудтай маш гоё дотно одоог хүртэл харилцаатай байдаг. Миний англи хэлийг сайжруулахад хүртэл маш их тусалж байсан.
Эх орноо сурталчлах соёлоо түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар ажил хийж байсан бэ? Мөн сайн дурын үйл ажиллагаанд хэр оролцож байсан бэ?
Монголын талаар маш их сонирхдог болохоор надад маш их хариуцлага үүрч байгаа мэт санагдаж байсан. Зочин гэр бүлийнхнийхээ нэрийг монгол бичгээр бичин бэлэг болгож хос монгол цамц бэлэглээд өгч байсан. Дараа нь манай зочин айл Монголын цагаан сарын баяраар бүгдээрээ монгол хувцас өмсөн бууз хийж сүүтэй цай чанаад цагаан сарыг хийж тэмдэглэж байсан нь бас нэгэн сайхан дурсамжуудын нэг байсан. Үүнээс гадна сургууль даа ч гэсэн сургуулийнхаа нэрийг уран бичлэгээр бичин дурсгал болгон үлдээж байсан. Сайн дурын ажил нь солилцооны сурагчдын хувьд бас нэгэн чухал хэсэг байдаг. Ойролцоогоор 255 цагийн сайн дурын ажил хийсэн байдаг. Хотын даргын дэргэдэх өсвөр үеийн зөвлөлд гишүүнээр орж байсан. Манай орны талаар сонирхсон хүн бүхэнд маш гоё талаас нь соёлоо түгээхийг хичээдэг байсан.
АНУ-ын өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлгээ манай орны хүүхдүүдийн сэтгэлгээнээс ялгаатай болон ижил төстэй талууд анзаарагдаж байсан уу?
Мэдээж маш их ялгаатай байдаг. Монголд мэдлэг сайн олгодог хэдий ч ирээдүйд аав ээж болох талаас нь эсвэл сэтгэл зүйн талаас эсвэл бэлгийн боловсрол талаас нь олгож буй мэдлэгүүд хомс байдаг. АНУ-ын сурагчид ямар нэгэн дүрэм журамд баригдалгүй өөрийнхөөрөө байж чаддаг ч нэг талаараа манай улс дүрэм журамтай илүү хүмүүжилтэй давуу талтай юм шиг санагдсан. Мөн Америк хүүхдүүд маш биеэ даасан 14 наснаасаа эхлэн жолооны үнэмлэхээ аван биеэ дааж эхэлдэг. Мөн хүнийг шүүх үзэл бага байдаг нь маш их таалагдаж байсан.
Суралцаж байсан сургуулиасаа нэг зүйлийг нь эх орондоо аваад нутагшуул гэвэл юуг нь сонгож авч ирэх байсан бэ?
Ордог хичээлүүд болон клуб дугуйлангуудыг авч ирэх байсан. Яагаад гэвэл тухайн хүүхдийг өөрийгөө бүрэн нээж олоход нь маш чухал нөлөө үзүүлж байсан. Ирээдүйд чинь хэрэггүй бол заавал энэ хичээлийг судлах албагүй, хүн болгон математикч байх албагүй гэдэг шиг чиний ирээдүйд хэрэг болохгүй л бол чи үзэхгүй байж болно гэсэн тэр хандлагын авч ирмээр санагдаж байсан.
АНУ-д байхад аялах боломж гарч байсан уу ? Хаагуур аялж байсан бэ?
Миний хувьд Вашингтон, Оригон, Калипорниа, Аризона гэх мэтчилэн олон гоё мужуудаар гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө аялж байсан. Намар очоод сургуульдаа явж байсан ч хавар нь цар тахлаас болоод хөл хорионд ороод 3 сараас хойш онлайнаар хичээл орж байсан. Хүүхэд болгонд нөүтбүүк тарааж өгдөг учир онлайн хичээл маш үр дүнтэй ордог байсан. Тэр нь эргээд зочин гэр бүлтэйгээ илүү хамт байх аялах боломжууд гарч ирээд гоё аялж байсан.
FLEX хөтөлбөр нь ямар ямар зардлуудыг нь даадаг вэ?
FLEX хөтөлбөр маань тэр чигээрээ л боломж шүү гэж хэлмээр байна. Нислэгийн зардлаас эхлүүлээд амьдрах зардлыг бүгдийг нь даана. Сар бүр 125 долларын стебэнт олгохоос гадна хичээлийн хэрэгслийн мөнгө гэж 300 доллар өгдөг үүнээс гадна шүднээс бусад бүх л эрүүл мэндийн асуудлыг нь даадаг. 100 %-ын тэтгэлэг гэдэг утгаараа бүх зүйлийг даадаг чамаас ямар ч мөнгө гарах шаардлагагүй байдаг. FLEX хөтөлбөр маань бүх талаас нь хөгжих боломж олгодог үнэхээр алдаж боломгүй олгодог хөтөлбөр байдаг. Ирээдүйг харах өнцөг өөрчлөгдөхөөс гадна маш олон чадваруудад суралцдаг, өөртөө итгэх итгэл нэмэгддэг орон орны маш олон найз нөхөдтэй болох боломжийг олгодог. Энэ хөтөлбөр нь өөрөө тэр чигээрээ боломж юм. Сурч мэдсэн зүйлээ эргээд хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх олон клубүүдийг нээх гэх мэт маш олон гоё боломжууд нээгдсэн.
Ирээдүйд АНУ-ыг зорих гэж байгаа сурагчдад хандан юу гэж зөвлөх вэ?
Ерөнхийдөө өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Юу ч гэсэн үзээд л алдах хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй, цагийг маш зөв ашиглаж сурах хэрэгтэй, яг одоо хийж байгаа зүйл маань миний ирээдүйд ямар хэрэгтэй вэ? гэж бодоод өөртөө хэрэгтэй зүйлсийг хийх хэрэгтэй. Хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэн тууштай байж хичээгээрэй гэж хэлмээр байна.
Бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна.
Намайг урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа.
Дохионы орчуулгатай бичлэг үзэх:
Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин