Alumni stories

Х.Саруул: "University of Washington"-ий доктор, "University of Michigan"-ий магистр

Өнөөдрийн дугаараар одоо АНУ-д доктортоо сурч байгаа нэгэн охиныг танилцуулж байна. За, өөрийгөө товчхон манай уншигчдад танилцуулах уу? АНУ-д ямар сургуулийг, ямар мэргэжлээр төгссөн бэ?

Намайг Саруул гэдэг, одоо АНУ-ын “University of Washington”-д эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалаад гурав дахь жилдээ сурч байна. Өмнө нь Монгол улсын их сургуульд эдийн засгийн мэргэжлээр бакалавраа хамгаалж байсан. Дараа нь АНУ-ын “University of Michigan”-д эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад Монголдоо буцаж ирээд Монгол банканд ажиллаж байгаад одоо докторын хөтөлбөртөө суралцаж байна.

АНУ-д хамгийн анх сурахаар шийдэхэд хэн, юу хамгийн их нөлөөлж байсан бэ?

Ер нь бакалавраа Монголдоо хийнэ гэж мэдэж байсан. Тухайн үед арван жилээ төгсөөд л гадагшаа явахад хараахан бэлэн биш байсан гэж боддог. Яагаад гадаадад сурах хүсэл мөрөөдөлтэй болсон гэхээр би Монголдоо Сант сургуулийг төгссөн. Манай сургуулийн төгсөгчид ихэнх нь гадагшаа гарч сурдаг, тэднийг хараад яаж ирээд хэрхэн өөрчлөгдсөн байгааг нь хараад надад маш их үлгэр дуурайлал болсон. Энэ л ер нь хамгийн их нөлөөлсөн гэж хардаг.

АНУ-д сурахдаа сургалтын төлбөр, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байсан бэ?

Магистрт явахдаа би бүтэн тэтгэлэгтэй яваагүй. Монголын засгийн газрын 50%-ын тэтгэлгээр явж байсан юм. Одоо бол “University of Washington” сургуульд хичээл заадаг, мөн докторт сурахаар явахад ихэвчлэн сургуулиас нь санхүүжилт өгдөг. Тэр санхүүжилтийн шаардлага нь өөрөө хичээл заах байдаг. Энэ маань өөрөө миний цалин буюу тэтгэлэг болоод явдаг байгаа.

АНУ-д амьдрахад хувь хүний хөгжилд тань хэрхэн нөлөөлж байсан бэ? Монголд сурлаа, АНУ-д сураад буцаад ирэхэд ямар өөрчлөлт гарсан бэ?

Намайг их өөрчилсөн гэж хардаг. МУИС-ыг төгсөж байсан Саруул Michigan-ын их сургуулийг төгссөн Саруул хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байгаа. Миний хувьд тэнд суралцсан мэдлэгээрээ өөр дээрээ их ажилласан. Монголд байх хугацаанд, мөн одоо энд ирээд докторт сурахад миний хувь хүний өөрчлөлтөд их том өөрчлөлт гаргасан. 

Цөөн үгээр хэлэх юм бол Монголд бид бие биенийхээ тусыг их авч амьдардаг. АНУ-д бол чи л бүх зүйлийн төв, чи л бүх асуудлыг өөрөө шийднэ гэсэн байдалтай байдаг. Ийм хоёр өөр соёлтой нийгэмд амьдраад үзсэн хүний хувьд аль аль нь давуу болон сул талтайг ойлгож, аль аль талынх нь давуу талыг харж чаддаг тийм хүн болсон байх. 

Хувь хүний тал дээр, АНУ-д байх хугацаандаа нийгмээс, гэр бүлээсээ янз бүрийн болох болохгүй, зөв буруу гэсэн хэмжүүрүүд үүсгэсэн байдаг. Монголд байсан бол үүнийг зөв үү буруу юу гэж болохгүй байсан байх. АНУ–д ирснээрээ бүх зүйл дээр  надад яг тохирох юм уу, үгүй юм уу гээд асуулттай ханддаг болсон. Илүү шүүмжлэгч сэтгэлгээг хөгжүүлж өгдөг буюу бүгдийг шүүмжлээд байдаггүй харин бүх зүйлийг асуулттай хандаж энэ нь буруу юу, зөв үү гэдэг тийм сэтгэлгээ. Дээрээс нь АНУ-д бүх хүн биш ч гэсэн намайг хүрээлж байсан Америк хүмүүс шүүмжлэгч сэтгэлгээгээр хандаж байгаа хүмүүсийг буруутгахгүй илүү ойлгох гэж ханддаг байсан нь давуу тал байсан.

Эргээд АНУ-д сурах гээд бэлдэж байсан үеийн туршлагаасаа хуваалцвал? Зөвлөх хүн байсан уу?

Тухайн үед надад зөвлөх хүн байгаагүй. Миний түвшин мөн нэлээн доогуур байсан байх, сургуулийн вебсайт руу ороод сургуулийн өргөдөл явуулах зааврыг ч ойлгодоггүй байсан. 

Өргөдөл илгээхэд төлөвлөлт, тууштай байдал хамгийн чухал. Хамгийн эхлээд GRE, TOEFL өгөх шалгалтаас эхэлдэг. Өдөр бүр нэг, хоёр цаг зөв логиктой бэлтгэл сургуулилт хийх ёстой. Тэр үе шат, бэрхшээлийг сахилга баттайгаар давах дэг журамтай бэлтгэл их чухал. TOEFL-д бэлдэхдээ би яг өдөрт хоёр цаг бэлдэнэ, тэгэхдээ 30 минут бичиг, 30 минут сонсгол 30 минут яриа, дахиад 30 минут алдаан дээрээ ажиллана гэх мэт өдөр бүр тэмцээнд бэлдэж байгаа юм шиг бэлтгэл хамгийн чухал байдаг. Тэр арга барилаа бүх л шалгалт, бэлтгэлдээ хэрэглээд явсан миний хувьд бэлтгэл маань иймэрхүү л байсан.

Мэргэжил сонголт дээр хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Би өөрийгөө мэргэжил сонголт дээр их том алдаа гаргасан гэж боддог. Миний мэргэжил сонгосон түүх бол үнэхээр инээдтэй, АНУ-д ирээд хүмүүст ярихаар бараг ичмээр тийм түүхтэй. Яагаад гэвэл миний багын мөрөөдөл банканд ажиллах байсан, банканд ажиллахын тулд би математик дээрээ сайн оноо авах ёстой. Тэгээд математик дээрээ нэлээн дээгүүр жагсаж байсан тул хүссэн ангиа авах боломжтой болоод МУИС-ын эдийн засгийн ангид орсон. Тэгж л анх мэргэжлээ сонгож байсан юм.

Одоо би дүү нартаа юу гэж хэлдэг гэхээр чиний амьдралын зорилго юу вэ? Эхлээд өөрийнхөө сонирхлыг бодоод дараа нь яг тэр мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзвал зүгээр байх. Мэдээж ганцхан хүнтэй уулзахгүй хэд хэдэн хүмүүстэй уулзаад, таны өдөр яаж өнгөрдөг вэ,  та энэ мэргэжлээр яаж ажилладаг вэ, та энэ мэргэжлийг сонгосондоо жаргалтай байдаг уу гэх мэт асуултуудыг яг тэр ажил хийж байгаа хүмүүсээс асуух нь зөв гэж бодож байна. 

Ер нь бол хоёр төрлийн хүн байдаг юм шиг санагддаг, нэг нь яг өөрийн гэсэн зорилготой түүнийхээ араас үхтлээ зүтгэж чаддаг. Нөгөө нь ямар нэгэн зүйл гаргаж ирээд түүндээ дуртай болж чаддаг. Тийм төрлийн хүний нэг нь би байгаа юм. Жишээ нь, эдийн засаг байхад би түүнд өөрийгөө сонирхолтой болгож чаддаг төрлийн хүн. Энэ хоёр төрлийн аль нь гэдгээ мэдэж байгаа бол сонирхсон зүйлтэй тууштай байх нь хамгийн зөв. Хувьсаад хувираад өөрийгөө зорилгыг удирдаж чаддаг төрлийн хүн бол өөр бас ямар зорилго байна, өндөр цалин авах ч юм уу, олон улсын хүмүүстэй хамтран ажиллах ч юм уу түүндээ үндэслэж мэргэжлээ сонгож болох байх гэж зөвлөнө.

АНУ-д сурч байх үеийн дурсамжаасаа хуваалцвал, хамгийн хэцүү юм уу хамгийн дурсамжтай байсан уу? Ер нь ямархуу сэтгэл зүйн бэлтгэлтэй хүүхдүүд АНУ явах юм бол дээр байдаг вэ?

Хэрэв чи ангидаа хамгийн топ, шалгалтдаа байнга нэгт, хоёрт ордог бол АНУ-д ирээд яг л тэр хэвээрээ байна гэж огт бодох хэрэггүй. Яагаад гэвэл АНУ-д өрсөлдөөн илүү хүчтэй орон бүрээс шилдэг хүүхдүүд ирж байгаа. Миний хувьд энэ нь анх хамгийн том шок байсан. Шалгалтдаа сайн хийлээ гэдэг мэдрэмж төрөх юм бол үнэхээр л сайн хийсэн байдаг байсан. Гэтэл АНУ-д ирээд би шалгалтаа сайн хийсэн гээд бодсон чинь дунджаас жаахан л дээгүүр хийсэн байсан. Тэр нь миний хувьд том шок болж байсан. Хэзээ ч дундаж оюутан байгаагүй болохоор үүнээсээ их шаналаад л байнга л их уйлдаг байсан. Тэр үед манай аав надад чи их шуналтай, тийм мундаг сургуульд очсон байж дүнгээ голоод, ер нь дүн их чухал биш шүү дээ гэдэг байлаа. Энэ бол яг л үнэн. Тийм хүлээлттэй бол ирэх хэрэггүй. Хичээл чухал, дүн хамгийн чухал биш. Яагаад гэвэл АНУ-д ирснээрээ соёлын хувьд их өөр хүн болохдоо л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Олон төрлийн хүмүүстэй уулзаж үзнэ гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө хүмүүсийг Монголчуудыг хардаг шигээ хайрцаглаж харж хэрэггүй, хүн бүрийг нээлттэй хайрцаг шиг харах хэрэгтэй гэх юм уу. Өөр өөр амьдралыг туулсан хүмүүс байгаа, чиний мэдэхгүй олон зүйлийг тэр хүмүүс мэдэж байгаа болохоор олон мэдээлэл дунд орно гэдэгтээ бэлтгэлтэй ирэх хэрэгтэй гэж хэлнэ дээ. 

Би Саруулыг хоёр дүүгээ бэлдээд АНУ-д сургуульд явуулсныг нь мэднэ. Дүү нараа өөрөө бэлтгэж байхад ямар бэрхшээлүүд гарч байсан бэ?

Ер нь хоёр сэдэв их сайжруулмаар анзаарагдсан. Нэгт, Монголд яаж англи хэл заадаг вэ гэдэг нь их анхаарал татахуйц байсан. Манай Монголын ихэнх сургуулиуд өнгөрсөн жилтэйгээ уялдаа холбоогүй, шат ахихгүй логикгүй ангил хэлийг заадаг юм шиг санагддаг. Миний хувьд хоёр дүүдээ аль алинд нь өөрөө эхлээд програмаа гаргаж байгаад түүнийгээ дагуу англи хэлийг зааж байсан. Нөгөө талаас сургуульд өргөдөл явуулж байгаа үед сургуулиас тодорхойлолт авна гэдэг АНУ-д бол их амархан байдаг бол харин Монголын их дээд сургуулийн их хүнд сурталтай, маш их ажил болж явдаг нь амаргүй санагдсан. Гадаадад их дээд сургуулиудад тодорхойлолт авах, бичиг баримтуудыг нь бүрдүүлэх энэ асуудлыг автоматжуулах юм бол оюутнуудад их амар болно гэж санагдсан. Энэ хоёр асуудлыг шинэчлэх шаардлагатай гэж анзаарсан.

Бид хоёрын яриа төгсгөлдөө ирж байна. Бидний урилгыг хүлээн авч ирээд өөрийн туршлага үнэтэй зөвлөгөө мэдээлэл хуваалцсан Саруулдаа их баярлалаа.

Намайг урьж оролцуулсан MASA-ын хамт олонд мөн баярлалаа гэж хэлмээр байна. Бас яг мэргэжлээ сонгож байгаа хүүхэд залууст ийм цагаа олсон мэдээлэл зөвлөгөө өгч байгаа ийм чухал ажил хийж байгаад нь бүх оюутан залуусынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү

Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️Itunes: энд дарж сонсоно уу

⏸Anchor:энд дарж сонсоно уу

⏺Castbox: энд дарж сонсоно уу

⏸Stitcher: энд дарж сонсоно уу

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин