Өдрийн мэнд. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
Өдрийн мэнд. Намайг Ганболдын Зандан-Очир гэдэг. Би FLEX хөтөлбөрийн 2019 оны төгсөгч. АНУ-ын Монтана мужийн Тэрри хотын Тэрри ахлах сургуульд 12-р ангид суралцаад ирсэн.
Маш олон хүүхдүүд FLEX хөтөлбөрийн тухай мэдэхгүй байж болох юм. Энэ хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгөөч.
FLEX хөтөлбөр бол Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөр. Энэ хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д суралцах боломжийг олгодог, дэлхийн 10 гаруй улсад хэрэгждэг, 27 мянга гаруй сурагчид АНУ-д очиж суралцсан тийм хөтөлбөр байгаа юм. Шалгууруудын тухайд Монгол улсын оролцогчид нь 9,10,11-р ангийн сурагч байх шаардлагатай. Миний санаж байгаагаар 15-17 насны хүүхэд байх хэрэгтэй. Сайн буюу түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх, АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх гэсэн шаардлагууд байдаг.
Зандан-Очир маань хөдөө орон нутгаас шалгарсан байгаа. Аль аймгаас шалгарсан бэ? Ер нь шалгууруудыг давахад хэр хүнд байсан бэ?
Миний хувьд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 3-р сургуульд сурдаг. Шалгаруулалтын хувьд Улаанбаатар хот Ховд аймгийн Чойбалсан хотод болдог, Ховд аймагт очиж шалгалтаа өгч байсан. Шалгалт гурван хэсгээс бүрддэг. Эхлээд англи хэлний тест, хоёрт нь эсээ, гуравдугаар шат нь өргөдөл ярилцлага бас англи хэлний тестүүдээс бүрддэг.
Хөтөлбөрийн талаарх мэдээллийг хаанаас олж авсан вэ?
Хөтөлбөрийн тухай багш маань багш нарын Facebook группээс олж хараад надад санал болгоод, ийм хөтөлбөр байна, чи оролцоод үзэх үү гэж зөвлөсөн. Тэгээд би гэрийнхэнтэйгээ ярилцсаны эцэст бэлдэж эхэлсэн.
Багшаасаа сонслоо, дараа нь за би энэ хөтөлбөрийг л өөрийн болгоно гээд бэлдэж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач.
Би шалгаруулалт болохоос хоёр долоо хоногийн өмнө мэдэж байсан учраас бэлдэх хугацаа их гараагүй. Гэхдээ цаг нь нэлээн тулчихсан юм чинь эсээгээ сайн анхаарсан нь дээр байх гэж үзээд бичлэгтээ эсээндээ сайн бэлдсэн.
FLEX хөтөлбөрийн шалгуурууд нь англи хэлний тодорхой мэдлэгтэй байх гэсэн шаардлага байдаг. Чиний хувьд англи хэлээ хэрхэн сайжруулж байсан бэ? Өөрийгөө шалгалтуудад хэрхэн бэлдэж байв?
Ер нь Монголын хувьд, ялангуяа хөдөө орон нутагт байдаг англи хэлний сургалтын нэг алдаа нь хүүхдүүдийн сонсох чадвар болон ярих чадвар дээр ерөөсөө ажилладаггүй. Байнга л онол заадаг. Яриа болон сонсголоо сайжруулъя гэж бодож байвал YouTube сайн үзээд интернеттэй сайн найзлаасай гэж боддог.
Миний хувьд багаасаа л видео тоглоом тоглох дуртай, дуу хөгжимд сонирхолтой, интернеттэй ойрхон байсан болохоор тэр нь надад англи хэл сурахад нөлөөлсөн болов уу гэж боддог. Мөн англи хэлний олимпиадад их ордог байсан. 5-р ангид анх англи хэлний хичээл орж эхлээд тэр үеэс жил бүр алгасахгүй англи хэлний олимпиадад орсон. Олимпиадад бэлдэж байх үед миний англи хэл их сайжирсан гэж боддог. Тийм учраас чаддаг ч бай, чадахгүй ч бай олимпиадад оролцоод тэмцээнд өөрийгөө сориод явахад нэгт туршлагажиж, хоёрт бэлдэх хугацаандаа сайжирч хөгждөг юм шиг санагддаг.
FLEX хөтөлбөрийн тухай мэдчихлээ, тэгээд бэлтгэх үед аль шат нь хамгийн хүнд байсан бэ?
Мэдээж шат бүр нь чухал л даа яагаад гэвэл нэг шатыг нь давж байж дараагийн шатандаа хүрдэг учраас. Гэхдээ хамгийн чухал нь шийдвэрлэх шат шүү дээ. Гурав дугаар шат нь англи хэлний тест өгдөг, дахиад эсээ бичдэг, тэгээд мөн ярилцлага өгдөг, өргөдлөө бэлддэг. Өргөдөлд англи хэл дээр өөрийнхөө мэдээллүүдийг агуулсан олон хуудас бэлддэг, гурав дугаар шат бол хамгийн чухал шат байсан.
Жил бүр FLEX хөтөлбөр зарлагддаг. Чиний хувьд 2019 онд тэнцээд АНУ-д High school-д нь сураад яваад ирсэн хүний хувьд ер нь FLEX-д материал өгч байгаа хүмүүс юун дээр нийтлэг алддаг юм байна гэж анзаарсан бэ?
Миний туршлага дээрээс үндэслэх юм бол өөртэйгөө сайн ярилцаад, өөрийгөө сайн ойлгох ёстой юм болов уу гэж бодсон. Хүүхдүүдийн гаргадаг алдаа нь англи хэлний олимпиад шиг санаад байдаг, хамгийн сайн англи хэлтэй нь АНУ явах юм шиг санаад байдаг. Энэ худлаа л даа. Шалгаруулалтад ихэнх шалгуур нь тухайн хувь хүнийг нь хардаг. Мэдээж гадаадад сурч чадах чадвар, бие даах чадвартай юм уу гээд хувь хүнийх нь зан чанар чадамжийг маш их хардаг. Мөн англи хэлний мэдлэг шаарддаг. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд ихэвчлэн хотын англи хэл дээ сайн хүүхдүүд нь явчих байх, би чадахгүй байх гэж боддог юм шиг санагддаг. Тийм болохоор тэгж өөрийгөө гололгүйгээр оролцоод үзээсэй гэж боддог.
Энэ хөтөлбөр тэнцэхэд чиний хувьд ямар давуу тал байсан гэж чи бодсон бэ?
Миний хувьд ярилцлага болон эсээгээ сайн хийсэн юм болов уу гэж боддог. Түрүүн хэлсэн шиг хувь хүн их шалтгаалдаг юм шиг санагдсан, би өөрийгөө сайн ойлгуулж чадсан юм болов уу. Ярилцлага дээрээ надаас англи хэл яаж сурдаг вэ гэж асуухад нь, миний хувьд өдөр бүр нэг үг сурдаг, өчигдөр гэхэд “coch petiro” гэдэг үг сурсан энэ нь үргэлж буйдан дээрээ сууж байдаг залхуу хүн гэсэн утгатай юм билээ гэж хэлж байсан. Тэгэхэд шалгалтын комисст байсан эгч энэ үгийг яаж мэддэг юм гээд гайхаад ерөнхийдөө ярилцлага их гоё халуун дулаан болж байсан. Тэгээд эсээгээ ч би сайн бэлдсэн байсан учраас сайн өгсөн байх аа гэж боддог.
Тухайн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөөд тэнцчихлээ. Тэнцсэн гэдэг хариу авах тухай үеийн мэдрэмж яг ямар байсан бэ?
Тэр мэдрэмж бол итгэж өгдөггүй юм билээ. Гэртээ ганцаараа байсан чинь утас дуугараад FLEX-ын оффисоос ярьж байна, тэнцсэн байна гэж хэлэхэд нь би хэсэг зуур итгэж өгөхгүй сая яг юу болчихлоо гээд. Тэгээд их баярласан, орон дээрээ үсэрч дэвхцээд л ээжруугаа утастаад ээждээ хэлж байсан юм.
Цаашдаа FLEX хөтөлбөрт тэнцээд явах сурагчид явахаасаа өмнө юуг бэлдвэл зүгээр юм гэж бодсон бэ?
Би Монголоос их олон сувинер, түлхүүрийн оосор авч явсан, түлхүүрийн оосор яг хэрэг болдоггүй юм билээ. Түүний оронд Монголын нууц товчоо ч юм уу, дөрвөн бэрх ч юм уу монгол бэлгэдэлтэй, Монголоос өөр газраас олж чадахааргүй тийм зүйл авч явах юм бол гадаад хүмүүс их сонирхдог юм билээ. Мөн монгол хоолоо хийж чаддаггүй бол эртхэн хийж сураарай, би очоод монгол хоолоо их санасан. Цуйван идмээр санагдаад өөрөө хоолоо хийгээд идье гэхээр хийж чадахгүй, хийгээд сурч байхгүй яав даа гэж их бодож байсан.
АНУ-ын ахлах сургуулийн хичээлийн үйл явц, хөтөлбөрүүд, дугуйлан сургалт гээд тэр талаар өөрийнхөө туршлагыг хуваалцаач.
Манай хот жижигхэн, бусад сургуультай харьцуулах юм бол Тэрри ахлах сургууль маань ч гэсэн жижигхэн. Хичээл өглөө 8-аас эхлээд өдөр 3 гээд тардаг, хоёр улиралтай, нийтдээ 7 хичээл сонгодог, тэр 7 хичээл нь өдөр бүр ороод явдаг. Нэг хичээл нь 55 минут ордог, хоорондын завсарлага нь 4 минут, өдрийн хоол нь 30 минут байдаг байсан. Хичээл сонголт дээр заавал сонгох хичээлд АНУ-ын түүхийн хичээл, бусад хичээлийг бол өөрийн сонирхлын дагуу сонгодог нь их таалагдаж байсан. Ер нь хичээл бүр нь их практик дээр суурилсан байдаг. Жишээ нь, АНУ-ын түүхийн хичээл дээр зөвхөн хичээл ороод зогсохгүй бидэнд баримтат кино үзүүлнэ. Урлагийн хичээл дээр хичээл бүрт биднээр бүтээл хийлгүүлдэг байсан. Янз бүрийн төрлөөр зураг зурдаг эсвэл плитанууд наагаад өнгө өнгөөр нь зураг бүтээх, мөн тосон баримал, шавар ваар хийлгэх ч юм уу. Маш олон төрлийн зүйлүүдийг хүүхдээр өөрөөр нь хийлгэдэг нь их таалагдаж байсан. Хүүхдийн сурах нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Жишээ нь хүүхэд бүр өөрийн гэсэн жижиг notebook-тэй танхимаар хичээл хийдэг ч гэсэн онлайнаар даалгавруудаа явуулчхаж болдог.
АНУ-д очихоос өмнөх чи, тэнд бүтэн жил сураад ирсний дараа чамд ямар өөрчлөлт гарсан гэж хардаг вэ?
Их ялгаа гарсан. Хамгийн түрүүнд англи хэл маань сайжирсан. Анх очоод хүмүүс хурдан яривал юу ч ойлгодоггүй байсан. Бас ярих чадвар сайжирсан, очсоны дараа хэсэг хугацааны дараа чих онгойдог юм билээ. Мөн хувь хүнийхээ тал дээр их хөгжсөн. Шинэ туршлагуудад нээлттэй болсон, өмнө нь бол их айдаг байсан. Жишээ нь, анх надаас АНУ хөл бөмбөгөө тоглох уу гэж асуухад нь би чадахгүй байх даа гээд татгалзаж байсан. Дараа нь бодоход харамссан, чадахгүй байсан ч оролдоод үздэг байж гээд. Өөрөө л сонирхолтой байвал АНУ-ын хүрээлж байгаа хүмүүс нь бүрэн дэмжиж өгдөг тийм учраас их гоё туршлага болох байж гээд сүүлд нь харамссан учраас дараа нь надад ямар нэгэн зүйл санал болгох юм бол шууд л тэгье л гэдэг болсон. Жишээ нь, хөнгөн атлетикт оролцох уу гэхэд нь би ямар нэгэн спортыг сонирхдоггүй ч гэсэн татгалзаагүй. Тэгээд анх удаа зээрэнцэг шидэж, бөөрөнцөг шидэж, гадаад хүүхдүүдтэй 100 метр уралдаж, 1600 метрт кроссонд ч гүйж үзсэн. Сүүлд нь бодоход үнэхээр гоё шинэ туршлага болсонд баяртай байдаг.
АНУ-ын өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
АНУ айлууд хүүхдүүдээ маш их дэмждэг. Хүүхдүүдээ юу ч байсан өөрөө хийж үзэхийг нь уриалдаг байсан. Манайх хотоосоо жаахан зайтай эдлэн газарт байдаг байсан. Тэнд хийх зүйл маш ихтэй, бильярдын ширээ, дасгалын өрөөтэй, олон гитартай. Би өөрөө гитар тоглох их дуртай. Мөн видео тоглоом тоглож болно гээд жаахан хүүхдүүдтэй учраас их гоё тохируулчихсан, хийх юм зөндөө, их хөгжилтэй байдаг байсан. Бас хашаанаасаа гараад л ой модтой. Тэнд нь ороод ном унших ч юм уу, дүү нартайгаа тоглох их гоё байдаг байсан.
Манай үе тэнгийн хүүхдүүдэд хичээлээс гадна хийх зүйл их байдаг. Сайн дурын ажил хийж болно, янз бүрийн спорт тэмцээнд оролцож болно, номын санд суугаад хичээлээ хийж болно, гадуур цагийн ажил хийдэг хүүхдүүд ч байдаг байсан. АНУ-ын хүүхдүүд их биеэ даасан байдгийг анзаарсан. 16 нас хүрээд л жолооныхоо үнэмлэхийг авчихдаг болохоор сургууль дээр машинаа унаж ирдэг. Хичээллэж болох спортууд их олон. Америк хөл бөмбөг, сагсан бөмбөг, воллейбол бүүр спортын улирал гэж болдог. Зөвхөн нэг тэмцээнд орох биш, бүтэн улирал бусад хотынхонтой тоглоод хамгийн сүүлд нь шигшээ тоглолтын том хотдоо цуглаж хийгээд, цаашлаад мужийн аварга болоод явдаг. Би сагсан бөмбөгийн улиралд тоглосон, надад бол NBA-д тоглож байгаа юм шиг их гоё санагдаж байсан. Эхний жилдээ оролцож байгаа хүүхдүүдээ тоглуулахын тулд шигшээ багаасаа гадна дахиж нэг тусдаа тоглолт хүртэл зохион байгуулдаг.
Чиний хувьд сайн дурын ажилд оролцож байсан уу? FLEX хөтөлбөрийн дагуу сайн дурын ажил хийх шаардлага байдаг уу?
Манай FLEX хөтөлбөрийн бас нэг шаардлага нь АНУ-д очоод 50 н цагийн сайн дурын ажил хийх ёстой байдаг. Миний хувьд ихэвчлэн “after school program” гэж байдаг, тэнд сайн дурын багш хийж байсан. Хүүхдүүдэд хичээлээ хийхэд нь тусалдаг, цээж бичиг хийхэд нь зааж өгч ажилладаг байсан. Манай дүү нар түүнд явдаг байсан учраас дүү нартайгаа хамт тоглоод цуг явдаг байсан.
АНУ-д анх очоод сурсны дараагаар чи АНУ-ын ийм зүйлийг Монголын ахлах сургуулиуд хэрэгжүүлээсэй гэсэн бодол төрж байсан уу?
Миний хувьд номын сан, хүүхдийн хичээл хийх орчин их таалагдаж байсан. Монголын ахлах сургуультай жишээ аваад үзэхээр анги ихэвчлэн дүүрчихсэн байдаг, хичээлээ хийхэд гэрт хүмүүс саад болох үед өөр газар очоод хийе гэхэд тийм газар олддоггүй. АНУ-д хүүхэд суугаад хичээлээ хийх боломжтой олон ангиуд байдаг, бэлдээд өгчихсөн газрууд ч байдаг. Хэдий жижигхэн сургууль ч гэсэн их том номын сантай, хичээл хийх газрууд олон байдаг нь Монголд хэрэгжүүлбэл их хэрэгтэй байх гэж анзаарч байсан.
Чиний хувьд арван хоёр дугаар ангид буюу төгсөөд коллеж, их сургууль руу ордог чухал цаг үе. Энэ үед яг АНУ-ын ахлах сургуулийн хүүхдүүд коллеж төлөвлөлтөө хэрхэн хийдэг юм байна? Монголын элсэлтийн ерөнхий шалгалттай юугаараа адил байсан бэ?
Ерөнхийдөө хүүхдүүд хичээлийн цагаа сайн ашиглаад, өгсөн даалгавруудаа хэд дахин дэлгэрүүлж асуугаад явдаг. Зарим нэг том сургуульд явна гэж зорьж байгаа хүүхдүүд нь ахлах сургуульдаа коллежид бэлддэг хичээл авч болдог, мөн өөрийнхөө түвшинд зориулаад хичээл үзэж болдог. Шалгалтандаа хичээлийнхээ цагийг их үр дүнтэй ашиглаж бэлддэг. Коллеж аппликейшнд эртнээс буюу 11 сар гаргаад бэлддэг л дээ. АНУ хүүхдүүд их биеэ даасан, ихэнх нь багаасаа юу хийхээ төлөвлөсөн байдаг юм билээ.
FLEX хөтөлбөрт яваад ирсний дараа ямар боломжууд нээгдсэн бэ?
Манай FLEX хөтөлбөр төгсөж ирээд л дуусчихдаггүй. FLEX төгсөгчдийн хөтөлбөр гэж байдаг үүгээр дамжуулаад олон хаалга нээгдсэн. Бидний чадварыг сайжруулах үүднээс сургалт семинар workshop-ууд болдог. Жишээ нь би Кыргызстан улсад долоо хоногийн турш sorkshop-д оролцож байсан. Төсөл хэрхэн хэрэгжүүлэх, санхүү төсөв хэрхэн хийх талаар сураад ирсэн. Нөгөө талаараа өөрийн байгаа аймагтаа сайн дураараа төсөл хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөгөөгөө гаргаад санхүүжилт хүсэх юм бол дэмжиж өгдөг. Би FLEX хөтөлбөрийнхөө Говь-Алтай хотын төлөөлөгч хийдэг байсан. Тэр хүрээндээ англи хэлний ярианы клуб, англиар кино үздэг клуб нээж байсан, сургалт гээд олон зүйл зохион байгуулж байсан. Явж ирээд л дуусчихгүй маш олон боломжууд бас байдаг. Тэгэхээр FLEX хөтөлбөрт бэлдэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд өөртөө итгээрэй. Хамгийн гол зүйл нь англи хэл биш, чи өөрөө байдаг учраас өөртөө итгээд шалгаруулалтад зориглоод ороод үзээрэй.
Манай өнөөдрийн зочин болоод үнэтэй цагаа зориулж ирсэнд баярлалаа.
Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.
Itunes: энд дарж сонсоно уу
Anchor:энддарж сонсоно уу
Castbox: энд дарж сонсоно уу
Stitcher: энд дарж сонсоно уу
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин