Alumni stories

Э.Эрдэнэ: "Drexel University"-ийн төгсөгч, "University of Oxford"-ийн магистр

Өнөөдрийн манай зочноор Э. Эрдэнэ оролцож байна. Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач.

Баярлалаа намайг сая товч танилцуулсанд. Би 2007 онд АНУ-ыг бакалаврын зэргээ хийхээр зорьсон. Тухайн үед гадаад оюутнуудын хувьд АНУ-д анагаахын чиглэлээр сурах нь маш хэцүү өндөр шалгууртайгаас гадна бодлогын хэмжээнд хязгаарлалт байдаг юм шиг санагдсан. Тэгээд 2011 онд Монголдоо буцаж ирээд мэргэжлийнхээ дагуу лабораторид ажлын байр хайсан ч түгээмэл олдоогүй. Тэгээд зэвсэгт хүчний 027-р ангид АНУ-д сайн дураараа хийдэг байсан ажлаа хийх боломж гарч, цэргийн хүн болоод өмнөд Суданд энхийг сахиулсан байдаг юм. Түүний дараа 2015 онд Oxford-ын их сургуульд төрийн бодлогын чиглэлээр сурсан. Одоогоор БЗД-т иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэргүүлэгч хийж байна.

Анх 2007 онд АНУ-ын Drexel их сургуулийг яагаад сонгож сурахаар шийдсэн бэ?

Би анх 1999 онд арван настай байхдаа АНУ явсан. Манай аав АНУ-д магистраа хийхээр тэтгэлэг аваад гэр бүлээрээ явсан юм. Тэгээд тэнд сурахдаа Англи хэлтэй ч болсон, мөн соёлыг нь бага ч гэсэн мэддэг байсан учраас надад АНУ-д коллежид сурах нь арай дөхөм санагдаж байсан. Үүний дараа Монголд 2005 оноос 2 жил сурч ЕБС дүүргээд АНУ-руу явж сурсан. Тэгэхдээ нэлээд олон их сургууль руу материалаа явуулсан. Би мөрөөдлийнхөө топ сургуулиудад орж чадаагүй. Нөгөө мөрөөдлийн, за бараг орно доо, юмыг яаж мэдэх вэ гэсэн сургуулиуд гэж байдаг шүү дээ. “Drexel University” бол миний “юмыг яаж мэдэх вэ” гэсэн сургуулиудийн нэг нь байсан. Одоо дүгнэхэд тэр үед сургууль руу явуулсан анкет, материалдаа өөрийн сонгосон мэргэжил, алсын хараагаа зөв тодорхойлж гаргаж чадаагүй юм болов уу гэж боддог юм. “Drexel University”-ын миний сонгож сурсан cooperative хөтөлбөр маань их онцлогтой хөтөлбөр байсан. Сурч байгаа чиглэлээрээ ажиллах боломж олгодгоороо онцлог хөтөлбөр байсан. Мөн миний сургалтын хөтөлбөрийн 50%-ын тэтгэлэгийг тус сургуулиас өгч байсан юм.

Тэгэхээр “Drexel University”-д сурахдаа дөрвөн жилийн хугацаанд cooperative хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байсан гэсэн үг? Ямар ажил хийж байсан вэ?

Ер нь бол мэргэжлийнхээ дагуу ажиллахыг шаарддаг. Би биологийн оюутан байсан учраас бид нарт анагаахын сургууль дээр очиж туршлага судлах боломж гарч байсан. Мөн том эмийн үйлдвэрүүд дээр очиж ажиллах боломж нээлттэй байсан. Сургууль маань мөн тэр ажлыг зуучлан өгч зохион байгуулдаг. Миний хийсэн үндсэн ажил гэвэл Drexel коллежийнхоо анагаахын сургуульд нь лабораторийн туслахаар ажиллаж байсан. Биологийн оюутнууд тул лекцээс гадна лабораторийн хичээл их авч үздэг байсан. Зөвхөн онол үзэхгүй, тэр онолын дагуу лабораторид туршилтууд хийж илүү бататгаж үздэг байсан. 

Гадаад оюутнууд зарим газруудад ажилд орох нь амархан байдаггүй. Гэсэн ч миний хувьд зарим нэг багшдаа үнэлэгдэж лабораторид үргэлжлүүлж ажиллах боломж гарсан юм. Тэгэхдээ дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг дэмжих эм гаргаж авах судалгааны төсөл дээр ажилласан. Тэр эм бүтээх үйл явцын хамгийн анхны шат гэсэн үг. Миний хувьд гадаад оюутан, мөн амралтын өдрүүдээр ч гэсэн ихэнхдээ сургууль дээрээ л байж байдаг учраас тэнд ажиллах хугацаандаа давуу тал болсон байхаа гэж боддог юм. Харьцангуй сайн ажиллаж судалгааны ажилдаа хэмнэлт үзүүлж чадсан учраас манай дарга нар их үнэлдэг байсан мөн илүү цалин ч авч байлаа. Тэгээд хүмүүс гадаадад сурахдаа мөнгөө дуусгаад ирдэг бол би Монголдоо ирэхдээ мөнгөтэй ирж байлаа. Дараа дараагийн сурах залуустаа хандаж хэлэхэд ийм хөтөлбөр байдаг шүү, хэрэв энэ хөтөлбөрийг олж чадвал давуу талтай байдаг гэж захимаар байна.

АНУ-д анагаахын чиглэлээр сурах ямар байдаг вэ? Энэ үйл явцыг тайлбарлаж өгөөч.

Ер нь бол бакалавр чинь биологийн чиглэлээр байх юм бол давуу талтай байдаг. Яагаад гэвэл GMAT шалгалт өгөхөд биологийн хөтөлбөр маань өөрөө сайн бэлдэж өгдөг. 

Миний хувьд яагаад анагаахын сургуульд ороогүй гэхээр, намайг 3-р курсэд байхад карьерийн зөвлөх маань уулзаад чи дүнгийн хувьд гайгүй байна, зарим анагаахын сургуульд тэнцэхээр байна. Гэвч үнэн бодит байдал нь ийм шүү гээд нэг зүйлийг зөвлөж байсан. Жишээ нь: 2010 онд АНУ-д нийт анагаахын сургуульд орсон оюутнуудын нэгээс бага хувь нь гадаадын оюутан байдаг. Тэгэхээр чиний анагаахад сурах магадлал их бага мөн АНУ-д эмч болно гэвэл ойролцоогоор бараг 16 жил сурдаг. Тэгж сурахдаа зээл авч сурдаг, жилийн бараг 60 мянган долларын зардалтай, анагаахаар сурч байгаа оюутнууд төгсөхдөө ойролцоогоор 180 мянган долларын өртэй төгсдөг. Мөн алдагдсан боломжоороо бараг 800 мянган долларын боломж алдсан гэж тооцдог юм. Тэгэхээр гадаад оюутнуудад энэ их өр, зээл олгох байгууллагууд болон их сургуулиуд ховор байдаг. Түүнчлэн яагаад нэгээс бага хувь нь гадаад оюутан байдаг вэ гэхээр ингэж урт хугацаагаар бэлдсэн боловсон хүчнээ АНУ маань өөрөө Америктаа авч үлдэхийн төлөө байдаг. Тэгэхээр болж өгвөл АНУ-даа иргэншилтэй юм уу, ногоон карттай хүмүүсийг анагаахын сургуулиуд авдаг гэж байсан юм. Тэгээд би энэ ярилцлагад бэлтгээд тэр тоо баримт нь одоо яаж өөрчлөгдөж вэ гэж харлаа. Одоо АНУ-д байгаа нийт гадаадын оюутнуудын 35% нь гадаад оюутан авдаг болсон байна. Манай өрөөний найз сая эмч болсон. Яг бид хоёр нэг хөтөлбөрт байсан, хоёулаа биологийн чиглэлээр сурч байсан. Арван гурван жилийн дараа буюу нийт сурсан жил нь бакалавр тооцвол арван долоон жил сурсан байгаа юм.

АНУ-д сурч байх үеийн сэтгэлээс гардаггүй дурсамж юу байсан вэ?

Хамгийн сайхан дурсамж гэвэл эволюцийн хичээл авч үздэг байсан. Тэр хичээлийг дэлхийд хамгийн том үлэг гүрвэлийн ясыг олсон профессор хүн заадаг байсан. Тэр хичээлийн дундуур Филадельфиэс холгүйхэн миний хайгуулын ажил хийдэг газар бий, тэнд миний докторын оюутнууд ажилладаг юм гэхээр нь надад их сонирхолтой санагдаад шатаар бууж очоод “Сайн байна уу? доктороо намайг Эрдэнэ гэдэг би Монголоос ирсэн” гэсэн чинь их найрсгаар хүлээж аваад л Монголоо, танай говьд чинь зөндөө динозаврын яс байдаг шүү дээ. Би одоо Аргентинд хайгуул хийж байгаа. Дараа нь Монгол явмаар байгаа. Би ч бүүр хөөрсөн, өө тэгэлгүй яахав, би төгсөөд Монголдоо очно. Та хүрээд ирвэл бараг үнэгүй хэлмэрч хийж өгнө гээд л. Сая та ярьсан хайгуулын ажил хийдэг гэлээ, энд чинь нэг өдөр юм уу, долоо хоног ажиллах боломжтой юу? гэсэн чинь их найрсгаар хүлээж аваад тэгж үлэг гүрвэлийн хайгуулын ажилд оролцсон юм. Гэвч тэгж ажиллахдаа динозаврын яс олоогүй. Харин бараг зуун дөчин сая жилийн өмнө байсан акулын чулуужсан шүд, дөчин хэдэн сая жилийн өмнө байсан хэрэм буюу одоогоор бол хэрэмний өвөг дээдсийн гавлын ясыг олсон. Хамгийн гоё нь чи наадахаа гэр лүүгээ авч явж болно гэж байсан. Маш их олддог юм байна лээ л дээ. Одоо болтол манайд акулын шүд, дөчин сая жилийн өмнө байсан хэрэмний толгой байгаа. Энэ бүхэн биологиор сурсны л үр дүн гэж боддог.

Мөн өөр нэг гоё дурсамж бол бид нар дөрөвдүгээр курсдээ байсан юм. Манай сургуулийн анагаахын өмнөх курсийн оюутнуудаараа зохион байгуулалтад ороод “Global Medical Brigades” гэдэг ТББ-д гишүүнээс өөрсдийнхөө их сургуулийг бүртгүүлсэн. Тэр нь ямар нэгэн хүнд хэцүү амьдралтай улс оронд сургуулийнхаа зүгээс оюутнууд нь очоод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид нар арван дөрвөн оюутан байсан. Түүнчлэн дотрын эмч, эмэгтэйчүүдийн эмч, шүдний эмч нэмээд нэг баг Гондурас руу явж байсан юм. Тэгж арван хоногийн турш эмч нар нь өөрсдийн чиглэлээрээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд, хажууд нь бид нар ямар зовуурьтай хүнийг яаж оношилж байна, яаж эмчилж байна гэж гар хөл нь болж туслаад, өөрсдөө ч дадлага аваад ийм сайн дурын ажил хийснээрээ анагаахын чиглэлээрээ маш их туршлага хуримтлуулах боломж бүрдэж байсан. Тэгээд энэ сайн дурын ажилд оюутнууд нь өөрсдөө хандив босгож оролцдог, ойролцоогоор 2500 доллар босгох хэрэг гараад бид нарын цахим хуудас нээгээд өгчихсөн байдаг. Тэнд нь би намайг Эрдэнэ гэдэг, би хэдэн мянган хүний амьдралд өөрчлөлт авчрах гэж байна гээд захидал бичиж оруулсан. Тэрийг нь миний ажилладаг байсан лабораторийн эрхлэгч харчхаад маш их дэмжээд, шууд тэр 2500 долларыг өөрөөсөө гаргаж өгөөд намайг явуулж байсан.

Эргээд бодохоор өөрийгөө дайчлаад, өөрийнхөө “comfort zone” буюу тухтай бүсээсээ гарч чадсанаараа энэ бүх дурсамжийг үлдээж чадсан гэж боддог юм. Тэр лекцийн дараа  профессортой уулзахаар шатаар бууж очихдоо бас жаахан сандраад л за за дараа болох уу, яах уу гэж байсан. Эсвэл Гондурас явах чинь хол юм байна, хэцүү юм байна, аюултай улс гэсэн гээд больж болох л байсан. Гэвч өөрийгөө дайчилсан учраас энэ сайхан дурсамжуудыг бий болгож чадсан юм болов уу гэж хардаг юм. Тэгэхээр залуучуудад бас өөрийгөө дайчлаарай, өөрийнхөө тухтай бүсээс гараарай. Тэгэхээр илүү ийм баян, баялаг сайхан дурсамжууд бий болох болов уу гэдгийг бас хэлмээр байна.

Магистраа Их Британи улсад хамгаалсан, бакалавраа АНУ-ын хийсэн шүү дээ. Энэ хоёр улсын боловсролын ялгаа чиний туршлагаас харахад юу байсан вэ?

Ер нь миний харж байгаагаар бол гурван том ялгаа байгаа. Нэгт, АНУ бол эрх чөлөөтэй, уян хатан байдаг. АНУ-ыг төсөөлөхөөр эрх чөлөө, сонголт, ардчилал гэх мэт. Харин Английг төсөөлөхөөр соёл, уламжлал, хуучинсаг байдал нь бодогддог. Энэ онцлогууд нь боловсролын системд ч мөн шингэсэн байдаг. 

Яг ямар мэргэжлээр сурна гэдгээ 100% шийдээгүй, эргэлзээтэй байгаа бол АНУ зүгээр юм шиг санагддаг. Яагаад гэвэл эхний хоёр жил мэргэжлээ сонгох шаардлагагүй. Жишээлбэл яг ийм хичээл авна шүү гээд хичээлийн жагсаалт өгдөг. Үндсэн кредит нь сургуулийнхаа аль ч салбараас хүссэнээрээ хичээл сонгож болдог. Би улс төрийн хичээл авч үзсэн. Уран зургийн түүхийн хичээл авч үзсэн. Философи хичээл ч үзэж байсан. Тэгэхээр ийм сонголтоо хийхэд чинь АНУ бол нээлттэй. Гурав дахь жилээсээ мэргэжлээ гүнзгийрүүлж сурч байгаа юм. Харин Англид биологийн чиглэлээр сурахаар өөр салбараас нь хичээл авч үзэх нь жаахан хэцүү. Намайг магистраа хийж байхад иймэрхүү байдал харагдаж л байгаа юм л даа. Англид эдийн засгийн хичээл дээр энэ хүн, энэ цагт ийм хичээл заана гээд профессорийг нь хөтөлбөртэй нь зоогоод өгчихсөн. Улс төрийн сургуулиасаа гадна бизнесийн хичээл авч үзэх боломжгүй байх жишээтэй. Харин АНУ-д бол хөгжлийн биологи гэдэг хичээл байхад тэр хичээлийг гурван өөр профессор заадаг. Тэгэхээр бид хуваарийг нь харж байгаад өөрийнхөө хуваарьтай уялдуулаад авч болдог. Мөн тэр гурван профессороосоо өөрөө сонгож болдог байсан.

Хоёрт нь соёлын ялгаа байдаг. АНУ-д бол хүссэн хувцсаа өмсөөд хүссэн үедээ лекцдээ сууж болно. Хэн ч чамд юу ч хэлэхгүй. Харин Англид бол лекцдээ хоцрох гээд яараад хувцаслалтаа анхаараагүй сургууль дээрээ очсон чинь үүдний жижүүрээс эхлээд гайхаж хараад анзаарагдаж байгаа юм. Манай профессор орой нь и-мэйл явуулсан байсан. “Сайн байна уу? Эрдэнэ, өнөөдөр чамд зүгээр сануулах гэсэн юмаа. Манай сургууль хувцасны кодтой шүү, албаны хувцаслаарай. Аль болох цэвэр цэмцгэр байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл манай Oxford-ын их сургууль гэдэг чинь дэлхийд алдартай хүмүүс сурдаг сургууль гэсэн байдлаар и-мэйл ирж байсан. Тэгэхээр ийм соёлын ялгаа энэ хоёр улс дээр байдаг. Үнэхээр дүрэм журамд дургүй, хэнээс юу хийлгэхээ заалгах дургүй хүнд бол АНУ илүү зохих байхаа гэж бодож байна. Гурав нь магистрт сурахад хугацааны ялгаа байсан. АНУ-д магистрын хөтөлбөр бол хоёр жил байдаг. Харин Англид нэг жил байдаг юм.

Бидний яриа дуусах дөхөж байна. Одоо сурахаар бэлдэж байгаа хүүхэд залууст хандаад өөрийн зүгээс зөвлөх зөвлөгөө байна уу? Дүүдээ зөвлөж байна гэж бодоод хэлж зөвлөвөл.

Тэгэхээр АНУ-ын сургуулиуд миний харснаар дүнгээс чинь гадна их нийгмийн оролцоо, идэвх дээр ач холбогдол өгдөг. АНУ-д сурна гэж бодож байгаа хүүхдүүд нийгмийн оролцоон дээрээ анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөрийн хичээлээс гадна сайн дураараа ажиллаарай. Хүнд тусалдаг байгаарай. Тэр чинээгээрээ чи илүү хувь хүнээрээ хөгждөг. Түүнээс гадна туршлагатай болдог. Энэ туршлагаа өөрийн анкетад тусгаж өгч болно. Тэгэхээр сайн дурын ажил дээр сайн анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд мөн залуучууддаа зөвлөж хэлэхэд миний өөрийн амьдралын баримталдаг үндсэн зарчим бол үлгэрлэх ёстой гэж боддог. Аливаа хүнээс шаарддаг зүйлээ өөрөө хамгийн түрүүнд хийдэг байх ёстой. Хүнийг хийгээсэй гэсэн зүйлээ өөрөө хийдэг байгаасай, залуучууд маань өөрсдөө үлгэрлэдэг байгаасай гэж боддог юм.  

Өөрийн түүхээсээ, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцсанд баярлалаа.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️Itunes: энд дарж сонсоно уу

⏸Anchor:энд дарж сонсоно уу

⏺Castbox: энддарж сонсоно уу

⏸Stitcher: энд дарж сонсоно уу

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин