Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
Сайн байна уу? Намайг Түмэндэмбэрэлийн Бэлгүтэй гэдэг. АНУ-ын Калифорни мужийн “Santa Monica” коллежийг Театрын найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Яг одоогоор Монголын мянганы сорилтын сангийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээр ажиллаж байна.
Santa Monica коллежийг яагаад сонгох болов? Сургуулийн сонголтоо яаж хийсэн бэ?
Үүнийг ярихын тулд хэрхэн АНУ явж байсан тухайгаа ярих хэрэгтэй болно. Би арван жилийн сургуулиа төгсөөд аав ээжийнхээ зөвлөснөөр Малайз руу Олон Улсын Бизнесээр сурах гэж явсан юм. Гэвч миний Англи хэл тийм ч сайн байгаагүй. Малайзад очоод эхлээд Англи хэлээ сайжруулж дараа нь коллежид сурна гэсэн зорилгоор явсан. Тэгээд замдаа нэлээн юм болоод аав ээжийнхээ чиглүүлснээс өөр урлагаар сурмаар санагдаад Малайзад байхдаа би урлагаар л сурмаар байна гэж зөрж байгаад өөрөө ажил хийгээд тасалбарын мөнгөө олоод буцаж Монголдоо ирсэн юм. Манай аав ээж хоёр өөрсдөө урлагийн хүмүүс байдаг. Тэр үедээ намайг урлагаар сургах сонирхолгүй байсан. Тэгээд би АНУ- руу Холливуд явна гээд тухайн үедээ би чинь арван зургаа долоотой хүүхэд байсан. Холливудийн од, алдартай жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан.
Тэгж Монголдоо ирээд байтал “Глобал удирдагч” гэдэг залуучуудыг АНУ руу явуулдаг хөтөлбөр явсан юм. Нэг нэвтрүүлгийн тэмцээн зарлаад Donald Trump явуулдаг Apprentice гэдэг шиг телевизын нэвтрүүлэг байсан. Тэнд ялсан эхний гурван оролцогчдод нь 100% -ийн тэтгэлэг өгнө гэсэн. Тэгээд би тэр тэмцээнд оролцоод хоёр дугаар байрт ороод, North Dakota мужийн Dickinson сургуульд 100%-ийн тэтгэлэг аваад явлаа. Тэгсэн сургалтын 100%-ийн тэтгэлэг авсан хүн чинь онц сурах, бүх хичээл дээрээ 90-ээс дээш байх ёстой гэдэг болзолтой байдаг. Тэр үед яг үнэнээ хэлэхэд эхний улирлаасаа дүн маань хүрэхгүй болоод би тэтгэлгээ алдчихсан юм. Тэгээд Калифорнид очоод Santa Monica-г яагаад сонгосон гэхээр далайн эрэг дээр байсан. Мөн аав ээжээрээ төлбөрөө даалгах болсон тул боломжийн коллеж сонгох хэрэгтэй. Түүнчлэн Холливуд тэнд байсан, тэгж сонгоод элсэж орж театрын найруулагч жүжигчнээр сурсан.
Найруулагч, жүжигчин гэхээр найруулагч нь үндсэн, жүжигчин нь туслах мэргэжил гэж явдаг уу? АНУ-д урлагийн сургуульд сурах давуу тал нь юу байсан вэ?
Би л найруулагч жүжигчнээр гэж томьёолоод байгаа болохоос миний коллеж зэрэг бол Associate in Arts буюу театрын урлагийн Theater Arts гэж явдаг. Найруулагч, жүжигчний хичээл үздэг байсан.
АНУ-д олон үндэстэн, өөр өөр хүмүүстэй нэг газар хамт, нэг ангид суралцана гэдэг нь өөрөө маш том давуу тал байдаг юм байна. Наад зах нь хүний сэтгэлгээний цар хүрээ тэлж өгдөг. Тэд бүгд өөр өөрийн гэсэн соёлтой, үнэт зүйлтэй, мөн чанартай хүмүүс байгаа шүү дээ. Тэднээс суралцана, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сурч байгаа юм. Академик талаасаа гэвэл багш нар нь өөрсдөө тийм олон үндэсний өөр соёлтой хүмүүстэй ажилладаг болохоор өөрсдөө өөр соёлтой хүмүүс байдаг. Тийм болохоор тэд өөрийн өөрийнхөө мөн чанар соёлоосоо юм татаж авч ирээд хүүхдүүдэд заадаг. Жишээ нь: Манай драмын багш Америкийн Энэтхэг хүн, өөрөө Энэтхэг гаралтай Америк иргэн байсан. Тэр хүн бидэнд санскрит драм гэдэг хичээл зааж байгаа юм. Санскрит драм яадаг вэ гэхээр Энэтхэг улс өөрөө маш их соёлын түүхтэй. Тэнд драм, жижиглэх урлаг дээр төвлөрсөн шастар байдаг юм байна лээ. Түүнээс нь хэрэгтэй зүйлийг нь аваад АНУ-ын жүжиглэх техник, найруулгын техниктэй хольж орчин үеийн урлагтай холбоод заадаг байсан. Тэгэхээр хэрэв би Монголдоо сурсан бол тийм зүйл байдаг гэдгийг мэдэхгүй. Тэр соёлоос авч чадахгүй байх байсан.
Англи хэлийг анх хэрхэн сурч байсан тухайгаа хуваалцаач?
Би АНУ явахаасаа өмнө Малайзад байхдаа англи хэлийг сурч байсан. Малайз өөрөө Их Британийн колон улс байсан учраас миний англи хэлний суурь British English аялгатай сурч байсан. Дараа нь АНУ-д очлоо. Тэгсэн чинь хүмүүс “Хөөх чи Англиас ирсэн юм уу” гээд их сонирхдог байлаа. British English аялгаар ярьдаг хүнд Америкчууд их дуртай байдаг. Тийм нэг хандлага хүнд мэдрэгдээд байдаг шүү дээ. Тэгээд би бодлоо, би чинь жүжигчин болох гэж байгаа хүн. Тэгээд ази царайтай, ихэнх кинонд цагаан арьстай, хар арьстай хүмүүс байдаг. Тэгэхээр би ази царайтай хүн, бусад Япон Солонгос Хятад оюутнуудаас ялгарах хэрэгтэй. Жүжигчин байна гэдэг чинь ялгарч байж л хүнд танигдана. Тэгвэл жүжигчин, найруулагч хүнд хэл гэдэг чинь том зүйл байдаг. Маш сайн хэлтэй байж л хүнд танигдаж, жижиглэж чадна гэдгээ харуулна гэж бодоод British аялга дээр нэлээн ажиллаж эхэлсэн юм. Тэгээд нэг жил орчим Англи хэлнийхээ дуудлагыг сайжруулах гэж дасгал хийдэг байсан. Багш нартайгаа ярьж зөвлөгөө авдаг байсан.
Яг жүжигчний мэргэжлээр АНУ-д сурах ямар байдаг вэ? Ихэвчлэн онолын мэдээлэл их аваад явах уу? Жүжигчний сургуульд АНУ-д сурвал юу хүлээж байгаа талаар дэлгэвэл?
Ерөнхийдөө бол зураач хүн будаг, бийрээр дүр бүтээдэг бол жүжигчин хүн өөрийн бие, хэл, оюун гурваа ашиглаж тэр дүрийг сийлдэг гэсэн үг юм. Тэгэхээр их бичгийн хичээл, судалгаа гэхээсээ илүү ихэнхдээ жүжгийн хэсэг дээр ажиллана. Тэгээд хүний уран бүтээлч чанарт туслахуйц янз бүрийн хичээл авч болно. АНУ-д өөрөө хичээлээ сонгодог тул тэр урлагийн мэдрэмж, гоо зүйн таашаал энэ бүхнийг нэмэгдүүлэх сайжруулах хичээлүүдийг өөрөө сонгож авч болдог. Яг үндсэн хичээлүүд дээр бол ихэнхдээ жүжгийн зохиол, киноны зохиолууд дээр ажилладаг. Тэр дүрээ өөрсдөө бүтээнэ, түүн дээрээ судалж ажиллана гэсэн үг юм.
Энэ мэргэжлээр сураад ажиллаж байгаа туршлагаасаа харахад хөрвөх чадварын талаар, ямар чиглэл, мөн ямар салбарууд руу орж ажиллах боломжтой байдаг вэ?
Яг энэ театрын урлагаар сурахад надад өгсөн зүйл гэвэл, хүнийг их ойлгодог болсон гэж хардаг. Янз бүрийн дүр бүтээж, дүрийн судалгаа хийгээд байхаар хүн бол хүн л байдаг учраас хүмүүсийг ойлгодог, тийм чадвар сурсан гэж надад санагддаг юм. Тэр чадвараас үндэслээд харилцааны ур чадвар хөгжиж байгаа юм. Ямар ч хүнтэй ярих, хүнээс хүн хооронд харилцах тогтооход надад илүү хялбар болсон. Дүр бүтээнэ гэдэг шиг нөгөө хүний оронд би өөрийгөө тавиад ойлгохыг хичээгээд ирэхээр нөгөө хүнтэй харилцах харилцаа маань улам сайжирдаг юм. Тэгэхээр би АНУ-д жүжигчин найруулагчаар сурсан маань харилцааний ур чадварыг олж авсан гэж боддог. Тэгж харилцааны чадвар сурснаараа л өнөөдөр янз бүрийн ажил дээр хөрвөх боломжтой яваа байх.
АНУ-д амьдраад, сураад эргээд Монголдоо ирж тогтвор суурьшилтай карьераа эхлүүлээд ажиллаад явахад багагүй бэрхшээл тулгардаг. Энэ бүхнийг яаж зохицуулж байв?
Хэцүү зүйл тохиолддог шүү. Яахав би хоёр жил яваад ирсэн, туршлага хуримтлуулсан. Тэгээд би буцаж ирэхдээ маш их хүсэл мөрөөдөлтэй, ёстой нэг будаа болгоод кинонд тоглоод л өгнө гээд лаг хүн ирсэн, тэгэх ч ёстой юм. Гэвч “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг шиг хүссэн хүсээгүй хүн АНУ-ын тэр хэв маягт дасчихсан байдаг юм байна. Түүнийгээ өөрөө ч анзаардаггүй юм байна. Тэгээд буцаад ирэхээр хэцүү ч юм шиг санагдаад эхний хоёр жил буцаж дасан зохицох гэж надад хэцүү байсан.
Бүх зүйл өөрчлөгдсөн. Гэвч би өөрөө л өөрчлөгдсөн байсан л даа Монгол бол өөрчлөгдөөгүй шүү дээ. Тэгээд АНУ-д сурсан зүйлээ шууд тэр чигээр нь Монголын хөрсөн дээр буулгаад л зүгээр үзүүлээд өгнө. Ингэж хийх ёстой, ерөөсөө л тэгэх ёстой гэсэн ойлголттой ирдэг юм байна лээ. Тэгээд хүмүүс ярьдаг даа “Тэнгэрээр нисэж байгаад газартаа бууна” гэдэг шиг хоёр жил надад газартаа буух гэж их хэцүү байсан. Ер нь ярихаараа л АНУ-д ингэдэг, АНУ-д тэгдэг гээд л тэр нь ч зөв л дөө. Уг нь тэр АНУ-аас авч ирсэн зүйлээ Монголдоо би суулгах гээд байна шүү дээ. Үүний тулд өөрөө буцаад өөрийнхөө соёлдоо, Монголчуудынхаа амьдралд, эдийн засгийн нөхцөлд маш олон зүйл буцаад аль болох хурдан дасаж зохицох хэрэгцээ гардаг юм байна. Түүнийг АНУ-д байхаасаа л сэтгэл санааны бэлтгэлтэй ирэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол буцаад явмаар санагдаад л, тэндээ дасчихсан, олон жил тэнд амьдраад сурчихсан болохоор Монгол нэг л болохгүй байгаа юм шиг санагдаад л байдаг юм байна. Уг нь бол үгүй л дээ. АНУ-д ч гэсэн асуудал байдаг. Монголд ч гэсэн асуудал байдаг. Тэгэхээр эртнээс энэ тал дээр сэтгэл санаагаа бэлдээд, тэнд сурч байх үедээ Монголд ирээд юу хийх үү? гэх мэт Монголын талаар мэдээлэл байнгын авч байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нэг л их АНУ соёл ярьсан, үл мэдэх хүрээд ирдэг. Миний л бодлоор тэгэхээр АНУ-аас авсан зүйлээ хүмүүст түгээж чадахгүй тийм асуудал гардаг юм байна гэж харсан.
Урлагийн чиглэлээр сурах сонирхолтой гэсэн хэдийн ч гэр бүлийн зүгээс огт дэмждэггүй залууст мэргэжил сонголтын талаар ямар зөвлөгөө вэ?
Миний хувьд яг тэгсэн л дээ. Аав ээж хоёр намайг олон улсын бизнесээр сургах бодолтой байсан. Тэгсэн надад бол яах ч аргагүй урлагаар явах хүсэл сонирхол байсан юм. Тэгээд би хүсэл зорилгоо л дагасан, тэрэндээ харамсдаггүй. Яагаад гэвэл би авах юмаа авсан. АНУ-аас маш их зүйл авсан. Би хэчнээн Холливудад од болж чадаагүй ч гэсэн, би үнэхээр чадахгүй байсан л даа. Хэцүү юм байна лээ. Тэгээд юу гэж бодсон гэхээр би буцаж Монголдоо ирээд сурсан мэдсэнээ импортлох ёстой юм байна. Тэр чинь өөрөө маш том зүйл юм байна гэж бодоод өөрийгөө зориулахаар шийдээд буцаж ирсэн. Яахав, их лаг сонсогдож магадгүй л дээ. Гэвч би үнэхээр тэгж бодож байсан.
Мэргэжил сонголтын талаар зарим залуус юу сурахаа мэдэхгүй байгаа бол өөрийнхөө яг сайн чаддаг зүйлийг олоод тэр салбартаа сурвал амжилтад хүрэх байх. Өөрийнхөө хүсээгүй чиглэлээр сурахаар амжилттай явсан ч гэсэн өөрөө аз жаргалтай байх болно. Амжилт гэдэг чинь эцсийн эцэст юу юм бэ? Аз жаргалтай л байх шүү дээ. Хүн өөрийг нь аз жаргалтай болгодог зүйлээ хийгээд, түүгээрээ мөнгө олж байвал хамгийн сайхан амжилттай амьдрал гэж л би боддог болсон. Хүн ямар нэгэн авьяастай бол өгөгдөл гэж байгаа. Харин өгөгдлөө эрт орчихвол тэр зүйлээ хийж байхдаа аз жаргалтай байна. Түүндээ ч дурлаж ажлаа хийнэ. Сүүлийн үед залуус маань мөнгөө бодож биш илүү өөрийнхөө дуртай чиглэлээрээ сурдаг болсон гэж би харж байгаа.
Бидний өнөөдрийн ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Бэлгүтэйдээ баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Урьж оролцуулсанд баярлалаа. Энэхүү подкаст их өгөөжтэй санагдаж байна. Өнөөдөр боловсрол маш их чухал зүйл. Ялангуяа АНУ-д сурна гэдэг нь өөрөө дэлхийтэй холбогдож олон үндэстнүүдтэй уулзах боломжтой байдаг. Тэгэхээр маш зөв санал санаачлага байна. MASA болон EducationUSA Mongolia хамт олонд энэхүү ажилд нь өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.
Website: https://bit.ly/3nUKjKl
Soundcloud: https://bit.ly/2KEpwfD
Castbox: https://bit.ly/3hlax6h
Anchor: https://bit.ly/37QrHFK
Itunes: https://cutt.ly/6gmbHKm
Stitcher: https://cutt.ly/bgmbNE1
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин