Энэ удаагийн зочноор 2008-2011 оны Фулбрайтэр Дэлгэржаргал оролцож байна. Манай уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулна уу?
Юуны өмнө урьсан та бүхэнд маш их баярлалаа. Намайг Дэлгэржаргал гэдэг, би дунд сургуулиа улсын тэргүүний 24-р сургуулийг төгссөн. Дараа нь Монгол улсын биологийн тэнхимд "Ой зүйч" мэргэжлээр төгсөөд, шинжлэх ухааны академик био-экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийдэг байж байгаад Америк улсад сурахаар явсан. Докторын зэргээ хамгаалж ирээд одоо Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багшилж байна.
Ой зүй гэхээр онцлог мэргэжил байна л даа. Хүн бүрийн сонгож сураад байдаггүй энэ мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яривал?
Үүнийг ярихын тулд би яагаад энэ мэргэжлийг сонгосноо ярих нь дээр байх гэж бодож байна. Би өөрөө багаасаа байгальд их дуртай. Хэдийгээр би хотод төрж өссөн ч гэсэн эмээ дээрээ очдог, эмээ маань Хөвсгөлд ойн захад их гоё газар амьдардаг байсан. Тэнд байхдаа өөрийн мэдэлгүй байгальд их хайртай болоод навч, цэцэг, боргоцой заримдаа буга, гөрөөсний хоргол харахаар хүртэл их сонирхолтой санагдаад тэднийг түүдэг, ургамал цуглуулж хатаадаг байсан. Манай гэрийнхэн намайг эдийн засагч болно гэж бэлдэж байсан. Тэгээд би МУИС-д эдийн засгийн ангид бүртгүүлэхдээ ер нь энэ миний сонирхол мөн үү? гэж бодоод биологийн ангид бас давхар бүртгүүлсэн юм. Тэгээд гэрийнхэндээ би өөрөө энэ чиглэлд дуртай гээд хэлсэн чинь элсэлтийн шалгалт болоход долоо хоног үлдсэн байхад гээд манайхан нэлээн хэлэлцүүлэг болсон. Яг маргааш нь манай аав хариу хэлээд “Миний охин энэ чинь их гоё мэргэжил байна” гээд дэмжээд би орсон юм.
Тэгээд 9 сарын нэгэнд “Ойн амьтан шувуудын биологи” гэдэг хичээлийг заасан байдаг. Үнэхээр гоё мэргэжил, үнэхээр гайхалтай хичээл байсан. Тэр цагаас хойш мэргэжилдээ дурлаад өдий хүртэл явж байна. Нэгэнт би мэргэжилдээ дуртай байсан болохоор оюутан байхдаа маш олон экологийн судалгаануудад оролцоод явдаг байсан. Хамгийн эхнийх нь Монгол Оросын хамтарсан экспедиц байсан. Тэнд олон эрдэмтдээс маш их зүйл сурдаг. Тэгээд шинжлэх ухааны академийн экологийн хүрээлэнд ороод эрдэм шинжилгээний ажил хийж байхдаа олон жил судалгаа хийсэн туршлагатай эрдэмтэдтэй дагаж яваад судалгааны ажилд дөртэй болсон. Яг миний өөрийн бие дааж хийсэн судалгаа гэвэл “Нарсан ойн түймрийн дараах ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, сэргэн ургалт” гээд байгаа. Нарс мод маань Монгол орны хувьд ойн яг доод захаар ургадаг. Түймэрт хамгийн эрт өртдөг ийм эмзэг мөртлөө их үзэсгэлэнтэй эко-систем байдаг. Та нар анзаарсан бол нарс дандаа сийрэг ургадаг, алтан шаргал холтостой, мөнх ногоон мод байдаг. Би тэр модонд их дуртай, тэгээд судалгааны сэдвээ нарстай холбоотой хийсэн юм. Энэ чиглэлээрээ ахиж дэвших хэрэгтэй юм байна гэж бодоод л Америк явсан.
Одоо судалгаа маань нэлээн өргөжөөд бидний өмнө тулгамдаад байгаа гол асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй холбож судалгаагаа хийж эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлт ойд маш их нөлөөтэй байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, өөрчлөлтөд дасан зохицоход гол үүрэгтэй байдаг эко систем бол ой гэж бид үздэг. Энэ маань өөрөө нүүрс хүчлийн хийг шингээж, хүчил төрөгч ялгаруулж, шингээсэн нүүрс төрөгчийн хийгээ өөртөө нүүрс усны хийгээр хадгалдаг ийм онцлогтой, гайхалтай организм байдаг. Энэ чиглэлээр судалгаагаа хийж байгаа. Би бол өөрөө сонирхоод энэ чиглэлээр суралцаад явсан хүн. Харин хүн бүр байгаль орчны чиглэлээр мэргэжил сонгох албагүй. Гэвч байгальд ээлтэй иргэд байх ёстой гэж боддог юм. Шинэ үеийн хүмүүс байгальд ээлтэй, эко иргэн байх ёстой гэж боддог. Тэгэхээр энэ чиглэлээр бас судлаад ямар байвал байгальд ээлтэй иргэн байх юм. Өнөөдөр таны хийж байгаа үйл ажиллагаа бүхэн чинь яавал байгалийг хамгаалах юм гэдэгт маш их анхаарч байгаасай гэж их боддог юм.
АНУ-д сурна гэж яг хэзээнээс мөрөөдөж, бэлдэж эхэлсэн вэ?
Яг АНУ-д суръя гэж бодсон нь бас нэлээн хожуу юм. Миний хувьд АНУ бол хүрч болохгүй гэж бодогдож байлаа, очоод сурна гэхэд бас их бэрхшээлтэй байх л гэж төсөөлж байсан. Яг өөрөө очоод сурна гэж зорьж чадаагүй байсан. Гэвч хамгийн эхний алхам бол хэлний шалгалт өгөх хэрэгтэй. Намайг арван жилд байхад Англи хэл үзэх үү, орос хэл үзэх үү гэдэг сонголттой байсан тул тэр үед Орос хэлийг үзэж байсан учраас Англи хэлийг их сургуульд хоёр улирал л үзсэн байсан юм. Тэгээд анх шууд TOFEL-д бэлддэг хэлний төвд очиж сураад өөрийгөө их голсон.
Тэгсэн манай багш чамд хэлний авьяас байна гэж хэлж байсан учраас их урам ороод бие дааж үзэж эхэлсэн. Өөрийнхөө сонирхолтой зүйлтэйгээ холбоод хэлээ сайжруулбал дээр юм байна гэж бодоод өөрөө өөртэйгээ ажиллаж эхэлсэн. Дуртай зүйлтэйгээ холбож сурахаар хүн нэг л мэдэхэд сайжраад ирдэг юм байна. За ер нь гайгүй боллоо гэж үзсэн үедээ шалгалтаа өгөөд хангалттай оноогоо авсан. Инээд би TOEFL-ын оноотой болчихлоо одоо сурна гээд олон газруудыг судалсан. Гол шалгуур нь ойн экологийн сайн сургууль байх ёстой гэж бодоод нэлээн олон сургуулиудад хүсэлт өгсөн юм. Австрали, Шинэ Зеланд, Герман, Япон гээд бүгд руу нь өргөдлөө явуулсан. Гэвч би АНУ руу явуулаагүй байж байтал нэг өдөр манай найз ирээд олон хүн хүсэлт гаргадаг Фулбрайтын тэтгэлэг гэж байна. Чамд яг болох юм шиг байна гэхээр нь бараг сүүлийн өдөр нь материалаа өгч байсан юм. Тэгээд Герман, Японоос тэнцсэн гэдэг мэдээ аваад байж байтал Фулбрайт-аас холбогдоод та тэтгэлэг авахаар боллоо гэсэн. Тэгж миний хүрч болохгүй оргил гэж бодож байсан АНУ-д сурах нь боломжтой боллоо гэж өөртэй баярлаж байсан.
АНУ-д докторт сурна гэдэг маш их ачаалалтай байдаг гэж анзаарсан. Тэгэхээр докторт сурч байсан үеийн түүхээсээ бидэнд хуваалцвал?
Докторын зэргээр сурна гэдэг нь хаана ч хүнд хүчир, өөрөөс маш их сахилга бат, чармайлт шаардсан ажил байдаг. Тэгэхээр үүнийг маш өндөр шаардлагатай газар очоод, төрөлх биш хэл дээр хичээлүүдээ үзээд, мундаг хүмүүстэй өрсөлдөөд явахад үнэхээр бэрхшээлтэй байсан. Хамгийн хэцүү нь мэдээж эхний улирал байсан. Манайхны хэлдгээр нусаа хацартаа наасан. Мэдээж АНУ бол гоё орон гэхдээ эхний улиралд бол түүнийг мэдрэх завгүй зөвхөн хичээлээ л хийдэг байлаа. Америк оюутнууд өдөр үзсэн хичээлээ орой нь даалгавраа хийгээд л хүрээд ирдэг байхад миний хувьд тэр даалгавраа хийхийн тулд суурь болдог маш олон онолын асуудлыг өөрөө бие дааж үзэх шаардлага гардаг байсан. Ер нь эхний улиралдаа маш бага унтаж байсан даа. Тэгээд дараагийн улиралдаа хүн чинь сайжраад ирэхээрээ арга барилаа олоод, ерөнхий мэдлэг маань сайжраад ирэхээр арай нэг гайгүй болж ирсэн. Тэгээд ер нь багшаас маш их зүйл хамаардаг, яг нэг бүрчлэн хэлэхгүй ч гэсэн энэ хүнд ямар зааварчилга хэрэгтэй байна гэдгийг мэдээд, мэдрэмжтэй удирдаж ажилладаг юм байна лээ. Сайн багш дээр таарвал илүү ихийг амжуулах юм байна лээ.
Яг диплом удирдаж байсан багшийнхаа тухай дурьдвал?
Манай багшийг Tom Gower гэдэг хүн бий, миний зорьж очсон багш. Яагаад гэвэл 2001 оноос Монгол улсад “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-ийн тусламжтайгаар АНУ-ын шинжлэх ухааны академитай хамтарсан төсөл хэрэгжсэн юм. Тэр төсөл дээр АНУ-ын хамгийн мундаг эрдэмтэдтэй хамт ажилласан. Тэгээд залуучуудыг чадваржуулна гээд дандаа эрдэмтэд маань биднийг дагуулж ажилладаг байсан. Тэр үед өөрөө ирж оролцоогүй ч гэсэн өөрийн хариулсан ахисан төвшний оюутнуудаа чадваржуулдаг University of Wisconsin-Madison-ын багш Tom Gower гэдэг эрдэмтэн байдаг гэж анх сонсож байсан юм.
Тэгсэн Фулбрайтад тэнцчихээд 5 сургууль таныг хүлээж авахаар болсон байна. Та одоо дуртайгаа сонго гээд тэтгэлгийн комисоос ярьсан. Эхлээд нэгэнд нь тэнцвэл их юм гэж бодож байсан чинь 5 сургуульд тэнцчихээр одоо алийг нь сонгох уу гэдэг нь хэцүү болсон. Харахаар бүгд л судалгаа хийдэг, гоё хөтөлбөртэй сургууль байсан. Тэр дунд миний хамт ажилламаар байсан багш маань бас авна гэсэн байхаар нь бас бодсон л доо. Тэгээд мөн амьдрах газраа харсан л даа. Би өөрөө бол том хотод дургүй, байгальдаа ойрхон байх дуртай. Тэгээд харсан чинь University of Wisconsin-Madison сургууль бол их үзэсгэлэнтэй хоёр нуурын дунд байдаг. Зүйрлэж хэлэх юм бол Хөвсгөл далайн эрэг дээр байгаа юм шиг тийм гоё кампустай байсан. Тэгээд би google-ээс орж харчхаад яг л миний орох газар байна гэж бодсон. Тэгээд мөн хүмүүсийн нь хоббиг харж байсан чинь манай багш холын зайн морин уралдаанд морь уяж, өөрөө унаж оролцдог гэсэн байсан. Би өөрөө моринд их дуртай учраас эцсийн шийдвэрээ тэгж гаргаж байсан юм. Тэгээд би очиж хамтраад ажиллаж байхад багш маань их мундаг удирдагч хүн байсан. Манай баг ихэнх нь Америк оюутнууд байдаг. Багш маань хэрэгтэй үед нь залаад, хэрэгтэй үед нь өөрт нь цагийг нь гаргаад өгчихдөг тэр нь гоё байсан. Зарим хүмүүсийн ажлын бүтээмж өглөө сайн байдаг бол, зарим нь үдээс хойш сайн байдаг, биднийг яг хэдэн цагт ир гэхгүй хийх ёстой юмаа хийчихвэл болдог. Бүгд өөр өөрийн хуваарьтай байдаг байсан. Тэр олон төрлийн хүмүүсийг бүгдийг нь эрдмийн ажлыг нь удирдахаас гадна их сайн төлөвшүүлж байсан. Тэр нь их таалагдсан, би багш болох юм бол багш шигээ л багш болно гэж тэр үед шийдэж байсан юм.
Яг энэ тэтгэлэгт материалаа өгч байсан. Тэтгэлэгт бэлдэж байсан үеэсээ хуваалцвал?
За би түрүүн хэлж байсан. Докторын төвшинд суралцъя гэж шийдсэнээс хойш нэлээн олон газар руу өргөдлөө явуулж байсан. Энэ бүх тэтгэлэгүүдэд нийтлэг байсан зүйл нь нэгдүгээрт хэлний шалгуур. Гэвч хэлний шалгуур бол хамгийн мэдээжийн шалгуур байдаг юм байна билээ. Үүнээс цаашаа бол хүний өөрийн хувийн судалгааны сонирхол, чадвар, цаашдаа зөвхөн өөрт хэрэгтэй биш, нийгэмд хэрэгтэй байх, оруулах хувь нэмэр гэх мэт зүйлийг харж сонгодог юм байна лээ. Тэгээд АНУ-д доктор, магистрт сурахад заавал GRE шалгалт өгдөг. GRE шалгалт бол гадаад оюутнуудад зориулсан шалгалт биш Америк оюутнууд хүртэл өөрсдөө их унадаг амаргүй шалгалт байдаг. Тэр шагналтандаа бэлдэхэд тэр үед сургалтын дамжаа байгаагүй. Шалгалт авдаг төд нь ШУТИС дээр байдаг байсан. Тэгээд би хүнд захиж ном авчруулаад, бас онлайнаар бэлдсэн.
Миний дутагдалтай тал бол шинэ үг байсан. Тэгээд би энэ тал дээр би их өндөр оноо авна гэдэг найдвараа арай бага тавиад, бичих чадвар болон математик хоёр дээрээ анхаарлаа хандуулъя гэж бэлдсэн. Тэгэж нийлбэр оноогоороо боломжийн сайн оноо авсан. Тэгээд хамгийн хэцүү нь шалгалтын комиссын өмнө ярилцлага хийдэг. Олон хүмүүс суугаад надаас ярилцлага авсан чинь их сандардаг юм байна билээ. Тэгээд мэргэжлээ яагаад сонгосон. Яагаад заавал докторын төвшинд сурах гээд байгаа юм. Сурснаараа танд ямар ашигтай юм, та өөрийгөө нийгэмд яаж ашиглах юм гэдгийг асуудаг юм байна. Тэгээд би ер нь бол нийгмийн идэвхтэй, би өөрөө хувьдаа өсөж дэвжинэ, үүний дараа би сурсан мэдсэн зүйлээ ямар ч байсан байгаль орчны салбарт нийгэмд хандаж ашиглана гэдгээ өөрийнхөө бодлыг сайн тайлбарласан тэгээд л тэнцсэн байсан даа.
Сурсан мэдсэнээ эргээд нийгмийн сайн сайхны төлөө зориулах ач холбогдлыг нь тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулахдаа харгалзаж үздэг гэлээ. Ер нь сайн дурын ажлын ач холбогдлын талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаач?
АНУ явахаасаа өмнө би сайн дурын ажлыг мэддэггүй байсан. Тэгээд очоод их олон сайн дурын ажлууд байдаг гэдгийг мэдсэн. Нэг талаараа би гэрээсээ хол очсон сургууль маань дөчин мянган оюутантай би ганцаараа Монгол. Тэр үед юм ярилцмаар санагдаад, хэнтэй ярихаа мэдэхгүй. Хичээл дээр хүүхдүүд өөрийн дуртай хичээлээ сонгоод явчихдаг, анги гэж байхгүй учраас эхний үед найз нөхөдтэй болоход бэрхшээлтэй байсан. Тэгээд би сайн дурын ажлуудад оролцоод эхэлсэн чинь хүн их өөрийгөө нээдэг юм байна гэж харсан. Нөгөө талаасаа хүн өөрөөсөө бусад хүмүүсийг бодоод эхлэхээр хувь хүний төлөвшилт их эерэг нөлөөтэй юм байна гэж анзаарсан. Хүн заавал ямар нэгэн байдлаар сайн дурын ажилд оролцож байх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд төгсөж ирээд Монголдоо ч гэсэн сайн дурын ажилд оролцохыг боддог. Залуучууд маань сүүлийн үед их сайн дурын ажил хийдэг болчихлоо. Тэр нь юу ч байж болно, байгаль орчны чиглэлээр байж болж байна. Хүмүүст тусалж болно, дуртай зүйлээрээ л бусдад тусална гэсэн үг. Оролцоо сайн байгааг, мөн клубууд байгааг харахдаа сэтгэл их өндөр, шинэ үеийн хүмүүс маань нийгмээрээ, хамтаараа хөгжих сонирхол нь нэмэгдсэн байгаа гэж дүгнэж байгаа.
Өнөөдрийн дугаар маань өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуулт болгоод хүүхэд залууст хандаж өөрийн зүгээс захих, зөвлөх зүйл байна уу?
Хамгийн чухал зүйл нь залуу байхад хүсэл зорилго хүн бүрд байдаг. Хамгийн гол нь түүндээ хүрэхэд тууштай байх их чухал санагдсан. Тууштай байна гэдэг маань унасан ч босож чаддаг, шантрахгүй төлөвлөгөө гаргаад түүнийхээ төлөө эрт орой хамаагүй зорилгодоо хүрнэ гэсэн тийм тэмүүлэлтэйгээр тууштай байгаасай гэж боддог юм. Тууштай зан чанар ямар ч үед хүмүүсийг маш их амжилтад хүргэдэг. Тэгэхээр тууштай бай. Алсын зорилго руугаа байнга тэмүүл гэж хэлмээр байна.
За бидний урилгыг хүлээн авч цаг заваа гаргаж ирсэн Дээгийдээ маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Та бүхэн маань Дэргэржаргалийн оролцсон сонирхолтой туршлагаа, мэргэжил сонгосон түүхийн бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.
Itunes: энд дарж сонсоно уу
Anchor: энд дарж сонсоно уу
Castbox: энд дарж сонсоно уу
Stitcher: энд дарж сонсоно уу