Энэ удаагийн дугаартаа Наранбаярын Халиунааг урьж оролцуулсан билээ. Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Юуны түрүүнд намайг урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Халиунаа гэдэг. Би МУИС-ыг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Өмнө нь НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг байсан. Мөн Анрид Залуучуудын медиа стартап хамтын ажиллагаа хариуцаж ажиллаж байсан. Одоогоор AFS олон улсын боловсрол солилцооны байгууллагад дэд захирлаар ажиллаж байна. Давхар хэд хэдэн нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллаад явж байгаа. Би 2016 онд Global UGRAD хөтөлбөрөөр Америкт суралцаж байсан ба 2021 онд Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн.
Global UGRAD хөтөлбөрөөр сурахдаа АНУ-д ямар сургуульд сурсан вэ?
Тэгэхээр Global UGRAD хөтөлбөрт тэнцсэний дараа сургуулийн мэдээллийг тодорхой хугацааны дараа өгдөг. Ямар сургуульд очих бол гэсэн хүлээлттэй байсан. Миний томилогдсон сургууль бол Deliver мужийн хамгийн том сургууль University of Delaware гэх 20 мянга гаруй сурагчтай, маш том кампустай сургууль байсан. Global UGRAD хөтөлбөрийн талаар мэдээллийг анх АНУ-ын элчин сайдын яамны цахим хуудаснаас авч байсан. Global UGRAD хөтөлбөр нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1болон 2 дугаар курсын оюутнуудыг АНУ-д зэргийн бус буюу солилцоогоор бүрэн тэтгэлэгтэй сургадаг. Ерөнхийдөө шалгуур нь их дээд сургуулийн оюутан байх, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, TOEFL болон IELTS оноотой байх заавал шаарддаггүй. Процессын хувьд цахимаар өргөдлөө явуулах, ярилцлагын үе гэсэн хоёр үе шаттай явагдсан байгаа.
Global UGRAD хөтөлбөрт бэлдэж байсан үеийн туршлагаасаа хуваалцаач.
Global UGRAD хөтөлбөр бол миний хүсэлт гаргасан анхны тэтгэлэгт хөтөлбөр байсан. Нэлээн их цаг зарцуулсан. Бараг хоёр сар эсээгээ өдөр бүр засаад, шинэчилж бичсэн. Одоо бодохоор тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн өргөдлөө явуулдаг талаар, ямар их цаг хугацаа ордог талаар, цаана нь ямар үйл явц явагддаг гэх мэт маш олон зүйлийг ойлгож, сурч авсан гэж боддог. Үе шатны хувьд, онлайн аппликэйшинаа бөглөөд, эссээ дээрээ би яагаад энэ тэтгэлэгт сонгогдох ёстой мөн яагаад АНУ-д сурахыг хүсэж байгаа талаар эргэцүүлж, эссээгээ дэлгэрүүлж бичихэд цаг их цаг гаргасан. Миний хувьд ярилцлагын үе шат харьцангуй гайгүй байсан.
Одоо Global UGRAD-д бэлдэж байгаа хүүхдүүд юун дээр анхаарах нь зүйтэй гэж зөвлөх вэ?
Миний бодлоор ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлээд, өргөдлөө явуулах гэж байгаа бол тухайн зүйлээ жижигхэн төсөл гэж авч үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тусдаа төлөвлөгөө гаргаад, хэзээ, хаанаас тодорхойлох захидлаа авах, эссээгээ хэрхэн бичих, яаж бэлдэх гээд нарийн бодож, төлөвлөгөө гаргаад төсөл хэмээн авч үзвэл илүү үр бүтээлтэй байх юм шиг санагддаг. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа нь хэтэрхий цагаа бодолцохгүй, тулгамдаж их юм хийдэг шиг санагддаг.
За, хөтөлбөрт тэнцээд явахаар боллоо. Яг тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Тэгэхээр хамгийн түрүүнд тэнцсэн гэдэг мэдээг аваад ээж, аав хоёртоо хэлсэн юм. Тэгсэн чинь би баярлахаасаа ч илүү манай ээж, аав хоёр л баярлаад байгаа юм шиг санагдаж байсан. Тухайн үед би өөрийнхөө сэтгэлийг бэлдчихсэн “за би тэнцсэн ч бай, тэнцээгүй ч бай, би хамгийн сайнаараа л хичээсэн” гэж өөртөө хэлж байсан юм. Одоо бодохоор аппликэйши дээр өөрийнхөө онцлогийг сайн гаргаж өгч чадсан юм болов уу, яагаад тэнцэх ёстой юм. Өмнө нь юу хийж байсан юм гэсэн санаа болгоноо тодорхой гаргаж өгч чадсан юм болов уу гэж бодсон. Тэр дундаа намайг энэ хөтөлбөрт тэнцэхэд өмнө нь хийж байсан сайн дурын ажлууд тодорхой нөлөөлсөн байхаа.
Global UGRAD хөтөлбөрөөр сурч байсан үеийнхээ нэг өдрийг дүрсэлж яриач.
АНУ-д очсон туршлагаа бодохоор сэтгэлд тод үлдсэн хэд хэдэн зүйл байдаг юм. Нэгт нь маш шинэ орчин, бүх зүйл нь дижитал байсан. Технологийн шийдэлд хүрчихсэн нь их өөр байсан. Хичээл сонголт дээр ч гэсэн. 200, 300 хүнтэй лекц орж байхад хажуудаа удирдлагаар асуулт хуриултад оролцдог ч юм уу, тэр бүх зүйл их шинэ санагдаж байсан. Хоёрт нь АНУ-д суралцаж байгаа оюутнууд нь их нээлттэй. Нээлттэй гэдэг нь монгол оюутнуудаас юугаараа өөр санагдсан гэхээр шүүмжлэгч сэтгэлгээ нь илүү хөгжсөн, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх чадварууд нь хөгжсөн надад их сонирхолтой санагдсан. Би өөртэйгөө харьцуулахад магадгүй энэ талууд дээр сайжруулах, анхаарах ёстой юм болов уу гэсэн сэтгэгдэл үлдээж байсан. АНУ-д байсан үе гэхээр өглөө нь хичээлтэй, өдөр гурваас хойшоо сайн дурын ажил хийдэг. Орой нь хичээлээ хийнэ, заримдаа тэр орчинтойгоо танилцана. Ер нь их сонирхолтой, их завгүй өнгөрч байсан юм.
Оролцож байсан сайн дурын ажил, төсөл хөтөлбөрөөсөө дурдах юм бол?
Global UGRAD хөтөлбөрийн нэг тавьдаг шаардлага нь өөрөө АНУ-д очоод 20 цагийн сайн дурын ажил хийх, олон нийтийг хамарсан ажилд оролцох гэсэн шаардлага байдаг. Түүний хүрээнд би 3-4 байгуулагуудад гишүүнээр элсэн ажиллаж үзсэн. Жишээ нь Мартин Лютер Кингийг дурсах өдөр, маш том хүрээнд тэмдэглэгддэг баярын өдөр ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл дээр мөн ажилласан. Тэнд нохойн клуб хүртэл байдаг. Тэгэхээр их сонирхолтой зөвхөн нэг зүйлд хязгаарлагдахгүй. Олон сайн дурын ажил хийгээд, хаана юу хийж байна гээд сонирхоод явсан байгаа. Тэр нь ч гэсэн Монголдоо эргээд ирэхэд илүү олон сайн дурын ажлуудад идэвхитэй оролцох суурийг тавьж өгсөн гэж би хардаг.
Хөтөлбөрт хамрагдаж байхад аялах боломж байсан уу? Хаана хаагуур аялж байв?
Global UGRAD хөтөлбөрийн бас нэг зорилго нь хөтөлбөрт тэнцсэн хүмүүс маань АНУ-ын соёлтой илүү сайн танилцах юм. Би бас боломжийг ашиглаад чадахаараа аялахыг хичээсэн. Global UGRAD хөтөлбөр цаанаасаа зохин байгуулагддаг танилцуулах өдөрлөг нь Вашингтон Ди Сид болж байсан. Тэр үед ч гэсэн Global UGRAD хөтөлбөрөөр явж байгаа, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй танилцаад их сайхан байсан. Тэгээд бид Вашингтонд дөрвөн өдөр өнгөрөөсөн юм. Дараа нь бас сургуульдаа танилцсан найзуудтайгаа хамтраад New York, Miami, Chicogo гэсэн газруудаар аялж явсан. Одоо бодохоор аялж байсан туршлагууд хамгийн тодоор үлддэг юм байна.
Хөтөлбөрт хамрагдсаны дараа ер нь чиний хувьд ямар боломжууд нээгдсэн вэ?
Хамгийн түрүүнд харах өнцөг өөрчлөгдсөн, дараа нь юу хийх үү? Хаана яаж ажиллах уу? Тэр бүгд дээр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хардаг юм. Хоёр дохь гол зүйл нь том хүчтэй хүрээлэл, хамт олонтой болсон. Зөвхөн нэг жил хөтөлбөрт хамрагдаад зогсчих биш, эргээд их том холбоо харилцаатай болж байгаа юм. АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсаны дараагаар том хамт олны нэг хэсэг болдог. AEIF 25 мянган доллар хүртэлх санхүүжилт өгөх төсөл дээр баг болоод хамтраад төслөө явуулах боломжтой байдаг. Түүнд хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүстэйгээ нийлээд төсөл явуулсан. Тэр төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар ялгавартай байдалд болон хүчирхийлэлд өртөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дуу хоолой, түүхийг олон нийтэд таниулах төсөл юм. Тэр төсөл маань бас шалгарсан. Энэ бүх боломж нь Global UGRAD хөтөлбөрт явсан учраас нээгдсэн гэж би хардаг.
Америк руу явахдаа юуг бэлдэж явсан дээр гэж чи бодсон вэ?
Миний зүгээс хоёр санаа дээр ач холбогдол өгмөөр байна. Эхнийх нь өөрөө монгол улсынхаа талаар өргөн хэмжээний мэдлэгтэй болоод явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд очоод би Монголоос ирсэн гэхээр. Монгол хаана байдаг юм, ямар газар байдаг юм гэж их асуудаг. Гэвч зарим хүмүүс Монголд ирж байсан ч юм уу, эсвэл Монголын талаар их сайн сонирхон, судалдаг хүмүүс байна. Тэгэхээр өөрийнхөө улс, соёлын талаар бүрэн мэдээлэл өгөхийн тулд өөрөө эхлээд мэдээлэлтэй байх ёстой. Тэнд найзалсан, танилууддаа дурсгах бэлэг авч явбал бас зүгээр санагдсан.
The Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байгаа. Явах бэлтгэлээ хэр хангаж байна.
Тийм, би бас The Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн гэдгээ мэдээг аваад удаагүй байна. Тэгэхээр бүрэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ 2021 оны намар явна. Миний хувьд The Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд Global UGRAD хөтөлбөрт орсон туршлага маань их нөлөөтэй байсан. The Fulbright тэтгэлэг маань АНУ-ын засгийн газрын болон Монголын засгийн газрын гэж хоёр өөр байдаг юм. Миний хувьд АНУ-ын засгийн газрын тэтгэлэгийг авсан. 12 сарын сүүлээр зарлагдаад хоёр сарын дундуур хаагдсан юм. Тэгэхээр яг хэзээ зарлагдахаар байна, тэр мэдээллээ эртхэн аваад бэлтгэлдээ ороод явах хэрэгтэй юм шиг санагдсан. Өргөдлөө явуулахын тулд их олон материал бэлдэнэ. Global UGRAD-аас ялгаатай нь юу байсан гэхээр сурах төлөвлөгөө гэж бичүүлж байсан. Тэгэхээр цаг хугацааны төлөвлөгөө гаргаад бэлдвэл их хэрэгтэй санагдсан.
Халиунаагийн хувьд одоо магистраа ямар мэргэжлээр сурах гэж зэхэж байгаа вэ?
Миний сурах чиглэл бол нийгэмд чиглэсэн гарааны бизнес юм. Яагаад энэ мэргэжлээ сонгосон гэвэл бизнес зөвхөн ашгийн төлөө байхаас илүү хувь хүмүүс, тухайн улсдаа эерэг нөлөө авч ирэх ёстой юм байна. Тэгээд нийгэмдээ чиглэсэн байх хэрэгтэй юм байна гэж би өөрөө боддог болохоор, давхар өмнө нь ажиллаж байсан туршлагуудаасаа харахад яг бизнесийн чиглэлээр сонирхдог, давхар нийгэмд чиглэсэн бизнесийг Монголд бас дэлгэрүүлье, залуучуудад таниулъя гэсэн зорилгоор энэ мэргэжлээ сонгосон юм.
The Fulbright-д тэнцэхэд яг юу нөлөөлсөн байх гэж хардаг вэ?
Яагаад The Fulbright-д тэнцэх ёстой вэ? гэдэг санаагаа сайн гаргаж ирсэн юм болов уу? Тухайн үедээ The Fulbright руу өргөдлөө явуулахад би бараг гурван жилийн ажлын туршлагатай болчихсон байсан. Сайн дурын ажлуудад нэлээн их хамрагдсан. Ер нь яг дараагийн төвшинд өөрийгөө хөгжүүлье, суралцъя, тэгсний дараа эргээд Монголдоо ирээд нийгэмдээ хувьд нэмэр оруулж чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. The Fulbright-д өргөдлөө явуулахад бэлэн болсон байна гэж өөрийгөө харсан учраас би болох юм байна гэж дүгнэсэн. Магистрын төвшинд суралцахад бэлэн болсон байна. Тэгээд яагаад намайг сонгох ёстой юм гэсэн болгоныг тодорхойлох захидал дээрээ бичиж өгч байгаа хүмүүстэйгээ сайн зөвлөлдөөд, эсээндээ мөн сайн гаргаж бичсэн болохоор тэр нь давуу тал болсон гэж харж байгаа.
Ямар ямар олон нийтийн байгууллагад ажиллаж байсан вэ? Олон нийтийн ажил хийснээрээ чиний хувьд ямар боломжууд нээгдсэн вэ?
Global UGRAD хөтөлбөрөөр явж Deliver мужид байхдаа хэд хэдэн олон нийтийг хамарсан ажлууд дээр сайн дурын ажил хийгээд дараа нь урам аваад НҮБ-ын залуучуудын зөвлөх хороонд хоёр жил сайн дурын ажил хийсэн. Ойролцоогоор 100 гаруй төсөл хөтөлбөрүүд дээр тусалж, гар бие оролцож ажилласан. Түүнээс хойш нэг боломж нээгдэхэд нөгөө боломжууд нь ар араасаа нээгдээд явдаг юм шиг санагдсан. Мэдээж тэр боломжийг нээхийн тулд өөрөө санаачилгатай байх хэрэгтэй. Тэгэхээр нэг боломж нь нөгөө боломжоо нээгээд явж байсан.
Манай өнөөдрийн дугаар өндөрлөх дөхөж байна. АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй хоёр хөтөлбөрт шалгарсан туршлагаа дээрээ үндэслээд тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулахаар бэлдэж байгаа хүүхэд залууст зөвлөгөө өгөөч.
Ер нь олон тэтгэлэгт түгээмэл сонсогддог зөвлөгөө бол сайн бэлтгэх, бэлтгэл чухал гэж хэлдэг. Мэдээж энэ зөв гэхдээ, миний хувьд нэмж хэлэхэд бэлдэж цаг гаргахдаа төлөвлөгөөтэй байх нь хамаагүй үр дүнтэй юм шиг санагдсан. Өмнө нь тэтгэлгээр явсан хүмүүсээс зөвлөгөө ав, яаж өргөдлөө хүчтэй болгох талаар ярилц, уулз ганцаараа л хичээгээд байхгүй стратегитэй, илүү ухаалгаар бэлдэх хэрэгтэй шүү. Яагаад би тэнцэх ёстой вэ гэдгээ мэдрээд, ойлгосон цагт хамгийн том ажлынхаа ард гарчихсан байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ хоёр талаас нь хэлж зөвлөөд энэ ярилцлагаа дуусгая гэж бодлоо.
За бидний урилгыг маань хүлээн авч сайхан ярилцсан Халиунаа даа маш их баярлалаа. Цаашдын ричээл сурлагт нь өндөр амжилт хүсье. Уншигч та бүхэнд маань Халиунаагийн ярьсан сонирхолтой подкастыг доорх холбоосоор орж бүрэн эхээр нь хүлээн авна уу!
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл