Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн зочноор The Аpprentice Mongolia шоуны оролцогч, American University-ийн төгсөгч Н.Ананд оролцож байна. Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
Сайн байна уу? Уншигч та бүхэндээ өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. Намайг Ананд гэдэг. Сая хэлсэнчлэн The Аpprentice Mongolia шоуны оролцогчдын нэг. АНУ-ын Вашингтон ДиСи хотод байдаг American University-г олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Анх 2013 онд Плехановын нэрэмжит орос хэлний сургуулиа төгсөөд 17 настайдаа таньж мэддэг хүн байхгүй газар луу 23кг-тай цүнхээ бариад мөрөөдлөө өвөртлөөд явж байлаа.
Яагаад заавал Америк руу явах болсон бэ?
Олон хүний Америкт очиж сурах хүсэл мөрөөдөл адилхан шалтгаанаар үүсдэг байх. Багадаа үзэж байсан кинонууд дээр Америк орны тухай их гардаг. Багадаа ээжтэйгээ Америк явах гэтэл аяллын виз гараагүйгээс явж чадаагүй юм. Тэгээд яавал виз нь гардаг юм болоо гэхэд ээж оюутан болбол оюутны виз гардаг юм гэж хэлсэн. Түүнээс хойш Америк явж сурах юм бол Диснейлэнд үзэх юм байна гэж боддог болсон. Том болоод тэр бодлууд өөрчлөгдөөд мэргэжлээ сонгох, ирээдүйд хэн болох юу хийхийг хүсэж байгаагаа судалгаа хийгээд, олон улсын харилцааны чиглэлээр дэлхийн их гүрэн геополитик хаашаа яаж явж байгааг судалдаг, дипломатын өргөн түүх онолын том төв болсон нөлөөлөл бүхий газар суралцъя гэж бодоод Америкийг сонгосон. Би усанд дуртай болохоор Калифорнид сурах хүсэлтэй байсан. Хичээлээ тараад далайн эрэг дээр очоод далайд сэлж суръя гэдэг бодол байсан. Америкт хотоосоо, хот дотроо бүсээсээ хамаараад аюулгүй байдал нь өөр өөр байдаг. Тэгээд ДиСи нь нийслэл гэдэг утгаараа аюулгүй байх гэж бодсон бөгөөд манай аав ээж хоёр ч дэмжсэн. Сургууль маань бакалаврын зэрэг олгодог хөтөлбөрөөрөө Америкт топ аравт ордог олон улсын программтай сургууль учраас тэр сургуулийг сонгосон.
Англи хэлээ яаж сурч байсан бэ? Сурагчдад хандаж юу гэж зөвлөх вэ?
TOEFL, IELTS-ийн хангалттай оноотой байсан ч тодорхой хэмжээгээр хэл нь гологдох асуудал байдаг л даа. Түүнээс айж болохгүй. Угаасаа бид нарын академик түвшний англи хэлийг хэр түвшинд байгаа вэ гэж шалгаж байгаа. Яг очихоор тухайн соёлоос хамаарч харилцааны англи хэл дээр гацаж хоцордог. Хичээл дээр бас судалгаа шинжилгээтэй бичих чадвар гээд шал өөр чадварууд шаарддаг. Эсээ нь бүтцийн хувьд өөр байсан учраас би эсээ дээрээ маш их алддаг байсан. Ярианы англи хэлээ сайжруулж, тухайн нийгэмд нь орохын тулд тухайн газрын хүмүүс сүүлийн үед юу үзэж байна, багаас нь юу үзэж өссөн байна гэдгийг нь эртнээс судлаад үзээд явж байх нь зүгээр. Friends цуврал ч юм уу. Очоод үеийнхээ залуучуудтай нийлэх хэрэгтэй. Тэд нар үг үсгийн алдаа, наргиан ойлгож байна уу гэх мэт зүйлсийг тоохоо болиод чиний хувь хүнийг чинь үнэлж давхар чамд заагаад тайлбарлаад явах учир хэзээ ч санаа зовох зүйлгүй. Академик түвшний англи хэл дээр багш нартайгаа сайн ойлголцож тодруулж асуугаад ярилцах хэрэгтэй.
Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлуудаа хэрхэн зохицуулж байсан бэ?
Сургалтын төлбөрийн хувьд намайг бага байхаас манай гэр бүл надад хуримтлуулсан хадгаламжийг ашигласан. Тодорхой хэмжээний тэтгэлэг авсан. Тухайн үед би янз бүрийн тэмцээн уралдаануудад их ордог байсан. Жишээ нь илтгэлийн тэмцээнд оролцоод 1,000 ам.доллароор шагнуулж байсан. Хажуугаар нь ажил хийж өдөр тутмын хэрэглээний зардлуудыг олдог байсан. Гадаад оюутнууд хуулиараа 20 цаг ажиллах ёстой байдаг.. Мөн дэлхийн банкны Монгол дахь төсөл дээр OPT-ээр ажилласан.
Америкт суралцах хугацааныхаа сэтгэлд тод үлдсэн дурсамжуудаасаа хуваалцаач.
Идэвхтэй байсан үе нь хамгийн гоё байсан. Зөвхөн хичээлээ л хийдэг GPA өндөр гэхээс илүүтэй гадуур найзуудтайгаа уулздаг, янз бүрийн арга хэмжээнүүдэд оролцдог идэвхтэй үеүд гоё байсан. Америкт зургаан жил байснаас нэг жил нь завсарлага авсан. Намайг төгсдөг жил эхнэр маань зуны амралтаараа Америкт очоод олон хот мужуудаар онгоцтой аялал хийсэн. Калифорниг тэр чигт нь хөндлөн дээрээс нь доошоо яваад, ЛасВегас, Чикаго, Нагаторо, Флорида гээд олон гоё газраар явсан. Би усанд дуртай болохоор Калифорний Venice beach, ЛасВегасд байдаг далайн эрэг дээр очиж Surfing-ийн сургалт авсан нь бас гоё дурсамж юм.
Америкт суралцаж байхдаа хүнд сорилтуудтай тулгарч байсан уу?
Бүх л зүйлс дээр өдөр тутам бэрхшээлүүд тохиолддог. Гол нь хүн тэрийг өөрөө яаж хүлээж аваад түүнээсээ гарах шийдэл арга замаа хэрхэн олж, хэр сайн шийдэх вэ гэдгээс хамаардаг. Тэнд очоод муухайгаар хэлбэл чи хэн ч биш болно гэсэн үг. Ганцаараа гэдгээ маш сайн ойлгож зорилгынхоо төлөө явах хэрэгтэй. Хэн ч чамайг шахахгүй, өөрөө өөрийнхөө хариуцлагыг чи өөрөө л үүрнэ. Бие дааж чадсан хүн амьдралынхаа цаашдын замналыг аваад явна. Өглөө босох ёстой, өглөөний цайгаа уухгүй бол миний л бие муудна хэн ч намайг эмнэлэг дагуулж явахгүй гэх мэт наад захын жишээнээс өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хүн ер нь гадаадад сураад үзэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт өөр орчин, өөр соёл зан заншлыг харахаар багаас өсөн торнисон зүйлийн талаарх мэдлэг ойлголт зузаарна гэсэн үг. Тийм учраас нийгмийнхээ соёлын хүрээнд гадаадад суралцах нь зөв. Хоёрдугаарт бие даах чадвар нэмэгдэнэ. Бие даах чадвар сайжирснаар шийдвэр гаргах, ажлын байран дээр гараад хэн нэгэн хүн энийг хийчих гэж хэлүүлэлгүйгээр өөрөө санаачлаад, үр дүнгээ гаргаад, кайф аваад, цаашаа үргэлжлээд явах дадалтай болдог.
Төгсөөд ирсний дараа ажил амьдрал дээр Америкт сурсан туршлага тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Төгсөөд ирсний дараа бие дааж ажиллах, анализ хийх, юмыг боловсруулах, сурах ажиллах арга барил өөрчлөгдсөн учраас түүнээсээ хамаараад ажил дээр гарахад амар байсан. Би хоёр газар ажилд орж үзсэн. Аprentice-ийг дуусгаад өөрийгөө олон тал дээр таньж мэдсэн, юунд дуртайгаа, юу хийх хүсэлтэйгээ, ямар ур чадвар дутагдаад байгаа юм гэдгээ сайн олж харсан. Би төгсөж ирээд хамт олонтойгоо хамт Томьёог үүсгэн байгуулж босгосон. Манайх түрүү жилийн 12-р сар гэхэд 150,000 орчим хэрэглэгчидтэй болж, одоо гадаад руу гарахад бэлэн болсон. Богинохон хугацаанд буюу найман сарын дотор босгосон. Start-up гэдэг нь нийгэмд ямар нөлөө үзүүлж болдог гэдийг ойлгосон ба надад давхар corporative ертөнцийг ойлгох хүсэл байсан. Том корпорац компанийн соёл, тогтоц Start-up-аас юугаараа ялгаатайг мэдэх хэрэгцээ байсан учраас MCS компанийн нэг салбарт нь ажиллаж байна. Томьёо дээр тодорхой төслүүд дээр нь оролцоод явахаар болсон. Одоо Монголд Start-up-ийн зөв системийг бий болгох гээд M-Start Hab, M-Start academy гэсэн төслүүд дээр ажиллаж байгаа.
Сурагчдад мэргэжлээ сонголтын тал дээр зөвлөгөө өгөөч.
Мэргэжлийн тухайд гэвэл Интерномын салбаруудаар “Гадаадад суралцах гарц” гээд ном байгаа. Тэр нь дээр мэргэжил сонголтын талаар их дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байдаг. Өөрийгөө таньж мэдэх аргачлал асуултууд, ирээдүйд хаашаа чиглэх вэ гээд тодорхойлох асуултууд дэлгэрэнгүй байгаа.
American university хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад хэр ээлтэй юм шиг санагдсан бэ?
Америкт улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан дүрэм журам бодлого гэж байдаг. Манай сургуульд сонсголын бэрхшээлтэй оюутны хажууд нь заавал орчуулагч хамт суугаад суугаад дохионы хэлээр орчуулж өгдөг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцдаг Disabilities offiсe гэж байдаг. Тэндээс мэдээллүүдийг цааш нь явуулаад, багш нар нь тухайн оюутанд ямар туслалцаа шаардлагатай гэдгийг мэдээлж байдаг. Эхний өдрөөсөө л өөрийгөө танилцуулж шаардлагатай зүйлсээ мэдээлэлдэг. Оюутнууд хичээлүүдээ хувааж аваад явуулах гэх мэт боломж нээлттэй байдаг байсан.
Америк явж суръя гэсэн зорилго тавьсан хичээж буй залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
Ганцхан ерөнхий том зөвлөгөө бол айдасгүй байх. Оролдоод үз, тэгвэл чи чадна.
Өөрийн туршлагаа хуваалцаж зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Баярлалаа.
Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.