"EducationUSA Mongolia"-аас бэлтгэн хүргэдэг “Америкт суралцсан миний түүх” подкастын цувралыг Та бүхний мэлмийд нийтлэл болгон хүргэж байгаадаа таатай байна.
Танилцуулга: Л.Мягмаржав нь Бакалаврын оюутнуудад зориулсан Global UGRAD хөтөлбөр болон АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан “Амьтан судлал”-ын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, эх орондоо ирээд өөрийн мэргэжлээрээ “Оюу Толгой” ХХК-д ажиллаж байна. Мөн Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Мягмаржав гэдэг. Би 2013 онд АНУ-ын Фулбрайт тэтгэлэгт тэнцэж, Vermont-ын их сургуульд “Амьтны экологи” гэдэг мэргэжлээр суралцаж, төгсөөд 2015 онд эх орондоо ирсэн.
Америкт суралцахаар явахаас өмнө ямар ажил эрхэлж байсан бэ? Баклавраа ямар мэргэжлээр хаана төгссөн бэ?
2012 онд Монгол Улсын Их Сургуулийг “Экологи, байгаль хамгаалал”-ын мэргэжлээр төгсөөд, Фулбрайт тэтгэлэгт материалаа өгчихсөн хүлээж байх хугацаандаа тухайн үеийн Гео экологийн хүрээлэнд хөрсний экологичоор нэг жил ажиллаж байгаад 2013 онд Америкт сурахаар явсан.
Америкт суралцахаар шийдэхэд хэн юу хамгийн их нөлөөлсөн вэ?
Манай аав, ээж хоёр хамгийн их нөлөөлсөн. 10 жилд байхад л “Америкт боловсрол эзэмших юм бол олон зүйлсийг сурахад чамд өөрт чинь хэрэгтэй. Хэлээ сайжруулна” гэж зөвлөдөг байв. Ер нь боломж харсан хүн чинь түүнийхээ төлөө хичээдэг, явах хүсэлтэй болдог юм байна билээ.
Таны хувьд Америкт анх яаж очсон тухай, Фулбрайтын тэтгэлэгт хэрхэн бэлдэж байв?
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэхэд хэлний хувьд асуудал байгаагүй. Учир нь 10 жилд байхаасаа л аавыгаа дагаж гадаад судлаач нартай хөдөө судалгаанд их явдаг байсан болохоор сонсох, ярих тал дээр бол боломжийн. Харин акедимик төвшинд дутуу зүйлс байсан болохоор бичих, унших, уншсан зүйлсээ найруулах тал дээр биеэ дааж их бэлдсэн. Үүний дараа Америк очоод хичээлээ ойлгох, найз нөхөдтэй болоход хэлний тал дээр асуудал гараагүй. Эхний жил хичээлдээ анхаарсаар байгаад маш завгүй өнгөрч байсан.
Америкт сурсан нь танд одоо өөр оронд ч юм уу эсвэл Монголд сурснаас юугаараа давуу талтай санагдсан бэ? Хувь хүнд тань яаж нөлөөлсөн бэ?
Надад нүдээ нээхэд тусалсан даа. Хөгжих хэрэгтэй юм байна, ямар арга байна гэдэг боломжуудыг зааж өгсөн. Мэдээллийг яаж олж авах уу, авсан мэдээллээ яаж боловсруулах уу, бусдад яаж хүргэх үү гэдэг арга замуудыг заасан. Мөн Монгол бол дэлхийн төв биш, Монголд зөвхөн асуудал байгаа юм биш, зөвхөн Монгол сайхан байгальтай, сайхан амьтадтай биш юм байна, бусад газарт ч гэсэн сайхан байгаль, сайхан амьтад байна. Гэхдээ Монголынхоо байгаль, ан амьтдыг яагаад хамгаалах хэрэгтэй вэ гэдгийг ойлгосон. Говийг яагаад Говь чигээр нь байлгах ёстой юм, тэгэж байж тэр говийн амьтад говьдоо байна. Хэрвээ говьд хэцүү байна гээд мод тариад, устай болгох гэвэл тэр газар дасан зохицсон амьтад устах, шахагдах аюултай. Тэгэхээр экосистемийг экосистемээр нь хадгалж үлдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголыг тэр чигээр нь хангай болгочих юм бол утгагүй биз дээ?
Одоо Монголд ирж байгаа жуулчдын багагүй хувь нь говийг харах л гэж очиж байна. Тэр хүмүүст чинь хот нь байна. Сайхан хангай уул, мод, ус нь байна гэхдээ говь байхгүй юм байна шүү дээ гэдэг бодлыг төрүүлсэн. Бас надаас өөр үзэл бодолтой, юмыг өөр талаас нь хардаг хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгосон. Олон шашин, олон соёл байна, надтай санал нийлэхгүй хүмүүс байна гэдэг чинь тэр хүний буруу гэсэн үг биш, тэр хүн өөрийнхөө өнцгөөс харж байна гэсэн үг. Санал нийлэхгүй гэдэг дээрээ нэгдээд л хоёулаа хамтраад л явах ёстой юм байна гэдгийг сурсан. Мөн хэт их өндөр хөгжил гэдэг нь их хүсэх зүйл биш гэдгийг ойлгосон шүү.
Магистрт сурч байх хугацаан дахь хамгийн баяртай, дурсамжтай мөч юу вэ?
Хамгийн дурсамжтай мөч гэвэл сургууль маань оюутнуудад хичээлийн хажуугаар өөр газар очиж сургалтад суух боломжийг олгодог байсан. Миний хувьд 14 хоног яг зэрлэг амьтны ангаар олж байгаа мөнгө хаана зарцуулагддаг талаарх сургалтад явах боломж олдсон юм. Тэр үед хүмүүс андаа яаж бэлддэг болох, ангаас олсон мөнгө нь хэрхэн зөвшөөрөгддөг буюу лиценз худалдаж авдаг болох тухай, тэдний хэдэн хувь нь яаж зарцуулагддаг талаарх сургалтад хамрагдсан. Мөн нэг шувууны ферм дээр очоод бид ан хийсэн. Тэр их гоё сургалт байсан. Надад их таалагдсан зүйл нь тухайн үед гурав, дөрвөн өөр янзын сургуулилттай нохойнуудтай ажиллаж, нэг нь шувуу нисээд буудахаар хаана унасныг очиж заадаг, нөгөө нь буудаад унасан шувууг авчирч ирдэг, мөн үргээгч нохойтой. Тэр нь сүрэг шувуунуудыг сууж байхад нь очиж үргээдэг. Ингээд нохой бүр өөр өөрсдийнхөө хариуцсан ажлаа хийдэг нь их сонирхолтой санагдаж байсан.
Яагаад заавал амьтан судлалаар сурах болов, экологич гэдэг энэ мэргэжлийг эзэмшихэд юу хамгийн их нөлөөлсөн вэ?
Би хүүхэд байхаасаа л аавтайгаа хамт жилдээ нэг юм уу, хоёр удаа хөдөө их явдаг байсан. Байгалийн сайхан амьтдыг хараад хайрлахгүй байхын аргагүй юм байна билээ. Ийм сайхан амьтад байхад чинь гээд л ялангуяа чоныг их сонирхдог байлаа. Чонын тухай өөрийнхөө хэмжээнд судалгаа хийнэ, кино үзнэ гэх мэт. Бараг 6-р ангид байхдаа би байгаль орчин, ан амьтны чиглэлээр л ажиллах хүн юм байна гэдэг мэдрэмж төрж байсан. Ингэхээр, тухайн зүйлдээ ойрхон байхаар хайрлах хамгаалах сэтгэл төрдөг юм байна гэж бодогдсон. Ер нь их сургуулийн ангийн хүүхдүүдийгээ бодоход 70-80 орчим хувь нь хөдөө, орон нутагт өссөн, тэнд арван жилээ төгссөн, байгалийн сайхныг мэддэг, мэдэрдэг хүүхдүүд илүүтэй сонгодог шиг анзаарагдсан. Экологич мэргэжил бол яг чин зүрхнээсээ байгальд экологид дуртай, байгаль орчин, амьтанд хайртай хүмүүс л сонгодог мэргэжил дээ.
Та Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, сайн дурын ажилд оролцдог энэ тухайгаа хуваалцаач.
Америкт төгсөөд ирсний дараа АНУ-ын Элчин сайдын яамнаас маш их мэдээлэл өгдөг болсон. MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо гэж байдаг. Сайн дурын үйл ажиллагаа их зохион байгуулдаг. “Чи ирж оролцоорой эсвэл шинэ жилд оролцоорой” гэж их хэлдэг байлаа. Тэгээд би өөрийгөө нийгмийн харилцааны тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж бодоод сайн дураараа оролцож эхэлсэн. Маш их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүр нь дандаа сайн дурын, бусдад мэдээлэл түгээх, бүх төвшний хүмүүсийг арга хэмжээндээ оролцуулахыг зорьдог, зохион байгуулж байгаа газраа хүртэл сонгохдоо тэргэнцэртэй хүмүүс оролцох боломжтой байна уу гэдгийг анхаардаг болохоор таалагдсан.
Дээрээс нь 10 жилийн хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох тухай зөвлөгөө, мэдээлэл өгдөг хөтөлбөр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Сүхбаатар, Эрдэнэтэд зохион байгуулсан хөтөлбөрүүдэд би оролцсон. Өөрийнхөө сурсан мэргэжлийнхээ талаар хуваалцах нь гоё байсан. Хоёр гурван сургууль дээр очиход заал дүүрэн хүүхдүүд цугласан байсан. Ялангуяа яг мэргэжлээ сонгох гээд явж байгаа тэр цагаан цаас шиг хүүхдүүдэд зөвлөгөө өгч, эзэмшсэн мэргэжлийнхээ талаар хуваалцахаар илүү их гоё санагддаг юм байна билээ. MASA-ын үйл ажиллагаанууд дандаа сайн дурын үндсэн дээр явагддаг. Тэтгэлэгтэйгээр сурах боломжтой тухай, түүнд хэрхэн тэнцэх вэ, тэтгэлэг яаж авах вэ, эсээ гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгдөг.
Америкт одоо суралцахаар хүсэж байгаа хүүхдүүд, хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхчүүдэд юуг зөвлөх вэ?
Судалгаагаа эртхэн хийгээд, төлөвлөгөөтэй л явах хэрэгтэй. Жишээ нь гэнэт сарын өмнө энэ хөтөлбөр зарлагдах гэж байгаа юм байна. “За бэлдье” гээд л шууд номоо уншаад сууж байснаа долоо хоног бэлдэж байгаад залхаад эсвэл хугацаандаа амжихгүй бол хүчээр бэлдэхээр бие организм чинь хүртэл залхдаг. Ингэж өөрийгөө хүчилж сураад богино хугацаанд бэлдсэн учраас тэнцэхгүй тэгээд шантраад бууж өгдөг. Тэгэхээр жил бүрийн тавдугаар сард Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг гэдгийг эхэлж судалж, төлөвлөөд хугацаагаа тооцоолж бэлдэх нь зөв. Өмнө нь явсан хүмүүстэй уулз, АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл авах гэх мэт шат дараалсан төлөвлөгөөтэй бэлдэхэд боломжтой гэж бодож байна. Сурахад хэзээ ч оройтохгүй ч гэсэн цаг хугацаа нь тулсан үед түүхий юм хийгээд тэнцэхгүй, шантарч байснаас төлөвлөгөөтэй, шат дараалалтай яг төлөвлөгөөний дагуу хийгээд бэлдэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Бидний урилгыг хүлээн авч, манай подкастын дугаарт оролцсон танд талархал илэрхийлье. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье!
Дохионы хэлний орчуулгатай үзэх бол доорх холбоос дээр дарж үзнэ үү!
Та бүхэн Л.Мягмаржавын ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.
Itunes: https://apple.co/2yKIhbk
Stitcher: https://bit.ly/2SVNDav
Castbox: https://bit.ly/35N3c9C
Anchor: https://bit.ly/3dwCOna
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |