Events

Өмнөговь болон Дундговь аймагт “RURAL OUTREACH 2022” хөтөлбөр хэрэгжүүллээ

(To read in English click here)

Mонгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь 2007 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш хүн бүрт тэгш хүртээмжтэй боломж олгохын төлөө сайн дурын ажлууд санаачлан зохион байгуулсаар ирсэн юм. Боловсролын мэдээллийг тэгш түгээх зорилгоор Америкт Төгсөгчдийн Холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр нь АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America-тай хамтран хөдөө орон нутгийн сурагчдад Мэргэжил Сонголт болон Америкт сурах боломжуудын талаар мэдээлэл түгээх “Rural Outreach Program-2022” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

MASA нь тус хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг ч 2021 онд цар тахлын улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсон. Харин 2022 онд тус хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой болсон ба 2022 оны 4 болон 5 саруудад МАSА-ны сайн дурын гишүүд болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөхүүд, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл бүхий баг Монгол Улсын 6 аймагт гурван удаагийн аялал хийж ахлах ангийн сурагчидтай уулзаж, мэдээлэл түгээсэн юм.

2022 оны анхны “Rural Outreach” хөтөлбөрийг Өмнөговь болон Дундговь аймагт зохион байгуулж нийт 1000 гаруй ахлах сургуулийн сурагчдыг хамруулсан 6 арга хэмжээг 4 хоногт зохион байгуулсан байна. Тухайлбал Дундговь аймгийн Мандалговь хотод 250 гаруй сурагчдад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан ба тус аймгийн Мандал, Эрдмийн далай цогцолбор сургууль дээр зочилж тус бүрт нь арга хэмжээ зохион байгуулсан юм. Арга хэмжээ бүрт 125 гаруй ахлах ангийн сурагч оролцов. Харин Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 4 болон 5-р сургуульд зочилж тус арга хэмжээг зохион байгуулсан ба нийт 150 орчим сурагч хамрагдсан юм.  Мөн Даланзадгад хотын ахлах ангийн сурагчдад нээлттэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан ба нийт 300 гаруй суудалтай театр дүүрсэн байлаа. Арга хэмжээ бүрийн төгсгөлд Америкт төгсөгч сайн дурын гишүүд болон EducationUSA Mongolia-ийн зөвлөхүүд сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өглөө.

Тус арга хэмжээний хүрээнд Америкт төгсөгчид төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, түүхээсээ хуваалцсан юм. (Хэрэв та тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу).

Мөн MASA нь EducationUSA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр 2020 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан сурагчдад АНУ-д суралцах 5 алхмын товч ойлголтыг өгсөн төдийгүй EducationUSA Mongolia-аас ганцаарчилсан зөвлөгөө авах боломж, үнэ төлбөргүй зохион байгуулдаг бүхий л хөтөлбөр үйл ажиллагааны талаар тайлбарлаж мэдээлэл өгсөн юм. Тухайлбал бидний бэлтгэдэг Америкт суралцсан миний түүх цуврал подкаст сонсож, төгсөгчдийн түүхийг унших боломжтой юм.

Бид цуврал нийтлэлүүдээр дамжуулан бусад аймгуудад зохион байгуулагдсан “RURAL OUTREACH-2022” арга хэмжээний тоймуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.

Өмнөговь болон Дундговь аймагт зохион байгуулсан RURAL OUTREACH - 2022 хөтөлбөрийн бичлэгийг үзнэ үү.