Alumni stories

М.Наранзул "Global UGRAD" хөтөлбөрийн төгсөгч

Сайн байна уу. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Намайг Наранзул гэдэг. 2012 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд АНУ-ын  Endicott College-д Global UGRAD хөтөлбөрөөр суралцаад ирсэн. Одоогоос 10 жилийн өмнөх түүхийг ярих гэж байна. Урьж оролцуулж байгаад баярлалаа.

Одоо хаана ямар ажил хийдэг вэ? Хөтөлбөрөөр сурсныхаа дараа ямар сургууль төгссөн бэ?

MIU дээд сургуулийн 3-р курст суралцаж байхдаа энэхүү хөтөлбөрөөр сураад, эргэж ирээд төгссөн. Төгссөнийхөө дараа маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад, одоогоор Edit Mongolia сургалтын байгууллагад захирлаар ажиллаж байгаа. Кодчилол, англи хэл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Global UGRAD хөтөлбөрийн талаар анх хэрхэн мэдэж, бүртгүүлж, хамрагдаж байсан бэ? Мөн тухайн үед шалгуур нь ямар байсан бэ?

Зар болон шалгууруудыг нь интернэтээс харж байсан. Эргэлзэж байсан нэг зүйл байсан нь би тэр үед TOEFL-ын шалгалт өгөөгүй байсан. Тиймээс яах талаараа тодруулахад намайг байгууллагын шугамаар шалгалтаа өгчих, хэрэв чи тэнцвэл жинхэнээсээ IBT өгүүлнэ гэж байсан. Шалгуурын хувьд 2 эсвэл 3-р курсийн оюутан байна, голч дүн 3.0 ба түүнээс дээш байна, 2  тодорхойлох захидал, эсээ, паспорт зэрэг бичиг баримт шаардлагатай гэж байсан. Мөн дүнгийн хуулбар, элсэхийг хүссэн өргөдөл зэрэг багтаж байсан.

Америкт анх очоод хаана бууж байсан бэ? Анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

Хамгийн анх San Francisco хотод бууж байсан. Байшин барилга гэх мэт зүйлүүд нь дуун дээр гардагтайгаа адилхан байсан.

Сурсан сургуулийнхаа талаар бидэнд сонирхуулаач?

Манай сургууль бол Endicott College. Далайн эргийн хажууд байрладаг. Буйдхан, жижиг газар. Хүмүүс нь намайг маш эелдгээр хүлээж авсан. Надад таалагдсан зүйлүүдээс гэвэл ангийн зохион байгуулалт нь П хэлбэртэй. Энэ нь хэлэлцүүлэг хийхэд маш тохиромжтой байдаг. Сурагчдын оролцоо илүү өндөр, багш нь чиглүүлж өгөх үүрэгтэй. Багш, оюутан хоорондын харилцаа чөлөөтэй, энгийн байдаг. Буруу зөв ярих гэсэн ойлголт байдаггүй.

Америкт суралцаж байхдаа цаг төлөвлөлтөө хэрхэн хийж байсан бэ? Их завгүй байсан уу?

Миний хувьд 5-6 хичээл судалж байсан. Бүх хичээл маань сонирхолтой байсан учраас ачаалалтай санагдаагүй. Үргэлж хичээл гэж завгүй байхгүйгээр тодорхой хугацаанд чанартай суугаад, үлдсэн хугацаанд нь хөгжилтэй байхыг хичээдэг байсан.

Endicott College-ийн хичээлийн эхний өдөр ямар байсан вэ?

Биднийг манай сургууль маш гоё халуун дотноор угтаж авсан. Үүний дараагаар манай сургуулийн захирал Global UGRAD хөтөлбөрөөр ирсэн оюутнуудыг гэртээ оройн хоолонд урьсан.

1-ээс 5 дугаар сарын хооронд ямар нэг баярт оролцож байв уу?

Шинэ жилийн дараах үе болохоор баярууд болоод өнгөрсөн байсан. Ганцхан улаан өндөгний баярт оролцож байсан.

Америкт суралцаж байх үеийн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Global UGRAD хөтөлбөрөөр орон орноос ирсэн сурагчид 5 дугаар сард Washington DC-д нэг дор уулзацгаасан. Заримтай нь сургууль дотор таарч байсан ч, энэ хөтөлбөрөөр сурч байгаа гэдгийг нь мэдээгүй оюутнуудтай тааралдаад, уулзаж ярилцаад, сонирхолтой арга хэмжээнүүдэд хамт оролцох гоё байсан. Тэнд амьдардаг хамаатантайгаа уулзсан. Улс бүрийн оюутнууд өөрсдийнхөө орны онцлогийг танилцуулаад, энэ хөтөлбөрийн ачаар сурсан мэдсэнээ бие биетэйгээ хуваалцах боломж бий болсон нь таалагдсан. Монгол хүүхдүүдтэйгээ ч бас уулзсан. Мөн хар арьст эмэгтэйчүүд, тэдний өмнөх ба одоогийн амьдралын орчин нөхцөлийн талаар судлах боломж олдсон.

Америкт суралцахыг хүсэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Давуу тал, үнэт зүйлтэй, зорилготой, бас том зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Хэдий бид гадаад улсад суралцахаар явж байгаа ч, бидний түүх соёл, өв уламжлал, амьдралын хэв маяг бусдын хувьд суралцах, танин мэдэх үйл болох учраас өөртөө итгэх итгэлээ хамгийн дээд хэмд байлгаарай гэж хэлмээр байна. Магадгүй хэн нэгэн, ямар нэг хэв маягийг чамаас суралцаад үлдэх ч юм билүү.

Мэргэжлээ сонгох гэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

Олон зүйлийг оролдож үзээрэй. Залуу байгаа дээрээ өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл шинээр олон ур чадварыг олж нээх болно. Мөн ойр дотны ах дүүс, найз нөхөд чинь чиний давуу тал, сайн хийдэг зүйлийг мэдэж байж болно. Сүүлийнх нь гэвэл ямар нэг зүйлийг сайн чаддаг болоорой. Тэгвэл ажлын талбар дээр амьдралд ч хэрэг болох болно. Зөвхөн нэг мэргэжлийг 4 жил сурч эзэмшээд, энэ нь амьдралын баталгаа болно гэвэл тийм биш шүү.

Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад ээлтэй юу?

Энэ талаар би сайн судалж байгаагүй болохоор мэдэрх зүйл бага байна. Яахав энд тэнд хөл гар нь гипстэй оюутнууд явж харагддаг л даа. Гэхдээ мэдээж Америк сургууль учраас энэ талаар анхаардаг гэдэгт итгэлтэй байна.

Манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнд суралцсан сургууль, хот, мэргэжлийнхээ талаар ярьж өгсөн Наранзулдаа баярлалаа. Дараа дахин уулзталаа түр баяртай.



⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA