Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Уншигчдад маань зориулаад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Энхболд гэдэг. Би МУИС-ын Ахлах лецэ сургуулийг төгсөөд дараа нь Солонгосын "Kyung" их сургуулийг Бизнесийн чиглэлээр бакалавраа хамгаалаад 2013-2014 онд АНУ-ын University of Massachusetts, Dartmouth-т суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг дүүргэсэн. Мөн Худалдаа Хөгжлийн Банканд 8 гаруй жил ажиллаж байсан. Сүүлд илүү бизнесийн чиглэлээр ажиллах сонирхол байсан учраас Premium групын салбар кампани болох Премиум Групп ХХК / Premium group /кампанид ажиллаж байсан. Яг одоогийн байдлаар Хонконгийн хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын санд Монгол дахь төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын шинжээч гэсэн албан тушаал дээр ажиллаж байна.
Таны мэргэжлийн онцлог юу байв? Одоо таны мэргэжлээр сурах сонирхолтой байгаа хүүхдүүдэд зориулаад ажлынхаа онцлогийг тайлбарлавал?
Энэ асуултыг би илүү мэргэжлээ хэрхэн сонгосон түүхтэйгээ холбож хариулъя. Миний хувьд багаасаа банканд ажиллая гэсэн сонирхолтой байсан. Сонирхол гэхээсээ илүү манай аавын зөвлөгөө. Тэгээд арван жилээ төгсөөд, яг АНУ явах болоод виз өгсөн чинь миний виз гараагүй юм. Тэгэхээр нь Солонгос сургуульд хүсэлт гаргаад тэндээ банкны чиглэлээр сурах сонголт байгаагүй учраас илүү бизнесийн чиглэлээр сураад төгсөж ирээд ажиллах банкнуудаа харж байгаад Худалдаа Хөгжлийн Банканд азаар гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтэст нь данс хариуцсан ажилтан гэсэн албан тушаалаар орж байсан. Тэнд юу хийдэг вэ гэхээр гадны хөрөнгө оруулалтуудыг банзандаа татдаг. Гадны төслүүдийг банкандаа хэрэгжүүлдэг. Мөн худалдааны санхүүжилт, гэх мэтчилэн бизнесүүдийн зээл олгодог ийм ажлуудыг хариуцаж ажиллаж байлаа.Тэгээд үүний дараа 2011-2012 онд Монгол улсын эдийн засаг хөгжөөд гадны төслүүд хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгийн бирж дээр брокрын кампаниудаар дамжуулалгүй хувьцаа авч арилжаалахад мөнгөн төлбөр тооцоог нь банкны дансаар дамжуулж хийх үйлчилгээ нэвтэрч байсан. Тэр ажлын хэсэгт нь орж ажиллаад, туршлага судалж явж байгаад сүүлдээ хэлтэс болоод хэлтсийн захирал хүртэл тушаал дэвшээд ажиллаж байсан. Үүний дараа илүү бизнесүүдийг харж ажигласан зүйл нь тэнд бас нэг өөр төрлийн санхүү явж байна. Арай нэг өөр үзүүлэлтийг харж байна. Арай өөр удирдлагатай юм байна гэж хараад энэ бүхнийг бас судалж үзье гэж бодсоны үндсэн дээр илүү бизнесийн салбарт ажиллах сонирхол төрсөн. Тэгээд эрүүл мэнд, IT гэх мэтчилэн салбаруудыг ажигласан. Ямар кампани гайгүй байна, сайн явж байна, хаана явбал илүү сурах хөгжих бололцоо ихбайна гэдгийг харж байгаад азаар Premium Group Премиум Групп-ын Монголдоо хамгийн хурдтай хөгжиж байгаа группийн нэг Премиум дистрибьютор кампанид ажилд орсон.
Манай компани юу хийдэг гэвэл SU гээд дэлгүүрийн түгээлт, бараа хадгалалт, агуулах, мөн хоолны нийлүүлэлтийг нь хийдэг, 100 гаруй ажилтантай компани байгаа юм. Миний хувьд санхүүгийн менежерээр нь ажиллаж байгаад сүүлд хөрөнгө оруулалтын санд ажиллаж эхэлсэн. Манай ажлын онцлог юу байдаг вэ гэвэл ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт, бизнесийн хөрөнгө оруулалт кампаниудад 5-10 жил ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ажиллуулах сонирхолтой салбар юм. Манайх илүү компанийн хувьцаанд хөрөнгө оруулаад, кампанийн үйл ажиллагааг сайжруулахын тулд үйл ажиллагаанд нь хамтдаа оролцоод, шийдвэр гаргах төвшинд нь хамтран ажиллаад явдаг байгаа.
Солонгос сурсан түүхээсээ хуваалцаач. Тэнд оюутан болж сурахад ямар байдаг вэ?
Солонгост сурахад хэцүү зүйл байсан. Учир нь энгийн нэг улиралд аав ээж хоёроосоо мөнгө аваад яваад сургуулийнхаа төлбөрийг төлчихсөн. Эхний семестрт гайгүй сурвал дараагийн семестрээс 50%-ын тэтгэлгийг авчихна гээд бодчихсон. Их тийм амар явж байтал эхний семестр дуусчихдаг юм байна. Тэгээд мөнгө ч дууслаа. Тэгэхдээ 50%-ын тэтгэлгээ авсан. Гэвч 2004 онд Монголд дундаж цалин 300,000 гаруй төгрөг байдаг байсан бол миний сургалтын төлбөр 50% хөнгөлөгдөөд воноороо сая хоёр зуун мянган вон байсан. Тэгээд энэ мөнгөө яаж хийх үү гээд л бодож эхэлсэн дээ.
Миний үндсэн зорилго бол яг суръя, гадаадад бакалаврын зэргээ эзэмшье гэдэг зорилго байсан учраас сурахынхаа хажуугаар ажил хийсэн. Солонгос улсад АНУ болон Европын орнуудыг бодвол цагийн ажил гэж байдаггүй. Тэгэхээр бүтэн цагийн үйлдвэрт хүртэл ажилладаг байлаа. Өглөө нь хичээлдээ яваад, өдөр гурав, дөрөв гэж ирчхээд, орой шөнийн гурав, дөрөв хүртэл ажиллаа хийгээд л ер нь бол яг дөрвөн жил тэгж өнгөрсөн. Зарим тохиолдолд Монгол оюутнууд чөлөөл аваад, дундаас нь болчихдог зүйл гардаг. Харин би яг сурна л гэж бодож байсан учраас ажлын хажуугаар яг л сурсан. Сургалт бол чанартай, манай сургууль бас сайн сургууль байсан. тэгээд мөн их өрсөлдөөнтэй, яг шалгалтын үеэр долоо найман давхар номын санд дүүртэл нь захиалаад, бүтэн долоо хоног, хоёр долоо хоногоор нь авчихдаг байсан.
АНУ мөн дутуугүй ачаалалтай сурдаг шүү дээ. Тэгэхээр одоо АНУ-д сурч байсан түүхээсээ яривал? Ер нь АНУ-д суръя гэж хэзээнээс бэлдэж эхэлсэн вэ?
Хамгийн анх АНУ л сурна гэдэг бодол хүүхэд байхаас нь байдаг байсан. Гэвч бакалавртаа явж чадаагүй. Тэгээд бакалавр төгсчхөөд Монголдоо ирж ажилд орлоо. Тэгэхдээ ямар ч байсан хоёр гурван жилийн дараа магистраа АНУ-д хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Тэгээд азаар хамгийн том банкны хамгийн том гадаад харилцааны хөрөнгө оруулалтын хэлтэст нь ажиллаж туршлага судалж явж байгаад гадны хөрөнгө оруулалтын банкнууд манай дил дээр ажиллангаа утсаар яриад л бас дилээ хийгээд л яваад байсан л даа. Тэрийг хараад миний магистрт сурна гэж бодож байсан хүсэл маань улам оргилсон. Тэгээд хоёр, гурван жил өнгөрсний дараа JMT өгсөн, TOFEL өгсөн. Монголд гадаад сургуулиудын үзэсгэлэн болсон, тэнд очиж сургуулиудын мэдээлэл аваад нэг сургуульд нь хүсэлт гараад тэнцээд явсан байгаа. 2013 оны 9 сард сургуульдаа явах гээд бэлдээд байж байтал 8 сард нь Монгол улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдаад, би тэр зарыг нь харж таараад анкетаа өгөөд долоо хоногийн дотор шийдвэр нь гардаг юм байна лээ. Тэнд тэнцэж таараад азаар тэтгэлэгтэй явсан.
Massachusetts-д сурч байхад хамгийн хүнд хэцүү болон сайхан байсан үе юу байв?
Би АНУ-д хоёр удаа очиж байсан юм. Эхнийх нь бакалавраа Солонгост хийж байхдаа 2007- 2008 онд чөлөө аваад ангил хэлээ сайжруулах зорилготой жил хагас ангил хэл үзэж явсан юм. Дараа нь магистраа хийх гээд очсон. Би бакалаврт явахдаа ямар ч тэтгэлэггүй. Тэгээд арваас арван хоёр цаг ажил хийгээд өнгөрөөсөн харин магистртаа тэтгэлэг авсан. Тэр тэтгэлэг маань нийт зардлын 50%-ын хөнгөлж байсан. Тэгэхдээ л би тэтгэлэг аваагүй байсан бол ачаалал их байх байсан, тийм учраас магистрт харьцангуй гайгүй байсан. Харвардын их сургуультай ойрхон байсан тул тэнд нэг семестр хичээл авсан. Тэгээд керьдитыг нь магистрын диплом руугаа шилжүүлчихэж болж байгаа юм.
АНУ-д сурна гэж хүсэж мөрөөдөж байгаа хүүхэд залуучуудад юу гэж зөвлөх вэ?
Ямар ч гэсэн эхлээд өөрөө зорилготой байх хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэдэг шиг биш. Өөрөө зорилготой байхаар эргэн тойрны чинь бүхэл зүйл хүрээлээд эхэлдэг. Сургалтын төлбөргүй байхад тэтгэлэг гарч ирдэг. Мөнгөгүй байж байвал аав ээж хоёр чинь “чи үнэхээр явчих юм бол, бид нар зээл аваад өгнө” гэдэг ч юм уу тэ. Чи үнэхээр явчих юм бол, тэнд сургуулиас чинь ч тэтгэлэг зарлагддаг гэдэг ч юм уу тэ? Ямар нэгэн байдлаар боломжууд гарч ирээд байдаг. Гарч ирэхгүй байлаа ч гэсэн түүнд шантрах хэрэггүй. Өөрийнхөө төлөө зориулж байгаа цаг хугацаа чинь ирээдүйд хэрэг болно. Жишээлбэл би магистрт явахдаа улсын тэтгэлэг авахгүй байсан ч би явах л байсан. Яагаад гэвэл би магистртаа хоёр жил сурах байсан. Солонгост сурсан шиг хажуугаар нь ажил хийгээд төлбөрөө төлсөн бол гурваас дөрвөн жил болох юм байна. Ер нь бол болно, гэхдээ хажуугаар өнгөрч байгаа боломжуудыг алдаж болохгүй. Хүмүүстэй сайн уулзаад зөв хүмүүсээс зөв мэдээлэл авах хэрэгтэй.
АНУ-д жил хагас сураад мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн Энхболд АНУ явахаас өмнөх Энхболд хоёрын ялгаа бий юу? Яагаад заавал АНУ-д суръя гэж шийдэж байсан вэ?
Мэдээж боловсролын систем өөр. Нэг давуу тал нь илүү хариуцлагатай болж сурдаг. Яагаад гэвэл Монголчууд цагийг нь тулгаж төлөвлөгөө гаргаж хариуцлагагүй шийдвэрүүд гаргаад байдаг. Харин АНУ-д болохоор төлбөр мөнгө нь өндөр учраас тэр юм уу. Сургуулийн төлбөр арван мянга, хорин мянган доллар байхад дараа жил надад ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гээд эртнээс бэлддэг гэх мэтчилэн.
Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Үүн дээр бол миний хувьд уян хатан зөвлөгөө өгнө. Мэргэжлээ дуртай зүйлээ л сонгоо гэж хэлнэ. Гол нь өөрт чинь том дарамт болох ёсгүй, дуртай байх хэрэгтэй. Яагаад гавал одоо чиний сонгож байгаа мэргэжил хөгжингүй оронд унаж, хэрэггүй болж байгаа мэргэжил байх эрсдэлтэй. Тэгэхээр байгаа юм аа сайн сураад явж байвал ахиад шинэ мэргэжлүүд гарч ирнэ. Тэгвэл дахиад л сур. Олон улсад хүмүүс нэг мэргэжилтэй байх нь багасаад хоёр мэргэжилтэй болох ийм үзэгдлүүд их ажиглагдаж байгаа. Тэр утгаараа тухайн хүн, тухайн зах зээл хөгжиж байгаа. Хоёр мэргэжилтэй байх нь чиний давуу тал болж болно.
Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Залууст хандаад захиж хэлэх зүйл байна уу?
Сониуч бай. Хажуулдах хүнээсээ суралц. Шинэ мэдээлэл олж ав. Шинэ мэдээлэл авах гэхээр өөртэй чинь наалдахгүй байвал өөрөө юу хүсэж байна тэр зүйлтэйгээ холбож сураарай. Чи амархан сонголт хийгээд л байвал ирээдүйд амьдрал чинь хэцүү болно. Чи хэцүүг нь барьж аваад сонгоод байх юм бол ирээдүйд амьдрал чинь илүү санасныг бодоход амархан харагдана шүү. Энэ үгийг бүх уншигч хүүхдүүддээ зориулж хэлье.
Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасан чамд маш их баярлалаа. Ажил үйлс амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Энхболд-г урин оролцууллаа. Та бүхэн доорх холбоосоор орж сонсоорой!
Stitcher энд дарна уу.
SoundCloud энд дарна уу.
Anchor энд дарна уу.
Itunes энд дарна уу.
Castbox энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл | Photo Credit: June Charaa |