Alumni stories

Ц.Анужин: Бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөрийн 2019 оны төгсөгч

Манай өнөөдрийн зочноор SUSI-ийн 2019 оны төгсөгч Цэнд-Аюушийн Анужин оролцож байна. Сайн байна уу? Та манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу? Юуны түрүүнд урьж оролцуулсанд баярлалаа. Залуус бүрэн хамрагдах боломжтой тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг EducationUSA төв маань хүргэж байгаад талархал илэрхийлье.  Намайг Анужин гэдэг. Би Монгол Улсын Их Сургуульд олон улсын харилцаа мэргэжлээр гурав дугаар төвшинд суралцдаг. 2019 оны зун SUSI for Women’s Global Leadership буюу дэлхийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт эх орноо төлөөлөн оролцсон байгаа. 

Хөтөлбөрийнхөө талаар тодруулж өгөөч. Энэ нь яг ямар шалгууртай хөтөлбөр юм бол? 

“Study of The U.S. Institute” буюу Америкийн нэгдсэн улсын институтэд суралцдаг. АНУ-ын төрийн департаментийн боловсрол соёлын хэлтсээс бүрэн санхүүжүүлдэг, бүрэн тэтгэлэгтэй солилцооны хөтөлбөр байгаа. Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хувьд SUSI for Scholars буюу эрдэмтэн, багш, судлаачдад зориулсан хөтөлбөр болон SUSI for Women’s Global Leadership Program буюу миний явж ирсэн манлайллын хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн зорилго нь гэвэл Нэгт, эх оронд нь тулгарч байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог сайжруулах. Хоёрт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх. Гуравт, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр академик сургалтуудаас сурах хөтөлбөр юм. Үндсэндээ хэд хэдэн шалгууруудтай. Англи хэлний тодорхой мэдлэг шаардлагатай, яг энэ эмэгтэйчүүдийн манлайлалтай холбоотой үйл ажиллагаанд сайн дураараа оролцон, зохион байгуулсан байх хэрэгтэй. Энэ талаар өөрөө сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Мөн бакалаврын 1-3 дугаар төвшний оюутнууд хамрагддаг байгаа. 

 Энэ хөтөлбөрийн талаарх мэдээллийг хаанаас авсан вэ, хэрхэн бэлдсэн бэ?

Миний хувьд арван жилд байхаасаа Нацагдоржийн төв номын санд байдаг Америкийн боловсрол, соёл мэдээллийн төвөөс 7 хоног бүр зохион байгуулдаг үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог байсан. Тэнд 2017 онд SUSI alumni talk буюу төгсөгчдийн яриа болоод энэ талаар анх мэдээлэл авч байсан. Тэр үед бүртгүүлээд өргөдлөө бөглөөд, эсээгээ бичээд, техникийн шалгалт, өргөдлийн хяналт гэх шатуудыг даваад анхан шатны шалгаруулалтад орсон. Харин ярилцлагын шатандаа тухайн үеийн ярилцлага их өндөр шалгууртай, өргөн хүрээний мэдлэг шаардсан асуултууд асуусан болохоор ярилцлагын шалгуурыг хангаж чадаагүй. Тэгээд бүтэн жил бэлдэж байгаад дараа жил нь бүртгүүлээд тэнцсэн байгаа. 

Тэтгэлгийн шаардлага, стандарт шалгалтуудын оноо, ярилцлага болон эсээн дээр анхаарах зүйлсийн талаар бидэнтэй хуваалцаж зөвлөгөө өгөөч?

Тэгэлгүй яахав. Ярилцлагын хувьд маш сайн бэлдэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, цэгцтэй, тайван өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Миний хувьд дэвтэр нээгээд надаас асууж магадгүй гэсэн асуултуудыг жагсааж бичээд толинд харж, өөрөө өөртэйгөө ярилцаад, дуу бичлэг хийж бэлддэг байсан. Мөн EducationUSA төв дээр очиж ярилцлагадаа бэлдсэн. Эсээн дээр бол хувь хүний зан төлвийн талаар сэдэв байсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар чиний ирээдүйн карьер, мэргэжлийн төвшинд ямар өөрчлөлт гарах вэ?, Арван жилийн дараа чи өөрийгөө яаж харж байна вэ?  гэх мэт. Миний зүгээс зөвлөхөд, тодорхой сонгосон сэдэвтэй байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар эсвэл, Жендэрийн талаар ч юм уу. Миний хувьд “Gender Inequality in Workplace” буюу ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг сонгож бичсэн. Тодорхой бичээд статистик, тоо баримтын дурдаж өгвөл тэр сэдвээ баталгаажуулж нотолж байна гэсэн үг. Мөн эсээдээ Монголд хүрч ирээд юу хиймээр байгаагаа, төслийн санаа байвал дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Мөн хоёр тодорхойлох захидал буюу “recommendation letter” шаарддаг. Өөрийн зааварлагчаасаа (mentor)-оосоо авч болно. Миний ментор бол Lhamour LLC буюу Монголын анхны органик гоо сайхны брендийн үүсгэн байгуулагч Хулан эгч байгаа. Нөгөөг нь би Fullbright-ын тэтгэлгээр сурч байсан Одцэцэг гэдэг МУИС-ийн багшаасаа авч байсан. Энэ хоёр хүнээсээ тодорхойлох захидлаа авсан.  

Өөрийн чинь хувьд SUSI хөтөлбөрт тэнцэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

Миний давуу тал бол яг хүсэл зорилгынхоо төлөө жилийн турш тууштай хөдөлмөрлөж чадсан. Хэдий жилийн өмнө нь ярилцлагын шалгуурыг хангаж чадаагүй ч гэсэн бууж өгөлгүйгээр дахиад оролдож тэнцсэн. Тэгэхээр “Оролдлого сайт оройдно” гэдэг шиг бууж өгөхгүй минь нөлөөлсөн. Мөн сайн дурын ажил болон шагналын үзүүлэлт дээрээ нэмэх оноо авсан болов уу гэж бодож байна. Миний хувьд Монголд анх зохион байгуулагдсан (Эмэгтэй бизнес эрхлэгчид) ба Women in Business гэсэн үйл ажиллагаануудад зохион байгуулагчаар сайн дураараа оролцсон. Үүнээс гадна Google болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүн амын сангаас зохион байгуулагдсан “Women Global Startup Weekend” гэсэн уралдаанд миний төсөл шилдэг арван төсөлд шалгарсан. Эмэгтэйчүүдийн манлайлалтай холбоотой үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсон. Нэг жилийн хугацаанд IELTS-ын шалгалтаа өгсөн. Америкт Төгсөгчдийн Холбооноос зохион байгуулагдсан “Бид чадна” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зохион байгуулсан хөтөлбөрт сайн дурын ажилтнаар 4 сар ажилласан гэх мэт. Зөвхөн тодорхойлолт эсвэл CV дээрээ бичих зорилгоор биш, амьдралд хэрэг, хүнд туслах гэж чин сэтгэлээрээ хийсэн юм хүнд хүрдэг шүү дээ. 

Одоо хөтөлбөрт шалгараад явах хүмүүст Америк руу юу авч яваарай гэж хэлэх вэ?

Тэнд очоод Монголынхоо түүх соёлыг танилцуулж байгаа. Биднийг Вашингтон ДС-д байхдаа соёлын өдөрлөгөөр бүх улсад өөрсдийн түүх, соёлыг сурталчлан таниулах үүднээс ширээ засаад өгчихсөн байдаг. Миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ сурталчлах үүднээс Lhamour брендийн бүтээгдэхүүнийг авч яваад багш нартаа бэлэглэсэн. Мөн хамт сурч байсан оюутнууддаа зориулаад нэг төгрөг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг авч очоод дурсгал болгоод бэлэглэж байсан. Тэгсэн Ливан, Казакстан улсын оюутнууд “Ямар гоё юм бэ? Би аав ээждээ үзүүлнэ. Энэ хэний зураг вэ?” гээд л асуугаад, сонирхоод түүхийг нь тайлбарлаад гоё яриа өрнүүлэх боломж бас гарсан. Тийм учраас аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бүтээгдэхүүнүүдийг авч яваарай. 

Хөтөлбөртөө тэнцээд Америкт очиход анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Миний амьдралын анхны гэсэн зүйлүүд энэ хөтөлбөрийн явцад тохиолдсон. Лодонгийн Түдэвийн хорвоотой танилцсан түүх гэдэг шиг л зүйл болсон. Би анх удаагаа гадаад руу явсан. Анх удаа онгоцонд сууж үзсэн. Анх удаа гэрээсээ хол тэр тусмаа тив алгасаад 16 цаг онгоцоор нисэж АНУ-д очсон. Мөн анх удаа дотуур байранд амьдарч үзсэн. Ялангуяа олон орны охидуудтай амьдарна гэдэг гайхамшигтай туршлага. Хамгийн гол нь очоод 25 орны 90 гаруй охидууд дунд Монгол эх орноо төлөөлж оролцох учраас “Монгол хүн ийм яриа хөөрөөтэй. Иймэрхүү зан төлөвтэй. Ингэж биеэ авч явдаг юм байна” гэж намайг харж дүгнэж Монгол улсын тухай төсөөлөх учраас би Монгол улсын соёлын элчин төлөөлөгчийн хувьд өндөр үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Бид нарыг анх Вашингтон ДС-д очиход “Georgetown University” дээр хамгийн том лекц нь болсон. Тэнд үзэж харах зүйл их байдаг. Вашингтонд  Цагаан ордон, харандаан хөшөө, Мартин Лютер Кингийн дурсгалт хөшөө, Линколны хөшөө дурсгал гэх мэт үзэх зүйл олон. Бидэнд мөн музей үзүүлэх эрхтэй байдаг. Миний хувьд АНУ-ын үндэсний урлагийн музейд, Үндэсний агаарын болон сансрын музейг үзсэн. Энэ туршлага бол гайхалтай, үнэ цэнэтэй дурсамж болсон.  

Америкт хөтөлбөртөө оролцоод явж байхад хичээлүүд нь яаж явагддаг байсан бэ?

Хөтөлбөр эхлэхээс өмнө бидэнд “Practice of active leadership”, “Confidence code”, “Rising Strong” гэсэн номууд явуулаад, бид даалгавар хийж явуулдаг байсан. Нэг өдрөө дүрслээд ярих юм бол, би цагийн зөрүүнээс болоод өглөө маш эрт босдог байсан. Өглөө эрт босоод кампусаараа тойрч аялдаг байсан. Маш том кампус учраас олон барилгууд байдаг. Өглөө 9 цагаас хичээл нь эхэлдэг. Есөөс зургаан цагийн хооронд хичээлтэй. Тэгээд хичээл ороод дуусчихлаа гэсэн үг биш. Бид 2 дахь өдөр болгон “Mission vision walls” гээд ханын самбар хийдэг байсан. Тэр нь өөрийн хувь хүний зорилго, алсын хараа, үнэт зүйлээ тодорхойлдог зориулалттай. Тэгэхдээ зөвхөн бичих биш асуултад хариулах, зургаар илэрхийлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн тийм хичээлийг ордог. Мөн хувь хүний зан төлөвтэй холбоотой судалгааг бөглүүлээд хувь хүнд чиглэсэн хичээлийг ордог байсан. Хагассайн өдөр болгон сайн дурын ажлууд хийдэг. Бүтэн сайн өдөр аялах гэх мэт бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй, ачаалалтай байсан.

 SUSI хөтөлбөрт олон улсын охид оролцдог. Бусад орны өсвөр насны охид болон Монголын өсвөр насны охидын сэтгэлгээний ялгаатай байдал байсан уу?

Миний хамрагдсан Канзасын их сургууль дээр, Марокко улс, Энэтхэг улсын охидууд их нээлттэй, идэвхтэй, англи хэл нь мундаг охид байсан. Пакистан, Афганистан гэх зэрэг орны охидууд юмыг нухацтай хүлээж авдаг, хурдтай сэтгэдэг, нямбай. Мөн өөрийн орныхоо түүхийг маш сайн мэддэг гэж ажиглагдсан. Бусад орны хүүхдүүдийг дурьдах юм бол Казакстан, Киргизстан орны охидууд маш найрсаг, элгэмсүү. Бид одоо хүртэл холбоотой байдаг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд SUSI хөтөлбөр маань зөвхөн зун болоод дуусчихдаггүй. Бид нар үргэлжлүүлээд амьдралын турш холбоотой байдаг. Мөн түүнчлэн арван сар хөтөлбөр маань үргэлжилж явдаг. Жишээ нь би маргааш шөнийн 11:30-12:30-ын хооронд хичээлтэй байгаа. “Leadership in Uncertain Times” гээд хичээлийг манай Мэри багш ордог. Бид багийн хэлэлцүүлэг хийж, асуултад хариулаад, хичээлүүд үзээд, цахим шуудангаар харилцдаг.  

Оюутны байранд өнгөрүүлсэн дурсамж, баяр, уламжлалынхаа талаар хуваалцаач?

Олон улсын оюутнуудтай нэг дор амьдарсан. Тэр нь их завшаантай хэрэг гэж би боддог. Бид бүгд 25 орны охид, 4 институтэд хуваагдсан. Миний хамрагдсан сургуульд Афганистан, Пакистан, Марокко, Монгол, АНУ, Энэтхэг гэсэн 6 орны охид нэг хэсэг болж явсан. Нөгөө охид нь Saint Mary’s college, University of Delaware, Green River College гээд явсан. Тэд нар Африкийн бүсээрээ эсвэл Орос хэлээр ярьдаг охид гэх мэт ойролцоо бүлгээр хуваагдсан. Миний хувьд олон өөр өөр үндэстнүүдтэй хамт хуваагдсан. Хамгийн сүүлд нь бид төслөө танилцуулж илтгэл тавьдаг. Тэнд манай олон улсын охид надад зааж зөвлөөд, бие биедээ санал шүүмж (feedback) өгөөд яг нэг гэр бүлийн эгч дүүс шиг болж чаддаг. Онцгой тэмдэглэлт баярын хувьд, 7 сарын 4-нд Америкийн тусгаар тогтнолын өдрийг яг манай наадам шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Яг уугуул Америкийн соёлтой танилцах боломжтой. Бүх музейнүүд нь үнэгүй болдог. Бид нар энэ баярыг Канзасын нэг хотод очиж тэмдэглэсэн. Тэр бол охидтойгоо улам дотносох гоё боломж байсан. Ер нь Америкийн олон том хотуудаар зочлоод, тэдний соёлтой танилцах боломжтой. Манай хөтөлбөр болохоор Вашингтон ДС-д байсан. Канзас руу явж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Тэнд очиж гольф тоглосон, усан сан орсон. Сүүлд нь Чикаго хотоор аялдаг. Ийм таван мужаар аялдаг хөтөлбөр байгаа. 

 SUSI хөтөлбөрт хамрагдсанаараа танд ямар нөлөө үзүүлсэн гэж бодож байна? 

Энэхүү хөтөлбөрт хамрагдаад ирсний дараа Монгол дахь Америк Төгсөгчдийн Холбооны гишүүн болох боломжтой байдаг. Түүнчлэн өөрийнхөө санаачилсан төсөлд санхүүжилт авах боломжтой олгодог. “Go MASA” төслийн уралдаан, “Alumni innovation engagement fund”-аас бас санхүүжилт авах боломжтой. Яг SUSI хөтөлбөрөөс бол Micro Grant-ууд зарлагддаг өөрийнхөө төслийг явуулах боломжтой. Хамгийн гоё зүйл нь бүх Америкт төгсөгчдийн холбооны гишүүдтэйгээ холбоо тогтоох, тэднээс суралцах юм. 

Одоо SUSI хөтөлбөрөөр суралцахаар бэлдэж байгаа охиддоо урмын үг хэлж өгөөч?

Яг энэ хөтөлбөрийн Монголын дараагийн төгсөгч болох Монголын мундаг охиддоо хэлэхэд: Бүх хүнд боломж нээлттэй, эрх тэгш байна. Мэдээллийг хурдан үнэн зөв авах хэрэгтэй. Миний хувьд хэлэхэд, аливаа зүйлд хандах хандлага их чухал. Эерэгээр, өөдрөгөөр хандах хэрэгтэй. “Би чадна. Би хийнэ. Би бүтээнэ.” гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Тэгээд хэзээ ч бууж өгөхгүй, шаргуу, өөрийнхөө чин хүсэл эрмэлзлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. SUSI хөтөлбөр ч гэлтгүй бусад UGRAD, Fulbright хөтөлбөрөөр ч хүртэл явах боломжтой. Бусад хөтөлбөрүүдийг судлаад, өөрийгөө дайчлаад оролцоод үзээрэй. Амжилт хүсье!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. 

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж үзнэ үү.

SUSI хөтөлбөрийн төгсөгч Цэнд-Аюушийн Анужин яриаг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.             

▶️SoundCloud энд дарж сонсоно уу.
⏸Anchor энд дарж сонсоно уу.
⏸Itunes энд дарж сонсоно уу.
⏺Castbox энд дарж сонсоно уу.
▶️Stitcher энд дарж сонсоно уу.                               

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |