Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Н.Санжааханд гэдэг. Би арван жилдээ Америкт сурч төгссөн. Түүний дараа Монголдоо ирээд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд бакалавраа Санхүү удирдлага, нягтлан бодох чиглэлээр сурч төгссөн. Одоогоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, хяналтын ахлахаар бараг 9 дэх жилдээ ажиллаж байгаа.
2015 онд АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Maxwell School of Citizenship and Public Affairs, Syracuse University-д Нийтийн удирдлагын болоод Олон улсын төрийн бус байгууллагын манлайллын чиглэлээр магистрын зэргээ давхар мэргэжлээр хамгаалсан. Мөн 2017 онд International Visitor Leadership Program (IVLP) тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан сурсан.
Мөн Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоонд сайн дурын үйл ажиллагаанд оролцоод бараг тав дах жилдээ ажиллаж байна.
Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт яаж бэлдэж байсан бэ?
Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт би гурван удаа өргөдөл өгч байгаад тэнцсэн болохоор их баярлаж байсан. Анх бол дөнгөж бакалавраа төгсөөд хорин настай байхдаа өргөдөл өгөөд ярилцлага хүртлээ явсан ч чи арай жаахан байна, ажлын туршлага хуримтлуулаад ирээрэй гэж байсан. Түүнээс хойш янз бүрийн ажил хийж туршлага хуримтлуулаад, сурах чиглэлээ өөрчлөөд юу сурмаар байгаагаа тодорхойлоод дахиад Фулбрайтад өргөдөл өгсөн боловч ярилцлагад ороод татгалзсан хариу авч байсан юм. Тэгсэн ч гэсэн би бууж өгөөгүй. Өөрийнхөө эсээг илүү сайжруулаад, хүмүүсээс зөвлөгөө аваад, илүү сурах гэж байгаа үндэслэлээ хүчтэй болгосон. Гурав дахь удаагийн оролдлого дээрээ тэнцэж байсан.
Америкт сурахад чамд хэн, юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
Миний хувьд хүүхэд байхаас л Америкийн соёл гоё санагддаг байсан. Дээрээс нь би ахлах ангиа АНУ-д сураад, өөрийн биеэр орчныг нь мэдрээд ирсэн нөлөөлсөн байх гэж боддог. Хүн өөрөө л хичээж чадах юм бол өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой газар. Арван жилд тэнд сурч байхдаа би хажуугаар нь дууны дугуйланд явдаг байсан. Бүжгийн хамтлагт нь ороод өдөр бүр бэлтгэл хийдэг байсан. Мөн тооны сонгонд явж байсан. Хичээлийн сонгон дээр нь зургийн хичээл авдаг байсан. Хувь хүн талаас нь их хөгжүүлж өгдөг. Зөвхөн механик хичээл л үзээд байхгүйгээр тухайн хүний онцлогийг бусад ур чадваруудыг нээж хөгжүүлэх боломжтой байдг тэр тал нь таалагдсан.
Мөн АНУ-д сурахаар очиж байгаа залуус эхлээд хичээл сонголтдоо сайн анхаарах хэрэгтэй. Миний хувьд нэг сумаар хоёр туулай буудсан. Би магистрын зэрэг авахаар сурахдаа давхар дипломоо хийчхээд ирсэн. Тэр нь би хичээл сонголтоо тэгж тааруулаад, давхар диплом авахад шаардлага хангах “selective” анги, хичээлээ сонгосон юм. АНУ-д их сургуулиуд нь том, дотроо чиглэл чиглэлээрээ салбаруудтай байдаг. Жишээ нь, манай сургуулийн салбар нь бизнесийн чиглэлийн сургууль байсан. Тэгээд тэр сургууль дээрээ би бас гурван хичээл сонгоод өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх зорилгоор миний ерөнхий сурч байгаа чиглэлтэй холбогдсон хичээлүүд авч сурсан юм. Үндсэн заавал үзэх ёстой буюу зэрэг авахад шаардлагатай хичээлүүд байдаг. Дээрээс нь сонгож болдог. Нээгдэхээр нь гялс хичээл сонголтоо хийхгүй бол гоё эрэлттэй ангиуд хурдан дүүрчихдэг юм. Тэгэхээр өмнө нь сурч байсан хүмүүсээс асууж судалж байгаад эртхэн тэр ангиуддаа бүртгүүлэх хэрэгтэй. Бид чинь шөнө цагаа хүлээж байгаад л орж бүртгүүлдэг байлаа.
Америкт сурахаар бэлдэж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?
Магистрт сурах гэж байгаа хүмүүс аль болох өмнө нь ажил хийгээд туршлага хуримтлуулаад үзээрэй гэж зөвлөмөөр байдаг. Намайг АНУ-д сурч байхад манай ангийнхан их залуухан туршлагагүй хүмүүс байсан. Харьцуулж үзэхээр олон жил ажилласан хүмүүс хичээл дээр гаргаж тавьж байгаа сэдэв, туршлага, харах өнцөг шал өөр байдаг. Бас нэг зүйл нь хэрэв боломжтой бол хэлний шалгалтуудаа эртхэн өгөх хэрэгтэй. Фулбрайтын тэтгэлэгт тэнцээд нэг хоёр сарын дараа GRE шалгалтаа өг гэдэг. Тэгэхээр ажил хийдэг хүмүүст цаг зав гарахгүй, бусад орны хүмүүс өдөр шөнөгүй бэлдсээр байгаад шалгууруудыг нь өндөр болгочихдог. Мөн өөрийнхөө сурах гэж байгаа чиглэлээ эхлээд сайн судлаад, энэ чиглэлээр эргэж ирээд Монголдоо юу хийж болох вэ? Мэргэжлээрээ улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ? гэдэг талаасаа харвал зүгээр байдаг. Дээрээс нь явахаар төлөвлөж байгаа хүмүүс сайн дурын ажлууд хийж туршлага хуримтлуулбал зүгээр шүү.
Америк улс өөрөө сайн дурын ажил, нийгмийн ажил, олон нийтийн ажлыг их дэмждэг. Соёлынх нь нэг хэсэг болчихсон байдаг. Тэгэхээр үндсэн хичээлээс гадуурх зүйлийг хийдэг байвал зүгээр шүү. Миний хувьд сайн дурын ажил хийдэг болсноороо өөрийнхөө дуртай зүйлийг олж, өөрийнхөө одоо ажиллаж байгаа ажил, сурах мэргэжлээ бас олсон. Сайн дурын ажил хийхээр өөрийгөө юунд дуртайг, өөрийгөө таньж мэдэх боломж олгодог. Тийм учраас хүүхэд залуустаа хандаж хэлэхэд аль болох багаасаа жижиг гэлтгүй янз бүрийн сайн дурын ажилд идэвхтэй оролцоорой. Тэгж олон зүйл туршиж байж чи юунд дуртай вэ, юу чамайг аз жаргалтай болгодог вэ, чи ямар хүн бэ гэдгээ олж мэддэг юм болов уу? Сайн дурын ажил хийнэ гэвэл бусдыгаа уриалаад ангийнхаа нэг ядарсан хүүхдэд тусалж болно. Байранд амьдарч байгаа хороо дүүрэгтэй шинэчлэлт цэвэрлэгээ хийж бас болно. Сайн дурын ажил гэхээр заавал их мөнгөөр том төсөл хийдэг зүйл биш юм.
Америкт сурч байсан үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Би нэг жилийн шахуу програмтай хөтөлбөрт явсан. Өмнө нь ажил хийж байхдаа их л завгүй ядарч байна гэж боддог байсан чинь ажиллах чинь амралт байсан юм байна лээ. Магистрын оюутан болоод ухаарсан. Яагаад гэвэл амралтын өдрүүдээр амарчихдаг байсан. Харин сурч байхад амрах завгүй, өдөр шөнөгүй, дараа дараагийн хичээлүүддээ бодно. Амралтын өдөр ч номын санд хоёр гурав хүртэл суудаг байсан. Эхний сардаа хичээлийн хувиараа гурваас дөрвөн хоногт шахаж тааруулаад аялаад явчихдаг байсан. Тэгсэн дараа нь хичээлээ дийлэхээ болиод, бид чинь тэтгэлгээр явж байгаа болохоор сайн дүнтэй байх ёстой байдаг. Тэгээд аялахаа багасгаад хичээлдээ шаргуу хичээж эхэлсэн. Ер нь өглөө эрт босоод хичээлдээ явна. Хичээл хооронд цаг гарвал номын санд сууна. Фулбрайтын тэтгэлгээр явсан болохоор жаргалтай байсан. Ажил хийхгүй сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн, манай сургууль үнэгүй автобусаар явдаг. Үнэгүй фитнесээр хичээллэх гээд бүгд сургалтын төлбөрийн үнэдээ шингэсэн байдаг. Тийм болохоор өөрийгөө дайчилж, эрүүл, стрессгүй “minding happy” байх талаасаа өдөр бүр чөлөөт цагаараа фитнес ордог байсан. Мөн номын санд их суудаг Америкийн сургуулийн бас нэг гоё зүйл нь хүссэн ном, судалгааны материал нь хангалттай байдаг. Магистрын оюутан байхын онцлог нь өөрөө их бие дааж судлах, өдөрт дор хаяж хоёр зуугаас дөрвөн зуун хуудас уншиж судлах болдог. Их уншиж харьцуулалт хийх хичээлүүд хийдэг. Тэр нь их таалагдаж байсан.
Америкт сурч байхад хамгийн хүнд хэцүү, сорилттой байсан үеүд юу байсан вэ?
Монгол хүүхэд залуусын хувьд өөрийгөө чөлөөтэйгөөр илэрхийлж чаддаггүй. Илүү шүүмжлэлт сэтгэлгээ “critical thinking” дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлээсэй гэж боддог. Бидний үе бол их тийм дуугүй, багшийгаа л сонсдог, том хүний өөдөөс юм хэлж болохгүй гэдэг хүмүүжлийн хүүхдүүд. Одоо шинэ үеийн хүүхдүүд арай өөр. Тэнд очоод сурахад бүх л хичээлийн 20 хувиас 25 хувийн дүн чиний оролцооноос хамаардаг. Уншсан мэдсэнээ боловсруулаад, өөрийн туршлагаа нэмээд, ангийн ярилцлагад идэвхтэй оролцдог байх хэрэгтэй. Монголчуудад нэг дутагддаг зан чанар, хэв загвар тэр юм шиг санагддаг. Хэлний хувьд ч тэр, аливаа зүйлийг бодож боловсруулах чадварын хувьд ч тэр өөрийгөө нээлттэй илэрхийлж байж илүү амжилттай сурна.
Мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Миний бодлоор хүн хүний амьдрал, бололцоо, ар гэр, сонголт өөр. Хамгийн гол нь өөрийнхөө сонгосон мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Миний хувьд арван зургаатайдаа оюутан болж байсан. Уг нь багаасаа их урлагт дуртай хүүхэд байсан. Одоо манай найзууд намайг санхүүгийн хүн болчихсон гэхээр гайхаад байдаг юм. Яагаад санхүүгийн чиглэлээр сурсан гэхээр илүү хөрвөх чадварыг нь бодсон. Ямар ч нөхцөл байдалд, бүх салбарт санхүүгийн мэргэжил хэрэгтэй байдаг. Бас би өөрөө бизнес хийгээд явсан ч суурь болно гээд санхүү, нягтлан мэргэжлийг сонгож байсан. Одоо үеийн хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал өөр ч гэсэн хэрэв мэргэжлээ сонгож чадахгүй байгаа бол хөрвөх чадварыг нь бодолцох хэрэгтэй юм.
Тэгээд мөн өөрийнхөө дуртай зүйлээ сонгох хэрэгтэй. Нэг ийм үг байдаг ш дээ. “Дуртай ажлаа хийж байгаа бол чи нэг ч өдөр ажиллах хэрэггүй” яг үүн шиг би одоо хийж байгаа ажилдаа тийм л их дуртай. Анх би хувийн байгууллагад санхүү нягтлан чиглэлээр ажил хийдэг байсан юм. Тэгээд өдөр тутмын хийдэг зүйл давтагдаад жаахан уйдаж эхэлж байгаад сайн дурын ажил хажуугаар нь хийсэн. Тэгээд түүнээсээ их урам аваад, амьдралынхаа аз жаргалыг олоод, би ер нь бусдад тусалдаг, хүмүүст нэмэр болдог ажил хийх ёстой хүн юм байна. Ийм ажлаас их жаргалтай болдог хүн юм байна гэдгээ ойлгоод дараа нь Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-д ажилд орохоор шийдэж байсан.
Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуулт болгоод асуухад та яагаад заавал MASA-г cонгож сайн дураараа ажиллаж байгаа вэ?
Миний хувьд сайн дурын ажил хийх дуртай. Хамгийн гол нь би тэтгэлэг аваад сураад ирсэн хүн. Их олон хүн өргөдөл гаргадаг боловч явж чаддаггүй. Хүн бүрд над шиг боломж олддоггүй. Тэгэхээр дахиад нэг ч гэсэн хүнд явахад нь тусалъя. Хооронд нь холбож, зөвлөгөө өгье гэж бодсон. Тэгээд ч сураад ирсний дараа угаасаа өглөгтэй юм шиг санагдаад. Нэг зүйлийг маш бахархалтайгаар хэлж чадна. Манай Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA бол дэлхийд тэргүүлэх Америкт төгсөгчдийн холбооны нэг юм. Америкийн элчин сайдын яамны зүгээс ч маш сайн дэмжлэг үзүүлж ажилладаг. Гишүүд маань ч өөрсдөө цагаа гаргаж идэвхтэй оролцдог.
Бидний урилгыг хүлээн авч, бидэнтэй өөрийн туршлагаас хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж үзээрэй
Та бүхэн Н. Санжаахандын оролцсон подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл дараах холбоосуудаар зочлоорой:
SoundCloud энд дарж сонсоно уу.
Anchor энд дарж сонсоно уу.
Itunes энд дарж сонсоно уу.
Castbox энд дарж сонсоно уу.
Stitcher энд дарж сонсоно уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |