Та өөрийгөө бидэнд товчхон танилцуулахгүй юу?
Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямхүүгийн Гүнцэнгэл гэдэг. Би АНУ-ын “Bryant University-ийг 2013 онд олон улсын бизнес, санхүүгийн чиглэлээр төгсөж ирсэн. Үүнээс хойш Монгол банкинд мөнгөний бодлогын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтэст 5 жил гаруй ажиллаж байна.
Та АНУ руу 12 дугаар ангиа төгсөөд шууд их сургуульд сурахаар явсан уу?
Үгүй, Би бага сургуулиа Орос 14 дүгээр сургуульд сурч байгаад, Сант сургуульд ороод 7 дугаар анги хүртлээ сурсан. Сонирхуулахад би нээрээ ихэр. Азтай тохиолдлоор тэр үед манай аав ээжийн найзууд Японд амьдардаг байгаад Америк руу ажиллаж, амьдрахаар явах гээд түр Монголдоо ирэхэд нь гэр бүлээрээ ихэр дүүтэйгээ хамт Америкт сурахаар явсан юм. Ахлах сургуулийн сүүлийн гурван жилдээ Америкт суралцаж төгсөөд. Тэндээсээ их сургуульд бүртгүүлээд бакалавртаа сурч төгсөөд бараг найман жилийн дараа Монголдоо ирж ажилласан.
Америк улс анх очиход чиний төсөөлж байснаас чинь ямар ялгаатай байсан бэ?
Яг л кинонд дээр гардаг шиг байсан, ялангуяа улсын сургууль болохоор олон хүүхдүүдтэй байсан, мөн илүү чөлөөтэй. Монголын боловсролын тогтолцоо нь сурагч ярихыг дардаггүй ч гэсэн, ярихыг дэмжсэн орчинтой байгаагүй хичээл дээрээ чимээгүй суугаад, хичээл дууссаны дараа л “Асуулт байна уу?” гэх үед асуудаг. Америкт бол хүүхдүүд “Багшаа, ойлгосонгүй” гэвэл багш нь шууд тэр дор нь тайлбарлаад өгдөг. Тийм болохоор Америкт эхний жилүүдэд оролцоон дээр (participation) тааруу дүн авч байсан. Анх бол хэл яриа сайжраагүй, мөн тийм соёлд дасаагүй учраас ангийн хэлэлцүүлэгт оролцоход хүндрэлтэй байсан. Эхний 2 жил их чимээгүй явсан гэж манай багш нар ч надад дараа нь хэлдэг.
Орчин нөхцөлдөө дасахад хир их цаг хугацаа орж байсан бэ?
Ер нь Америк явах шийдвэр сэтгэл хөөрлөөр хурдан бүтээд явчихсан. Шилжилтийн насны хүүхэд байсан болохоор найзуудаасаа холдоод, өөр орчин нөхцөл байдалд ороход нэг хэсэг найзуудыгаа санаад, хичээлээ заримыг нь ойлгохгүй, миний хувьд хэцүүхэн хоёр, гурван жил өнгөрсөн. Сүүлийн жил манай ээж, ихэр дүүг аваад ирэх боломжтой болсон. Тэгээд ээж, дүүтэйгээ тусдаа амьдарсан чинь илүү тухтай болж өөрчлөгдсөн. Олон жил Америкт амьдарсан хэрнэ эхний хэдэн жил орчин нөхцөлдөө дасах гээд, Америкийн өгч байгаа бүхнийг ойлгох бололцоогоо хаачихсан юм шиг л байсан. Тэгээд төгсөх анги болоод их сургуульд орж ирснээрээ шал өөр болсон. Анх удаа Америкт ирсэн юм шиг, зөндөө олон өөр орон орны хүүхдүүдтэй харилцаж үзээд, илүү чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх боломжтой гэдгээ ойлгоод илүү тухтай байсан. Намайг нээж өгсөн жилүүд бакалаврын 4 жил байсан.
Сая Америкийн өгч байгаа боломжууд гэж дурдсан. АНУ-д суралцахаар сургуулиас олгож байгаа боломжуудаас гадна чиний бодлоор өөр ямар боломжууд байдаг вэ?
Ер нь Америкт сурахаар явахад гэрийнхэн болон найзууд нь хамгийн түрүүнд захидаг зүйл нь хичээлээ л хийгээд, дүнгээ сайн аваад, өөр янз бүрийн асуудал үүсгэхгүйгээр төгсөөд ирээрэй гэдэг. Харин тэнд очсон Монголчууд болон гаднын оюутнуудад хэвшээгүй нэг шинж нь нийгмийн оролцоотой байх, янз бүрийн клубүүдэд оролцох, спортоор хичээллэх гэх мэт зүйлс байдаг. Америкт олон төрлийн клубүүд бий. Тэр нь мэргэжлийн том клубүүд биш ч гэсэн ерөнхийдөө өөрөө сонирхолтой л байх юм бол аль ч клубүүдэд оролцож болдог. Сонирхлын дагуу клуб байхгүй байлаа ч гэсэн хүүхдүүд нийлээд өөрсдөө нээж болох боломжуудыг сургуулиас их дэмжиж өгдөг.
Өөр мужуудаар аялах боломж гарч байсан уу?
Одоо бодоход Америкт байсан жилүүддээ илүү аялж явсан бол гэж харамсаж байсан, өөр олон мужуудыг очиж үзэх байсан юм. Гэхдээ чамгүй аялах боломж гарч байсан. Жишээ нь талархлын баяраар 7 хоногийн амралт, мөн хаврын амралт гээд л. Эхний 2 жил ер нь аялаагүй. Өвлийн амралтаар дотуур байр үнэтэй болчихдог учраас гэр лүүгээ ихэнхдээ харьчихдаг байсан. Төгсөхийн өмнө 3-4 дүгээр төвшинд сурч байхдаа талархлын баярын амралтаар зорьж байгаад найзуудтайгаа Нью-Йорк руу явж байсан. Дараагийн хаврын амралтаар нь Лос Анжелес руу явж үзсэн. Харин яг төгсөх жилийнхээ амралтаар аялж чадаагүй их завгүй байдаг юм билээ. Хүмүүс дадлагын ажил хайгаад, төгсөөд ажиллах газраа олох гээд цаг зав тааруу учраас 2-3 дугаар төвшинд сурч байхдаа л богино хугацааны амралтуудаараа аялбал зүгээр юм билээ. Манай ихэр дүү Бостонд сурдаг байсан. Тэгэхээр Бостон руу бол 2 эсвэл 3 долоо хоногтоо нэг удаа очдог байсан.
Соёлын хувьд бусад газрынхаас юу нь сэтгэлд чинь хоногшиж үлдсэн бэ?
Ярианы аялга гэх мэт жижиг зүйлүүд ажиглагдаж байсан. Харин манай сургууль их гоё санагдаж байсан, хотын төвөөсөө 20 минутын зайтай, кампустаа бүх зүйл нь төвлөрсөн бэлэн байдаг. Улсын сургууль биш, жижигхэн хувийн сургууль ч гэсэн бизнесийн сайн сургуулиудын тоонд ордог. Олон улсын бизнесийн хөтөлбөрөөрөө илүү алдартай. Яагаад гэвэл 3 дахь жилийнхээ намар, эсвэл хаврын улиралд аль нэг улсад дадлагаар сурч болдог. Энэ нь заавал үзэх ёстой хичээлийн нэг. Тэр хөтөлбөрийнхөө ачаар би Хятад хэлийг сурч Шанхайд 3 сар дадлага хийж амьдарч үзсэн. Их сонирхолтой байсан болохоор зундаа 2 сар хагас сураад, өвлийнхөө амралтаар Коста Рика руу яваад миний тэр кредит бүрдэж байсан юм. Манай ангийн хүүхдүүд Итали, Испани, Бразил явж байсан. Манай сургуулийн хувьд их жижиг сургууль учраас их тухтай, багш нартайгаа дотно, анги дүүргэлт нь багадаа 30-н оюутан байдаг. Яг л нэг гэр бүл шиг амьдардаг, дээд доод ангийн бүх оюутнуудаа мэддэг их дотно байсан.
Өөр оронд сурах зардал бүгдээрээ сургалтын төлбөрт багтчихсан гэсэн үг үү? Хятадын сургалтын орчин Америкаас ямар ялгаатай байсан бэ?
Тийм, сургалтын төлбөрт багтчихсан гэсэн үг. Хятадад очиход бидэнтэй хамт олон Америк оюутнууд очсон. Хичээл нь Англи хэл дээр орж байсан ч гэсэн хүнд аялгатай болохоор эхэндээ сайн сонсохгүй бол ойлгоход жоохон хэцүү байсан. Ялгаатай зүйлүүд нь харагдаж байгаа юм л даа, Хятад хүүхдүүдтэй Америкаас ирсэн оюутнууд хамт суугаад сурахад Хятадууд нь чив чимээгүй, эсвэл багшаасаа юм асуухаараа гараа өргөж асуудаг. Америк хүүхдүүд хэтэрхий чөлөөтэй. “Байж байгаарай. Би тэрийг чинь ойлгоогүй. Юу гэсэн утгатай үг вэ? Тэрийг давтаад хэлчих” гээд л шууд асуучихдаг. Тэгэхэд Хятад хүүхдүүд яг бид нарын Монголд багадаа яаж сурсантай адилхан хэв маягтай байсан.
Америкт сурч байхад оюутнуудын дунд цагийн менежмент ямар байсан вэ?
Америкт ч гэсэн хичээлүүдээ шалгалт тулгаж хийдэг төрлийн хүүхдүүд байгаа. Гэхдээ цагаа сайн зохицуулж чаддаг, юмаа сайн хийдэг хүүхдүүд байдаг. Гол нь Америк хүүхдүүд тэгж суусан ч гэсэн хэлний бэрхшээл байхгүй. Тэд багаасаа шалгалтын эсээ, хичээлээ сайн бичээд сурчихсан байхад бид нар тэднийг дагаж [даалгавраа хойш нь тавьж, бүгдийг нэг дор хийж] болох юм шиг хичээлээ тулгаж хийхээр үр дүн нь харилцан адилгүй гарна. Тэгэхээр түүнийг бас бодолцох хэрэгтэй. Америк хүүхдүүд бүр цэцэрлэгт байхаасаа тийм чадварууд нь хөгжчихсөн байдаг.
Сургалтын төлбөрөө яаж санхүүжүүлж байсан бэ?
Би сургуульдаа ганцхан Монгол оюутан байхаас гадна хамгийн анхны Монгол оюутан байсан. Тэр утгаараа сургуулиасаа бага хэмжээний тэтгэлэг авсан. Үлдсэнийг нь ээж ааваасаа авч, мөн бага хэмжээний зээл авч санхүүжүүлж байсан. Давхар сургууль дээр ажиллаж болдог. Гэхдээ жижиг сургуулиудад тэр боломж нь харьцангуй бага олддог. Мөн Америк хүүхдүүдийн улсаас авч байгаа зээлийн нөхцөл нь хичээлийн хажуугаар ажиллах байдаг. Миний хувьд олон улсын оюутанд үйлчлэх төвдөө 7 хоногт 2 удаа ажиллаж байсан. Үүнээс их цагаар ажиллая гэхээр өөр ажиллах сонирхолтой олон оюутнууд байдаг байсан тул ажил олдох нь ховор байсан.
Олон улсын бизнес чиглэлээр сураад Монголдоо ажиллая гэсэн зорилго байсан уу? Бодож төлөвлөсөндөө одоо хүрч чадсан уу?
Мэргэжил сонголт дээр аав ээжийн зөвлөгөө их нөлөөлсөн. Тэр үед санхүү, нягтлан бодох чиглэлээр илүү сонирхож байсан юм. Олон улсын бизнесийн сургуульд орохдоо санхүүгээр сурна гэж саналаа өгснийхөө дараа олон улсын бизнесийн чиглэлээр сурах нь “Олон Улсын” гэсэн утга нь надад их таалагдсан. Санхүү гэхээр Монгол улс минь том санхүүгийн төв биш. Тийм болохоор анхнаасаа санхүүгээр Монголдоо л карьер хөөгөөд үлдэнэ гэж бодоогүй. Шанхай, Сингапур гэх мэт Азийн том санхүүгийн төвүүдэд ажиллаж үзэх сонирхол байсан. New England доторх сургуулиуд дундаа манай сургуулийн IB хөтөлбөр 6 билүү 7-д жагсаж орсон байсан. Тиймээс тэр хөтөлбөрүүд нь ч алдартай. Багш нар маань ч том корпорацуудад ажиллаж үзэж байгаад багш болсон туршлагатай хүмүүс. Мөн манай сургуулийн аль жилүүдэд ямар хичээл үзэх нь анхнаасаа тодорхой тэр бүтэц нь их таалагдсан. Хятад хэл сурах тухайд мэдээж ирээдүйд төдийгүй тэр үедээ ч хамгийн шаардлагатай зүйлсийн нэг гэж бодсон, гэр бүлийнхэн минь тэгж зөвлөж байсан. Багадаа орос сургуульд сурч байсан болохоор орос хэл бага зэрэг ойлгоно. Тэгээд хоёр том гүрний хэл надад хэзээд хэрэг болно гээд сурсан. Би Хятад хэлэнд эхлээд дуртай байгаагүй. Гэхдээ дагалдах мэргэжлээр сонгоод, олон хичээл аваад Хятадад очиж суралцах боломжтой болоод ирэхээр илүү сонирхолтой санагдаад сонгосон.
Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залуучуудад юу гэж зөвлөх вэ?
Илүү өөртөө бодох цаг гаргаарай гэж хэлмээр байна. Бид их хурдан шийдвэр гаргачихдаг. Америкт одоо их түгээмэл болж байгаа зүйл бол ахлах сургуулиа төгсөөд нэг жилийн зай авч байгаа. Ер нь сайн бэлдээд, бас юу сурмаар байгаагаа, ямар чиглэлээр, ямар сургуульд сурмаар байгаагаа тодорхойлох хугацааг өөртөө өгч байгаа нь тэр юм. Бүр тэгэх шаардлагагүй юмаа гэхэд, Монголд чинь хими, физиктээ сайн бол эмч болно гээд бодчихдог, гэхдээ багадаа юунд дуртай байсан тэрийг нь анзаараад хөгжүүлээд явбал түүндээ сайн байх магадлал өндөртэй байдаг. Өөртөө тийм цаг гаргаарай.
Америкт сурч байхад хүнд хэцүү үе эсвэл хамгийн баяртай дурсамжаасаа хуваалцаач?
Хэцүү зүйл гэвэл. Би нэг, хоёрдугаар төвшиндээ мэргэжил сонгохдоо өөртөө хангалттай цаг гаргаж чадаагүй болохоор дараа тэр нь надад ачаа болсон ч юм уу. 2 дохь жилийнхээ хавар чөлөө аваад Монголд ирээд ажиллаж, амьдардаг ч юм уу гэж шийдэж, бас гэрээ ч их саначихсан байсан. Гэрийнхэнтэйгээ ярилцсан. Тэр үед надад их хэцүү байна, тэр бүхнийг ганцаархнаа л туулаад байгаа юм шиг санагдаж байна. гэдгээ гэрийнхэндээ хэлэхэд аав маань тэгж хэлж байсан юм “Чи ганцаархнаа ийм олон улсын оюутан биш ээ. Чиний өмнө зөндөө олон хүмүүс даваад гарсан, тодорхой хямрал ямар нэгэн байдлаар учирч байсан. Үүнийг бүгд тойрч гараагүй, туулж л гарсан байж таарна. Чи ингэж шийдсэнээрээ бүх юмыг шинээр эхлэх эсвэл зөв шийдэж байгаа юм биш. Наад сургуулиа дуусгаж ирээд, ажиллаад өөр юмаар сурмаар байвал тэрийгээ хий” гээд ерөнхийдөө бол шууд үгүй гэж хэлээд дэмжээгүй. Түүнд нь одоо бол би баярладаг. Африкаас хүртэл хүүхдүүд ирж сураад байхад, бүгд нэг нэгэндээ хэлэхгүй байгаа ч гэсэн тиймэрхүү мэдрэмжүүдийг авч байсан байх. Тэгэхээр энэ бол цаг хугацааны асуудал. Үүнийг даван туулах хэрэгтэй гэдгээ сайн санаад дуусгасандаа баярладаг. Яг гэрлүүгээ буцъя гэж нэг семестрийн турш бодсон үе байсан шүү.
Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирж ийм сайхан илэн далангүй ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг үзэхийг хүсвэл энд дараарай.
Та бүхэн Н.Гүнцэнгэлийн подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.
SoundCloud дээр сонсохыг хүсвэл энд дарна уу
Anchor дээр сонсохыг хүсвэл энд дарна уу
Itunes дээр сонсохыг хүсвэл энд дарна уу
Castbox дээр сонсохыг хүсвэл энд дарна уу
Stitcher дээр сонсохыг хүсвэл энд дарна уу
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |