Alumni stories

М.Ганцэцэг: АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу? Өнөөдөр намайг зочноор урьсанд та бүхэндээ баярлалаа. Намайг Мягмаржавын Ганцэцэг гэдэг. Би 2016 оноос 2018 оны хооронд АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрөөр Rochester Institute of Technology их сургуульд MBА буюу Бизнесийн удирдлагын магистрын зэргээр суралцаж, нягтлан бодох бүртгэл чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Одоо Монголбанканд ажиллаж байгаа. 

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт хэзээнээс эхэлж бэлдсэн вэ? Танаас хэр хугацааны бэлтгэл шаардаж байсан вэ?

Би өөрийгөө нэлээн урт хугацаанд Фулбрайтын тэтгэлэгт бэлдсэн гэж боддог. Эхлээд би Монголдоо МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн. Үүний дараа их л завгүй ажиллаад байсан чинь нэг мэдсэн хоёр, гурван жил ажиллачихсан байсан. Уг нь бол төгсөөд л магистрын зэрэг хамгаална гэж бодож байсан боловч нэлээн хугацаа өнгөрчихсөн байсан. Тэгээд л ер нь эрчимтэй бэлдэхээр шийдээд Фулбрайтын тэтгэлэгт гурван удаа материалаа өгсөн. Эхний удаа ямар ч туршлагагүй, өөрийнхөө бодсоноороо эссэгээ бичээд өгсөн ч тэнцээгүй. Түүний дараа нэлээн хүмүүсээс зөвлөгөө аваад, хэлээ сайжруулаад, материалаа өгөөд, ярилцлагын шат хүртлээ явсан ч, ярилцлагын үеэр өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй, сандраад яг хүссэнээрээ асуултууддаа хариулж чадаагүй. Түүний дараа дахиж материалуудаа сайжруулаад, ярилцлагын шатандаа нэлээн бэлдсэн. Ингээд гурав дахь оролдлого дээрээ тэнцэж Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцахаар явсан. 


Хэлээ сайжруулсан гэлээ TOEFL-ын шалгалтыг хэдэн удаа өгсөн вэ? Ажлын ачааллаа хэрхэн яаж зохицуулж байв?

Монголдоо сурч, ажиллаж амьдарч байсан хүний хувьд Англи хэлээ сайжруулахад бас нэлээн цаг хугацаа шаардагдсан. Монголын сайн гэсэн хэлний курсэд TOEFL–ын шалгалтыг хэд хэдэн удаа өгсөн. Мөн IELTS-ын шалгалтыг бас өгсөн. Өөрийгөө яг яаж Англи хэлийг сурдаг вэ гэдэг арга барилыг олоод, бас сайн багш нартай болж зөвлөгөө авч хэлээ сайжруулах тал дээрээ нэлээн ажилласан. Анх арван жилээсээ л Англи хэлийг үзэж байсан юм. Одоо бол арван жилд нь ч, их сургуульд нь Англи хэлийг зааж байна. Хажуугаар нь хэлний төвд сурч болж байна. Миний хувьд ч гэсэн тэр бүх замаар л явсан. Фулбрайтын тэтгэлэгт тэнцсэний дараа би бизнесийн чиглэлээр сурах учраас GMAT-ын шалгалт мөн өгсөн. Ажлынхаа хажуугаар надад шалгалтад бэлдэхэд сар хагасын хугацаа л байсан. Тэгэхээр Англи хэлээ бэлдэхийн тулд өөртөө төлөвлөгөө гаргаад ажлын цагаа үр бүтээлтэй өнгөрөөгөөд, ажлын бус цагаа яг өөртөө зарцуулаад, шалгалтууддаа бэлдэж байсан. 

Америкт сурахаар шийдвэр гаргахад чамд хэн, юу хамгийн их нөлөөлсөн вэ?

Ер нь багаасаа л АНУ-д сурах хүсэл мөрөөдөлтэй байсан. Боловсролын хувьд АНУ хамгийн чанартай боловсролыг олгодог гэдгээрээ дэлхийд алдартай. АНУ-д сурсан хүмүүсийг ажиглаад харахаар “critical thinking” буюу шүүмжлэлт сэтгэлгээ маш их хөгжсөн юм шиг санагдаж байсан. Мөн асуудлыг шийдэх, өөрийгөө илэрхийлэх чадварууд, мэдээлэлд дүн шинжилгээ, анализ хийх чадварууд нь их мундаг санагдаж байсан учраас би ийм чадварыг Америкт сурах юм бол эзэмшиж чадах юм байна гээд АНУ-д сурахаар шийдэж байсан.  

Rochester Institute of Technology аль хотод байдаг сургууль билээ?

Манай Rochester Institute of Technology нь Нью-Йорк мужийн Рочестер дэхь Хенриетта хотод байдаг юм. Сургууль маань олон улсын оюутнууд ихтэй. Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд их ирж суралцдаг. Технологийн дээд сургууль гэдэг утгаараа шинжлэх ухаан, компьютерын тоглоомын тал дээр болон урлаг дизайн, бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхдээ сайн сургалттай гэж явдаг юм. Мөн удирдлагын мэдээллийн технологийн чиглэлээр мэргэших оюутнууд их байдаг.

Оюутны амьдралынхаа долоо хоногийг дүрсэлж бидэнд хуваалцаач?

Ерөнхийдөө дөрвөн семестр сурдаг. Харин миний хувьд нэлээн нарийн мэргэшсэн програм гэдэг утгаараа таван семестр сурсан, нэмэлт хичээлүүд үзэх шаардлагатай байсан. Фулбрайтын оюутнууд ажил хийх боломжгүй байдаг. Миний хувьд ажил хийх шаардлага гарсан нь MBA буюу Бизнесийн удирдлагын магистрын зэргээр сурах нь их өндөр үнэтэй, санхүүжилт их шаардлагатай байдаг. Фулбрайтын тэтгэлгээсээ санхүүжилт авсан. Мөн сургуулийн зүгээс тэтгэлэг өгсөн гэсэн хэдий ч сургалтын төлбөр маань хүрэлцээгүй. Тийм болохоор манай сургуулиас надад судлаач оюутнаар нягтлан бодох бүртгэлийн програмын захирлын туслахаар ажиллах санал тавьсан. Тэнд би хоёр жил ажилласан. Эхний жилээсээ очоод шууд ажиллаад эхэлсэн. Түүний дараа нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн шалгалтууд хөтөлбөр санал болгодог компанийн кампус дээрх төлөөлөгчөөр бас ажилласан. Мөн дараа нь манай профессор Бизнесийн удирдлагын магистрын чиглэлээр сурч байгаа оюутнуудад нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хичээл дээр нь туслах ажлын санал тавьсан. Тэгээд хичээлээ хийнэ, бас ажлаа хийнэ гээд их завгүй байдаг байсан.

Хоёр дугаар дамжаанд байхдаа би хэд хэдэн тэтгэлэгт материалаа өгнө гэж төлөвлөөд эртнээс бэлдсэн. Нэг нь ”International Peace Scholarship” буюу Олон Улсын Энх Тайвны тэтгэлэг байдаг. Тэр нь Америк дахь эгч дүүсийн холбооноос хөгжиж буй орнуудын эмэгтэй манлайлагчид олгодог тэтгэлэг, үүнд би материалаа өгөөд тэнцсэн. Тэр тэтгэлэгт тэнцэхэд хичээлийнхээ хажуугаар нийгмийн идэвхтэй байсан минь нөлөөлсөн байх гэж боддог. Тухайлбал би “Women in business” буюу “Бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн клубын удирдах зөвлөлд орж, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр нь жил хагас ажилласан. Дараа нь Бизнесийн ахан дүүсийн холбоо гэж байдаг, мөн түүнд орж ажилласан. Тэгээд манай сургуульд Фулбрайтын нийгэмлэг гэж байдаг, их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Би сүүлийн жилдээ тэр холбооныхоо нарийн бичгийн даргаар нь ажиллаад идэвхтэй оролцоод явдаг байсан. Бас нэг тэтгэлэг нь сургуулиасаа сайн сурсан оюутнуудад өгдөг тэтгэлэг зарласан байсан. Тодорхой голч оноог хангасан, идэвхитэй оюутнуудад тэтгэлэг олгоно гэсэн зар хараад “Би сургуулиасаа, бас Фулбрайтаас тэтгэлэг авчихсан надад бараг л өгөхгүй байх, гэхдээ ямартай ч материалаа өгөөд үзье” гээд материалуудаа өгсөн. Тэгсэн надад бас тодорхой хэмжээний тэтгэлэг өгсөнд нь маш их баярласан. Би өөрийгөө бараг авна ч гэж бодоогүй л байсан л даа. Тэгээд хоёр дахь жилдээ санхүүгийн хувьд арай сэтгэл амар сурсан.


Одоо яг ямар ажил хийж байгаа вэ? Өөрийнхөө мэргэжлийн онцлогийн талаар хүүхэд залууст тайлбарлаж ярьж өгөөч?

Би Фулбрайтын тэтгэлгээр явахаасаа өмнө Монголбанканд ажиллаж байсан. Буцаж ирээд Монголбанкандаа мөн ажиллаж байгаа. Миний хувьд банк санхүүгийн салбарт мөрдөгдөж байгаа бодлого, дүрэм журам дээр ажилладаг. Тэгэхээр миний хувьд АНУ-д сурсан, мэдсэн, ур чадвар, мэдлэг минь одоо хийж байгаа ажлаа хийхэд их тус дөхөмтэй байгаа. Олон улсын стандартуудыг Монголд хэрхэн яаж нэвтрүүлэх үү гэдэг тал дээр судалгаа шинжилгээ хийж ажилладаг юм. 

Мэргэжлээ сонгох гэж байгаа бол хамгийн түрүүнд яг юунд хүсэл сонирхолтой вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Тухайн сурах гэж байгаа мэргэжлээрээ илүү их зүйл сурчихъя, мэдчихье гэсэн тийм хүсэл сонирхол байх юм бол сурахад хүндрэлтэй зүйл огт байхгүй. Тухайн мэргэжилдээ яг ямар чиглэлээр нь мэргэшээд явбал ирээдүйд хэрэгтэй вэ, би хэрхэн илүү үнэ цэнэтэй боловсон хүчин болж чадах вэ гэдгээ сайн тооцоолж, төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь, би нягтлан бодох мэргэжлээр мэргэшсэн. Нягтлан бодох бүртгэл гэдэг маань бизнесийн хэл гэж явдаг. Та хэрэв бизнесийн чиглэлээр амжилттай ажиллая гэж бодож байгаа бол бизнесийн үндэс суурь болсон нягтлан бодох бүртгэл, тооцоог мэддэг, ойлгодог, санхүүгийн тайланг уншаад ойлгочихдог байх хэрэгтэй. Тэгж байж тухайн мэргэжилдээ амжилттай байна. Энэ нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг маань санхүү, банкны салбарт ч гэсэн маш их үнэ цэнэтэй ашиглагддаг. Тэгээд Мэргэжил сонголттой холбоод ярихад сүүлийн үед нягтлан бодох бүртгэл гэдэг мэргэжилд технологийн дэвшил маш хурдацтайгаар нөлөөлж байгаа. Өмнө нь тооны машинаар тоо бодоод суудаг байсан бол одоо шууд гарсан гүйлгээгээ компьютерын программд хийхэд санхүүгийн тайлан нь гардаг болсон. Заавал хүн түүнийг нь бодож гаргах шаардлагагүй болчихсон тийм цаг үе ирж байна. 

АНУ-д сурахад хувь хүний тал дээр хэрхэн өөрчлөгдсөн гэж хардаг вэ? Сурч байхдаа хамгийн сайхан болон хамгийн хүнд хэцүү, бууж өгчихмөөр санагдаж байсан цаг үе байсан уу? Байсан бол тэр талаар ярьж болох уу?

Миний хувьд АНУ-д сурсан маань миний нүдийг нээж өгсөн гэж боддог. Нэг тийм сорилтыг даваад гарчихсан юм шиг санагдаж байсан. Хувь хүнийхээ тал дээр илүү нээлттэй болсон, мөн мэдлэг боловсролоо нэмэгдүүлсэн. Хүнийхээ тал дээр намайг нэлээн хурцалж өгч чадсан юм болов уу гэж олзуурхдаг. Хэцүү байсан зүйл гэвэл нэг зун хичээл авч програмаа хугацаанд нь дуусгах хэрэгтэй болсон юм. Оюутнууд нэг хоёр хичээл үзэж байхад би санхүүгийн байдлаасаа шалтгаалаад таван хичээл үзэж дуусгах шаардлага гарсан. Зарим нэг хичээлүүд дээр долоо хоногт дөрвөн Харвардын кейс дээр ажиллах тийм даалгаврууд, хажуугаар нь өөр хичээлүүдийн даалгавруудыг бас хийнэ. Мөн ажлаа хийнэ гээд л их завгүй байдаг байсан. Би үнэхээр өөрийгөө тэгж сурч, ажиллаж чадна гэж огт бодоогүй, гэхдээ чадсандаа маш их баярладаг. Тэр бүхэн нь тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч гэсэн дараа нь их сургамжтай байдаг. Сайхан байсан үе гэвэл найзуудтайгаа өнгөрүүлсэн мөчүүд гайхалтай сайхан байсан. Одоо ч гэсэн бид амьдралын сайн найзууд болж үлдэж чадсан, байнгын холбоотой байдаг.  

Rochester Institute of Technology-д суралцаж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад боловсролын үйлчилгээг хүртээмжтэй олгоход хир анхаарч ажилладаг байсныг нь ажиглаж байв уу? 

Манай сургууль маань хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан сургууль. Үүний нэг жишээ гэвэл манай сургуулийн нэг салбар сургууль нь Үндэсний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан институт байдаг. Тэр ч утгаараа хэлний болон сонсголын бэрхшээлтэй оюутнууд маш ихээр ирж суралцдаг байсан. Жишээ нь, манай хичээлүүд орж байхад дохионы хэлмэрч ирээд тухайн хичээлүүдийг нь тайлбарлаж, орчуулж өгдөг байсан. Ямар ч хичээл байсан, группээр ажилласан ч гэсэн хэлмэрч орчуулж өгдөг байсан. Тухайн оюутан маань интернетээр ороод би тийм хичээл дээр хэлмэрч авмаар байна гээд хүсэлт гаргахаар сургуулиас цаанаасаа хэлмэрч гаргаж өгдөг. Мөн дохионы хэл заадаг сургалтууд явагддаг байсан учраас тэдгээр оюутнууд маань яг бид нартай адилхан хичээл, сургалтууддаа хамрагдаад явдаг байсан. Энэхүү Институт нь АНУ-даа хамгийн анхны бөгөөд хамгийн том сонсголын бэрхшээлтэй оюутнуудад зориулсан коллеж гэж явдаг байгаа.  

Сүүлийн асуултыг танд тавья. Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа, яагаад MASA-г сонгох болсон вэ?

Миний хувьд өмнө нь Америкт суралцах хугацаандаа нэлээд олон клубуудын удирдах зөвлөлд орж ажиллан, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулаад явдаг байсан. Үүнийгээ ч гэсэн Монголдоо ирээд үргэлжлүүлээд нийгэмдээ тустай үйл ажиллагаа явуулахыг хүссэн юм. Америкт суралцахаасаа өмнө болон ирснийхээ дараа MASA-ны үйл ажиллагаануудад удирдах зөвлөлд нь ороогүй ч гэсэн идэвхитэй оролцоод явдаг байсан. Үүнийхээ үндсэн дээр нийгэмдээ чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулаад оролцоод явъя гэдэг утгаараа MASA-ны Удирдах зөвлөлд нь орж ажиллах завшаан надад тохиосонд баяртай байдаг.

Манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн чамд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү


Мягмаржавын Ганцэцэгийг сонирхолтой түүхээсээ дараах холбоосоор орж сонсоорой!

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud энд  дарна уу.
⏯Anchor энд  дарна уу.
⏸Itunes энд  дарна уу.
⏏️Castbox энд  дарна уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |