Манай өнөөдрийн дугаарт SUSI Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн төгсөгч Ж. Батчимэг оролцож байна. Уншигчидад маань өөрийгөө болон SUSI хөтөлбөрөө танилцуулаач?
Сайн байна уу? Урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Батчимэг гэдэг. Одоогоор МУИС-ын онолын математикын дөрөв дүгээр курсийн оюутан. 2019 оны SUSI хөтөлбөрийн төгсөгч байна. SUSI хөтөлбөр маань Study in the U.S Institutes буюу АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр олон улсын судлаач, оюутнуудыг солилцооны хөтөлбөрөөр сургаж, боловсролыг дэмжих зорилготой юм. Ерөнхийдөө SUSI-ын олон хөтөлбөр байдгаас монголд хэрэгжиж байгаа нь хоёр хөтөлбөр юм. Нэг нь “Залуу Эмэгтэй Судлаач” нарт зориулсан хөтөлбөр байдаг. Нөгөө нь “Эмэгтэйчуудийн Манлайллын Солилцооны Хөтөлбөр” буюу өнгөрөгч зун миний хамрагдсан хөтөлбөр юм. Залуу охид бүсгүйчүүд, тэр дундаа бакалаврын төвшинд суралцаж байгаа 18-25 насны эмэгтэйчүүдийг манлайллын үйл явцад сургадаг хөтөлбөр.
Шалгууруудийн хувьд яг ямар шалгуурууд байдаг вэ?
Зургаан үндсэн шалгуур бичигдсэн байдаг. Монгол улсын иргэн байх. Мөн нэг, хоёр, гурав дугаар дамжааны оюутан байх шаардлагатай. АНУ-д очиж, тэдгээр хүмүүстэй харилцаж, өөрийгөө илэрхийлэх тул англи хэлний чадвартай байх ёстой. Хэлний оноотой байх албагүй ч, та хэлийг ашиглаж чаддаг, та өөрийгөө илэрхийлээд буцаагаад бусдын илэрхийлж байгааг сонсож чаддаг байх ёстой. Дараа нь бол манлайллын чадваруудыг харуулсан үйл ажиллагаа хийж байсан, ямар нэгэн байдлаар манлайлж явдаг залуу охидуудыг сонгож авдаг юм болов уу гэж анзаарсан. Өөр нэгэн шалгуур нь олон орны охидтой байх учраас аливаа зүйлд дасан зохцих чадвартай байх шаардлага бас байгаад байгаа юм.
SUSI хөтөлбөрийн шалгаруулалт нилээн өрсөлдөөн ихтэй байдаг. Шалгаруулалтын шатанд бэлдэж байсан үеийн дурсамж, хүнд гэж харж байсан зүйлс байсан уу?
Анх би Зориг Сангийн “Ардчиллын Зуны Зуслан” хөтөлбөрт хамрагдаж байхдаа АНУ-ын элчин сайдын яамны Боловсрол Мэдээллийн Төвөөс мэдээлэл авч байсан. Тэгээд өмнө нь бас энэ хөтөлбөрөөр яваад ирсэн охидоос тодорхой мэдээлэл, зөвлөгөө авсан. Онооны шалгуур ерөөсөө байхгүй болохоор эссэгээр чинь л тухайн хүний хэн бэ гэдгийг шалгаруулна гэж зөвлөж байсан. Миний хувьд шалгаруулалтад бэлдэж байхдаа, хиймэл дүр эсгээд яахав, би байдгаараа л байя, хэрэв би байгаагаараа байгаад өөрийгөө илэрхийлсэн нөхцөлд тэнцээгүй бол би тэр хөтөлбөрт тохирохгүй л гэсэн үг. Тийм болохоор зүгээр өөрийхөөрөө байя, гэхдээ өөрийгөө зөв илэрхийл гэсэн байр суурийг баримталсан. Миний хувьд юу ч бодолгүй л орсон, ер нь бол юунд ч хүлээлт тавиагүй зүгээр л би нэг ийм л нөхөр, ямар ч байсан би байгаагаараа л байя гээд орсон. Тэгээд асуултуудад бэлтгэлгүй хариулахаар шууд сэтгэл хөлдөлөөрөө ярьсан. Тэгээд сэтгэл хөдлөлөөрөө ярихаар уйлсан, буцаагаад хүмүүсийг уйлуулсан. Тэр тухайн мөчид гарч ирж байгаа сэтгэл хөдлөлийн, бие биедээ солилцож байгаа уур амьсгалыг бүрдүүлж чадаж байгаа нь өөрөө миний тэнцэх шалтгаан болсон байх аа. Миний бодлоор application process гэдэг маань “тухайн хүнийг хэн бэ” гэдгийг л мэдэх гээд ямар нэгэн байдлаар шалгаад байгаа үйл явц шүү дээ. Энэ хүнээр эссэ ч бичүүлж үзүүлээд, ярилцлагад ч оруулж нэг үзүүлээд, тухайн хүнийг өөрийг нь хэн бэ? гэдгийг олж мэдэх гээд байна ш дээ. Тэгэхээр хүн бүр өөр, хүн бүр өвөрмөц, та зүгээр л өөрөө өөрийгөө л илэрхийл.
Хөтөлбөрт тэнцсэн гэсэн хариу хүлээж яг юу мэдрэгдсэн вэ?
Тухайн үедээ би Японд сурахаар оччихсон байсан. Шинэ орчин нөхцөлд дасаад, шинэ хүмүүс гээд л аргаа олох явцдаа байж байсан. Тэгсэн тэнцсэн и-майл ирсэн, яг тэр үед надад “миний хүртэх ёсгүй зүйл байж болохвий” гэдэг сэтгэгдэл төрсөн. Тэгээд Японд сурч байгаа гэдгээ бичсэн. Харин хүсэлт гаргаж байх үеийн шалгуураа хангачихсан учраас оролцож болно гэсэн. Би нэгт Монгол улсаа төлөөлж дээрээс нь Япон улсаас тухайн хөтөлбөрт оюутан хамрагддаггүй тул Япон улсаас бас төлөөлж байгаа юм шүү гээд чамгүй хариуцлагатай байхыг хичээсэн.
Тухайн үед төрж байсан нэгэн айдас нь “их амбец өндөр, мундаг охид байгаа байх. Бүгд над шиг би гэсэн онолтой байж болох юм. Тэгээд их том инергийн бөөгнөрөл үүсээд л тухайн симтемд юу болох бол доо гээд жаахан айж байсан. Инээв. Харин яг орчинд нь очоод юу мэдэрсэн гэхээр, эмэгтэй хүмүүс бие биеэ дэмжихээрээ ямар итгэмээргүй гайхамшигууд болдог юм бэ гэдгийг ухамсарлаж авсан. Амбицтай байна гэдгийг хүмүүс амжилтанд хит хөөрцөглөөд байгаа хүнийг гэж хардаг. Гэтэл амбицтай байх нь дотроо бас олон янз байдаг юм байна лээ. Харин тэнд бол эмэгтэйчүүд бие биеэ дэмжиж байгааг, бас тэр системийн бүрдэл хэсэг бүр нь биширмээр мундаг байгаа нөхцөлд би ороод ямар хурдацтай хөгжиж болохоо харсан.
АНУ-д хөтөлбөрт хамрагдах үеийн дурсамжаас, эсвэл нэг өдрийг дүрслээд ярьбал?
Ерөнхийдөө бол хорин гурван өөр, өөр улсын 80 гаруй охид Вашингтон Ди Си–д цуглаад тэндээ зочид буудалд байрлаж хамтдаа үйл ажиллагаанд хамрагдаг. Дөрөв хоногийн дараа дөрвөн өөр Институт руу хуваагдаж явсан. Монгол охид The University оf Кansas гээд их сургуульд хуваарилагддаг юм байна лээ. Тэр хуваарилалт бол асар том боломж. Учир нь бусад гурван институтын охид газарзүйн байдал, соёл, түүхийн төсөөтэй байдлаар хуваарилагдсан байдаг. Нөгөө талаас манай сургуульд бол тийм ижил төсөөтэй зүйлгүйгээр ялгаатай тив, ялгаатай түүхтэй 6 улсын охидууд байсан гэдгээрээ онцлогтой бас яг тухайн манлайллын хөтөлбөрийг удирдан боловсруулдаг хоёр багш маань бидэнд яг on campus багшилдаг. Монгол охид ч азтай шүү. Улс бүр соёлыг сурталчлах өдөрлөгүүдийг нээлттэйгээр зохион байгуулдаг. Өдөр нь хичээлүүд орно. Түүний дараа нь охидоороо дэлгүүр хэснэ, янз бүрийн бие биеэ таниж мэдэх үйл ажиллагаа бас бий. Мөн нэг гоё зүйл нь өөрөө өөрийгөө олохуй байсан. Өөрөө өөрийгөө таниж мэдэхийн тулд бусад хүмүүс өөрийгөө яаж илэрхийлж байгааг анзаардаг байдлаар ханын самбар бэлтгэх, бие биедээ сэтгэгдэл бичиж үлдээх гэх мэт. Энэ дунд бас гэрийн даалгавраа хийнэ шүү дээ. Ямар ч гэсэн энэ хөтөлбөр нь миний амьдралд өнөөг хүртэл мэдэрч байсан зүйлүүдээс хамгийн гайхалтай нь мөн байна гэх мэдрэмж хүчтэй өгсөн шүү.
Хөтөлбөрт хамрагдсаны дараа танд яг ямар нөлөө үзүүлсэн вэ?
Хоёр төрлийн өөрчлөлт байна. Техникийн өөрчлөлтүүд гарсан, харилцаа холбоо нэмэгдсэн. Мөн олон улсын орнуудын охидын тухай төсөөлөл минь өөрчлөгдсөн. Урд нь шал өөр хүмүүс байгаадаа гэж хардаг байсан. Таны мэдэрдэг мэдрэмжийг, гуниг харууслыг ч дэлхийн нөгөө захад сууж байгаа, танаас өөр нөхцөлд өссөн, магадгүй таны хажууд өссөн ойр байдаг хүнээс ч илүү ойлгодог тийм үнэ цэнэ бол байдаг. Дараа нь “эмэгтэйчүүд ялангуяа нэгдэхээрээ ямар гайхалтай юм бэ” гэж бодсон. Одоо би Ази Хөгжлийн Банкны нэг төсөл дээр ажиллаж байгаа SUSI-ээр сурч авсан зүйлүүд их нөлөөлж байна. Тухайн системыг ажиглаад, би өөрийнхөө дадал зуршил, өөрийхөө өнцгөөс биш өөр хүний харах өнцгөөс тэр байр сууриас харах гэж хичээж сурсан. Миний амьдралд гаргаж байгаа шийдвэр болгонд SUSI-гын манлайлалын хөтөлбөрөөс сурсан зүйлс дандаа нөлөөлдөг дөө.
АНУ-д байхдаа хүнд хэцүү зүйл байсан уу? Сорилттой тулгарч байв уу?
Сорилттой тодорхой хэмжээнд тулгарч байсан. Одоо бодохоор тэр нь дандаа жаргал даахгүйн зовлонгийн сорилт байсан. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь зүйл нь тийм гоё дурсамжтай гоё системийг бий болгочхоод салаад явна гэдэг их хэцүү санагдаж байсан. Манай охидууд гэртээ очно. Харин намайг онгоцны буудал дээр Японд хэн ч хүлээгээгүй. Японд сурч байгаагаа үргэлжлүүлэх мэдээж сайхан байсан ч гэсэн тийм гоё дулаахан орчинд хажууд нь байгаад л баймаар тийм сайхан хүмүүс дунд байж байгаад буцаад намайг ерөөсөө хүлээгээгүй газар луу явах тэр мэдрэмж онцгүй байсан. Дараа нь нэг санаа зовоох асуудал нь гэрээсээ хол сурдаг оюутан бүрд тохиолддог гэр бүлээ санах, цагийн зөрүүнээс болоод холбоо барьж чадахгүй байх, онлайн орж ирэхгүй бол санаа зовох гэх мэт зүйлс байгаа. Ер нь ингээд харахад хөтөлбөрийн зүгээс бол хэцүү хүндрэл учруулсан юу ч байхгүй дээ.
Японд сурсан. Монголд сурсан. Тэгээд АНУ-д сурсан, үүнээс хархад улс орнуудын боловсролын ялгаа, залуучуудынх нь сэтгэлгээний онцлог ялгаа мэдрэгдсэн үү?
Ялгаа маш их мэдрэгдсэн. АНУ бол ямар нэгэн нэгдмэл зүйлд баригдахгүйгээр хүн бүр өөр гэдгийг маш сайн ухамсарлаад тухайн хүний онцлогийг нь сайн хөгжүүлж, дөвийлгөж, тухайн хүн нэг зүйлдээ сайн байх юм бол дэмждэг, хүн бусдаас өөр байхыг нь маш гоёоор авч үздэг. Японд бол хийх ёстой юм аа цагт нь хийгээд л нээх илүү гарахгүй, дутаж болохгүй яваад байхад та сайн сурагч. Гэхдээ үүнийг дагаад хүн байх, ёс зүйтэй байх, бусдад төвөг удахгүй байх гэдэг нийгмийн хариуцлагыг гүнзгий суулгасан санагдсан. Монголын тухайд шүүмжлээд байгаа даа биш. Энэ угаасаа хөгжиж байгаа систем, харин дутагдалтай юу гэвэл дутагдалтай. Одоогийн залуучуудын сэтгэлгээний байдал, одоогийн залуучуудад зориулагдсан Монголын боловсролын хөтөлбөр, одоогийн байгаа нийгэм гурав авцалдахгүй, уялдаа холбоо жаахан муу байгаагаас хамаараад асуудлууд олон байна. Магадгүй төр, засгийн хийх хамгийн эхний алхам бол энэ үед суралцаж, хөгжиж буй ирээдүйг авч явах залуусаа судлах, мэдэх байх.
Онолын математик гээд мэргэжлийнхээ талаар ярьж өгөөч?
Асуусанд баярлалаа, би мэргэжлийнхээ тухай ярих их дуртай. Анх эдийн засгийн ангид орсон, яг л бусдын жишигээр явсан. Математикдаа сайн бол эдийн засгийн ангид орно. Тэгээд тухайн жишгээр 3-р курс хүртэл явсан. Тэгээд анзаарахад Монголд сурч байгаа оюутнууд өөрийхөө дуртай юмыг хийгээд байна уу? Бусдын дуртай байх гэсэн юмыг хийгээд байна уу? гэдэг их том асуулт. Миний амьдралдаа тулсан хамгийн том зөрчил минь юм даа. Удаан бодсон, зөвшилцсөний үндсэн бүх хүнээс зөрж өөрийн дуртай замаа сонгож, нилээд бэрхшээл, эрсдэлээ үүрээд мэргэжлээ сольсон. Надад ч өгөөжөө төсөөлснөөс минь их өгсөн.
АНУ, Японд бол онолын математикаар сурдаг гэхээр хамаагүй өөр хандлагатай, суурь шинжлэх ухааны үнэ цэнийг мэдчихсэн. Монголд бол төгсөөд ямар ч ажилгүй юм биш үү? нөхөр минь, төгсөөд юу хийх гэж байна? математикийн багш болох юм уу? нөхөр минь, гэсэн хандлага яалтачгүй л байна. Ер нь багш болсон ч яадаг юм. Хорвоо дээр хамгийн гайхалтай мэргэжил шүү дээ. Хэзээ бид нар багш нараа үнэлдэг, нийгмийн баталгааг нь хангадаг болох юм бэ. Нийгэм гэхдээ өөрчлөгдөнө өө. Бид өөрчилнө шүү дээ.
Математик гэж юу гэдэг их хүнд асуулт. Би өөрийнхөө түвшинд л хариулья. Хэрэглээний математик гэдэг нь амьдрал дээр байгаа асуудлыг математикийн хэл руу шилжүүлээд, тэр нь математик загварчлалаар илэрхийлээд, үүн дээрээ математикийн хүрээнд шинжилгээ судалгаа хийгээд асуудлаа шийдвэрлэх. Шийдээд гарч ирсэн үр дүнгээ буцаагаад амьдралын хэл руу хөрвүүлээд гаргаад ирж байгаа нь болохоороо хэрэглээний математикын хэрэглээ, үр дүн. Жишээ нь: гэрлэн дохион дээр аль аль талаасаа, хэр удаан ногоон гэрэл асах вэ? Үүнд аль системд хамгийн зөв оновчтой ажиллах юм, гээд хэрэглээний асуудлуудыг шийддэг. Онолын математик гэж юу вэ? гэхээр ерөөсөө батлагдсан логик өгүүлбэрүүдээс шинэ логик харицаануудийг нь олоод шинэ батлагдсан логик өгүүлбэр үүсгээд байгаа юм шиг. Өгүүлбэр гэдэгт юу ч байж болно. Цаашдаа хэрэглээний математикт хэрэглээд явчихаж болох онолын факт гаргаж ирдэг гэсэн үг. Энэ мэргэжлээрээ ажиллахад ерөнхийдөө хоёр сонголт байна. Нэг нь судлаач хийгээд явж болно. Нөгөөх нь профессор болоод, их сургуульд багшлаад явж болно. Гэхдээ ер нь академик түвшинд бол багш хүнийг дагасан судалгаа, судалгааг дагасан сургалт буюу дээрх хоёр бол салшгүй зүйлс. Хэрэглээний математикийн боломж бол ер нь хязгааргүй. Жишээ нь одоо шинээр гарч ирж байгаа хиймэл оюун ухаан, дата анализ, олон зүйлд хэрэглэгдэнэ.
Нэг зүйлийг хэлмээр байна. Танд зөвлөх ёстой гэж нийгэм үздэг, таны багш нар, танаас дээд үеийнх нь, таны одоо мундаг гэж хардаг хүмүүсийн насан дээр та нар тэд нараас хэд дахин мундаг байна. Бүрэн дүүрэн итгээрэй. Гол нь өөрийгөө л сайн сонс, өөрийн чинь толгойд орж ирж байгаа бодол, өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнаад, хүсэж байгаа зүйлээ л хий. Шаардлагыг нь хангадаг ч бай, үгүй ч бай хүсэж байгаа тэтгэлэгтээ материалаа өгөөд л үз. Манай багш хэлдэг байсан. “Хүний амьдрал гэдэг бол амжилтгүй болсон зүйлээрээ аяга нь дүүрээд аяганаасаа хальж гарсан амжилт’ гэж. Тэгээд тэр аяга руугаа амжилтгүй зүйл хийгээд л байх тусам амжилттай зүйл нь хөвөөд гаргаад ирдэг юм. Үүн шиг чи материал өгөхгүй, би тэнцэхгүй гээд бодоод яваад байх юм бол чи хэзээ ч тэнцэхгүй. Яагаад гэвэл чи ямар ч үйлдэл гаргахгүй, суралцахгүй байна. Харин эндээ материалаа өгөөд, ямар нэгэн байдлаар зориод, оролдоод суралцах үйл явц дундаасаа сураад тэгж байж дараа дараагийн үйлдэл чинь амжилттай болдог.
За сайхан нээлттэй ярилцсан чамд баярлалаа. Ажил сурлагт нь амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү
Та бүхэн Батчимэгийн яриаг бүрэн эхээр нь дараах холбоосуудаас сонсоорой!
Stitcher энд дарна уу.
SoundCloud энд дарна уу.
Anchor энд дарна уу.
Itunes энд дарна уу.
Castbox энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл | Photo Credit: June Charaa |