Alumni stories

Г.Халиунгоо: АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Vanderbilt University-ийн Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистр, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн


Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач. Бакалавраа хаана сурч төгссөн вэ? Одоо хаана ажиллаж байгаа вэ? 

За, Сайн байцгаана уу? Намайг Ганбатын Халиунгоо гэдэг. Би 10 жилээ "Хобби" бүрэн дунд сургуулийг төгсөөд Малайз улсад Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2008 онд ирснээсээ хойш Оюутолгой ХХК-ийн орон нутгийн харилцааны хэлтэст ажилласан. Ажиллаж байхдаа тогтвортой хөгжил гэж юу юм бэ? Уул уурхайгаас олгогдож байгаа энэ хөрөнгө оруулалтыг яг юунд зарцуулах ёстой юм. Бид нар яг зөв зарцуулаад байна уу? Үгүй юу? гэх мэт олон асуултуудтай тулгарч эхэлсэн.  Тэгээд 2014 онд өөрийгөө илүү хөгжүүлье, дахин суралцъя гэж шийдээд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгсөн. Тэгээд 2015 оноос 2017 онд суралцаж төгссөн байгаа. 

Одоо АНУ-д төвтэй хөгжлийн байгууллагад Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежерээр ажиллаж байна. Манай төсөл Швейцарын Хөгжлийн Агентлагийн Засгийн газрын санхүүжилттэй. Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа их сонирхолтой төсөл дээр, яг мэргэжлээрээ ажиллаж байна. 

Фулбрайт тэтгэлгийн тухай анх хаанаас мэдсэн вэ? АНУ-д сурах хүсэл мөрөөдөл хэзээнээс байсан вэ?

Тийм ээ, Фулбрайт тэтгэлгийг бүүр багаасаа л мэдэж байсан, бас мөрөөдсөн. Хүүхэд байхад тэр өндөр төлбөртэй АНУ-д сурах боломж байгаагүй. Тийм ч учраас өөрөө л хичээж байгаад хэзээ нэгэн цагт АНУ-д суралцана гэж олон жил бодсон, түүнийхээ төлөө өөрийгөө мөн бэлтгэсэн. Бүх зардлыг нь өгдөг. Тэтгэлэг хүртэл өгдөг гээд түүхийг нь зөндөө сонсож байсан. Яг хүүхдээ гаргаад удаагүй байхдаа тэтгэлэг зарлагдсан гэдгийг АНУ-ын элчин сайдын яамны веб сайтаас мэдээлэл уншсан. Тэр үед гэртээ зав чөлөөтэй байсан учраас бэлдэж материалаа өгсөн.  

Тэтгэлэг авах хүртлээ бэлдэх хугацаанд багагүй саад бэрхшээлийг туулсан байж таараа. Яг өөрийгөө яаж бэлдэж байсан вэ? Өөрийн туршлага, түүхээсээ хуваалцаач?

 “Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөх гэж байгаа юм, эсээг минь та нэг хараад өгөөч ээ” гээд хүмүүс их ханддаг. Тэгээд эсээг нь уншихаар зөвхөн тэтгэлэг л аваад АНУ-руу явахын тулд л эсээгээ бичсэн байдаг. Яг үнэхээр би юу сурах гээд байгаа вэ? гэдэг зорилгоо тодорхойлоогүй, эсвэл ажил мэргэжил нь түүнтэйгээ уялдаа холбоогүй байдаг. Энэ тал дээрээ их алдаад байдаг юм шиг надад санагддаг. Миний хувьд яг хөгжлийн эдийн засгийн чиглэлээр сурна, сурахын тулд би өнөөдөр ямар ажил хийсэн байх ёстой вэ гэдгээ их урт хугацаандаа тодорхойлчихсон байсан учраас бусад өрсөлдөгч нараасаа илүү давуу талтай байж чадсан юм болов уу гэж боддог.

Хөгжлийн эдийн засаг гэж яг ямар мэргэжил вэ? Хөгжлийн эдийн засагчаар сурна гэж бодож байгаа хүүхдүүд ирээдүйд яг юу хийнэ гэсэн үг юм, гэдгийн тайлбарлавал?

Их гоё асуулт байна. Хүмүүс хөгжлийн эдийн засаг гэж яг юу хийдэг юм вэ? гэж олон асуудаг. Ерөнхий эдийн засаг гэдэгтэй андуураад байдаг. Хөгжлийн эдийн засаг гэдэг нь хамгийн түрүүнд ядуурал гэж юу юм вэ? Ядуурлыг ямар аргаар яаж хэмждэг вэ? гэдгийг судалж эхэлнэ. Ядуу буурай орнууд ямар бодлогын чанартай шийдвэрүүд гаргах юм бол ядуурлаасаа салах юм? Ядуурал яг ямар шалтгаанаас, хүчин зүйлээс болоод гараад байгаа юм гэдгийг тодорхойлж тэр хүчин зүйлийг засахад илүү анхаарсан бодлогууд гаргадаг. АНУ-д сурч төгсөж ирээд би “Centerra Gold” компанид орон нутгийн хөгжлийн эдийн засагчаар жил гаруй ажилласан юм. Яг л адилхан хувийн аж ахуй нэгжээс орон нутгийг хөгжүүлэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр хөрөнгө оруулалтыг нь тухайн орон нутагтаа ядуурал яг юунаас үүсээд байна? Ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл илүү хөгжихөөр байна гэдгийг нь анализ судалгаагаар дүгнэж гаргаж ирээд түүндээ хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. Маш их сонирхолтой сэдэв.

Малайзын боловсролын тогтолцоо Америкийн боловсролын тогтолцоо хоёрын ялгаа ямар байсан вэ? Яагаад хүмүүс АНУ-д сурна гэж хүсэж тэмүүлдэг юм бол?

Арван жилээ төгсөөд АНУ–руу тэтгэлэг аваад явж сурмаар байна гэсэн чинь манай аав ээж хоёр хэтэрхий жоохон байна, Ази дотроо сур гэдэг шаардлагыг тавьсан. Тэр дундаасаа Малайз, Сингапурт хоёр ангиллаар хичээлээ заадаг. Боловсролын чанарын хувьд доогуур ордоггүй байсан учраас мөн Малайз Сингапурыг бодвол хэд дахин хямдхан байсан болохоор явахаар шийдэж байсан. Бүх хичээлүүд ангил хэл дээр ордог. Гэхдээ АНУ-ын боловсрол дэлхийд нэгт байгаа түүнтэй бол харьцуулшгүй. Гэсэн ч миний суурийг маш сайн тавьж өгсөн. Хариуцлагатай байх талаар маш сайн сургаж хүмүүжүүлсэн гэж боддог.

АНУ-д хоёр жилийн хугацаанд суралцаж байсан үеийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?

Олон зуун Монголчуудаас өрсөлдөөд Фулбрайт тэтгэлэг аваад АНУ-руу очиж байгаа учраас би өөрийгөө их мундаг гэж бодоод очсон. Тэгсэн тэр бүх бодол минь буруу байсан байна лээ. Очоод их шалгууруудтай, сорилтуудтай тулгарсан. Ангил хэлний мэдлэгээ дутмаг байгаа гэдгээ анзаарсан. 

Их сургуулиа төгссөнөөс хойш 7,8 жил ажиллаад эргээд сурахад хүнд байсан. Унаж босно, муу авч нэг үзнэ. Би энэ хичээлийг хийж чадахгүй юм байна гээд 5 минут ч шантраад зүгээр суух эрх байхгүй, тийм л өрсөлдөөн ихтэй байсан.Манай хөтөлбөр өөрөө 100 хувь онол биш, маш их практик талыг хослуулсан хөтөлбөр байж чадсан. Хоёр жил сурах хугацаандаа Бүгд Найрамдах Доминикан улс руу  4 сарын төсөл дээр бас ажилласан юм. Очиж олон талт ядуурлыг хэмжих Оксфордын их сургуулийн гаргасан тэр аргаар ядуурлыг очиж хэмжээд өөрөө судалгаануудыг нь авч яваад практик тал дээрээ их хөгжүүлэх боломжтой байсан. Өөр хэд хэдэн газар очиж төсөл дээр мөн ажилласан. Дандаа өмнөд Америкийн улсууд гэсэн үг их сонирхолтой байсан.  

Монголчуудын нэг давуу тал болж чадаж байгаа зүйл нь чи өөрөө Монгол хүн учраас их давуу талтай юм байна лээ. Манай сургуульд сурч байсан ганцхан Монгол нь би байсан. Хэрэв би Харвардын их сургуульд ийм сургалт байна. Надад энэ сургалт хэрэгтэй байна гэвэл сургуулиас нь санхүүжилт гаргаж өгдөг. Хэрэв надтай адилхан олон Монгол оюутан сурдаг байсан бол өрсөлдөөн илүү их байх байсан байх. Монголчууд маань цөөхөн тул энэ ч утгаараа тэр бидэнд давуу тал их байгаа. Тэр бүх боломжуудаа сурч байгаа үедээ л сайн судлаад тултал нь боломж болгож ашиглаарай гэж зөвлөмөөр байна.    

 Vanderbilt аль хотод байрладаг тухай, сургуулийнхаа онцлогоос, гадаад оюутнууд их байсан уу?

Vanderbilt University минь Теннесси мужийн Нэшвилл хотод байрладаг. Нэшвилл хот бол Монголоор бол зохиолын дуу, country music-ээр алдартай хот. Би явахдаа өвөл хүйтэрдэггүй хотод амьдарч үзмээр байна гээд энэ сургуулиа сонгож байсан. Манай муж АНУ-ын зүүн урагшаа байдаг учраас өвөл их хүйтэрдэггүй. 

Манай хөтөлбөрт дандаа л гадаад оюутнууд сурч байсан. Бусад хөгжиж буй ядуу буурай орнуудаас АНУ-ын эдийн засгийн хөгжлийн загварыг судлахаар жил бүр 25 оюутан л авдаг өрсөлдөөн ихтэй хөтөлбөр байсан. Манай ангид нэг л Америк оюутан, бусад нь дандаа гаднын оюутнууд байсан. Би ангийнхаа 5 оюутантай нийж хамтдаа их хичээл хийдэг, мэдээллээ их солилцдог байсан.  Бид зургуулаа өөр өөр улсын оюутнууд нэг нь Америк, тэгээд Афганистан, бас нэг нь Катар, нөгөөх нь Козово, тэгээд Эсватинийн(хуучнаар Свазиленд), би Монгол гээд бүгд их сайн найзууд болсон. Бие биедээ улс орны тухай их ярьж өгдөг байсан.

 Оюутны амьдралын нэг өдрийг дүрслээч, нэг долоо хонгыг ч юм уу?

Эхний жилдээ би охиноо авч яваагүй юм. Хоёр дахь жилдээ охиноо авч явсан. Манай охин нэг жилийн турш англи хэлийг унаган хэл шигээ сайн сураад ирсэн. Америкчууд хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх, гол нь залхууг нь хүргэхгүй арга техникээр олон зүйл сургадаг. Давхар Франц хэл заадаг. Манай хүүхэд нэг жилийн турш цэцэрлэгтээ Англи хэлтэй, Франц хэлтэй, Монгол хэлтэй болоод 4 настайдаа буцаж ирж байсан. “Хүүхдийг залхаахгүйгээр яаж энэ бүхнийг заадаг байна вэ” гэдэг нь урлаг болгож чадаж байгаа юм л даа. Бага байхаас нь “critical thinking” буюу шүүмжлэх сэтгэлгээ, дүн шинжилгээ, анализ хийх дадлыг гайхамшигтай сургадаг. Хүүхэд ер нь насаараа сурах сонирхох зүйлийн 70 хувийг 5 наснаас 7 насандаа сурдаг. Тэр суурийг нь сайн тавьж, ямар нэгэн зүйлд дуртай сонирхолтой болгож өгч чаддаг байна билээ. Харин нөхөр маань тэнд бүтэн цагаар ажилласан. Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр бол Засгийн газрын солилцооны хөтөлбөр учраас хамт яваа гэр бүлийн хүн нь бүтэн цагаар ажиллах, сурах боломжтой байдаг давуу талтай. 

 Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Хөгжлийн эдийн засаг гэдэг мэргэжил Монголд шинэ мэргэжил болоод байна. Энэ мэргэжлээр тэр тусмаа сурах гэж байгаа бол та бүхэн судлаад үзээрэй. Маш их сонирхолтой, хөрвөх чадвартай ихтэй тийм мэргэжил шүү. Хүн хүний сонирхол өөр. Монгол оюутнуудыг аль болох зүгээр эдийн засаг биш илүү нарийвчилж энэ мэргэжлээр сураасай гэж би хувьдаа хүсдэг юм. Монголдоо эргэж ирээд ажиллана гэж зорьж байгаа бол Монголын зах зээлд илүү ямар мэргэжил дээр гэдгийг судалж байж мэргэжлээ сонгоосой гэж зөвлөмөөр байна.  

АНУ-д олж авсан боловсрол мэдлэгээ, туршлага ур чадвар чинь эргээд Монголдоо ирэхэд яаж ажил хэрэг болж бууж байна. Энэ талаараа хуваалцвал?

Америкт бол онол гэхээсээ илүү хүмүүст практик дадлага туршлагыг маш их олгохыг зорьдог, чухалчилдаг улс. Тийм ч учраас сурсан зүйлээ Монголд ирээд л ажилд орсон эхний өдрөөсөө ашиглах бүрэн боломжтой байсан учраас их таалагдаж байсан. Одоо яг ажиллаж байгаа хотын засаглалыг сайжруулах төсөл ч гэсэн “Засаглал гэж юу юм?, Сайн засаглалтай байж л улс орон ядуурлаас гарч хөгжиж цэцэглэнэ. Тийм ч учраас сурсан мэдсэнээ ажил дээрээ хэрэгжүүлээд явж байгаа нь давуу талтай болж чадаж байна” гэж үзэж байгаа. 

MASA-д сайн дурын ажил хийж байгаа. Яагаад MASA-г сонгох болсон вэ?

Сайн дурын ажил хийх нь миний бас нэгэн сонирхол, байнга л ямар нэг сайн дурын ажил хийж байсан. Сургуулийнхаа ч юм уу, ажлынхаа ч юм уу. Ажлын хажуугаар үргэлж хийж ирсэн. АНУ-аас төгсөж ирээд 2017 онд би “Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээ” ТББ-д ТУЗ-д бас ажиллаж байсан. Ажлын хажуугаар их ачаалалтай байсан учраас MASA-д орж хараахан чадахгүй л яваад байсан. Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр АНУ–ын татвар төлөгчдийн мөнгөөр би сурсан учраас АНУ-ын боловсрол ийм ийм давуу талтай байдаг гэдгийг Монголынхоо ард түмэн, залуу үеийн хүүхдүүдэд таниулж уг хөтөлбөрийн элч болох нь миний үүрэг гэж боддог. Тийм ч учраас MASA-д хэзээ нэгэн цагт орж сайн дурын ажил хийнэ гэж бодож байсан тул материалаа өгсөн. /Энэ чинь бас сонгон шалгаруулалтаар ТУЗ-д орж байгаа шүү дээ/ Бид аль болох мэдээлэл түгээж, таниулан сурталчилж, орон нутагт очиж, хөдөө нутгийн аль нэг сумд байгаа нэг ч гэсэн хүүхэд мэдээлэл өгөөд энэ бүх боломжийг атгаад аваасаа, эртхэн мэдээлэл авч өөрөө бэлдээсэй гэж зорьдог. Тийм учраас тэр арга, боломжийг нь бид зөвлөж өгдөг юм.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэнэ ирсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлс бүх зүйлд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 

За, Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье. 

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж үзээрэй


Та бүхэн Ганбатын Халиунгоог АНУ-д Vanderbilt University-д суралцахын давуу талуудын талаар бүрэн эхээр нь мэдэхийг хүсвэл дараах холбоосуудаар сонсоорой!

⏩Stitcher энд дарж сонсоно уу
▶️SoundCloud энд дарж сонсоно уу
⏯Anchor энд дарж сонсоно уу
⏸Itunes энд дарж сонсоно уу
⏏️Castbox энд дарж сонсоно уу


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |