Alumni stories

М. Чимэгсайхан "Pace University"-ийн Энтрепрэнершип хөтөлбөрийн төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт  Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч Б. Чимэгсайхан оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. 

Сайн байцгаана уу? Намайг Чимэгсайхан гэдэг. Би 2018-2020 онд Фулбрайт тэтгэлээр  Нью-Йоркт байдаг "Pace University"-д хоёр жилийн хугацаанд суралцсан. Төгсөөд ирснээсээ хойш Монголдоо газар тариалангийн салбарт ажиллаж байна. Америкт суралцахаасаа өмнө би Орхон их сургуульд Инпорматик гээд англи хэл, компьютер хосолсон ангид бакалавртаа суралцаж төгссөн. Өмнө нь хэл талаа илүү барин ажиллаж олон улсын төслүүдийн орчуулга хийдэг байсан. Хамгийн сүүлд хүний наймаатай тэмцэх олон улсын төслүүд дээр ажиллаж байгаад хөдөө орон нутаг руу илүү чиглэж ажиллан үүнээсээ үүдээд Америкт суралцахаар шийдэж байсан байгаа.

Америкт суралцах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Хамгийн түрүүнд өөрийнхөө юу хүсэж байгааг олох нь маш чухал. Би ч гэсэн мэргэжлээ олсон боловч яг юу хийхээ нарийн тооцоолж олж чадахгүй байсан. 2015 онд би Фулбрайт хөтөлбөрт оролцох гээд эсээ бичиж байсан боловч хараахан тэнцэж чадаагүй. Хоёр жилийн дараа гэхэд яг юу хийхээ улам тодорхой болгоод дахин оролдоод тэнцэж байсан. 

Сурсан сургуулийнхаа талаар бидэнд сонирхуулаач.

“Pace University” маань Нью-Йорк хотын Валл Стрэйтд байрлалтай зарим судалгааны ажлууд маань Валл Стрэйтын томоохон компаниуд дээр явагддаг байсан. Үүнээс гадна жүжигчний сургуулиараа маш алдартай. Санхүүгийн чиглэлээрээ дээгүүр үнэлэгддэг учир манай төгсөгчдийн дийлэнх нь Валл Стрэйтд ажилд ордог. Үүнээс гадна хөл хөдөлгөөн ихтэй, маш дэгжин хээнцэр олон улсаас ирж буй оюутнууд болон Европчууд ихтэй байдаг болохоор орчин нь цаанаасаа маш өөр байдаг. Олон улсын оюутнууд ихтэй, бүгд өөр өөр сэтгэдэг болохоор аливаа зүйлийг олон талаас нь харах чадварт маш сайн суралцдаг гэж хэлж болно. Дээрээс нь цагийг завгүй бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөдгөөрөө давуу талтай байдаг. 

Танай сургууль оюутны дотуур байртай байсан уу?                                           

Мэдээж Нью-Йоркд байгаа хамгийн том сургууль бол Колумбиа бөгөөд Манхетнаас дээшээ багагүй зайтай байрладаг. Маш том өөрийн гэсэн дoтуур байртай. Дараагийн том сургуулиудын нэг бол NYU буюу Нью-Йорк их сургууль. Энэ сургууль нь Манхетаны төвд байрладаг бөгөөд ихэнх газруудыг худалдаж авсан гэдэг утгаараа маш том өөрийн гэсэн дотуур байртай. Үүнээс гадна чөлөөт сэтгэлгээтэй хүссэн хувцсаа өмсөн өөрийн хүссэнээрээ байх боломжийг олгодог. Манай сургууль ч мөн адил оюутны байртай байсан. Харин хөгжилдөхөөр болсон үедээ бид Япон ресторан эсвэл Korea town-д очдог байсан. Яагаад гэвэл Ази оюутнууд гэдэг утгаараа сэтгэлд ойр дотно санагддаг байлаа.                                

Таны суралцах төлөвлөгөө ямар байсан бэ?                                                                                                        

Ямар ч байсан эхлээд Валл Стрэйтэд дадлага хийж үзэх хэрэгтэй юм байна гэж шийдэж байсан. Аливаа том компаниуд яаж ажилладаг талаар мэдээлэлтэй болж туршлага хуримтлуулан мэдлэгтэй болъё гэсэн бодолтой байсан юм. Цаашдаа үргэлжлүүлэн ажиллах сонирхол надад байгаагүй. Яагаад гэвэл би Монголоос явахдаа өөрийн юу хийхээ аль хэдийн тодорхой шийдчихсэн байсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон клубүүдэд орсон бөгөөд энэ нь бие даах чадварыг их шаарддаг. Чи өөрөө хичээн судалж аливаа зүйлийг суралцаж олж мэдэх чадвартай байх ёстой. Нөгөө талаараа чамайг тусалж дэмжих хүн олон байдаг. Би өөрөө маш идэвхтэй байсан болохоор энэ нь хурдан дасан зохицоход бас хурдан хөгжихөд маань түлхэц болж өгч чадсан.

Манай уншигчдад өөрийн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. 

Энтрепрэнершип гэдэг нь Америкт бол том технологиуд дээр суурилан бизнес эхлүүлэх ямар нэгэн асуудлыг технологийн тусламжтай шийдвэрлэх гарах арга замыг олж бизнес эхлүүлэх юм. Аливаа зүйлийг олон талаас нь харж шинэ зүйлийг эрж хайн сэтгэн бодох зохион бүтээх чадваруудыг маш их шаарддаг мэргэжил.  

Америкт яг энэ чиглэлээр суралцахад ямар хичээлүүдийг сурч байв? 

Яг миний хувьд гэвэл маш хүнд байсан. Яагаад гэвэл би хоёр жилийн дотор 58 кредит үзэх шаардлагатай болсон. Энэ нь нэг улиралд дөрвөн хичээл, зуны улиралд гурван хичээл авах шаардлагатай болсон гэсэн үг. Нэг улиралд арван зургаан 7 хоног байдаг бол зуны улиралд зургаан 7 хоног байдаг. Хамгийн эхний зун бол би үнэхээр амжихгүй нь, чадахгүй юм байна гээд шантраад уйлж байсан. Үүнээс гадна гэрээ санана, өглөөнөөс орой болтол хичээлээ хийнэ, ядарна, сульдана, эморно, “Монголдоо байсан бол сайхан байх байж дээ, яагаад энд ирээд өөрийгөө зовоох болов? Хэн ч намайг ойлгохгүй ийм ширүүн хотод яах гэж ирэв дээ” гээд маш их зүйл бодож байсан. Манай Фулбрайтын гол давуу тал нь олон ментортой байх боломж олгодог байсан. Дээрээс нь яг энтрепрэнершипээр сурч байгаа хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө өгдөг багштай клуб байдаг байсан ба Ментортойгоо бүх төлөвлөгөө судалгаагаа ярилцах боломжтой. Манай менторууд дан ганц хоосон яриатай байж болохгүй, ярихынхаа хэрээр хийж бүтээдэг байх, үүнээс гадна soft skill-тэй байх, ганцхан улсын энтрепрэнершипыг биш олон улсын энтрепрэнершипыг давхар судалж мэддэг байх ёстой гэж зөвлөдөг байсан.         

Яагаад Америкт суралцахаар болов? 

Яг бакалавраа төгссөний дараа нь Англи эсвэл Европын орнуудыг зорино гэж боддог байсан юм. Чөлөөт цагаараа маш их ном уншдаг байсан. Тэр дундаа бизнесийн чиглэлийн номуудыг их сонирхож уншдаг байсан. Тэгээд тухайн үед Хятад улсын талаар 23 хуудас бие даалт бичиж байсан. Тэр бие даалт маань маш амжилттай болсон бөгөөд google дээр миний бичсэн бие даалт тавигдсан байдаг. Яагаад Америкийг сонгосон шалтгаан гэвэл миний сонгосон мэргэжил тэнд илүү дэлгэрсэн мөн өндөр хөгжилтэй давуу тал ихтэйгээс гадна илүү чөлөөт сэтгэлгээтэй улс байсан учраас юм. Анх 2014 оноос эхлэн судалгаа хийн сонирхож эхэлсэн. Бүх сургуулиа нэг бүрчлэн судалсны эцэст Америк улсыг зорихоор шийдэж байсан.  

Ирээдүйн мэргэжлээ сонгож байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна? 

Маш олон зүйлийг судлан ажиллаж өөрийгөө олох нь маш чухал гэж би хувьдаа боддог. Өөрийгөө олоогүй байж бусдын сонголтоор ирээдүйгээ шийдэж болохгүй. Би хэн бэ? Би яг юуг хүсдэг вэ? гэдэг асуултууд маш чухал. Бакалавраа төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд гэвэл өөрийн сонгосон мэргэжлээ илүү сайн ойлгодог болохын тулд мэргэжлээрээ дор хаяж гурван жил ажилласны дараагаар гадаад улсыг зорих хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэгж байж чи аливаа асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх арга замыг олж харж чаддаг болно. Хийсвэр сэтгэлгээгээр огт шийдэж болохгүй. Би ч гэсэн анх зөвхөн Фулбрайтд тэнцвэл бүх зүйл сайхан болно гэж бодсон байсан гэвч дараа дараагийн даваанууд хэзээ ч дуусдаггүй. 

Фулбрайтд суралцаж байх хугацаанд тань тохиолдож байсан хамгийн хүнд хэцүү зүйл юу байсан бэ? Бас таны бодлоор Фулбрайтд тэнцсэн гол давуу тал чинь юу байсан вэ? 

Миний бодлоор эсээндээ бичсэн надад ийм нарийн төлөвлөгөө байгаа, би ийм юм хийж бүтээнэ гэсэн хүсэл маань энэ хүүхэд нэг юм хийж бүтээх хүсэл зорилго тэмүүлэлтэй байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн учраас Фулбрайтд тэнцээд зогсохгүй сургуульдаа ч гэсэн тэнцсэн байх гэж хувьдаа боддог. Миний өмнө Монголоос ирсэн хүмүүс ч гэсэн өөрийн ул мөрөө үлдээж чадсан юм шиг надад санагдсан. Хамгийн хэцүү зүйл гэвэл сургууль сонголт байсан. Фулбрайтад тэнцсэний дараа сургуулиа сонгож эхэлдэг болохоор сургуулийнхаа хөтөлбөрүүдийг сайн судалж байгаад сонгох нь чухал. 

Фулбрайтд тэнцсэний дараагаар яг юу хийх ёстой байдаг вэ? 

Фулбрайт гэдэг нь өөрөө маш гоё хөтөлбөр шүү дээ. Тэнцсэнийхээ дараагаар сургуулиудаа маш сайн судлах шаардлагатай. Үүний дараагаар хотын сонголт чухал. Яагаад гэвэл байршлаа зөв сонгосноор тэндээс  хэр их мэдлэг, туршлага хуримтлуулах эсэх чинь хамаарна. Хүн ам цөөнтэй өрсөлдөөн багатай сургууль сонговол өөрийгөө сайн нээж өгч чадахгүй. Миний сонголт бол хүн ам ихтэй  бужигнасан өрсөлдөөн дундаас илүү их юм сурч чадах юм байна гэж бодож байсан учраас сургуулиа сонгож байсан. 

Фулбрайт гурваас дөрвөн сургуулийн сонголт өгдөг. Фулбрайтд тэнцсэн ч гэсэн цаашдаа өөрийн сонгосон сургуулийнхаа шалгуурт тэнцэх шаардлагатай. Миний хувьд хэд хэдэн сургуулиудад бүртгүүлсэн боловч өөр сургуульд орсон. Сайн шийдэж чадахгүй байгаад сүүлд сонголтоо өөрчлөх хэрэгтэй болсон. Тэгээд шалтгаанаа маш үндэслэлтэй зөвөөр тайлбарлаж чадсаны эцэст сургуулиа сонгон явж байсан.

Англи хэл сурсан түүхээ бидэнтэй хуваалцаач. 

Манай ээж англи орос хэлний багш байсан. Англиас илүү Орос хэлийг багаасаа сурсан болохоор олимпиад тэмцээн уралдаанд орон багагүй амжилтуудыг гаргадаг байсан ба арван тавтай байхдаа өөр сургууль руу шилжиж байсан юм. Тэр сургуульд орос хэл хоёрдогч хэл байсан бөгөөд англи эсвэл япон хэлний аль нэгийг сонгох ёстой гэхэд нь би англи хэлийг сонгоод суралцаж байсан. Анхандаа англи хэлийг огт ойлгож өгөхгүй гэрийн даалгавраа ч хийж чаддаггүй байхад багш маань “Чи надад амархан ч хамаагүй зохион бичлэг бичээд аваад ир” гээд зааж зөвлөөд явуулж байсан. Тэгээд зохион бичлэг бичээд жилийн дотор тасралтгүй зохион бичлэг, өдрийн тэмдэглэл бичсэний эцэст сайжирч чадсан байдаг. 1-р курст орсон жилдээ би хэлээ сайжруулахгүй л бол би цаашдаа гадагшаа явж чадахгүй юм байна гэж үзээд сар гаран тасралтгүй үг цээжилсний эцэст оюутан солилцооны төсөлд оролцон тэнцсэн хоёрхон хүний нэг нь болж чадсан. Анх гадаад хүүхдүүдтэй яриа өрнүүлэхэд юу ч ойлгож чадахгүй байсан ч хоёр сар хамт байсны эцэст маш их зүйлийг сурч мэдэж авч чадсан. Хүн өөрөө хичээх юм бол цаг хугацаа хамаарахгүйгээр аливаа зүйлийг сурч болдог гэдгийг маш сайн ойлгож авсан. 

Pace Univercity бол Америк дахь хамгийн үнэтэй хотод байдаг шүүдээ. Сургалтын төлбөрийг хөтөлбөрөөс 100% гаргасан уу? Фулбрайтын санхүүжилт ер нь ямар байдаг вэ?

Төлбөрийг бол 100% гаргасан. Манай сургуулиас жилдээ надад 50,000 ам.доллар өгч байсан. Фулбрайт бол сургуулийн зардал 60,000 ам.доллар дээрээс нь миний амьдрах зардал гээд нийтдээ 70,000- 80,000 ам.долларыг жилдээ өгч байсан. Би өөрийгөө үнэхээр азтай байсан гэж боддог. Маш сайн ятгасны эцэст 100%-ийн тэтгэлэгтэйгээр явж чадсан. Фулбрайт бол үнэндээ маш их зүйлийг сургаж аз жаргалтай амьдрахад минь тус болсон хөтөлбөр юм. 

Pace University хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хэр ээлтэй байсан бэ?

Барилга байгууламжаас нь эхлүүлээд асар том ялгаатай байсан. Манай сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш нээлттэй байдаг ба их дэмжиж ажилладаг. Хөтөлбөрүүдийн хувьд ч гэсэн чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлдэг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоол аваачиж өгөх, хүргэлт хийх, хүнсийг нь цуглуулж өгөх гэх мэтчилэн чадах чинээгээрээ тусална. Нью-Йоркчууд хөндий хүйтэн хүмүүс юм шиг хэрнэ цаагуураа маш энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс байдаг. Жишээ нь гудамжинд байдаг ресторан дампуурах хэмжээнд хүрлээ гэсэн мэдээлэл гарвал дампууруулахгүйн тулд долоо хоногтоо заавал 2-3 удаа тэр ресторанаас хоол захиалж дэмждэг их сэтгэлтэй ард түмэн.  

Америкт суралцаж байх хугацаанд тань тохиолдож байсан хамгийн сайхан зүйл юу вэ?

Хамгийн сайхан дурсамж гэвэл маш сайн найзуудтай болсон. Амралтаараа юу хийж хаашаа аялахаа төлөвлөж ярилцдаг байсан. Эхний жилдээ гэр бүлийнхэнтэйгээ уулзаад чадаагүй. Харин хоёр дах жилдээ бид нар тав хоногийн аялалд явж байсан ба тэр бол хамгийн мартагдахааргүй гоё дурсамж болж үлдсэн. Баруун эргийг бүтэн тойрсон. Тэр таван өдөр Америкчуудыг “Энэ хаанаас ирсэн орилж хашхирсан хүүхдүүд вэ?” гэж гайхтал тасралтгүй мартагдахааргүй дурсамжтай  аялсан. /Инээв/

Үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.   

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа бага ч болтугай хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ч гэсэн надтай холбогдон зөвлөгөө авах гэсэн бүх хүмүүст нээлттэй шүү гэдгээ хэлмээр байна. Маш их баярлалаа.


Та энэхүү подкастийн дугаарыг сонсож шинэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.