Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Хөхөөгийн Наранбулаг гэдэг, би хуульч мэргэжилтэй. "Anderson&Anderson LLP" олон улсын хуулийн фирмийн Партнер хийдэг. Мөн Монголын олон улсын арбитрын Панел Арбитрч. АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр “University of Illinois at Chicago John Marshall Law School”-д хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Та магистрын зэргээ л АНУ-д хийсэн үү? Бакалаврын зэргээ мөн АНУ-д хийсэн үү?
Би АНУ-д хууль зүйн магистраа л хийсэн. Бакалаврын зэргээ Монголд МУИС-д Олон улсын эрх зүйн ангид орж сурч байгаад дундаас нь Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр Делийн Их Сургуульд бакалавраа болон дадлага хийгээд эргэж ирээд Монголдоо хуулийн сургуулиа давхар төгсөж байсан.
Та бакалавраа төгсчихөөд дараа нь мэргэжлээрээ Монголдоо хаана ажилд орсон бэ?
Би бакалаврт сурч байхдаа илүү олон улсын нийтийн эрх зүйгээр мэргэшээд дипломатч болно гэж боддог байсан. Гэвч ирээд тэс өөр салбар руу орсон л доо. Тэр маань хувийн салбарт, хөрөнгө оруулалтын компанид, хуульчаар ажиллаж байгаад Фулбрайтийн тэтгэлгээр АНУ-руу суралцахаар явсан юм.
Фулбрайтад хүсэлт гаргачихаад дараа нь хуулийн сургуульдаа өргөдлөө явуулдаг юм уу? Эсвэл хуулийн хөтөлбөрт хүсэл гаргаж тэнцчихээд Фулбрайтад хүсэлт гаргадаг юм уу?
Одоо ямар болсныг мэдэхгүй, ер нь бол адилхан байхаа. Тухайн үед бид шууд Фулбрайтад хүсэлт гаргадаг байсан. Гэвч тэнд өөрт илүү тохиромжтой гэж үзэж байгаа сонгосон гурван сургуульдаа хүсэлтээ явуулаад Фулбрайтын комисс цааш нь сургууль руу явуулдаг байсан. Тэгээд сургуулиас нь тэнцсэн гэсэн хариу ирсэн тохиолдолд Фулбрайтын тэтгэлэг өгөх, өгөхгүй гэдэг шийдвэрээ гаргаад хэчнээн сургуулиас хариу ирсэн байна. Үүнээс аль сургуулийг нь сонгох вэ гэдэг сонголтоо хийлгээд явуулдаг байсан юм.
Хуулийн чиглэлээр англи хэлний мэдлэг бусад мэргэжлүүдээс илүү өндөр оноо шаарддаг. Хуулийн сургуульд тэнцэх хэмжээний Англи хэл яаж бэлдэж байсан вэ?
Миний хувьд би өмнө нь бакалавраа Энэтхэг улсад сурч байсан учраас харьцангуй англи хэлний суурьтай байсан. АНУ болон барууны сургуульд хуулийн чиглэлийн магистр эсвэл докторт сурахад бакалаврын төвшний Англи хэл хангалттай биш гэж боддог. Ялангуяа хуулиар сурахад Англи хэлний шалгалтын оноо бусад салбараас арай өндөр шаарддаг. Илүү Англи хэлээ сайжруулах шаардлагатай байдаг. Тухайн үедээ ажлын хажуугаар TOEFL болон GRE бэлдэж шалгалтаа өгөхөд амаргүй байсан. Фулбрайт тэтгэлэгт TOEFL- оос гадна GRE гэдэг шалгалт (англи хэл, математик/анализ чадвар хосолсон шалгалт) нэмэлтээр өгч байсан. Ер нь миний хуулийн Англи хэл ажил дээр гараад л сайжирсан гэж би боддог.
Тэгэхээр АНУ-д очоод Illinois-д сурахад Монголын хуулийн сургуультай харьцуулахад ямар байсан бэ?
Ер нь нэлээн ялгаатай байсан. Нэгдүгээрт эрх зүйн систем бол хоёр өөр байдаг. Хоёрт боловсролын тогтолцоо, заах арга барил нь өөр. Гуравдугаарт орчин, хүрээлэн буй нөхцөл, анги хамт олон ер нь бүх зүйл нь өөр байсан. Illinois-д хичээл сонголт дээр уян хатан өргөн сонголттой байдаг. АНУ-ын суурь эрх зүйн салбаруудаас, гэрээ, иргэний эрх зүй гэх мэт сонгож үзээд JD-гийн оюутнуудтай хамт сурч болно. Нөгөө талаасаа илүү олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй чиглэлийн хичээл сонгож, сурч мөн болно. Мөн түүнчлэн Монголд хөгжөөгүй, эсвэл Монголд дөнгөж хөгжиж байгаа хэрнээ өндөр хөгжилтэй оронд илүү хөгжсөн салбар эрх зүйгээс сонгож үзэх боломжтой. Миний хувьд энэ гурван категориос гурвуулангаас нь хольж хичээлээ сонгож үзэж байсан.
Та Chicago хотод амьдарч байсан гэлээ. Chicago-д амьдрахад онцлог юу байв?
Миний хувьд Фулбрайтаас тэнцсэн гэсэн хариу ирэхдээ надад дөрвөн сургуулийн сонголт өгсөн. Тэгээд би сургуулиа сонгохдоо олон хүчин зүйлийг харсан. Жишээ нь: сургуулийн санал болгож буй хөтөлбөр, сургууль байрлаж буй хот, цаг агаар, гэх мэт. Сургуулийн хөтөлбөрөөс гадна, амьдрах хотын хувьд өмнө нь би Энэтхэгт очоод халуун газар амьдарч үзсэн байсан учраас энэ удаа илүү Монголтой төстэй цаг агаартай, Chicago хотод байрладаг сургуулийг сонгож байсан.
Та хичээлээ хийхээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?
Фулбрайтаар сурахын бас нэг онцлог нь сургуулийн, ангийн хамт олноос гадна Фулбрайт гэсэн хамт олон давхар үүсчихдэг. Үүнийхээ дагуу олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг байсан. Мөн сургууль дээр маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Энэ бүхэнд боломжоороо оролцож, дандаа номын санд суугаад байхгүй, Америкын соёлыг, мөн тэнд цуг сурч байгаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудын соёлыг ойлгох, суралцах нь чухал гэж бодож аль болох олноор хамрагдахыг хичээдэг байлаа. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудаас ирсэн олон найз нөхөдтэй болсон. .
Та MASA-ын 2015-2016 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Яагаад MASA-д орсон бэ?
Яагаад гэвэл Америкт төгсөгчдийн холбоо сайн дурын ажлыг Монголд түгээн дэлгэрүүлэх гэсэн үнэт зүйлтэй байдаг. Тэгэхээр энэ үнэт зүйл нь их таалагдаад би өөрөө АНУ-д сурч төгссөний хувьд удирдах зөвлөлд орж ажиллая гэж бодсон юм. Америкын нийгмийн нэг том соёл бол Volunteerism буюу сайн дурын ажил байдаг, хүн бүр их бага гэлтгүй өөрийн боломжоороо нийгэмдээ тус нэмэр оруулдаг соёл. MASA-ын гишүүн болоход АНУ-д төгссөн хүн бүрд нээлттэй байдаг. Харин удирдах зөвлөлд хоёр жил тутамд сонгууль болдог. Тэнд удирдах зөвлөлд орох хүсэлттэй хүмүүс материалаа явуулаад ордог.
Монголоос яваад АНУ-д анх очиход соёлын шоконд орж байв уу?
Соёлын шоконд орж байсан. Бараг хүн бүр ордог байх гэж бодож байна. АНУ-руу явахад Фулбрайт хөтөлбөрөөс эсвэл Америк дахь их сургуулиас нь оюутнуудад онгоцны буудал дээр ямар бичиг баримт авч явах уу гэдгээс эхлээд алхам бүрийг нь, бүх зүйлийг тайлбарласан гарын авлага ном өгдөг. Тухайн үед явж байхад би Монгол зангаараа ерөнхийд нь гүйлгэж харчхаад мэддэг л зүйл байна, ойлгомжтой гээд хальт хараад явж байсан юм. Тэгээд сургуульдаа сурч дуусчхаад буцах гэж юмаа янзалж байгаад нөгөө номоо олоод тухтай уншсан чинь маш их хэрэгтэй зөвлөмжүүд бичсэн байсан.
Жишээлбэл, та АНУ-д очоод соёлын шок гэдэг зүйлд орно. Энэ нь дөрвөн үндсэндээ үе шаттай байдаг тухай "Нэгт нь бүх зүйл гоё санагдаад сэтгэл хөөрөх үе гэж бий. Хоёрт нь хичээлийнхээ ачаалал дарагдаад хэцүүдээд эхлэх үе. Гуравт бүүр сэтгэлээр навс унаад, би бол энэ долоон тэрбум хүний хамгийн юу ч чаддаггүй, мэддэггүй хүн юм байна гэж боддог үе дээрээ ирээд, уйлна, хичээлээ барахгүй номын сандаа хонох нь холгүй болдог үе. Дөрөв дэх үе нь бол төгсөх дөхөөд ирэхээр, за бас ч тийм ч хэцүү зүйл биш юм байна. Жаахан ч гэсэн хичээх юм бол энэ өндөр хөгжилтэй орны нарийн мэргэшсэн тэр мэргэжилтнүүдтэй адилхан тэр чадваруудыг олж авах боломжтой юм байна. Боломжгүй зүйл биш юм байна" гэж боддог ийм дөрвөн үе шатыг туулна гээд тэр гарын авлагад бичсэн байсан. Харамсалтай нь би тэрийг Монгол руу буцахдаа олж уншсан. Миний хувьд бүгдийг нь туулсан. Үүнийг яг очихдоо уншихгүй яав даа гэж харамсаж байсан.
Тэгэхээр одоо АНУ руу явах гэж байгаа оюутнууд байвал Америкчууд юмыг маш нарийн тайлбарлаж, бичдэг хүмүүс байдаг. Тэр өгч байгаа бүх заавар, зөвлөмжийг нь анхааралтай сайн, нэг бүрчлэн унших хэрэгтэй юм байна лээ. Заавар, номоо сайн уншаарай гэж хэлье дээ.
Танд АНУ-д амьдрахын хамгийн сайхан болон хэцүү зүйл нь юу байсан вэ?
Сайхан зүйл нь мэдээж орчин нөхцөл, амьдралын чанар сайн байсан. Ялангуяа надад спортлог, эрүүл амьдрахад зориулсан орчин нөхцөл нь их таалагддаг байсан. Түүнчлэн АНУ өөрөө хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн орон. Хүн бол өөрийнхөө хувь заяаны эзэн нь гэдгийг эрхэмлэдэг. Тэгээд мөн үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг, үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Энэ эрхээ бүгд мэддэг учраас бүгд их чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг,. Түүнчлэн олон ургалч үзлийг хүндэтгэдэг, олон соёл, олон үзэл санаа нэгдэж байж тэр дундаас жинхэнэ шилдэг санаа гардаг гэсэн үнэт зүйлтэй нийгэм. Тэр утгаараа өөрөөсөө ялгаатай нэгнийг хүлээн зөвшөөрөх, сонсох, хүндэтгэлтэй хандахыг маш чухал гэж үздэг.
Таалагддаггүй хэцүү санагдаж байсан зүйл гэвэл хооллолт байсан. Монголчууд их халуун хоол, унд их хэрэглэдэг улс. АНУ-д өвлийн хүйтэн улиралд ч гэсэн усанд мөс хийгээд уудаг, хүйтэн хоол иддэг. Бас Америкчууд маш их хөдөлмөрлөж, амралтгүй ажилладаг хүмүүс байдаг. Маш өндөр өрсөлдөөнтэй нийгэм учир. Тэр нь ажил-амьдралын тэнцвэр талаасаа жаахан стресстэй юм шиг санагддаг байсан.
Та сая хүртээмжтэй байдлын талаар ярилаа. Манай MASA-ийн нэг зорилт нь бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаа аль болох хийхийг эрмэлздэг. Таныг сурч байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бий болгох талаар танай сургууль болоод Chicago хот ямар бодлогын хүрээнд юу хийдэг, юу хэрэгжүүлдэг байсан бэ?
Хүртээмжтэй орчны талаар хүндээ чиглэсэн бодлого бол АНУ-д Монголтой харьцуулах юм бол хэд дахин илүү хөгжсөн гэж боддог. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй байна уу? Өндөр настай байна уу? Залуу байна уу? хамаагүй АНУ-ын бас нэгэн үнэт зүйл нь хүн бүр тэгш, эрхэм чанартай байх ёстой гэсэн зарчим,. Жишээлбэл манай сургуульд бүүр ная гарчихсан настай эмээ ч ажилладаг байсан. Монголд миний нэг анзаардаг зүйл нь насаар ялгаварлан гадуурхах хандлага байдаг шиг санагддаг.
АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг үнэхээр сайн хангаж өгсөн байдаг. Тусгай сургуульд явдаггүй. Жишээ нь: манай ангид тэргэнцэртэй залуу сурдаг байсан. Мөн нэг Аутизмтэй залуу хуулийн сургуульд сурдаг байсан. Ялгаатай ганц зүйл нь шалгалт өгөхөд нь л тэдэнд тусгай хэрэгцээг нь хангаж техник хэрэгслийг нь бүрдүүлж өгдөг. Бусдаар бол адилхан зэрэгцээд л сурдаг байсан. Энэ нь миний бодлоор нийгэмд хагарал үүсэхээс сэргийлэхээс гадна харилцан биенийгээ “хүн” гэдэг утгаар ойлгож, бие биенээ харилцан нөхөж, зэрэгцэн оршин тогтнох нөхцөл бүрдүүлдэг юм болов уу.
Та одоо хуульч болох гэж байгаа хүүхдүүдэд, эсвэл Фулбрайтид сурахыг мөрөөдөж байгаа залууст хандаж юуг зөвлөмөөр байна?
Мэдээж хамгийн эхлээд Англи хэл сурах хэрэгтэй. АНУ-д сурсан ч бай, сураагүй ч бай Англи хэлгүй бол хэцүү. Өндөр түвшний эсвэл, академик Англи хэл биш юм аа гэхэд хуульч бүр дор хаяж судалгааны Англи хэлтэй байх хэрэгтэй. Судлаачдын төвшинд интернетээр хэрэгтэй зүйлээ олж уншаад ойлгочихдог төвшинд сурах хэрэгтэй гэж бодож байна. Дээр үед, ном бол ертөнцийг харах цонх юм гэдэг байсан шиг. Орчин үед Англи хэл бол ертөнцийг харах цонх юм гэж хэлмээр санагддаг.
Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан Наранбулагтаа баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Та бүхэн доорх холбоосоор орж подкастын маань бүрэн эхээр нь сонсоорой!
Stitcher энд дарна уу.
SoundCloud энд дарна уу.
Anchor энд дарна уу.
Itunes энд дарна уу.
Castbox энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: М.Ивээл