Alumni stories

Х.Мөнгөнцэцэг: Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, “University of North Carolina at Chapel Hill” их сургуулийн магистр

Манай өнөөдрийн зочноор 2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Та өөрийгөө бидэнд танилцуулаач?

Сайн байцгаана уу? Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Хуяг-Очирын Мөнгөнцэцэг гэдэг. Би хүүхдийн эмч, нярайн эмч мэргэжилтэй. 2018-2020 онд  АНУ-ын Хойд Каролина мужид  “University of North Carolina at Chapel Hill” их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэргээ хамгаалсан юм. Миний эзэмшсэн мэргэжил маань эх хүүхдийн эрүүл мэнд. Би өөрөө хүүхдийн эмч учраас энэ мэргэжлийг сонгосон. Мөн олон улсын эрүүл мэнд буюу хөгжиж байгаа орны эрүүл мэндээр давхар мэргэшсэн. Түүнчлэн, “Lactation Consultant”  буюу “Хөхөөр хооллолтын зөвлөх” гэсэн эмнэлзүйн чиглэлээр суралцаж төгсөөд олон улсад ажиллах эрхийн шалгалтаа амжилттай өгсөн. 

Хөгжиж буй орны эрүүл мэнд гэхээр бодлого талаасаа байдаг гэсэн үг үү?

Англи нэршил нь “Global health”. “Global Health Concentration” гэсэн сертификаттай төгссөн. Бага болон дунд орлоготой орнуудад нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахад шаардлагатай чадваруудыг энэ сертификатын хүрээнд сурч эзэмшдэг гэсэн үг. Суб-Сахарын Африкын орнууд, Өмнөд Азийн орнууд, Өмнөд Америк, Латин Америкын орнуудад хэрэгжиж буй эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд гэсэн үг. 

Манай сургуулийн нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөр маань 2 жилийн турш 60 кредит үзэж төгсдөг. Үүнээс 12 кредит нь олон улсын эрүүл мэндийн чиглэлийн хичээлүүд байх, дээрх орнуудад хэрэгжиж буй эрүүл мэндийн төсөл хөтөлбөр дээр зуны дадлагаа хийсэн байх шаардлага тавигддаг. Миний хувьд Билл ба Мелинда Гейтс сангийн санхүүжилтээр Зүүн Африкын Замби улсад хэрэгжсэн “Ургийн хэт авиан оношлогоонд хиймэл оюун ухааныг ашиглаж, эх барихын хүндрэлүүдийг эрт оношлох нь” төсөл дээр 3 сар дадлага хийсэн юм. 

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн тухайн анх хаанаас мэдээлэл авч байсан вэ?

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн талаар анх анагаахын оюутан байхаасаа мэддэг байсан. Олон нийтийн хэвлэлээр зар нь явдаг байсан. MASA-ын цахим хуудаснаас бас төгсөгчдийн түүхийг уншиж байсан. Тэгээд сар бүрийн эхний долоо хоногийн баасан гаригт 17:00 цагаас Нацагдоржийн номын сан буюу Улаанбаатар хотын төв номын санд Фулбрайт тэтгэлгээр АНУ-д сураад ирсэн төгсөгчдийн яриа болдог байсан. Тэр ярианд би 3-4 удаа очиж сууж байсан юм. Тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

Яг энэ тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө сориод үзье гэсэн системтэй эрчимжүүлсэн бэлтгэл чинь хир хугацаа шаардаж байсан вэ? Яаж бэлдэж байсан вэ?

Яг хамгийн анх АНУ-д суръя гэсэн зорилго анагаахын оюутан байхад л байсан. Оюутан байхад эмээтэйгээ хамт зуны амралтаараа АНУ-д аялах боломж олдсон юм. Тэр үед эгч маань Джон Хопкинс, Иелийн Их сургуулиудын кампусаар бид хоёрыг дагуулж явж байсан юм. Тухайн үед эмээ минь миний охин ийм сайхан сургуулиудад сурвал ямар сайхан вэ? гэж надад хэлж байсан. Эмээ би чадна ш дээ, би сурна гэж эмээдээ амлаж байсан. Энэ амлалтаа олон жилийн дараа ч гэсэн биелүүлж чадсандаа маш их баяртай байгаа. Миний төгссөн сургууль маань рейтингээрээ АНУ-даа #2 Нийгмийн эрүүл мэндийн шилдэг сургууль. Хүсэл мөрөөдлөө гэр бүл зохиож, завгүй ээж аав болсон ч гэсэн бүү мартаарай, бүү орхиорой!

2016 онд бага хүүгээ төрүүлээд төрсний дараах амралттай байх үедээ надад тэтгэлэгт, хэлний шалгалтандаа бэлдэх боломж, цаг гарсан юм. Яг хэлний шалгалт болон өргөдлийн материалаа бэлдсэн хугацаа маань бараг найм, есөн сар байсан. 

АНУ-д магистрын чиглэлээр нийгмийн эрүүл мэндээр сурна гэдэг анагаахаар сурснаас ямар ялгаатай байдаг вэ? АНУ-д энэ чиглэлээр сурах залууст зөвлөгөө өгвөл?

Энэ хоёр маань өөр сургууль, хоёр өөр програм. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь товчхондоо нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээр ажилладаг салбар юм. Тухайн орны хүн амыг аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг боловсруулаад хэрэгжүүлдэг. 

Харин анагаах ухаан нь тухайн өвчтөнд байгаа өвчин, эмгэгийг оношилж, эмчилнэ. Өөрөөр хэлбэл өвчтөнтөй ажиллана гэсэн үг. Яг анагаахын чиглэлээр АНУ-д суралцахыг хүсвэл Medical Doctor болохын тулд premed буюу анагаахын сургуулийн өмнөх суурь био-анагаахын хичээлүүдээ 2 жил их сургууль, коллежид үзэж судлах ёстой. Үүний дараа анагаахын сургуульд орох шалгалтаа өгөөд тэнцсэн тохиолдолд Medical student буюу анагаахын оюутан болно. За тэгээд анагаахын сургуулийн бүх хөтөлбөрөө хангаж дөрвөн жил сурч төгсөөд USMLE буюу эмчлэх эрхийн лиценцийн шалгалтаа өгнө. Энэ нь АНУ-д хүний эмчээр ажиллахад заавал өгдөг шалгалт юм. Цааш нарийн мэргэжлийн эмчээр үргэлжлүүлэн суралцахад дунджаар 3 жил байдаг. Өөрөөр хэлбэл би анагаахын сургуулиа төгсөөд хүүхдийн эмч больё гэхэд хүүхдийн эмч бэлтгэх 3 жилийн хөтөлбөрт тэнцэж, амжилттай суралцаж, шалгалтандаа тэнцэж байж хүүхдийн эмч болно гэсэн үг. 

Миний Фулбрайт тэтгэлгээр суралцсан хөтөлбөр бол нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөр. Нийгмийн эрүүл мэндийн сургуульд ороход анагаахын суурь хичээлүүд авсан байх эсвэл анагаахын мэргэжлийн буюу эмч, сувилагч байхыг шаарддаггүй. Манай ангид анагаахын бус мэргэжлийн хүмүүс байсан. АНУ-д Нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөрт аль ч мэргэжлийн хүн элсэн суралцаж болно. Гол шалгуур маань яг л бусад магистрын хөтөлбөрүүдтэй адилхан сургуульдаа тэнцээд, бүх шаардлагуудаа хангасан үед төгсөнө гэсэн үг. 

Бодлогын түвшинд зөвлөх, ажиллах чадвартай болж бэлтгэгдэнэ гэсэн үг үү?

Эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллана гэсэн үг. Манай улсад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Эрүүл мэндийн яаманд бодлого боловсруулах түвшинд ажиллаж болно. Эсвэл манай улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрүүдэд судлаач, төслийн зохицуулагчаар ажиллаж болно. Ерөнхийдөө ажлын байр харьцангуй уян хатан. Тэр ч бүү хэл эрүүл мэндийн тоо баримт  дээр дүн шинжилгээ хийж, статистик боловсруулалт чиглэлээр ч ажиллаж болно. Яг миний мэргэшсэн чиглэл бол эх хүүхдийн эрүүл мэнд юм. 

Бүтэн цагийн магистрын оюутан байхад бүх кредитээ цуглуулж зэргээ авангаа хажуугаар нь давхар хоёр өөр чиглэлээр сурсан гэлээ. Магистрт авч байсан кредитүүд чинь тэр хоёр хөтөлбөрийн зарим кредитүүдийг тооцуулахад хэрэгтэй болсон гэсэн үг үү?

Нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөр яг бүтэн цагийн сургалт байгаа. Өөрөөр хэлбэл би нэг улиралд хамгийн багадаа 9 кредитын хичээл авсан байх шаардлагатай. 

Эхний жилийн сүүлээр манай сургууль дээр хөхөөр хооллолтын зөвлөх бэлтгэх Каролина Олон Улсын Хөхөөр хооллолтын институт (Carolina Global Breastfeeding Institute) байдгыг олж мэдсэн. Тэгээд хөхөөр хооллолтын зөвлөх гэж ямар мэргэжил байдаг талаар уншиж судлаад манай орны эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт маш хэрэгтэй мэргэжил болохыг мэдэж авсан. Би өөрөө Монголд хүүхэд, нярайн эмчээр бараг 8 жил ажилласан, гурван хүүхдийн ээж, хүүхдээ нь хөхөөр хооллож өсгөсөн туршлагатай атал хөхөөр хооллолтын талаар миний мэдэхгүй маш олон асуудал, тэдгээрийг шийдэх арга зам байдгийг мэдсэн. “Хөхөөр хооллолтын анагаах ухаан” гэдэг эмнэлзүйн салбар шинжлэх ухаан байдгийг мэдэж авсан.  

Манай улсад жилд ойролцоогоор 80,000 ээж амаржиж, 80,000 гэр бүл шинэ хүнээ хүлээж авдаг. Зөвхөн анхан төрөгч төдийгүй давтан төрж байхад ч хөхөөр хооллолтын туслалцаа маш их гардаг.  Төрөх нь нэг том даваа, төрсний дараа хөхөөр хооллох төрөхөөс дутахгүй том даваа. Үүнийг төрсөн ээж бүр мэдэж байгаа. Хөхөөр хооллох үед тохиолддог олон асуудлуудын үед мэргэжлийн туслалцаа зайлшгүй хэрэг болдог боловч манай оронд мэргэжлийн тусламж тун дутмаг.

Надад боломж олдвол би зайлшгүй сурах ёстой юм байна гэж бодоод институтын захирал профессортой очиж уулзсан. “Би Монголоос ирсэн хүүхэд, нярайн эмч байгаа юм. Энд нийгмийн эрүүл мэндийн магистраар суралцдаг. Хөхөөр хооллолтын зөвлөх гэсэн энэ мэргэжил манай улсад маш их хэрэгтэй. Хэдийгээр манай улс олон зуун жилийн хөхөөр хооллолтын сайхан уламжлалтай боловч орчин үед хөхөөр хооллолтын хувь тогтмол буурч байгаа тул би энэ хөтөлбөрт заавал сурмаар байна” гээд тайлбарласан. Хэдийгээр өргөдөл авах хугацаа нь нэг хоногоор өнгөрсөн байсан ч намайг ойлгоод өргөдлийг минь хүлээж авсан. 5 сард өргөдлөө өгөөд 8 сард сонгон шалгаруулалтын хариу гарч, тэнцсэнээ мэдсэн. 

Энэ бол нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрөөс тусдаа эмнэлзүйн хөтөлбөр. Анагаахын сургалт, ялангуяа эмнэлзүйд дадлага хийхийн өмнө насанд хүрэгчид ба хүүхдэд суурь амилуулах тусламж үзүүлэх чадвартай байх, тухайн эмнэлгийн ажилтны хамрагдах ёстой бүх сургалтуудад хамрагдсан байх ёстой, Анагаахын суурь хичээлүүдийг дүүргэсэн байх ёстой зэрэг олон шалгуурууд байдаг.   

Бүх шаардлагуудаа хангаад сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй тэнцсэн гэдэг баяртай мэдээг 8 сард сонсож байсан. Ингээд хоёрдахь  жилдээ “Нийгмийн эрүүл мэндийн магистр” болон “Хөхөөр хооллолтын зөвлөх” гэсэн 2 хөтөлбөрт зэрэг суралцсан гэсэн үг. 

Яг энэ “Хөхөөр хооллолтын зөвлөх” гэдэг мэргэжил Монголд байдаг уу? Өмнө нь сонсож байгаагүй мэргэжил байгаа юм.

Яг одоогоор “Хөхөөр хооллолтын зөвлөх” гэсэн мэргэжилтэнг Монгол Улсад бэлтгэдэггүй. Миний мэдэхээр энэ мэргэжлээр суралцаад олон улсад ажиллах эрхээ аваад ажиллаж байгаа хүн би байх шиг байна. 

Манай улсад хөхөөр хооллолтын үеийн тусламжийг олон мэргэжилтэн үзүүлдэг (нярайн эмч, нярайн сувилагч, эх баригч гэх мэт) хэдий ч яг мэргэжлийн тусламж тун хангалтгүй байна.Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр хүүхдийг амьдралын эхний 6 сар дан хөхөөр хооллоод үргэлжлүүлэн хамгийн багадаа 2 нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг. Мөн ээж хүүхэд цааш хүссэн хугацаагаараа хөхөөр хооллож болно. Өөрөөр хэлбэл 2 нас хүрэхэд нь хөхнөөс гаргана гэсэн үг биш. 

Хөхөөр хооллолтын зөвлөх эмч хөхүүл эх нярай, нялх хүүхдэд амжилттай хөхүүлж амлуулах, амьдралын эхний 2 жил хөхөөр хооллоход нь тусладаг гэсэн үг. Мөн жирэмсэн эхчүүдэд хөхөөр хооллолтын зөвлөгөө өгдөг. Шинэ хүнээ хүлээж авахаас өмнө хөхөөр хооллолтын талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй болох нь зөв эхлэхэд маш чухал. 

 Хөхөөр хооллолтын үед маш олон асуудлууд тохиолддог. Хөхний толгой хагарах, хүүхдээ зөв гүйцэд амлуулж хөхүүлж чадахгүй байх, хөх чинэрэх, зангирах, хөхний сүүний гарц бага байх. Энэ бүх асуудлуудын үед зарим ээж нар ойролцоо төрсөн ээжүүдээс зөвлөгөө авдаг, ээж эмээ ойр дотны хүмүүсээс эсвэл мэргэжлийн бус бариач, домч гэх мэт хүмүүсээс тусламж авснаар эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдол цөөнгүй. Энэ бүх асуудлуудын үед нотолгоонд суурилсан мэргэжлийн тусламж үзүүлэх хүн бол хөхөөр хооллолтын зөвлөх эмч юм.  

Одоо тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахаар бэлдэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр маань жилд хоёр удаа өргөдөл хүлээж авдаг, АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй. Өргөдөл хүлээн авах хугацаа нь өөр. Өргөдөл хүлээн авахад бүрдүүлэх материал, шалгууруудыг маш тодорхой заасан байдаг. Хоёр жил нийгмийн даатгал төлж ажилласан туршлагатай байх, англи хэлний шалгалтын оноо хамгийн багадаа тэд байх ёстой гэх мэт бүх шалгуур нь тодорхой байгаа.

Эртнээс судалж мэдээд, дээрх шаардлагуудад би тэнцэж байна уу, ямар шалгуур нь надад байхгүй байна, түүнийгээ аль болох эрт мэдсэнээр биелүүлэх боломжтой болно гэсэн үг. Англи хэлний шалгалтанд бэлдэхдээ зөвхөн оноо авахын төлөө бус тэр 4 чадварыг маш сайн эзэмшихийн төлөө хичээж сураарай. АНУ-ын их дээд сургуульд мастерын хөтөлбөрт амжиллтай сурахад чинь унших, бичих, ярих, сонсох чадварууд жигд сайн байх ёстой. 

 Зарцуулж байгаа цаг мөч бүр чинь их үнэ цэнэтэй тул яг өөртөө хэрэгтэй чадвар болгож үлдээгээрэй. Тухайлбал би 3 сартай хөхүүл эх бяцхан үрээ нөхөртөө үлдээж гараад номын санд бэлддэг байсан. Эхний шатандаа тэнцээд ярилцлагандаа орохын өмнө Фулбрайт тэтгэлэгт бэлдэгчдэд зориулсан влогууд дээр байдаг ярилцлагын жишээ асуултуудын дагуу бэлдээрэй. 

АНУ-д сурч байхад чиний ярианаас анзаарлаа, хүүхдүүдтэйгээ хамт байсан юм байна тийм үү? Тэгэхээр бүтэн цагийн ээж, бүтэн цагийн оюутан. Тэгээд давхар нарийн мэргэжлийн чиглэлээр хоёр сургалтыг дүүргэж байсан байна. Цагийн менежментийг яаж хийж байсан вэ? Ийм их өндөр ачааллыг яаж зохицуулж байсан вэ?

За маш их баярлалаа. Энэ асуултыг асууж гэр бүлийнхээ тухай ярих боломж олгосонд. Би АНУ руу ганцаараа яваагүй, гэр бүлээрээ явсан юм. Нөхөр, бага насны гурван хүүхэдтэйгээ хамт энэ бүхнийг хийж чадсан. 

Эхний улиралд маш их стресстэй байх үед миний хайртай хүмүүс хажууд минь байсан нь сэтгэлзүйн дэмжлэг болохын зэрэгцээ, хүний газар гэр бүлээ дагуулж ирсэн юм чинь өөрийн чадах хамгийн сайнаар хичээж сурах ёстой гэж өөртөө үргэлж сануулдаг байсан. 

Манай гэр бүл хичээл эхэлснээс нэг сарын дараа миний араас очсон. Гэр бүлээ очихоос өмнө би амьдрах орон байраа олох, бэлдэх гээд хичээлийн хажуугаар олон ажил байсан. Ер нь эхний улирал галзуу юм шиг л байсан. 4 цаг л унтаад бусад үед хичээлээ хийсэн дээ. Нөхөр минь надад энэ бол чиний цаг, зөвхөн хичээл сургуульдаа анхаарлаа хандуул! Гэр орны ажил, хүүхдүүдэд бүү санаа зов гэж хэлээд 200% хэлсэндээ хүрч бүхнийг дааж чадсан тул би амжилттай хөтөлбөрүүдээ дүүргэж, 2 мэргэжил, нэг зэрэгтэй эх орондоо эргэж ирж чадсан. Мөн хүүхдүүд минь ч гэсэн ээжийгээ маш сайн ойлгож дэмждэг байсан. Олон амралтын өдөр хамт байж чадаагүй, сургуулийн олон арга хэмжээнд нь ээж нь очиж чадаагүй ч ээж нь Монголд байхгүй шинэ мэргэжлээр сурч байгаа юм, олон ээж хүүхдэд туслах гэж байгаа гэж юм гэхж хэлэхэд миний хүүхдүүд ээж та хичээлээ, дадлагаа сайн хийгээрэй баяртай гээд л явуулдаг байсан. Энэ завшааныг ашиглаад ханьдаа, хүүхдүүддээ маш их баярлалаа, хайртай гэж хэлмээр байна. 

Мөн заавал гэр бүлтэйгээ хамт очсон гэлтгүй мастерын хөтөлбөрт суралцаж байгаа хүн цагийн менежментээ маш сайн хийх хэрэгтэй. Хичээл хийж, суралцаж байгаа үедээ маш сайн төвлөрч чанартай хийгээд, амралтаа маш сайхан өнгөрөөж  биеийн ба сэтгэлийн эрүүл мэндээ дэмжиж байх нь маш чухал шүү! Чи өвдчихвөл амжилттай суралцаж, зорилгоо биелүүлж чадахгүй шүү дээ.

Баярлалаа. Мөнгөнцэцэгээ маш сонирхолтой яриа өрнүүллээ. Өөрийнхөө туршлагаас хүүхэд залууст харамгүй хуваалцсан чамд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Та бүхэн Мөнгөнцэцэгийн АНУ-ын “University of North Carolina at Chapel Hill”-д нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөн түүхийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.

▶️Itunes: https://cutt.ly/6gmbHKm
⏸Anchor: https://bit.ly/2IqY2ZW
⏺Castbox: https://bit.ly/3mQndDT
⏸Stitcher: https://cutt.ly/bgmbNE1

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр |  Постер дизайн: М.Ивээл