Alumni stories

Х.Булгантуяа: Улсын их хурлын гишүүн, MASA-ны 2015-2019 оны ерөнхийлөгч




Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Анх 1993 онд би ахлах сургуульдаа Австралид 3 жил сурсан. Манайх бараг Австралийн анхны Монгол гэр бүлүүдийн нэг болж очсон. 9-р анги төгсөх үедээ Монголдоо ирж сургуулиа төгсөөд, их сургуульд сурч байх хугацаандаа Засгийн газрын тэтгэлэгт шалгарч, БНХАУ-ын Ухань хотод бакалаврын зэргээ хамгаалсан. Дараа нь Америкийн Йелийн их сургууль (Yale University)-д эдийн засгийн ухаанаар магистр хамгаалсан. Дэлхийн шилдэг их сургуульд сурна гэж би ахлах сургуульд байхаасаа мөрөөдсөн. Америкт очиж сурахын тулд Японд очиж англи хэлний багшаар ажиллаж Америкт амьдрах зардлаа олж байсан.

Хятадад бакалавраа төгсөх, Америкт магистраа төгсөхөд анзаарагдсан 2 их гүрний боловсролын ялгаа, адил тал, онцлог давуу талуудаас хуваалцаач. Стандарт шалгалтуудад хэр удаан бэлдэж байсан бэ?

Намайг Хятадад сурч байхад манай сургуулийн эдийн засгийн декан нь Харвардад төгссөн хүн байсан. Хятадад бол академик, шинжлэх ухааны салбарын мэдлэгээр мундаг байна. Гэхдээ Англи хэлийг сайжруулахгүй бол манай Хятад оюутнууд дэлхийд гараад өрсөлдөхөд хүнд байгаа гээд Англи хэлний боловсрол дээр онцгой анхаардаг байсан. Манай сургуулийн багш нар Америкийг шилдэг сургуулиудын сурах бичгийг нэгдсэн журмаар хүүхдүүддээ хэрэглүүлэхээр авч хэвлээд илүү хямд үнээр зардаг байсан. Гарын авлагуудыг нь ашиглаад манай багш нар Англи ба Хятад хэл дээр лекц тавьж, хичээлээ заадаг байсан. Миний өмнөх төгсөлтийн оюутнууд мэргэжлийнхээ Англи хэлийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байсан. Ингээд төгсөхөд надад Америкт очоод мэргэжлийнхээ Англи хэлний үгнүүдийг мэдэхгүй бол яана гэсэн айдас байгаагүй. 

Би TOEFL-ийн шалгалтад бол бэлдээгүй. Оюутан байхдаа Японд жил гаруй Англи хэл зааж байсан. Харин GRE бол эх хэл нь Англи хэлтэй хүмүүсээс авдаг, энгийн их сургуулиудад ихэнхдээ шаарддаггүй, Америкийн шилдэг сургуулиудад шаарддаг шалгалт нэлээн бэлтгэл шаардсан. Анхныхаа хүүхдээ төрүүлчихээд нэг сар болоод 2 сарын турш бэлдээд GRE шалгалтаа өгч байсан. 

Америкийн их сургуулиудад орохын тулд зарим хүүхдүүд их хичээл давтсанаас болоод ядаргаанд орох тохиолдлууд байдаг. Хичээл хийхийн хажуугаар эрүүл мэнддээ яаж анхаарч байвал зүгээр вэ? Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? 

 Австралид ахлах сургуульд сураад Монголд ирэхэд миний Монгол хэл тааруухан болчихсон олон хичээл дээр хоцорчихсон. Хими, физик, биологи гэх мэт хичээлүүд гүйцэж чадаагүй нэг хэсэг шөнөжин өдөржин маш их хичээл хийгээд стресстээд явсан. Тэр нь миний эрүүл мэндэд ч бас мэргэжил сонголтод их нөлөөлсөн байх. Би уг нь зураг зурах, тоо бодох дуртай архитектор болно гэж боддог байсан. Залуучуудад хэлэхэд хүн болгон мөрөөдөл, тэмүүлэлтэй байлгүй яах билээ. Гэхдээ ямар ч юмыг хүн эрүүл мэндээрээ сольж авч болохгүй. Шинжлэх ухаан өнөөдөр хэчнээн их хөгжсөн хүнийг буцаад эрүүл болгож чадахгүй учраас эрүүл мэндийг онцгой анхаараарай. Залуу байхад өөрийнхөө биед сэлбэг аваад тавьчих юм шиг боддог. Түүнийг би өөрөө өндөр үнэ цэнээр мэдэрч байсан. Би Хятадад бакалавраар сурч байхдаа хоёрдугаар түвшингээсээ хоёр дахь мэргэжлээ сонгож болдог байсан мэдээллийн технологиор давхар сураад, амралтын өдрүүдэд бас хичээл авч давхар сураад, хажуугаар нь Англи хэл заагаад явж байгаад сүүлдээ өвдөөд түүндээ маш их мөнгө зарцуулж эмнэлгээр их явсан. Тэгээд би хоёр дахь мэргэжлээ ч больсон. Тэгж их өвдсөний үр дүнд надад эрүүл мэнд ямар их чухал вэ гэдгийг ойлгосон. 

Хүн болгонд стрессээ, тайлах эрүүл амьдралын хэв маягийг өгдөг нэг юм уу хоёр хобби байх ёстой. Миний хувьд спортоор стрессээ тайлдаг. Ахлах сургуульд байхдаа би холын зайд их сайн гүйдэг байсан. Бүх хослолыг нь өмсөж байгаад регби, хоккей тоглодог. Дараа нь оюутан болохдоо сагс тоглодог, тэр нь надад стрессээ даван туулахад тустай байсан. Одоо ч бас би спортоор байнга хичээллэдэг. Бүтэн жилжингээ алдаг оног бэлдэж байгаад триатлоны зуны улсын аваргын тэмцээнд ордог. Хагассайны өглөө эрт босоод 30 км дугуй унахад стресс сайхан тайлагддаг. Надад медал авах нь чухал биш, стрессээ тайлаад эрүүл амьдрах нь чухал. Өвдсөн хүнээс ажлын бүтээмж гарна гэж байдаггүй. Стресстсэн хүнээс нь амжилт гарахгүй. Тиймээс зөв хэвшлийг эрт бий болгох хэрэгтэй.

Монголын оюутан болгон гадаадад очоод сурахаараа хар ажил хийдэг. Яаж, ямар цагийн ажил хийвэл арай бага цаг ажиллаад, арай ахиухан мөнгө олохыг хүртэл бодох хэрэгтэй. Монголд байхдаа үс янзлаад эсвэл хумс будаад сурчих, бармен болоод сурчих. Сурсан юм илүүдэхгүй. Бид очоод ажил хийхээр кофены машин ч ажиллуулж чадахгүй, ямар виног ямар хоолон дээр хэрэглэх соёлыг ч мэдэхгүй болохоор бантсан нүүрэндээ пицца зөөдөг, аяга таваг угаадаг. Яагаад гэвэл түүнээс илүүг чадахгүй. Нөгөөдөх нь цагийн үнэлгээ багатай байдаг. Тэр бэлтгэлийг ч эртнээс хангах ёстой юм шиг байгаа юм. Залуу нас бол угаасаа алдаж онож болдог нас. Миний маш их найдаж байсан боломжууд надад ирж байгаагүй. Гоё сургуульд тэнцэхэд надад мөнгө байгаагүй. Зарим үед алдсан боломж илүү их боломжийн үүд хаалгыг үргэлж нээж байдаг. Чи хэрвээ зөв явж, зөв амьдрахын төлөө, амжилттай явахын төлөө өөрийгөө бэлдэж байгаа бол боломж үргэлж байдаг. 

Хүн амжилттай байхад хамгийн чухал зүйл бол сахилга бат байдаг. Та энэ тал дээр өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаач? 

Миний харж байгаагаар амжилттай явж байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл бол хөдөлмөр. Бас өөрт чухал зүйлсийг эрэмбэлж сурах. Зарим чухал биш зүйлүүдийг хаяж сурах тэнхээтэй байх хэрэгтэй. Чамайг хүмүүс шүүмжиллээ гээд чи аваад өөрийгөө засчхаар шүүмжлэл биш бол сонсоод хэрэггүй. Чиний цаг бол алтан цаг. Өнөөдөр хүмүүс чиний цагийг 20 мянгаар үнэлж байгаа бол үнэндээ чиний цаг түүнээс 2 дахин үнэтэй. Яагаад гэвэл хүмүүс үргэлж л чамайг арай багаар үнэлж байдаг. Тиймээс миний цаг үнэтэй гэдгийг үргэлж бодоод цаг болгоныг эрүүл амьдрахын төлөө биеийн тамир хийдэг, ном уншдаг, өөртөө эсвэл өөрийнхөө хайртай хүмүүст харамгүй зарцуулж байх ёстой. 

Зарим хүмүүс хэцүү зүйлд эрт сэтгэлээр уначихдаг. Эхлэл гэдэг амжилт юм. Зүрх зориг гаргаад эхэлж чадаж байвал чи мундаг байна. Айхгүй тэр эхлэлийг тавь. 

Монгол нэг зүйр үг байдаг “Зориг эс хүрвээс, ухаан эс хүрнэ” гэдэг. Тиймээс эхлээд тэр зоригийг өөртөө бий болго. Яагаад чи чадахгүй гэж? Өчнөөн олон хүн очиж мундаг сургуульд сурч байна. Монголчууд тэр байтугай мундаг сургуулиудад очиж багшилж байна. Миний өмнөх MASA-ны ерөнхийлөгч Улсын их хурлын гишүүн Ундраа байсан. Тэр хүн Стэнфордын их сургуулийн профессор байсан. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хийж байгаа Байгалмаа эгч Харвардын их сургуульд туслах профессор байсан. Өнөөдөр Харвардад Монгол залуучууд судлаач хийж байна. Дэлхийн шилдэг сургуулиудад Монгол залуучууд очоод сураад, төгсөөд, тэнд багшлаад, дэлхийн топ компаниудад ажиллаад харуулчихлаа. 

Нэг үеэ бодвол боломж урд чинь нээлттэй байна. Зоригтой бай. Мэдээж энэ бол амаргүй. Ялангуяа Америкийн топ сургуулиудад тэнцэх магадлал ердөө 9 хувь байдаг. Гэхдээ 1.5 тэрбум хүнтэй Хятад улсаас биш, 3.2 сая хүнтэй Монгол орноос бүртгүүлж байгаа учраас чи аль хэдийн тэр хүмүүст сонирхолтой тохиолдол. Чиний материалыг магадгүй илүү сонирхож унших байх. Хэрвээ чи биологи, нано технологиор явах гэж байгаа бол чиний олимпиадад оролцсон, судалгааны ажлын хэсэг хийж байсан, манлайлах чадварыг харуулсан тэр зүйлүүдийг одооноос ач холбогдол өгөөд бэлдэх хэрэгтэй.  

Эцсийн эцэст амжилт гэдэг бол ердөө төлөвлөгөө л байдаг. Төлөвлөгөө ба түүнийгээ даван туулан сэтгэлийн тэнхээ, хүчин чармайлт байдаг. Монголоос явахаасаа өмнө л энэ хэцүү байх юм байна хүмүүс давж гарч л байгаа юм чинь би ч гэсэн даваад гарч чадна эртнээс сэтгэлийн тэнхээг бий болгох ёстой юм. Ядуу орны хүүхэд гэхээрээ заавал ядуу сэтгэх ёстой юм уу? Би эд нараас дутахааргүй. Би эд нараас илүү байж чадна гэсэн сэтгэлийн тэнхээг л өөрөө өөртөө эрт бий болгох ёстой. 

Ээж аав нар ч гэсэн тэр тал дээр сэтгэлийн тэнхээ өгч байх ёстой. Зарим эцэг эхчүүд явахаас нь өмнө “яана даа” гээд явах гэж байгаа хүүхдүүдийг сэтгэлээр унагачих гээд байдаг. Манай ээж намайг ахлах сургуульд байхад Австралийн Үндэсний Их Сургуульд магистраа хамгаалж байсан. Намайг явж байхад манай ээж “Чи бол бараг Англи хэлээрээ эх хэлтэй юм чинь, Ээж чинь тийм хүнд үед сураад л ирсэн юм чинь чамд бол юу байхав дээ” гэдэг байсан. Тэгээд би “Нээрээ л надад асуудал байх ёсгүй. Надад хойшоо суух эрх байхгүй. Надад шантрах юм байх ёсгүй. Надад үүнийг даваад гарах чадвар байгаа” гэсэн сэтгэхүйг өөртөө эртнээс суулгаж өгсөн. 

Йелийн их сургуульд сурч байхдаа та гэр бүлтэй болчихсон байсан уу? 

Йелийн их сургууль руу явахын өмнөхөн хүүхэдтэй болчхоод ой хүрээгүй байхад нь би орхиод явсан. Тэр бол эмэгтэй хүний хувьд хэцүү сонголт байсан. Дөнгөж хүнтэй суугаад, гоё гэр бүлийн амьдрал эхэлчихсэн байхад хаяад л явна гэдэг. Тэгээд зургаан сарын дараа ирсэн чинь манай хүүхэд намайг аниа гэсэн, уйлмаар санагдаж байсан. Тэгээд манай ээж “Үгүй ээ, ийм жоохон байхдаа чамайг мэдэхгүй. Тэгээд ч чи ямар танихгүй хүмүүст үлдээгээд явж байгаа биш. Ээж аав нь байгаа юм чинь охиныг нь өсгөөд л өгнө. Зүгээр л онц сайн сураад ир. Нэгэнт л чи хүүхдээсээ хол ийм их мөнгө төгрөг, цаг зав зараад явж байгаа юм чинь харин ч онц сайн сураад хүүхдийнхээ төлөө дараа нь сайн сайхан ажил хийгээд явах дээрээ л анхаар” гэж хэлж байсан. 

Ажлын ачаалал, карьерын өсөлт, ар гэрийн амьдралын тэнцвэрийг яаж зохицуулж явах хэрэгтэй байдаг вэ?

Эмэгтэйчүүдэд миний орон зайг гэрт хэн ч нөхөж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх их чухал юм. Ялангуяа хүүхдийн хүмүүжил тал дээр. Заримдаа бид өөрөө ямар хүмүүжилтэй өссөнийг нь мэдэхгүй хүмүүсээр хүүхдээ хүмүүжүүлэх гээд байдаг. Манай ээж бол мундаг карьер эмэгтэй байсан. Маш завгүй мөртлөө бид нарын хүмүүжил, гэрийн даалгавар хичээл сурлагын араас сайн анхаарал тавьдаг байсан, дугуйланд хамруулаад, эцэг эхийн хуралд суугаад л, багш дээр хүртэл гэнэт ажлынх нь дундуур очиж уулзаад л манай хүүхдийн хичээл нь яаж байна гэж асуудаг. Ялангуяа бага ангид их анхаарал тавьчихлаар хүүхэд өөрөө хичээл хийх дадал суугаад сурдаг, манай ээж л бидэнд тийм дадал суулгаж өгсөн. Түүнийг одоо надаас их шаарддаг. Намайг хүүхдүүдтэйгээ ажиллах ёстой, чиний тэр сайд байна уу, дарга байна уу хамаа байхгүй, чиний орон зайг гэр бүлд чинь хэн ч нөхөж чадахгүй гэдэг. 

Гэхдээ өөрийнхөө юуг хийж чадах, чадахгүй вэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи бол супер хүн биш шүү дээ. Чамд бусад хүмүүстэй л адилхан 24 цаг байгаа. Зарим нэг юмыг өөр хүнээр хийлгэлээ гээд чи муу ээж гэсэн үг биш. Үргэлж гэр чинь шил толь шиг байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Заримдаа чи жоохон ядарсан л байгаа биз. Чи цаг завгүй эмэгтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн төгс байх албагүй. Намайг жоохон байхад манай ээж хагас сайн өдөр ч гэсэн ажилладаг байсныг санадаг юм. Тэгээд л ганц бүтэн сайн өдөр гэрийн бүх ажлыг хийгээд л, “Ээж ээж” гээд юм яриад очихоор “цаашаа байгаач ээ” гэдэг. Тэгээд би тийм ээж л аль болох байхгүй юм шүү гэж өөртөө боддог. Манай гэрийн шалыг хэн угаах нь тийм их чухал биш. Харин миний хүүхдүүд хичээлээ хийсэн эсэх, өдөр юу болов гээд сонсоод, орой орондоо ороход нь үлгэр уншиж өгөх илүү их чухал. Надад жоохон л цаг гарах юм бол тэдний төлөө зориулдаг. 

Таны Төрийн ордны гадаа хүүхдээ хөхүүлээд сууж байгаа зураг олон Монголчуудын сэтгэл хөдөлж энэ асуудлыг хөндөөд ярьж чадах эмэгтэй манлайлагч гарч иржээ гэж баярласан?  

Тамхины өрөө байгаа мөртлөө хүүхэд хөхүүлэх, хүүхдийн памперс солих өрөө байхгүй. Гэтэл би чинь гэмт хэрэг хийгээгүй шүү дээ. Тэгэхээр надад тавтай суугаад хүүхдээ хөхүүлэх газар байхгүй. Хулгай хийж байгаа аятай арай хийж хүүхдээ хөхүүлэх ямар хэцүү байх вэ? Тэгэхэд Америкт бол 2 зуун бээр тутамд нэг хүүхэд хөхүүлэх өрөө байх ёстой гэсэн дүрэмтэй.  Монголд авах тал нь жирэмсний амралт байдаг. Харин Америкт төрөхийн өмнөх амралт ч гэж байхгүй. Ажил олгогчтойгоо ярьж байгаад, хэрвээ эмэгтэйчүүдийг гэсэн сэтгэлтэй хүн байвал цалинтай амралт өгдөг. Зарим үед Америк эмэгтэйчүүд төрөөд сар ч болохгүй ажилдаа ордог. Харин Европ тэр талаараа илүү дэвшилттэй. Хүн амаа гэсэн бодлоготой. Монгол эмэгтэйчүүд энэ бүхнийг даван туулаад хүүхэд ч төрүүлээд, карьер хийгээд байж байна. Харамсалтай нь хөдөлмөр эрхлэлтийн төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр багассаар байна. Яагаад гэхээр хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн хүүхэд, гэр бүлийн ачаалал их болсон. Олж байгаа цалин нь цэцэрлэг, сургууль, хүүхэд харах хүний цалинд хаана нь ч хүрэхгүй учраас өөрөө хүүхдээ хараад гэртэй суух болдог. Энэ асуудал дээр эмэгтэйчүүд маань оролцоод, дуу хоолойгоо хүргэж гаргаж ирж ярихгүй болохоор хүүхдийг 6 сар хүртэл нь заавал хөхүүлэх ёстой гэсэн мөртлөө хүүхэд хөхүүлэх өрөө гаргаж өгөхгүй л байгаа юм. 

Та Хятадад төгсөөд, Америкт очиж сураад эцсийн зорилго тань юу байсан бэ?

Хүүхэд байхад сайхан амьдрахын тулд онц сураад ажил хийгээд сайхан амьдарна гэж аав ээж зааж сургасан. Америкт төгссөний дараа олон улсын шугамаар хөгжиж байгаа орнуудын сангийн яамнуудад зөвлөхөөр ажилладаг байсан. Зүүн Тимор, Этиоп, Палестин, Израйль гээд зарим нь хөгжиж байгаа, дөнгөж бий болсон, дайн мөргөлдөөнтэй ийм улс орнуудад очиж ажиллаж байсан. Монгол улс хүний хөгжлийн индексээрээ, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ хөгжлийн яг дунд хэсэгт нь байна, ард түмэн нь хичээвэл хөгжиж болохоор, хичээхгүй бол доошоогоо амархан унахаар байгааг ойлгосон. Унаад тэр улсуудын төвшинд оччихвий дээ гээд очиж ажиллаж, амьдарч байсан хүний хувьд сэтгэл өвдөж явдаг юм.  Би 1999 онд Хятадад оюутан болоод очиж байхад оюутнуудын дотуур байр цэргийн хуаран шиг нэг өрөө нь зургуулаа, наймуулаа давхар орнуудтай, будаг нь хууларчихсан, ширээний 4 талаас нь 4 оюутан суугаад, 2 ширээн дээр 8 оюутан суугаад хичээлээ хийдэг, аймаар хүйтэн, аймаар үнэртэй, нэг давхартаа нийтийн ганц ариун цэврийн өрөөтэй байсан. Тэгэхэд тэндээс дэлхийн том эрдэмтэд гараад миний нүдэн дээр жилээс жилд хөгжөөд байна. Хүний хор шар гэж байдаг бол тэр бүхнийг хараад би гэсэн Монгол улсаа сайхан болгочхоод амьдармаар байна, сайхан улсад тэтгэвэрт гармаар байна гэдэг чин хүсэл надад байдаг. 

Үнэнийг хэлэхэд улс төр бол миний хэзээ ч хүсэж мөрөөдөж байсан салбар байгаагүй. Гэхдээ залуучуудын дуу хоолой, оролцоо маш их хэрэгтэй байна. Үнэхээр оролцоотой байх юм бол улс эх орны ирээдүй сайхан болно. Гадаадад байхад ялангуяа яаж эх орондоо буцаж ирнэ дээ гэж бодогддог л юм. Гэхдээ аав, ээж хоёр надад үргэлж “Чи Монголдоо ирэх ёстой. Чи бол Монголын боловсон хүчин. Тийм мундаг юм бол чи хаана ч амьдарч чадах ёстой. Монголд ч бас чи сайхан амьдарч чадах ёстой” гэж хэлдэг байсан.  Бас манай нөхөр “Хоёулаа Монголдоо л амьдарна. Үргэлж нүүдэлчин байдлаар амьдарсаар байтал хамаг залуу нас өнгөрлөө гэдэг байсан. Гэхдээ надад бол тийм амар байгаагүй. Би Америкт гоё сонирхолтой ажил хийгээд, дэлхий даяар аялаад, хамгийн үнэтэй гоё буудлуудад буугаад тийм амьдралаас гэв гэнэт буцаад Монголд ирээд ажил олдох эсэх, миний Йелийн дипломыг үнэлэх үгүйг нь мэдэхгүй том өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Тийм л их мундаг юм сурч мэдсэн юм бол хүмүүс сайн сайхан амьдарч болж л байгаа юм чинь надад сайхан амьдрах боломж байж л таарна гээд итгэсэн. 

Америкт өнөөдөр тогтвор суурьшилтай цалин ч нэмэгдээд, карьерийн шат ахиад явж байгаа ажилтай хүмүүс тэндээс хамаг юмаа хаяад, Монголд намайг үнэлэх болов уу гээд ирнэ гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ залуучуудад зөвлөхөд Монголд маш их боломж байгаа гэж хэлье. Тэгээд Монгол улс ялангуяа та нар шиг чадвартай, боловсролтой, сэтгэлтэй залуучуудаар үргэлж дутагддаг. Тэгэхээр улс орондоо та бүхний оролцоо маш их чухал байгаа шүү! Боломжийг бид нар өөрсдөө бий болгохгүй бол хэн нэгэн гаднын байгууллага ирээд боломжийг бидэнд бий болгохгүй. Манай аавын хэлдэг шиг тийм л мундаг боловсрол эзэмшсэн юм бол хэдүүлээ Монголдоо ирээд цуг Монгол улсаа хөгжүүлье. Хамтдаа зүтгэцгээе. Монголд болж байгаа ч юм их байна. Болохгүй байгаа ч юм их байна. Гэхдээ болохгүйг нь засаад, болж байгааг нь дэмжээд явах нь Монгол хүн болсон бид нарын үүрэг юм гэж бодож байна.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 


Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс үзнэ үү


Та бүхэн Х.Булгантуяагийн их сонирхолтой, ярилцдагийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой:

⏩Stitcher: энд дарж сонсоно уу
▶️SoundCloud: энд дарж сонсоно уу
⏯Anchor:  энд дарж сонсоно уу
⏸Itunes: энд дарж сонсоно уу
⏏️Castbox: энд дарж сонсоно уу


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |