Энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх Сэхээтэн Монгол подкастын хост, University of Minnesota-ийн төгсөгч Х. Цогтбилгүүндарь оролцож байна. Өөрийгөө бидэнд танилцуулаач.
Сайн байна уу? Подкастандаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Цогтбилгүүндарь гэдэг. Би нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45-р дунд сургуулийг төгссөн. 2013 онд Америкийн Миннесота мужид очоод 8 жил ажиллаж сурч амьдарсан. University of Minnesota-д бакалавр магистрын зэргээ улс төр судлалаар хамгаалсан буюу 2021 онд магистраа төгсөөд эх орондоо ирээд байна.
Америкт бакалавр болон магистрын зэргийг эзэмшихэд ямар ялгаатай байсан бэ?
Америкт бакалавр, магистр гэж хоёр хуваагддаг. Graduate сургуульд орохын тулд undergraduate-ийг төгсөх ёстой. Миний туршлагаас харахад хамгийн гол ялгаа нь undergraduate нэлээн олон оюутантай байсан. Мөн undergraduated-д ороход оюутнуудын гараа адилхан, бүгд л ахлах сургуулиа төгсөөд орж байгаа, харин graduate-д зарим хүмүүс арван жилийн ажлын туршлагатай эсвэл нэг жил ажиллачхаад буцаад сургуульдаа орж байгаа, зарим нь сургуулийнхаа хажуугаар бүтэн цагийн ажил хийдэг ч юм уу туршлага нь янз янз байдаг. Тэр нь эргээд суралцахад хамгийн үнэтэй нөөц болж өгдөг юм шиг санагдсан.
Бакалаврын хөтөлбөрөөс магистрын хөтөлбөрт тавигддаг шалгуур ямар ялгаатай байдаг вэ? Магистрын шалгуурыг нь хангахын тулд хэрхэн яаж бэлдсэн бэ?
Үргэлжлүүлж сургуульдаа сурна гэдэг нь надад маш том давуу талуудыг бий болгож байсан. Жишээ нь холбоо харилцаа сайтай байх. Бакалаврын зэргээ улс төрийн чиглэлээр мөн медиа чиглэлээр сураад, сэтгэл зүйн чиглэлээр магистрт сурсан маань улс төрийн сэтгэл зүй болгоод уялдаа холбоотой сурах боломжийг бий болгосон. Магистрын хөтөлбөрт ороход дор хаяж хоёр эсвэл гурван тодорхойлох захидал хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр их сургуулийн системийг нь сайн ойлгодог, намайг мэддэг хүнээс тодорхойлох захидлаа авах нь мэдээж хэрэг том давуу тал үүсгэж байгаа юм. Миний бодлоор магистрт сурахад бакалавраас ялгаатай нь илүү их нөөц бололцоо бий болсон байдаг. Тэрийгээ сайн таних, тэд нарыгаа яаж хэрэглэх үү гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй санагдсан. Магистрын хөтөлбөрт орохын нэг том давуу тал нь өөрийнхөө сонирхож байгаа зүйлийн гүн рүү нь орох гэж сонголтоо зөв хийх, яг юу хүсээд байгаа гэдгээ стратеги хийхэд гоё санагдсан.
АНУ явах шийдвэрийг гаргахад юу нөлөөлсөн бэ?
Манай гэрт Америкт очиж сурах хэрэгтэй гэсэн үзэл бодол, хандлага байдаг байсан. Тийм ч учраас би багаасаа Cartoon Network гэх мэт англи хэл дээрх суваг үздэг байсан нь Америк соёлыг надад ойртуулж өгсөн юм шиг санагддаг. Миннесотад манай үеэл эгч сурч байсан учраас тэнд сургуульд сурах шийдвэрийг гаргасан. Эхлээд Миннесотад Saint Cloud State University-д явж байсан. Тус мужийн Twin Cities-ээс нэг цагийн зайтай Saint Cloud хот байдаг. Saint Cloud State University нь хотынхоо 2 дахь том улсын сургууль бөгөөд гадаад оюутнуудад төлбөрийн нөхцөл уян хатан. Хямдхан дээрээс нь төлбөрөөсөө 50 хувь хөнгөлдөг. Үлдсэн 50 хувиа сурч байх хугацаандаа тэр улиралдаа хувааж төлөх боломжтой. Төлбөрийн нөхцөлүүд нь боломжийн байсан болохоор тийшээ явж байсан.
Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлуудаа хэрхэн зохицуулж байсан бэ?
Би ээжтэйгээ их ойрхон байдаг. Ээжийн маань хэлдэг зүйл үсрэлт хийх хэрэгтэй гэдэг байсан. Үсрэлт хийнэ гэдэг нь юу ч болж магадгүй гэхдээ яаж хийж байгаад болгоно гэдэг сэтгэлгээтэй дэвшил гаргахыг хэлж байгаа юм. Нэгдүгээр алхмаа мэдэж байвал хоёр гурав дахь алхам нь аяндаа өөрөө арга зам нь харагдана гэж ойлгодог. Анх тэр сэтгэлгээгээр Америкт очсон. Эхний улирал би сургуульдаа илтгэлүүд тавьдаг байсан. Өөрийн илтгэлүүдээ “TOEFL-ийн муу оноотой ч дэлхийн шилдэгт суралцсан миний түүх” гэж нэрлэсэн. Би TOEFL-ийн хамгийн багадаа 61 оноо авсан учраас Saint Cloud University-д эхлээд хэлний бэлтгэлд орох болсон л доо. Хэлний бэлтгэл маань сургалтын төлбөрөөсөө хоёр дахин үнэтэй байлаа. Хэлний шалгалт өгсөн чинь дахиад гуравдугаар түвшинд орчихсон. Ерөнхийдөө дөрөвдүгээр түвшнээр төгсдөг юм. Гэр бүлийн маань миний боловсролд зориулсан хуримтлал байсныг зарцуулах гэтэл тэр нь яг нэг улирлын төлбөр болж таарч байсан. Хоёр гурав дугаар алхам маань төлбөрөө яаж төлөхөө мэдэхгүй, дахин хэлний бэлтгэлд төлбөр төлж чадахгүй гэдгээ мэдэх байсан. Тэгээд хэлний бэлтгэлдээ ороод захиралтайгаа уулзаж “Би англи хэлэндээ сайн, гадаадаас ирээд нойрны зөрүүнээс болоод шалгалт дээр нойр хүрээд муу хийчихлээ” гэсэн чинь долоо хоног харж үзье гэлээ. Би яг долоо хоног багш нартайгаа нөхөрлөөд, ойр дотно байж их хичээсэн. Долоо хоногийн дараа хичээлдээ ирсэн чинь багш “Чи нээрээ 4 дүгээр түвшинд орсон шүү” гэсэн. Тэгж гэр бүлийнхээ хуримтлуулсан мөнгийг яг нэг улирлын төлбөрт зарцуулах боломж олдсон.
Америкт жижиг жижиг тэтгэлэг авах боломжтой байдаг. Тэрийг их хэрэглэдэг байсан. 2014 онд Монголд ирээд Нацагдоржийн номын сан дээр Америк Монголын соёлын төвтэй хамтран сургуулиа танилцуулаад 1,000 доллар авч байсан. Авсан мөнгөөрөө сургалтынхаа төлбөрийг төлсөн. 2016 онд дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг Миннесотагийн их сургууль руу шилжсэн. Дипломоо авах, төгсөх болоход төлбөрөө яаж төлөхөө мэдэхгүй байж байтал тухайн жилийн шилдэг оюутан гээд дансанд мэдэгдэлгүй гэнэт 4000 доллар ороод ирсэн байсан. Төгссөнийхөө дараа OPT аваад ажил олж хийсэн. Ер нь яг ээжийнхээ хэлснээр үсрэлтийг авчихдаг, болгоно доо гэж үзээд л явдаг байсан. Америк бол боломжуудын эх орон гэдэг сэтгэлгээг барихыг их хичээсэн.
Хичээлүүдээ үзэхэд англи хэлний түвшин болон ачаалал зэрэг бэрхшээлүүд хэр байсан бэ?
Улсын сургуульд ярианы дадлага, сонсголын дадлага бараг хийхгүй болохоор бичих уншихаа дажгүй болгочихдог. Чихний бөглөө гэж байдаг юм байна лээ. Миннесотад өөрсдийн аялгатай учир телевизээр сонсож байсан аялгууд хаа очсон газар туслахгүй байж магадгүй. New York эсвэл LA гэх мэт бүх газар өөр өөр аялгатай ярьдаг. Тэгэхээр хүмүүстэй нь харьцаад байхад нэг л өдөр англиар зүүдлэх ч юм уу бүх юмыг ойлгоод ирдэг юм байна лээ. Хичээл дээр эхний улиралдаа амжилт муутай байсан. 2,5 дүнгээ дэнгэн данган авсан санагдаж байна. Макроэкономиксийн хичээл дээр D үнэлгээ авч байсан. Дараагийн улирлаасаа их хичээсэн. Хэлний бэлтгэл бол амархан байсан. Хичээл хэцүү байсан ч хичээх юм бол багш нар үргэлж дэмждэг.
Сургуулиас гадуурх ямар арга хэмжээнүүд байдаг вэ?
Ажил хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч ажилд орохын тулд шалтгаан дээр нь хэдэн юм бичих хэрэгтэй байсан. Хэлний бэлтгэлд орсон цагаас ажил хийж болохгүй. Би захиралтайгаа очиж уулзаад сайн дурын ажил хиймээр байна гэдгээ хэлэхэд сэтгүүл гаргах уу гэсэн. Тэгээд редакторын баг үүсгээд сэтгүүл гаргаж байсан юм. Монголоо санаж байгаа энергиэ бусдаар яаж зөв цохуулах их чухал байдаг. Янз бүрийн соёлын өдөрлөгүүд болоход Монгол хамгийн гоё нь байх ёстой гэж бодоод хана дүүрэн Монголын тухай постерүүд бэлддэг байсан. Монголын түүхийг их судалж нарийн ширийнийг нь цээжилж байгаад сонирхож ирсэн хүмүүст түүхийг нь ярьж өгөөд, шагай тоглуулж мэргэлүүлээд янз бүрийн уламжлалт зүйлс хийлгүүлж, энд тэндхийн монголчуудаас үзүүлэн гуйж аваад засаж Монгол соёлыг танилцуулдаг байсан. Миннесотад гадаад оюутан байх хэцүүг ойлгосон болохоор гадаад оюутнуудын эрхийг хамгаалах чиглэлээр хөтөлбөрүүдэд орж эхэлсэн. Тэндээс янз бүрийн тэтгэлгүүд олоход их хэрэгтэй байсан.
OPT ямар байгууллагад хэр хугацаатайгаар хийж байсан бэ?
Би улс төр судлалаар бакалавраа төгссөн учир үүний дараа нэг жил ажил хийх боломжтой байсан. 2018 онд сургуулиа төгсөөд ОPT авсан. Хамгийн анх их сонирхолтой боломж гарч ирсэн юм. Лондонд төвтэй Dorsey & Whitney хуулийн фирмийн салбар нь Миннесотад байдаг. Тэнд Монголын улс төр том мегарожектуудтай холбоотой номын сангийн хэрэг гарсан учраас монгол хэлний орчуулагч хэрэгтэй болсон. Хуулийн чиглэл рүү явах боломж гараад ирсэн болохоор тэр төсөлд орж ажилласан. Маш олон баримтууд, харилцаа холбооны зүйлс Монголоос олдож байсан учраас нэг сарын хугацаатай ажиллах байсан чинь найман сар хийх болсон. Тэгээд миний OPT дуусахад таван сарын хугацаа л үлдчихсэн. Үүний дараа гэрээт байгууллагууд хайж байгаад Цагаачлалын хуулийн фирмд нэг сар ажиллаад дараа нь мужийнхаа хотын захиргаанд хуулийн чиглэлээр ажилласан. Хуулийн чиглэлээр нэлээн хэдэн газар гэрээт ажилтан хийчхээд эргээд харахад олон туршлагатай болсон байна. Хувийн компани болон улсын байгууллагад аль алинд нь ажилласан болохоор ОPT-ээ гоё зөв ашиглаж туршлага хуримтлуулсан нь магистрын хөтөлбөрт ороход илүү дөхөм болж өгсөн гэж хардаг.
Америкт суралцсан туршлага тань таныг хэр өөрчилсөн бэ?
Маш их өөрчлөгдсөн байх. Америк бол эдийн засаг бүх юмаараа баян хэдий ч дотроо эрх тэгш бус байдал өндөр байдөг улс. Америкт очиж улс төрийн чиглэлээр суралцах надад сонирхолтой байсан. Яагаад гэвэл дэлхийн хамгийн өндөр хөгжсөн оронд суралцаж байгаа гэж бодож байтал дэлхийн хамгийн ядуу буурай орнуудтай зэрэгцэхүйц хэмжээний ядуу хүмүүс ч бас тэнд амьдарч байдаг. Би бүтэн нэрээ хэнд ч хэлэхгүй, учир нь хэлэх юм бол доошоо орно. Бүх боломжууд хаагдаж эхэлнэ. Зөв бурууг сайн ойлгож авсан. 2013 онд Америк руу явахдаа буцаж ирнэ гэсэн зорилготой явсан бөгөөд Америкт үлдэх боломжууд байсан ч гэсэн зорилго дээрээ тогтож чадсан. Мөн Америкийг сайн ойлгож өөрийгөө би хэн бэ гэдгийг ч маш сайн ойлгож олсон. Монголчуудын үндсэрхэг байдлыг арай өөр талаас нь харж чадсан юм байна.
Бакалавраа төгсөөд хэдэн жил ажиллаад мастерт элсэх эсвэл шууд элсэх тал дээр та юу гэж боддог вэ?
Миний хувьд хурд чухал байсан. Америкт найман жил амьдарсан үеийнхэн маань карьераа эхэлж байгаа, мөн анхны зорилго маань Америкт үлдэхгүй байх учраас надад хурд чухал байсан. Магистрын хөтөлбөртөө элсэхэд Миннесотагийн их сургууль Америкт олон нийтийн хөтөлбөрүүдээр топ аравт багтаж байсан учраас орсон. Магистрт бакалавраас илүү үсрэлтийг хийх гоё боломжтой. Их ч туршлага хуримтлуулсан.
Миннесотагийн их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцахад хэр ээлтэй орчныг бүрдүүлсэн байдаг вэ?
Миннесотагийн их сургууль Америкт хэмжээгээрээ 5-р байранд ордог том сургууль. Metropolis нь хотынхоо яг хажууд байж байдаг бөгөөд өндөр байшингуудын яг хажууд сургууль нь байдаг. Сургууль нь хоёр хот дамнаж байрладаг болохоор бараг хот нь юм шиг харагддаг. Том хотод амьдрах хөгжлийн бэрхшээлтэй хүнд харьцангуй хүнд байж магадгүй. Гэхдээ ямар бэрхшээлтэйгээс их зүйл шалтгаалах байх. Америкийн сургуулийн тогтолцоо ямар ч хүнийг тэгш эрхээр хангахын тулд байнга ажиллаж байдаг учраас манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн сурахад ямар ч асуудалгүй. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө маш сайн өгч дэмждэг. Том хотод болон жижиг хотод сурах амьдрах ялгааг нь олж харах хэрэгтэй байх.
Урилгыг маань хүлээн авч өөрийн туршлагаа хуваалцсанд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Баярлалаа. Амжилт хүсье!
Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.