Alumni stories

Ж. Сүхбаатар "Hubert Humphrey Fellowship" хөтөлбөрийн төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй The Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч Ж.Сүхбаатар оролцож байна. Өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач. 

Та бүхний энэ өдрийн амрыг эрье.  Намайг Ж.Сүхбаатар гэдэг. Би анх Москва хотод Орос аж ахуйн дээд сургууль төгсөөд түүнээс хойш их сургуульд олон жил ажиллаж байгаад дараа нь сургуулийн захирал, Яамны газрын хэлтсийн дарга гэх мэт ажлуудыг хийж байсан. 2001 онд Hubert Humphrey Fellowship хөтөлбөрт хамрагдаж ирсэн. Дараа жилээс нь АНУ-д таван жил суралцаж ирээд хоёр хөтөлбөр дүүргэж докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш Монголдоо буцаж ирээд Санхүү эдийн засгийн их сургуульд дэд захирлыг олон жил хийсэн. Монголын Мянганы Сорилтын Сангийн төсөл дээр ажиллаж байгаад одоо эргээд Санхүү Эдийн засгийн сургуульдаа зөвлөх  профессороор ажиллаж байна.

Яг одоо АНУ-д бакалавраас дээш буюу магистрт докторын зэргээ хамгаалах гэж буй залуу төгсөгч нарт хандан юу гэж зөвлөх вэ? Ер нь АНУ-д бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах нь юугаараа ялгаатай вэ? 

Миний бодлоор бакалавраа хаана төгсөж суралцсан нь тийм ч чухал биш гэж боддог. Харин мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр суралцаж буй магистр, докторын зэргээ хаана төгсөх нь их чухал. АНУ-ын хувьд боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Магистр, докторын зэргээ АНУ-д тэр тусмаа өндөр чанартай сургуулиудад суралцаж амжилттай төгсөх нь чиний цаашдын ирээдүйд чухал хувь нэмэр оруулна. Бичиг болон ярианы англи хэлийг маш өндөр төвшинд суралцах шаардлагатай. Нөгөө талаас шууд бакалавраа төгсөөд магистр докторын төвшинд суралцах нь буруу. Яагаад гэвэл туршлага дадлагын хувьд дутмаг болоод ирнэ гэсэн үг. Туршлага сайн хуримтлуулах нь цаашид амжилттай суралцах гол үндэс нь болж өгдөг гэж би хувьдаа боддог. Би 40 гарсан хойноо АНУ-д суралцахаар очсон. Энэ маань нэг талаараа хүндрэлтэй хэцүү байсан ч амьдралдаа туулж өнгөрөөсөн ажлын туршлага минь маш их тус болсон. Нэг хичээл гэхэд л дор хаяж 200-аас дээш хуудас унших 60-65 хуудас тэмдэглэл хийж авахаас гадна түүнийгээ хуримтлуулсан туршлагатайгаа холбогдуулна гэх зэрэг олон чадвар шаардана. 

АНУ-ын боловсролын систем бусад орны боловсролын системээс ямар ялгаатай вэ? 

АНУ-ын дээд боловсрол, 1642 онд Харвардын их сургууль үүсэж байх үеийн ЕБС-ын тогтолцоо сайн биш байсан. Тэгээд анхны том том хувийн сургуулиуд үүссэнээр оюунууддаа ерөнхий, дунд боловсролуудыг олгож эхэлсэн байдаг. Тэр үеийн АНУ-ын дээд боловсролын эрхэм зорилго нь хүнийг эрдэм ухаан, хүмүүжилтэй сайн хүн болгох байсан. Үүний дараагаар аж үйлдвэрийн хувьсгал гараад хүмүүсийг сайн хүн болгохоос гадна ажил мэргэжил эзэмшүүлэх тал дээр нь анхаарч эхэлсэн байдаг. Зөвхөн онолын хоосон мэдлэгээ биш амьдралтай холбоотой туршлага, дадлага, чадвар эзэмшүүлэх тал руу чиглэж эхэлсэн. Үүний дараа 19-р зуунаас эхлэн судалгаа шинжилгээ хийх гэсэн эрхэм зорилгыг тавьсан байдаг. Энэ гурван эрхэм зорилго бол одоо ч гэсэн хэрэгжээд явж байгаа. Анх байгуулагдахдаа Герман улсын сургуулиудаас тодорхой зарчмыг аван хэрэгжүүлсэн байдаг. Тийм ч учраас боловсролын тогтолцоо нь маш боловсронгуй. Оюутнууд ч гэсэн харьцангуй эрх чөлөөтэй бие даан суралцах чадвартай болсон. Иймээс хүн төрөлхтний асар их оюун ухааны хуримтлал тэнд хадгалагдсан байдаг. 

Таны хэлсэнчлэн бичгийн болон ярианы англи хэл маш өндөр түвшинд шаардагддаг. Энэ чадварыг очсон хойноо эзэмших хэрэгтэй юу эсвэл очихоосоо өмнө суралцсан байх хэрэгтэй юу? 

Энэ бол тухайн хүн оюун ухааны чадвараа хэр ашиглахаас хамаарна. Зүгээр л олон зүйлсийг хуулж бичин үр ашиггүй судлахдаа биш маш олон зүйлсийг мэдлэгээ болгон авч чадах эсэх нь чухал. Академик хичээл бүр дээр өгөөд байгаа бичвэрийн хичээлийн техникийг нь сурах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр бичиж байгаа зүйлдээ юу оруулж өгөх, юу илэрхийлэх нь өөрийн тань оюун ухаанаас хамаарна. Монгол хүүхдүүд оюун ухааны потенциал сайтай шүү дээ. Одоо бол хүүхдүүд ярианы хэлийг их хурдан сурчихна. Бичгийн хэл бол тийм амархан биш. Би хэдий тэтгэвэрт гарсан ч гэсэн энэ мэдлэг чадвар маань надад одоог хүртэл хэрэг болсоор л байгаа. Тийм учраас эдгээр чадваруудыг эзэмшсэн байхад заавал ямар нэгэн байгууллагад насаараа ажиллах гэж зүтгэх биш, харьцангуй чөлөөтэй хийхийг хүссэн ажлаа хийх боломжууд бий болно гэж залуучуудад хэлмээр байгаа юм.

Таны англи хэлний мэдлэг явахаас тань өмнө ямар хэмжээнд байсан бэ? Хэл суралцахад бэрхшээлтэй үе байсан уу? Яаж даван туулж гарж байсан бэ? 

АНУ-д багш профессорууд маш энгийн харьцаатай хүмүүс байсан. Чи бол өөрт оноогдсон зүйлийг хийгээд шалгуулах л ёстой. Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Тэр удирдагчтайгаа олон уулзаад байж бас чадахгүй. Номын санд цагаа өнгөрөөн, мэдлэг боловсрол олж аван системтэй суралцах хэрэгтэй. Би явахаасаа өмнө Голландын магистрын менежментийн сургуулийн Монголд хэрэгжүүлсэн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж магистрын зэргээ хамгаалсан байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд багш нар ирээд долоо хоногийн турш хичээл зааж даалгавар өгчхөөд явдаг, даалгавраа дараа нь бид хийж явуулдаг байсан. Мөн амьдралынхаа турш нэлээн олон төслүүдийг удирдан хамтарч ажиллаж байсан буюу англи хэл дээр хүмүүстэй харилцах, унших, бичих гээд Америк хүмүүстэй ажилладаг байсны үр дүнд миний хэлний төвшин боломжийн сайжирсан байх.  Мэдээж өндөр төвшинд хийсэн үгүйгээ мэдэхгүй ч гэсэн эдгээр туршлагууд л бэлтгэл болно шүү дээ.

Сургуулиас гадуурх таны АНУ дахь амьдрал ямар байсан бэ? 

Hubert Humphrey хөтөлбөрийн хувьд 1960-аад оноос хойш хэрэгжиж байгаа мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой хүмүүст зориулсан нэг жилийн хугацаатай хөтөлбөр юм. Тэнд сурч байхдаа манай сургуулийн багш нар чи үргэлжлүүлэн доктороор сурах хэрэгтэй гэж зөвлөөд үргэлжлүүлэн сурах шийдвэр гаргасан. Тэгээд тэнд эхлэх гэж байсан нэг төсөл дээр судалгааны туслах ажилтнаар ажиллах шалгаруулалтад нь орж сурах хүсэлтээ өгчхөөд Hubert Humphrey хөтөлбөрөө төгсөөд ирчихсэн байсан. Тэгсэн намар хичээл эхлээд бараг сар болох гэж байхад Америкийн сургуулиас маань бичиг хүрээд ирсэн “Таны судалгааны туслах ажилтнаар ажиллах асуудал шийдэгдсэн. Ирж хичээлдээ сураарай.” гэсэн байсан. Үндсэндээ би таван жил ямар ч үнэ төлбөргүйгээр сурсан байдаг. Үнэгүй сурахаас гадна цалинтай ажилладаг байсан учир АНУ-ын ачийг хариулан 3 жилийн хугацаанд 50 сая долларын төсөл хариуцан амжилттай ажилласан. Иймээс Америкийн ард түмэнд би өртэй гэж бодож явдаг. Тэр ч утгаараа дараа нь би Мянганы Сорилтын Сангийн боловсролын төсөл эхлэхэд хүсэлтээ гаргаж тэр төслийн захирлаар томилогдож гурван жил ажиллаад маш амжилттай хэрэгжүүлсэн.

Америкт сурч ажилласан үеийн дурсамжаасаа хуваалцаач. 

Их сайхан байсан. Мэдээж сурахдаа ихэнх цагаа зарцуулж байсан ч тэрнээс гадна хаашаа ч явж юу ч хийсэн чөлөөтэй. Пенсильваний төвд Харрисбург хотоос холгүй State College гэдэг газарт Пенсильваний их сургуулийн төв оюутны хотхон байрладаг байсан. Энэ нь АНУ-ын хамгийн том 10 сургуулийн нэг бөгөөд тухайн үед 80,000 оюутантай байсан. Сурч байх хугацаандаа өөрийн гэсэн машинтай болчихно. Хаашаа л бол хаашаа явах боломжтой учраас амралтаараа үзэж харж болох бүхий л сайхан газруудыг гэр бүлээрээ болон найз нөхдийн хамтаар үзэж зугаатай өнгөрөөдөг байсан. Үүнээс гадна маш олон газруудад эрдэм шинжилгээний хуралд үнэ төлбөргүй оролцон туршлага судалж Юнескогийн судалгаанд эх орноо төлөөлөн оролцож байсан. Америкт сурахад зөвхөн сурахаас гадна холбоо харилцаатай байж найз нөхөдтэй болох боломжтой гээд их сайхан л даа.

АНУ-д суралцахын тулд яг юун дээрээ түлхүү анхааран ажиллах шаардлагатай вэ? Энэ тал дээр манай уншигчдад зөвлөгөө өгөөч. 

Ер нь хүн болгонд л гадаад улсыг зорин суралцах хүсэл эрмэлзэл байдаг байх. Энэ хүсэл зорилгодоо хүрэхэд мөнгө саад болдоггүй, мөнгөгүй ч гэсэн хичээж, үүнийхээ төлөө өөрийгөө зохих төвшинд бэлдэж чадвал боломжууд үргэлж нээлттэй байдаг. Хүн амьдралдаа тулгарсан сорилтуудыг давж байж л цаашаа улам өсөж хөгждөг. Өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээсээ эргээд сэтгэл ханамж авах нь амьдралын гол утга учир юм. Тэгэхээр хийж бүтээх залуу насан дээрээ өөрийгөө дайчлан сэтгэл ханамжтай амьдрах хэрэгтэй шүү. Гадаад өнгө үзэмж нас хүйс огт чухал биш, гол нь сурсан эрдэм мэдлэгээрээ л өрсөлдөх учраас хичээл зүтгэлтэй байгаарай. 

Таны очиж суралцсан газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй орчныг бүрдүүлж чадаж байсан бэ? 

АНУ бол хүн болгонд тэгш байдлыг бүрдүүлж өгөхийн тулд маш их хичээдэг улс яахын аргагүй мөн. Хөгжлийн бэрхшээлтэй ч бай мөнгөгүй ч бай чамд үргэлж боломж олдох болно. Энэ нь АНУ-ын нэгт тавигддаг зарчим юм. Хоёрт тавигддаг зарчим бол хүмүүсийн яалгаатай байдал. Хүн бүр дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хоёр зүйл АНУ-д ил тод харагддаг учраас давуу тал нь болж чаддаг. 

Урилгыг хүлээж авч бидэнд үнэтэй зөвлөгөө өгч өөрийн туршлага мэдлэгээс хуваалцсан танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. 

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье. 

Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.


▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.