Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань АНУ-ын “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Т. Самданжигмэд оролцож байна. Та өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Би АНУ-д “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр 2012-2015 онд суралцаж төгссөн. АНУ-д сурахаас өмнө Монголд газарзүйн багш мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Баруун хязгаар Ховд аймгийн хуучны багшийн дээд сургуульд ажиллаж байгаад Fulbright тэтгэлээр АНУ-д суралцах боломж олдоод сурсан.
Яагаад энэ чиглэлээр суралцах болсон бэ?
Бэлчээрийн экологи гэдэг нь шинэ тутамд үүсэж байгаа шинжлэх ухааны салбар юм. Ерөнхийдөө бол амьтан судлал, ургамал судлал, биологийн салбараас салбарлаад үүссэн гэж болно., АНУ болон Хойд Америкт маш эрчимтэй хөгжиж байгаа шинжлэх ухаан юм. Монгол оронд ч бас энэ салбар маш чухалд тооцогдож байгаа. Орчин үед гарах болсон цаг уурын дулаарал, үүнтэй холбоотойгоор цөлжилтийн асуудал, мөн дэлхийн бэлчээрийн талхигдлын асуудал зэрэг олон асуудлуудыг судлан шинжлэх, зүй зохистой шийдэл олоход чиглэж судалгааны ажил хийдэг. Би энэ салбараар сурах болсон шалтгаан нь өсөж төрсөн нутагт маань болон бүс нутгуудад бэлчээртэй холбоотойгоор ойр ойрхон ган зуд болох, цөлжилт, бэлчээрийн доройтол, түүнээс болоод малаа их хэмжээгээр алдах гэх мэтчилэн том асуудлууд байсан учраас энэ асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой байсан. Суралцахаасаа өмнө байгаль хамгаалах олон улсын судалгааны байгууллагад энэ чиглэлээр ажилладаг байсан. Монгол улсын баруун бүсийн аймаг болох Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хумын тал хэмээх газар төсөл хэрэгжиж байсан. Тэр төсөлд оюутан байхаасаа онолын судалгааны ажил хийж байсан учраас энэ чиглэлд илүү сонирхолтой байсан. Одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа.
Америкт энэ чиглэлээр сурахад ямар байсан бэ? Монголд хэрэгжүүлж болох сайн туршлага байсан уу?
Байгаль орчны салбар баруун Европ болон Америкт эрчимтэй хөгжсөн. Байгаль орчны асуудлууд нь манайхтай харьцуулахад өөр төвшинд байдаг. Жишээлбэл АНУ-д 1930-40 онд цөлжилтөөс үүссэн шороон шуурга их хохирол учруулсан байдаг. Тухайн үед газрыг маш ихээр хагалж, хяналт зохион байгуулалтгүйгээр газар тариалан, мал аж ахуй эрхлэхээс үүдэлтэйгээр цөлжилт үүсэж шороон шуурга болдог байсан. Иймд манайхтай ижил асуудлууд байдаг боловч манайхаас олон жилийн өмнө асуудлуудаа даван туулаад шийдчихсэн байдаг учраас суралцахад маш давуу талтай байдаг. Монтана муж нь Монгол орны Хангайн бүс нутагтай ойролцоо, газар зүйн байрлал, цаг уурын нөхцөлтэй төстэй байсан болохоор судалгааны ажил хийхэд дөхөм байсан. Миний судалгааны ажил Монтана мужийн хойд хэсэгт, Америк Канадын хилийн орчимд бэлчээрийн судалгаа хийх байсан. Америкт байгаль орчны чиглэлээр сурахад материаллаг бааз талаасаа судалгааны станцууд, янз бүрийн жижиг төслүүд санхүүжилт олох нь харьцангуй боломжтой. Жишээлбэл фермүүд судалгааны байгууллагатай хамтраад фермийнхээ экологид нөлөөлөх нөлөө, фермдээ ямар байдлаар мал аж ахуйгаа авч явбал зүгээр бэ гэх мэт судалгаа хийх боломжтой. Энэ нь цаашлаад сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой. Мөн оюутнууд судалгааны ажлын санхүүжилтээ олох маш боломжтой.
Америкт сурахад өөр ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
Би хоёрдугаар курсээсээ Францын Америкийн дахин нутагшуулах төсөлд ажиллаж байхдаа гадаад хүмүүстэй ажиллаж эхэлсэн. Тэдний арга барил шал өөр төвшинд байсан. Миний эзэмшсэн бакалаврын зэргийн төвшин маань шал өөр байсан учраас тэдэнтэй ижил төвшинд ажиллахын тулд адилхан боловсрол эзэмших ёстой гэж зорилго тавьсан. Англи хэл мэддэг учир АНУ-ын сургууль руу явсан.
Та сургуулиа хэрхэн сонгосон бэ? Сурагчид сургуулиа сонгохдоо юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?
Надад сургуулийн хөтөлбөр маш чухал. Нэгдүгээрт сонирхож байгаа хичээлүүд чинь хөтөлбөрт нь байна уу харах ёстой. Миний сонирхож байсан хичээлүүд бол статистик анализ, статистик боловсруулалт хийх, статистикийн аргуудыг суралцах байсан учраас статистикийн хичээлүүдийг нь харж сургуулиа сонгосон. Нөгөө талаас Монтана муж Монголтой ижил цаг ууртай, Америкийн бусад мужуудтай харьцуулахад бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн учраас тэндээс суралцсан зүйлүүдээ Монголд хэрэгжүүлэхэд илүү дөхөм гэдэг үүднээс сонгосон.
Fulbright тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл хаанаас авсан бэ? Хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ?
Манай байгаль орчны салбарын эрдэмтдийн нэрэмжит тэтгэлгүүд, жижиг тэтгэлгүүд мөн олон улсын байгаль хамгаалах байгууллагын нэрэмжит тэтгэлгүүд зарлагддаг. Би хэд хэдэн газарт материал өгч үзээд тэнцээгүй. Тэгээд ямар ч байсан магистрт сурахад GRE шалгалт өгөх ёстой юм байна гээд Ховдоос Улаанбаатарт орж ирээд шалгалтаа өгч байсан. Тэгээд Америкийн засгийн газрын тэтгэлэг болох Fulbright-ийн тухай олж мэдсэн. Тухайн үед GRE оноогоо аваагүй байсан хэдий ч ямар ч байсан шалгалтаа өгөөд үзсэн. Fulbright-д материалаа өгөөд шууд тэнцээгүйгээр хүлээлгийн жагсаалтад орсон. Миний өмнөх сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн явахаа больж таараад би явсан. Тэтгэлэг сонирхож буй залуустаа хэлэхэд заавал шалгалтаа өгөөд оноогоо бүрэн гүйцэд авсан байх ёстой гэж хойш нь тавилгүй материалаа өгөөд байх хэрэгтэй. Би тэнцээд явахдаа зургаан сарын хугацаатай Флоридагийн их сургуулийн англи хэлний түргэвчилсэн англи хэлний курст суралцаад TOEFL GRE шалгалтуудаа өгсөн. Fulbright-ийн хүрээнд Монтана мужийн их сургууль, Ютагийн их сургууль, Флоридагийн их сургуулиудыг надад санал болгож байсан.
GRE шалгалтад бэлдэхэд ямар бэрхшээл байсан бэ?
Энэ шалгалт зөвхөн гадаад явах хүмүүс бус Америкчууд өөрсдөө магистр болон докторын зэрэгт суралцахдаа өгдөг шалгалт юм. Энэ нь хүний сэтгэх чадвар, өгсөн өгөгдөл дээр анализ хийгээд шийдвэр гаргах чадварыг шалгадгаас гадна хуучин хэрэглэгддэггүй англи үгнүүд их гарч ирдэг учраас GRE өгөх гэж байгаа бол маш их тактик судлах хэрэгтэй. Маш богино хугацаанд асуултын хариултыг яаж олох гэдэгт сурах ёстой. Жишээлбэл математик, бичгийн хичээл, уншаад ярих хэсгүүдээс бүрддэг. Математикийн хэсэгт хурдан бодох арга аргачлалуудыг, үг цээжлэхдээ жишээтэй нь хамт, өөрийнхөө салбартай холбож цээжлэх зэргээр бэлдэх нь үр дүнтэй. Шалгалтаа өөрийнхөө төвшинд бэлдээд өгөөд үзэх хэрэгтэй, ингэснээр өөрийн арга барилаа олж юун дээр анхаарахаа мэддэг болно.
Америкт магистраар суралцаж байх хугацаандаа хийж байсан судалгааны ажлуудаасаа хуваалцаач. Магистраар суралцах давуу тал нь юу байв?
Маш том давуу тал нь магистраар сурч байх тохиолдолд судалгааны ажлыг яг өөрөө бие дааж гардаж хийдэг. Ялангуяа байгаль орчныхон судалгаагаа шууд байгаль дээр мэдээлэл цуглуулахаас эхэлдэг. Цуглуулахаас өмнө ямар судалгааны ажил хийх, ямар асуултад хариулах уу гээд судалгааныхаа төлөвлөгөөг боловсруулдаг. Профессортойгоо уулзаж танилцаад сэдэв сонголцоно. Монгол хэлэн дээрээ асуудлуудаа тодорхой болгоод, судалгааны арга зүй, хээрийн судалгааны ажлын төлөвлөгөөгөө боловсруулдаг. Бас нэг давуу тал нь зарим нэг хөтөлбөрүүд нэг жилийн хугацаатай хоёр улирал сураад дипломоо хамгаалдаг. Гэвч байгаль орчны салбарууд ялангуяа хээрийн судалгааны ажилд нэг улирал, ялангуяа ургамлын судалгаа зуны гурван сар хийгддэг учраас хээрийн судалгааны ажлаар дипломын ажил бичих үр дүн хангалтгүй учраас хоёр зуны судалгаа хийх шаардлагатай болдог. Ингээд 2.5 жил сурсан. Магистрын хөтөлбөрт сурч байгаа оюутанд энэ боломжийг бүрэн олгодог. Оюутнууд ямар хичээл судлах, ямар судалгаа хийх, хэдэн жилийн дата цуглуулах гэх мэтчилэн зүйлүүд багшийн цаг зав, санхүүжилтийн асуудлаас шалтгаалдаг ч бүх боломжууд нээлттэй байдаг. Оюутнуудад хээрийн ажилд шаардлагатай машин материал бүх тоног төхөөрөмжүүдээр хүртэл хангаж өгдөг.
Америк соёл таны хувь хүн тал дээр хэрхэн нөлөөлсөн бэ?
Их сонирхолтой асуулт байна. Анх АНУ-д эрх чөлөөний орон бүх зүйл чөлөөтэй гэж бодож очсон ч маш өөр, дэг журамтай байсан. Жишээлбэл орой 9 цагаас хойш сагс, тоглоомын талбай дээр тоглож болохгүй. Авто замын дүрэм маш чанга. Бүх хүмүүс дүрэм журмаа маш сайн баримталдаг. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг үгийг баримталдаг нь маш их зүйлийг сургасан. Маш энгийн дүрмүүд буюу хаалга бие биедээ онгойлгох, гарц нь дээр заавал явган хүнд зам тавьж өгөх зэрэг нэгнээ хүндлэх соёлыг өдөр бүр хийж байвал маш гоё нийгмийг бүтээж болох юм байна гэсэн бодол сэтгэлд үлдсэн.
Америкт суралцаж байх үеийн хамгийн тод үлдсэн дурсамжаа хуваалцаач. Мөн хамгийн бэрхшээлтэй байсан зүйл нь юу байсан бэ?
Сайхан нь гэр бүлийн хүнтэйгээ хамт явсан маань байсан. Анхны хүүхэд маань тэнд байхад төрсөн. Тийм болохоор маш гоё мөчүүд тэнд байхад өрнөсөн. Охин маань хоёр улсын иргэншилтэй болохоор Монтана мужид их талархаж явдаг. Сорилттой зүйл гэвэл хэлний асуудал их байсан. Бидний нэг дутагдалтай байдал бол бие дааж суралцах арга барилд суралцаагүй гэдэг нь их анзаарагдсан. Эхний семестр дээр 85 авах ёстой байснаас 82 аваад дахиж тийм дүн авах юм бол Fulbright тэтгэлгээс хасах анхааруулга ирсэн. Тухайн үед их шантарч байсан. Маш том итгэл хүлээлгээд тэтгэлэг авсан боловч нутагтаа хоосон буцаад очих вий дээ гээд л санаа зовсон. Тэгээд л илүү их хичээсэн. Тэгэхээр бие дааж сурах чадвар, мэдэхгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйл ээ ямар ч хичээл байсан дор бүрэн багшаасаа нээлттэй, чөлөөтэй асууж байх л хамгийн шилдэг алга юм билээ. Яваандаа аргаа олоод л хэцүү зүйлүүд байхгүй болсон.
Танай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суралцахад хэр ээлтэй санагдсан бэ?
Миний мэдэж байгаагаар Флоридагийн их сургуульд 6 сар англи хэлний сургалтад мөн Montana State University-д магистрын зэргээ хамгаалах гэж суралцсан аль аль хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүх хэрэгцээг бүрэн хангасан байсан. Жишээ нь хаалга онгойлгох кноптой ба энэ нь тэргэнцэртэй хүмүүс дарж болохоор маш доор байрладаг, бүх байрнууд бие засах болоод нэвтрэх тал дээр маш сайн хэрэгцээг нь хангасан байсан. Нөгөө талаасаа сургуульд маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусдаа оффис байдаг. Тэнд өөрт тулгарч байгаа асуудал зэргийг хэлэлцдэг, ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүн сурах бүрэн боломжтой орчноор хангагдсан байсан нь их таалагдсан.
Америкт сурах хүсэлтэй байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Мэдээж англи хэл бол маш чухал. Нөгөө талаас сурах гэж байгаа зүйлээ маш сайн ойлгосон, түүндээ чин сэтгэлээсээ сонирхолтой байх ёстой юм шиг санагдсан. Үүний тулд тухайн чиглэлээрээ нэг хоёр жил суралцсан байвал давуу тал болдог. Ялангуяа сурч байгаа чиглэлээрээ тодорхой хэмжээнд ажиллаад тухайн салбарын жаргал зовлонг мэддэг байвал давуу талтай байдаг. Тэгээд очих юм бол бүр илүү сайн сурах боломжтой санагдсан. Тийм учраас өөрийгөө маш сайн таньж мэдсэний дараа сурах шийдвэрээ гаргаарай.
Америкт сурсан өөрийнхөө үнэ цэнэтэй туршлагаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа.
Заа. Залуу үедээ мэдээллээ хуваалцах боломж олгож байгаа та бүхэндээ мөн баярлалаа.
Та бүхэн Самданжигмэдийн яриа, подкастын бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа | Хянан засварласан: А. Болормаа