Alumni stories

М.Нямдаваа: 2018-2019 оны Future Leader’s Exchange буюу FLEX хөтөлбөрийн төгсөгч


Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Нямдаваа гэдэг. Би 2018-2019 онд Future Leader’s Exchange буюу FLEX хөтөлбөрөөр АНУ-н Хойд Каролина мужийн ахлах сургуульд нэг жил суралцаад ирсэн. Одоогоор Хо Шин Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн 12-А ангид суралцаж байна. 

FLEX хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, ямар шалгууртай хөтөлбөр вэ? Энэ мэдээллийг анх хаанаас олж байсан бэ?

Future Leader’s exchange буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцоо гэсэн хөтөлбөр нь АНУ-д 1993 оноос хойш явагдаж байгаа. Үүнд зүүн Европ болон Төв Азийн нийт 21 улсаас, 11-р дүгээр ангийн сурагчдыг 100 хувийн тэтгэлэгтэйгээр АНУ-д 1 жилийн хугацаатай солилцоогоор зочин айлд амьдруулж ахлах сургуульд сургадаг. 


Монголд 2017 оноос хойш хэрэгжиж эхлээд байгаа. Хамгийн анх зохион байгуулагдаж байхад би есдүгээр ангид байсан. Эхний жил туршилтын журмаар Улаанбаатар, Эрдэнэт хотуудаас хүүхдүүд авсан. Тэр үед нь би найзтайгаа оролцсон. Гэвч манай найз тэнцээд, би эхний шатанд нь тэнцээгүй юм. 

Ер нь хөтөлбөрт бэлдээд шалгарна гэдэг нь, ялангуяа АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдана гэдэг өрсөлдөөн их байдаг. Чиний хувьд яг тэр хөшигний ард бэлдэж байх үеийн туршлага, дурсамжаасаа хуваалцаач?

Тэгэлгүй яахав. Энэ хөтөлбөрийн шалгаруулалт нь гурван үе шаттай байдаг. Нэгдүгээр шат нь англи хэлний шалгалт, хоёрдугаар шат нь эсээ бичдэг, гуравдугаар шат нь ярилцлага өгнө. Эхний удаад би унасан учраас надад дараа жил хүртэл эсээгээ сайжруулах хугацаа байсан. Тэгээд би эсээ бичих дээрээ их анхаарсан. Өөртөө илүү итгэлтэй болохын тулд клубүүдэд элссэн. Мөн сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Гуравдугаар шат нь хамгийн урт. Тиймээс гуравдугаар шатандаа зориулаад англи хэлний ярианы болон эсээ бичих чадвараа хөгжүүлсэн. “Надтай хамт сурч байсан найз минь чадаж байгаа юм чинь, би ч гэсэн чадна” гээд нэг жилийн турш зорилго тавиад бэлдсэн. 

Хөтөлбөрийн шалгаруулалтад аль зүйл нь хамгийн хүнд санагдсан бэ? Англи хэлний шалгалт нь ямар зарчмаар явагддаг вэ

Шалгуурын 50-аас бага хувь нь англи хэл дээр тулгуурласан байдаг. Үлдсэн хувь нь шинэ орчинд зохицох чадвар мөн идэвхтэй байдлаас шалтгаалдаг. Тиймээс шалгалт нь IELTS, TOEFL-тай адилхан хүнд биш, англи хэлний дунд, дундаас дээш төвшний мэдлэгтэй хүүхдүүд орж болохуйц байдаг. Миний хувьд эхлээд FLEX хөтөлбөрийн эсээ бичих хэсэг нь хамгийн хүнд санагдаж байсан. Гэхдээ дараа нь гуравдугаар шат нь хамгийн урт төдийгүй хэцүү байдгийг мэдсэн. Гуравдугаар шат нь нүүр тулсан ярилцлагыг Монголоор эсвэл англиар хийдэг. Маш зузаан өргөдөл бөглөж өгдөг. Тэр дээр нэлээн их мэдээлэл бөглөж, захиа бичиж өгнө. Тэгээд англи хэлний шалгалт нь гүнзгий төвшний тест биш. Академик мэдлэгийг шалгасан тест байдаг. Дараа нь дахиад эсээ бичдэг.  Ярилцлагадаа цагаа бариад, өргөдлөө зөв бөглөөд, сандрахгүйгээр чөлөөтэй ороход л болно доо. 

Хүүхдүүд хөтөлбөрт хамрагдахаар бэлдэхдээ юун дээр алдаад байдаг юм шиг санагдсан бэ? 

Би хувьдаа өөрийгөө эхлээд энэ хөтөлбөрт хайнга бэлдсэн гэж боддог. Эхний жил нь би эсээ дээрээ өөрийнхөө санааг гаргаж чадаагүй. Бусад хүмүүсийн эсээг загварчлаад бичиж байсан. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь өөрийгөө зөвөөр илэрхийлж чаддаггүй. Бусдыг илүү дуурайгаад байдаг гэж бодож байна. Тэгээд мөн хүүхдүүд гуравдугаар шатанд тэнцчихээд өргөдлөө оройтож цагийг нь тулгаж бөглөдөг. Өргөдөл нь шалгаруулалтын нэг хэсэг учраас эртхэн дуусгах хэрэгтэй байдаг шүү.  

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд чамд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

Хэд хэдэн шалтгаан бий. Би өмнөх жил нь шалгалтад ороод, унаад үзчихсэн байсан болохоор бусад хүүхдүүдээс илүү туршлагатай байсан. Мөн надад алдсан алдаан дээрээ ажиллаж, бэлдэх бүтэн жилийн хугацаа давуу тал болсон байх. Тэр хугацаандаа зөвхөн англи хэлээ сайжруулаад зогсохгүй өөрийгөө олон талаас хөгжүүлсэн учраас тэнцсэн гэж боддог. 

Америк руу явахдаа Монголын соёл, түүхийг харуулсан юуг бэлтгэвэл зүгээр вэ?

 Их гоё асуулт байна. FLEX нь соёлын солилцооны хөтөлбөр. Зүүн Европ болон Төв Азийн орны олон хүүхдүүдийг суралцуулдаг хөтөлбөр болохоор хүүхдүүд өөрсдийн соёлын нэг хэсгийг авч очоод танилцуулж Америкийн соёлоос мөн суралцдаг. Соёлын солилцооныхоо цугларалт дээрээ Монголоос авч явсан дээлээ өмсөөд явахад их гоё өвөрмөц байсан. Миний хувьд их олон зүйл авч явсан. Шагай харваан тоглоом, шагай, аяга, “Монголын нууц товчоо” номын Англи хэл дээрх хувилбарыг авч явсан. Анхны хэвлэл нь их гоё зургуудтай байдаг. 

Америкийн ахлах сургуулийн амьдралын талаар бидэнд сонирхуулаач?

Америкийн ахлах сургуулийн хичээл нь Монголын их сургуулийн бүтэцтэй адилхан байдаг. Анги гэж байхгүй, өөрсдөө хичээлээ сонгоод үздэг. Хичээлийн хоёр улиралтай. Улирал бүрт 4 хичээл сонгож үздэг. 9-өөс 12-р дугаар анги нь ахлах сургууль. Ахлах сургуульд сонгох ёстой хичээлүүдийг өгсөн байдаг. Бүх хичээл нь өөрөө чөлөөтэй сонгох боломжтой байдаг. Тодорхой хэмжээний кредитүүдийг цуглуулж байж ахлах сургуулийг төгсдөг. Тэгэхээр хүүхдүүд өөрсдийн хурд ба төвшинд тааруулаад хичээлүүдээ сонгож болдог. Төвшин нь simple, honours, AP гэсэн гурван төрөл байдаг. Simple бол энгийн хичээл үздэг бол. Honours нь гүнзгийрүүлсэн сургалттай. AP нь коллежийн кредит авдаг. Анги, бүлэг гэж байхгүй учраас сургууль дээр ямар ч спортын тэмцээн, уралдаан байхгүй. Урлагийн үзлэг ч мөн байдаггүй. Харин сургуулийн шигшээ баг гэж бий. Сургуулийн шигшээ багт ороход нь хоёр төрлийн сонголт байдаг. Томоохон тэмцээнүүдэд оролцдог мэргэжлийн багт орох эсвэл зүгээр тухайн спортоо тоглодог сонирхогчдын багаас сонгож орж болдог. Иймэрхүү байдлаар спортоор хичээллэх боломжтой байдаг. Клубүүдийг багш нар нь удирдаж явуулдаг. Хичээлийн дараа ч мөн үйл ажиллагаа нь явагддаг. Видео тоглоом тоглодог, астрономи судалдаг, театрын гэх мэт сонирхолтой янз бүрийн клубүүд байдаг. 

Америкийн соёл, амьдралын хэв маяг, тэмдэглэлт баярууд гээд үзсэн зүйлүүдээсээ уншигдчдад маань хуваалцаач?

Зочин гэр бүлд байх нь энэ хөтөлбөрийн нэг онцлог гэж бодож байна. Анх удаа Америкт очихдоо Америк хүмүүс бодит амьдрал дээрээ хэрхэн яаж амьдарч байгааг нь өөрийн биеэр харж танилцана гэсэн үг. Бид талархлын баяр, зул сарын баяр, улаан өндөгний баяр гээд бараг бүх баяруудыг тэмдэглэсэн. Энэ баяруудаас хамгийн сэтгэлд хоногшсон нь зул сарын баяр байсан. Манай хост ээж, аавын хамаатнууд Флоридад амьдардаг. Харин бид Хойд Каролинад амьдарч байсан. Тэгээд бид гэртээ зул сар тэмдэглэлгүй Флорида руу явж, аялангаа анх удаа цасгүй халуун зунаар шинэ жил тэмдэглэж үзсэн. Нэг сонирхолтой санагдсан зүйл нь Зул сарын баяр манай цагаан сартай адилхан. Айл хэсээд, бэлэг өгөөд явдаг. Би их гайхсан. Би чинь тэнд хэдхэн сар байхаар ирсэн солилцооны сурагч байхад очсон айл болгон надад бэлэг бэлдчихсэн байсан. Мөн нэг нэгэндээ бэлэг өгдөг. 

Тэнд сурч байхдаа оролцож байсан сайн дурын ажил, нэмэлт хөтөлбөрүүд байгаа юу?

Тэнд “Placing Organization” буюу байрлуулах байгууллага байдаг. Тэд солилцооны сурагчдын нэрсийг аваад мужуудад тараадаг. Тиймээс муж болон зочин айлаа хүүхдүүд сонгохгүй. Харин хүүхдүүдийн нэрсийг веб хуудсан дээр байрлуулж түүнийг нь харж сайн дурын зочин айлууд хүүхдүүдийг сонгож авдаг. Тэр Placing Organization-д байгууллагаас хүүхдүүдэд улиралд хэдэн цагийн сайн дурын ажил хийхийг нь зааж өгсөн байдаг. Надад улирал бүрд 20 цаг сайн дурын ажил хийхээр заасан байснаас би жилийн төгсгөлд 60 гаруй цагийн сайн дурын ажил хийсэн байсан.  Үүнээс хамгийн дурсамжтай сайн дурын ажил нь Америкаас Монголд хүүхдүүдийн сургуулиуд руу явуулдаг бэлгүүдийг агуулахад нь очиж шалгаад, шуудангаар явуулахад нь бэлдэх үйл явцад оролцож ажилласан. Өөрөө тэр бэлгийг өмнө нь бас авч байсан учраас надад маш их дурсамж үлдээсэн. 

Америкийн өсвөр насныхны онцлог болон 2 улсын боловсролын ялгаа юу байсан бэ?

Америкийн амьдралын хэв маяг Монголоос үнэхээр ялгаатай. Вашингтонд анх буухад агаар нь хүртэл өөр чийглэг, халуун байсан. Тэнд хүмүүс нь илүү нээлттэй. Жишээ нь, Нэг өдөр дэлгүүрт касс дээр огт танихгүй хүн “Хүүе, чиний цамц чинь их гоё юм” гэж хэлэхэд би юу ч хэлж чадаагүй.  “Ямар сонин юм бэ” гэж дотроо бодоод л, зочин ээж, аав хоёр руугаа гайхаж хараад л өнгөрч байсан. Ер нь Америкчуудын хувьд “small talk” гэдэг зүйл түгээмэл байдаг. Хүмүүс бодож байгаа зүйлээ чөлөөтэй хэлчихдэг. “Баярлалаа”, “Сайн байна уу?” гэдэг үгийг их хэлдэг. Тэр талаар би их суралцсан. 

Америкийн өсвөр насны хүүхдүүд 16 насандаа жолооны үнэмлэх авдаг. Мөн ажил хийж болно. Хүүхдүүд бараг 14 настайгаасаа ажиллаж болдог. Мак Доналдс-д ихэвчлэн ахлах сургуулийн хүүхдүүд ажилладаг. Тэдгээр хүүхдүүд яг том хүн шиг биеэ авч явахыг хичээдэг. Эртнээс өөрөө биеэ даах бололцоог нь бүрдүүлээд өгчихөөр Америкийн өсвөр насны хүүхдүүд Монголтой харьцуулахад хамаагүй их биеэ даасан хүүхдүүд болдог. Ахлах сургуульд байхаасаа эхлээд машин бариад, ажил хийгээд сурчихаар коллежид орохдоо гэрээсээ нүүгээд хүссэн хотдоо амьдардаг. Ер нь өөр хотод очиж, тусдаа гарч өөрсдийн амьдралыг эхлүүлэх хүсэлтэй байдаг. Аав, ээжийнхээ гэрт удаан амьдрахыг муугаар хүлээн авдаг. 

Сургалтын тогтолцооны ялгаа мөн их байсан. Монголд нэг сайн тал байгаа нь Монгол боловсролын тогтолцоо хүүхдүүдэд академик мэдлэгээ маш сайн олгодог болохоор Монгол хүүхдүүд хичээлдээ их сайн байдаг. 

FLEX хөтөлбөр нь соёлыг солилцох хөтөлбөр. Үндэстнүүдийн соёлыг танилцуулах зорилгоор зохион байгуулагдаж байсан үйл явдал, өдөрлөгийн талаар хуваалцаач?

Би явахаасаа өмнө Монголын соёлын талаар нэлээн судалсан. Мөн Монголын тухай хэдэн танилцуулга (presentation) бэлдээд очсон. Хөтөлбөрийн оролцогчдын дунд зохион байгуулагддаг “Олон улсын боловсролын долоо хоног” дээр хамгийн их танилцуулга хийсэн хүүхдийг шалгаруулах тэмцээн заримдаа болдог. Миний хувьд дөрвөн хичээл үзэж байсан. Америкийн түүх, Англи хэл, Франц хэл, Домог зүйн хичээлүүдийг үзсэн. Тэр долоо хоногт, яг сурч байсан хичээлийнхээ сэдэвт тааруулаад танилцуулга илтгэл тавьсан. Жишээ нь домог зүйн ангид Монголын домгийн тухай, Франц хэлний ангид Францаар Монголын талаар ерөнхий, сонирхолтой мэдээллийг танилцуулсан. Америкийн түүхийн ангид Монголын түүхийн талаар илтгэл тавьсан. Англи хэлний ангид харин Монголын уран зохиолын талаар танилцуулсан. Их цаг зарцуулсан болохоор дөрвөөс олон танилцуулга хийж чадаагүй.  

Энэ хөтөлбөрт жилдээ хэдэн сурагчид шалгардаг вэ?

Эхний жилд 10 сурагч шалгарсан. Түүнээс хойш дандаа 20 сурагч шалгаруулж байгаа. Шалгарсан хүүхдүүд өөр өөр мужуудад хуваарилагддаг. Хүүхдүүд Америкт амьдарна гэхээр Нью-Йоркд эсвэл том хотод амьдарна гэж боддог. Гэхдээ Америкийн жинхэнэ соёл нь жижиг хотууддаа хамгийн их мэдрэгддэг учраас дагуул хотууд руу ихэвчлэн явуулдаг. 

Америкийн ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүдийн аялах боломжтой байдаг. Өөрт чинь аялж байсан дурсамж байгаа бол түүнээсээ бидэнд хуваалцаач?

Зочин айл бол сурагчийг хооллох, гэртээ амьдруулах, Америкийн соёлыг үзэхэд л туслах үүрэгтэй. Харин хүүхдээ аялуулах гэсэн үүрэг байхгүй. Гэхдээ тэр айл нь хүсэх юм бол хүүхдээ дагуулж хамт яваад аялж болно. Манай зочин ээж, аав хоёр маань намайг олон аялуулсан. Нэг удаа Дисней Уорлд руу очиж үзсэн. Би багаасаа Диснейлэндэд очиж үзэх мөрөөдөлтэй байсан болохоор аялахад их гоё байсан. Дисней Уорлд-д очоод гурав хоносон. Дотроо зочид буудлуудтай, олон тоглоомуудтай их том газар байсан.  FLEX-ээс бас жилд семинар 2, 3 удаа зарладаг. Түүнд нь эсээ бичээд шалгарах юм бол үнэгүй аялуулдаг. Placing Organization-оос тэмцээн зарлавал Хавай болон өөр газруудаар бас аялах боломжтой байдаг. 

Хөтөлбөрт хамрагдаад буцаж ирэхэд чамд ямар боломжууд нээгдсэн юм шиг байна вэ?

Энэ хөтөлбөрийн үйл явцын хагас нь Америк улсад, хагас нь өөрийн оронд өрнөдөг. Хөтөлбөрөөс буцаж ирээд миний үүрэг дуусахгүй. Хөтөлбөрөө төгссөний дараа Америкт сурсан зүйлээ Монголд авч ирээд, нийгэмдээ тустай зүйл хийгээрэй гэж захидаг. Энэ хөтөлбөр төгсөгчдөө хөгжүүлэх тал дээр их анхаардаг. Хөтөлбөрийн төгсөгчдөд төгссөнөөс хойш мөн семинар хийдэг. Тэдгээр нь энэ хөтөлбөрт хамрагддаг орнууд руу аялуулдаг. Эхний семинар нь зун болсон. Өнгөрсөн зун Киргизстан руу явуулдаг “FLEX Ability Workshop” гэж хийгдсэн. Жил бүр төгсөгчдийнхөө өөр өөр чадваруудыг хөгжүүлдэг. Дараагийнх нь 12 сард Украинд болсон. “FLEX Camps Workshop” гэж болсон. Үүнд би Баяржавхлан гэдэг хүүхэдтэй хамт оролцсон. Тэнд очиж долоо хоног болохдоо зуслан яаж зохион байгуулах талаар суралцсан. Дараа нь 2 сард “FLEX Media Literacy Workshop” болсон. Түүнд энэ жил Монголоос 3 төгсөгч оролцсон. Тэр төгсөгчид телевиз, интернетээс авсан мэдээллээ яаж зөв эсэхийг шалгах, бусдад яаж зөвөөр тараахыг суралцаад ирсэн. Буцаж ирсний дараа бас хүүхдүүддээ грант өгөх боломжийг олгодог. Тэр нь сурагчид төсөл бичээд, хэрэгжүүлэхээр бол өгч санхүүжүүлдэг. Жишээ нь 2-3 сурагч хамтраад жуулчны бааз байгуулахаар бол ойролцоогоор 3000 долларын санхүүжилт өгнө.  

Энэ хөтөлбөрт бэлдэж байгаа сурагчдад зөвлөгөө, урмын үг өгөөч?

Монголд байгаа солилцооны хөтөлбөрүүдээс энэ хөтөлбөр хамгийн шилдэг нь юм. Хөтөлбөртэй холбоотой ямар ч асуудал гардаггүй. Их хариуцлагатай байдаг. Хэрвээ чи FLEX хөтөлбөрт хамрагдаж чадах юм бол, энэ хөтөлбөр чиний амьдралыг өөрчилж чадна. Энэ бол амьдралд ганц олдох боломж. Тиймээс 9 - 11 дүгээр ангийн сурагчид жил болгон ч хамаагүй бүртгүүлээд бүх боломжоороо оролцохыг хичээгээрэй. Хэрвээ эхний шалгаруулалтдаа унавал битгий бууж өгөөрэй. Дараагийн шалгаруулалтад чи илүү туршлагатай болчхоод орно гэсэн үг. Тэгээд тэнцээд, оролцоод, төгсөөд ирэх юм бол FLEX-ийн төгсөгчдийн нөхөрсөг хамт олон хүлээж байгаа шүү. Төгсөж ирэхэд өөрт чинь маш олон боломжууд нээгдэх учраас энэ боломжийг битгий алдаарай гэж зөвлөмөөр байна. 

За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд, сонирхолтой мэдээлэл өгсөнд мөн уншигчдынхаа өмнөөс маш их баярлалаа.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү


Та бүхэн М. Нямдаваагийн ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.          

▶️SoundCloud энд дарна уу.
⏸Anchor энд дарна уу.
⏸Itunes энд дарна уу.
⏺Castbox энд дарна уу.
▶️Stitcher энд дарна уу.

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |