Манай өнөөдрийн дугаарт GlobalURAD хөтөлбөрийн 2019 оны төгсөгч оролцлоо.
Сайн байна уу? Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та өөрийгөө бидэнд танилцуулаач. Яваад ирсэн GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаараа мөн танилцуулаач.
Сайн байна уу? Намайг урьсанд баярлалаа. Намайг Саруулбаяр гэдэг. Би 2019 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрөөр Emporia State University-д суралцаад ирсан.
GlobalUGRAD хөтөлбөр нь үндсэн гурван шалгууртай байдаг. Эхнийх нь өргөдлөө цахимаар явуулах үе шат ба онлайнаар 11 сард өргөдөл хүлээн авч эхэлдэг. Үүнд эсээнүүдээ бичээд, өөрийнхөө мэдээллүүдийг оруулан, тодорхойлох захидлуудаа багш нараасаа авч явуулна. Дараагийн шатанд ярилцлагад дууддаг. Тэгж ярилцлагадаа тэнцсэн хүүхдүүд TOEFL-ын шалгалт өгөхийг шаарддаг. Тэгээд тэнцсэн тохиолдолд хөтөлбөртөө явна даа.
Шалгууруудыг бүүр нарийвчлаад хэлээч. TOEFL-ын яг хэдэн оноо шаарддаг, тодорхойлох захидалаа хэрхэн бичих гээд дэлгэрэнгүйгээр уншигчидтай минь хуваалцаач.
За, өргөдлөө явуулах үйл явц нь өөрийнхөө үндсэн мэдээллүүдийг эхлээд оруулна. Тэгээд хоёр эсээ бичих ёстой. Эхнийх нь чиний тухай, нийгэмдээ хэрхэн манлайлал үзүүлсэн, ямар үүрэгтэй байсан талаараа бичнэ. Хоёрт нь чамайг яагаад UGRAD-д явуулах ёстой вэ? гэдэг ерөнхий асуулт байдаг. Мөн хоёр тодорхойлох захидал бичүүлнэ, гэхдээ заавал багшаар бичүүлэх албагүй. Ажиллаж байсан юм уу, дадлагаа хийж байсан газраасаа бичүүлж авч болдог. Миний хувьд Оюутолгойд дадлага хийж байсан газраасаа тодорхойлох захидлаа бичүүлсэн. Нөгөөхийг нь их сургуулийн багшаараа бичүүлж авч байсан.
Анх энэ тэтгэлгийн талаарх мэдээллийг хаанаас авч байсан вэ?
Анх нэгдүгээр курст байхдаа интернетээс мэдээлэл авч байсан. Тухайн үед өөр тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргаж яваад хоцорсон юм. Тэгээд дараа жил нь шалгууруудыг нь харсан чинь 3,0 аас дээш голчтой байх, TOEFL-ын оноо шаардахгүй гэхдээ IBT –гын 61-ээс дээш байх шаардлагатай байсан. Тэр үедээ жаахан сүрдээд, өөртэй итгэхгүй өнгөрсөн. Дараа нь гуравдугаар курст ороод ер нь дараа жил угаасаа материал өгч болохгүй юм чинь гээд айдгаа ардаа хийгээд материалаа өгч байсан.
Хөтөлбөрт бэлдэж байх үеийн дурсамжаас хуваалцаач. Яг яаж бэлдсэн вэ? Тэр үеийн мэдрэмж ямар байсан вэ?
Өргөдлөө явуулахдаа нэг орой бүгдийг нь бичээд л явуулчихсан. Хоёр эсээгээ бичих гэж оройжин бодсон, англиар эсээ бичээгүй удчихсан байсан учраас яг юу гэж бичих вэ гээд? Монголоор эхлээд бичээд дараа нь түүнийгээ англи хэл дээр орчуулж бичээд явуулж байсан.
Ярилцлагын хувьд ойролцоогоор сарын дараа хариу нь ирдэг. Би и-майл ээ шалгахгүй хичээлдээ гүйгээд л яваад байсан, тэнцсэн ч гэж өөрийгөө бодоогүй. Тэгсэн яг ярилцлагын өмнөх өдөр нь АНУ-ын элчингээс залгаад ярилцлагадаа тэнцсэн байна. И-майлээр хариу өгөөгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо ямар асуулт асуух бол, ингэж асуувал тэгж хариулъя гээд шөнөжин сууж бэлдээд маргааш нь ярилцлагадаа орж байсан. Миний хувьд тодорхойлох захидлаа хоёр дугаар курст дадлага хийж байхдаа ахлахдаа та надад тодорхойлох захидал бичээд өгөөч, би ийм хөтөлбөрт явах гэж байгаа юм гээд урьдчилаад бичүүлж авч байсан. Тийм болохоор цаг хугацаа алдахгүй амар байсан.
Өөрийн чинь хувьд GlobalUGRAD хөтөлбөрт тэнцэхэд яг юу нөлөөлсөн гэж хардаг вэ?
Ярилцлагад орохдоо өөртөө итгэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Хэрэв надад боломж олгох юм бол, би итгэлийг чинь алдахгүй. Эргэж ирээд сурсан мэдсэн зүйлээ нийгэмдээ, найз нартаа болон, дүү нартаа хуваалцах болно гэж хэлсэн. Тэр магадгүй нөлөөлсөн байх гэж бодож байна.
Америкт очсон хүмүүс Монголтой холбоотой юу авч явбал зүгээр гэж зөвлөх вэ?
Би тэр тал дээр их бэлтгэлтэй явсан гэж боддог. Монголтой холбоотой түлхүүрний оосор, бэлэг дурсгал гэх мэт зүйл их авч явсан. Харин явахаасаа өмнө Монголын нууц товчоог дахиад хоёр удаа уншчихаад явдаг байж дээ л гэж бодсон. Тэнд очсоны дараа найзууд их сонирхож асуудаг байсан. Монголын түүхийн талаар асуух бүрт нь яг зуун хувь өөртөө итгэлтэй ярьж чадахгүй. Зарим зүйлийг нь мартчихаад ерөнхийд нь ярих үе гарч байсан.
Америкт очоод анхны сэтгэгдэл хэр байв? Соёлын шоконд орж байв уу?
Oлон цаг нисээд буухад Америкт тавтай морил Саруулаа гэж бичсэн постер бариад хүлээж байсан. Тэрийг хараад л хамаг ядаргаа алга болоод замын турш жолооч ахтай буу халаад явж байсан. Яг хотдоо очсон чинь Lego тоглоомоор барьчихсан юм шиг хот байсан. Хот гудамж нь их цэвэрхэн. Анх орчин нь их шок болсон гэх юм уу.
GlobalURAD хөтөлбөрөөр нэг гоё зүйл нь Монголд 2-р курсд сурч байсан бол АНУ-д 3-р курсын хичээлээ үргэлжлүүлээд сураад явдаг. Тэгээд чи сурч байсан хичээлийн өдрүүдээсээ нэг өдрийг нь дүрслээд бидэнд хуваалцвал?
Монголд лекц, семинар гэж хоёр өөр хэлбэрээр ордог бол тэнд зөвхөн семинар орж байсан. Нэг багш ойролцоогоор 20-25 хүүхдэд хичээлээ нээлттэй байдлаар ярилцаж заадаг. Тийм болохоор оюутанд ирэх анхаарал сайн. Хичээл дээрээ ямар нэг зүйл ойлгохгүй байвал түүнийг их сайн тайлбарлаж өгнө. Бодит амьдралын жишээн дээрээс холбон тайлбарлаж хичээлээ их сонирхолтой заадаг. Тэгэхээр юу ч мэдэхгүй орсон байсан ч гэсэн их зүйл ойлгоод гарч ирнэ.
Монгол Америкийн боловсролын ялгаа нь юу гэж харсан вэ?
Багш нар нь оюутнуудтайгаа и-майлээр байнга холбоотой, харилцаатай байдаг. Ойлгохгүй зүйл хичээл гарах үед орой багш руугаа и-майл явуулхад дор нь хариу бичээд тайлбарлаад л өгчихдөг. Мөн долоо хоног бүр давтлага хичээл гэж ордог. Монголд улирлын шалгалт 30 оноо, явцын шалгалт 20 оноо, гээд шалгалтаар 50% чамайг дүгнэчихдэг. Америкт сурсан сургууль маань тийм байгаагүй. Шалгалт нь 15-20 оноо бусад нь хичээлийн явцад хийж байгаа даалгавар, сорил, багийн ажил, хичээлийн оролцоогоор нь дүгнэдэг байсан нь их таалагдсан.
Америкт байхдаа олон улсын оюутны байранд байсан уу?
Камьпусд амьдрах их сонирхолтой. Оюутнуудад зориулсан жижигхэн хот байгуулаад өгчихсөн гэсэн үг л дээ. Дотуур байрны хувьд чөлөөт цагаа өнгөрөөх хэсэг, биллиард ширээний теннис тоглох хэсэг, хичээлээ хийх өрөө, гал тогоо гэх мэт төрөл бүрийн өрөөнүүдтэй байсан. Их тухтай байдаг байсан. Найзуудтайгаа тоглоод, хамтдаа хичээлээ ч хийчихдэг байсан. Дотуур байранд оюутанд хэрэгтэй бүх юм байсан. Тэндээсээ тав алхаад сургуулиудаа орчихно. Дахиж цаашаа арав алхаад фитнес, бассейн руу орчихно. Эргэн тойронд оюутнуудад зориулсан ресторан, цайны газар, кофе шоп, оюутнуудад зориулсан хөнгөлөлттэй үсчин гэх мэт төрөл бүрийн газруудтай байсан.
Хөтөлбөрт хамрагдаж байсан үеийн оролцсон сайн дурын ажлуудаасаа дурьдбал?
Ер нь хамгийн их санаанд үлдсэн сайн дурын ажил гэвэл соёлын өдөрлөг. Канзас хотод Солонгос улсын өв соёлыг харуулсан өдөрлөг болж сайн дурын ажилтан хэрэгтэй байна гээд оролцож байсан. Манай найзуудын ихэнх нь солонгосчууд байдаг. Тэнд бид нар Солонгос эртний хаадын үеийн хувцас өмсөж гудамжаар цагдаагийн хамгаалалттай алхаад их хөгжилтэй байсан. Тэр гудамжаар явсан хүмүүсд эртний хаадын үеийн хувцасны соёлыг үзэхийн хажуугаар Солонгос үндэсний хоолыг хийж өгч байсан. Бас нэг удаа манай сургуулийн бүх гадаад оюутнууд өөрсдийн соёлыг таниулах өдөрлөг болж байсан юм. Тэнд би Монголоос авч явсан үндэсний хувцастайгаа төрийн далбаагаа бариад найзуудтайгаа оролцож байсан. Тэгэхэд бас их сонирхолтой байсан.
Америкт суралцаж байхад аялж байх уу? Явж байсан аяллуудын сонирхуулаач?
Надад GlobalUGRAD хөтөлбөр оюутнуудыг аль болох аялахыг дэмждэг юм шиг санагдсан. Аялахаар бол хаашаа аялах гэж байгаагаа заавал хоёр, гурван хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг. Миний хувьд азтай зүйл нь төрсөн эгч маань Лос Анжелес хотод магистрт сурч байсан юм. Тийм учраас амралтаараа Лос Анжелес хот руу аялах боломж гарч байсан. Вашингтон Д.С- д бүх тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг сургалтад хамруулж аялуулж байсан. Тэндээс Нью Йорк руу найзуудтайгаа бас аялж байсан. Би санхүүгээр сурдаг, Нью Йорк-ын хөрөнгийн бирж, Уолл Стрийт гудамжийг үзэх боломж олдсонд их баяртай байдаг.
GlobalUGRAD хөтөлбөрт хамрагдсаны дараа Саруулбаяр гэдэг хүний хувьд хир их өөрчлөлт гарсан вэ? Энэ хөтөлбөрт бэлдэж байгаа залууст хандаж юу зөвлөмөөр байна?
Миний хувьд маш их ялгаа гарсан. Америкт сурчхаад ирсний дараа их нээлттэй болчихсон байгаагаа анзаарсан. Монголд байхдаа их хаалттай хүн байсан юм байна даа гэж дараа нь бодсон. Залуустаа хандаж хэлэхэд миний алдааг битгий давтаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл би нэгдүгээр курсдээ өргөдөл гаргах гэж байгаад хоцорчихсон. Дараа нь өөртөө итгээгүй, би тэнцэхгүй байхаа, надаас илүү мундаг хүүхдүүд олон байгаа юм чинь гэж бодоод материалаа явуулаагүй. Тэр алдааг битгий давтаарай. Өөртөө итгэлтэй байгаарай. Материалаа зүгээр л өг. Чамд алдах зүйл юу ч байхгүй. Маш сонирхолтой дурсамжийг үлдээх болно гэж хэлмээр байна.
Нээрээ л тийм шүү. Бидний урлигыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Цаашдын сурлагт нь өндөр амжилт хүсье.
Уншигчид даа хандаж хэлэхэд хэрвээ та болон таны эргэн тойрны хүүхэд залуус их сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутан байгаа бол GlobalUGRAD хөтөлбөрийг сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна (Анагаах, хуулийн оюутнууд төгсөх курс биш бол материалаа өгч болдог). АНУ-ын Засгийн газрын Төрийн департамент жил бүр 100% тэтгэлэгтэй зохион байгуулдаг хөтөлбөр байгаа шүү. Энэ АНУ-ын Элчин сайдын яам U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia вэб хуудас болон EducationUSA, болон MASA-гийн цахим хуудас, мэдээллийн сувагтай ойр байж албан ёсны мэдээллээ цаг тухай бүрт нь авч энэ хөтөлбөрт материалаа явуулаад үзээрэй гэж хэлмээр байна.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Та бүхэн Саруулбаярын ярилцлагыг бүрэн эхээр нь дараах холбоосуудаар сонсоно уу.
Stitcher энд дарна уу.
SoundCloud энд дарна уу.
Anchor энд дарна уу.
Itunes энд дарна уу.
Castbox энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл