Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу, намайг Гантөмөрийн Энхжин гэдэг. Нийслэлийн 1-р сургуулийн 12-р ангид суралцдаг. Өнгөрсөн зун амралтаараа АНУ-д 14 хоногийн хугацаатай сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирсэн.
Luby-Jenkins хөтөлбөрийн талаар сонсогчдод мэдээлэл өгөөч?
Энэ нь Зориг Сангаас зарладаг ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр юм. Бид нар эхлээд 8 сарын хугацаанд хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдана. Үүний дараа баг болж хуваагдаад нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад хавар нь 5 хүүхэд сонгогддог гэсэн үг юм. Сонгогдсон хүүхдүүд нь зун 14 хоногийн хугацаатай сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг.
Энэхүү хөтөлбөр нь жил болгон зарлагддаг уу?
Тийм. Жил бүр зарлагддаг. Би Зориг сангийн бусад хөтөлбөрүүдийн нэгэнд нь хамрагдаж байх үедээ энэ хөтөлбөрийн талаар сонсоод 1 жилийн хугацаанд бэлдээд орж байсан юм.
Тус хөтөлбөр ямар шалгууртай вэ?
10, 11-р ангийн сурагч байх ёстой. Дүнгийн голч нь өндөр , Улаанбаатар хотын харьяа байх хэрэгтэй гэдэг. Хичээлүүд нь Зориг сангийн байранд явагддаг учраас тэгдэг юм билээ. Эхний шатанд эсээ бичүүлдэг. Ардчиллын талаар болон хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа шалтгаанаа бичнэ. Дараагийн шат нь ярилцлага байдаг. Хэрэв ярилцлагадаа тэнцвэл хөтөлбөрийн гишүүн боллоо гэсэн үг.
Хөтөлбөр нь 100%-ийн тэтгэлэгтэй гэж сонссон. Зөв үү?
Тийм ээ, зөв.. Бүх зүйл цаанаасаа байдаг. Мөн биднийг төсөл хэрэгжүүлэхэд хэрэгтэй төсвөөр хангаж өгдөг.
Хөтөлбөрт ямар шалгуураар хамрагдах вэ?
Англи хэлний дунд буюу түүнээс дээш байх хэрэгтэй. Мөн Зориг сангийн талаар мэдээлэлтэй байх нь зөв юм шиг санагдсан. Бас дүн сайн байхад болно. 10-р ангидаа хөтөлбөрт элсэж байгаа бол 9-р ангийн дүнгийн голчийг харна. Түүнчлэн, эсээгээ Англиар бичвэл давуу тал болно.
Хөдөө орон нутгийн хүүхдүүд хамрагдах боломжгүй юм байна тийм үү?
Тийм. Харин тухайн үедээ хотод амьдарч байвал оролцож болно.
Анх хэрхэн мэдээлэл авч энэ хөтөлбөрт бүртгүүлж байсан вэ?
Хөтөлбөр 9-р сард эхлээд 10-р сарын дунд үе хүртэл шалгаруулалт явагдаад хүүхдүүдээ бүртгэж авдаг. Зориг Сангийн цахим хуудсыг дагах юм бол хэрэгтэй мэдээллээ авч чадна.
Хөтөлбөрт тэнцсэний дараа Америк явах хүртэл ямар үйл явцтай байдаг вэ?
Мэдээж хөтөлбөрийн хүрээнд ар гэрийнхэнтэй нь гэрээ байгуулна. Бид 7 хоног бүрийн 2 дахь өдөр лекц сонсож эсвэл хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг байсан л даа. Нийт 21 хоногийн хугацаанд ийм хэлбэрээр явж байгаад, үүний дараа баг болж хуваагдаад төслүүдээ хэрэгжүүлж эхэлж байсан юм. Хавар 4-р сарын үед дүн нь гардаг. Хүүхдүүд нэгэндээ оноо өгнө. Энэ нь оноо авсан хүний Америк явах магадлал өндөр гэсэн үг. Нийт 5 хүүхэд шалгардаг. Зургаадугаар сарын дундуур Denver-т хөтөлбөрт оролцож байсан Америк 5 хүүхэд Монголд ирнэ. Нийт 10 хүүхэд хамтдаа соёлын солилцооны хөтөлбөрт хамрагддаг.
Энэхүү хөтөлбөр нь 100%-ын тэтгэлэгтэй гэсэн шүү дээ. Үүнд нь юу юу багтдаг вэ?
Онгоцны тийзний мөнгө нь цаанаасаа. Очих айлдаа үнэгүй байрлана. Товчхондоо визний материал бүрдүүлэх, мөн халаасны мөнгө л өөрөөс чинь гарна. Бусдыг нь бүгдийг байгууллагаас хариуцдаг. Тоглолт үзсэн ч төлбөрийг нь даана гэсэн үг.
Хагас сарын турш Америкт амьдарсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?
Би анх удаа онгоцоор нисэж үзсэн байхгүй юу. Эхлээд Инчонд очоод, тэндээсээ дамжаад очиж байсан. Нислэгийн үеэр гэдэс эвгүйрхэх гэх мэтийн таагүй зүйлүүд байсан, мэдээж их ядарсан байсан л даа. Байрлах айлдаа шөнө дунд болж байхад очсон. Дараа өдөр нь замын ядаргаагаа тайлаад гэрийнхэнтэйгээ танилцаад амарч өнгөрүүлсэн.
Denver-с ирсэн 5 хүүхэд маань бүгдээрээ нэг ахлах сургуулийнх болж таарсан. Өдөр бүр л ямар нэгэн үйл ажиллагаа болж байдаг учраас маш завгүй өдрүүд өнгөрсөн л дөө. Мэдээж багагүй ядарсан. Хамт ирсэн Монгол хүүхдүүдийнхээ заримтай нь үл ойлголцох үе ч гарсан.
Америк хүүхдүүдтэй хамт 14 хоног байхад сэтгэлгээний ялгаа ч юм уу тийм зүйл анзаарагдсан уу?
Америк өсвөр насны хүүхдүүд улс төрийн идэвхтэй, үүнийгээ дагаад энэ талын мэдлэг илүү юм шиг санагдсан. Гэр бүлийн хувьд гэвэл Америкчууд гэртээ гуталтайгаа байдаг юм билээ. Бас бөөнөөрөө өрөө өрөөндөө ороод чимээгүй болчихдог.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа, магадгүй бэлдэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Нэгдүгээрт Англи хэлний түвшин чинь дунд эсвэл түүнээс дээш байвал чамд очсон хойноо бусадтай харилцахад, эсээ бичих зэрэгт их хэрэг болно. Хэлний мэдлэг тийм ч чухал бус хэдий ч хэрэглээ талаасаа бодвол дунд түвшинтэй байхад болно. Дараагийнх нь Зориг Сангийн тухай судлаад ардчилал гэж юу вэ гэдэг талаар, бидэнд ямар боломжийг бий болгосон талаар мэдэж байхад зүгээр. Сүүлд нь хаана ч чамайг хэн бэ, юу чаддаг вэ гэдгийг чинь тодорхойлох хувийн товч түүхтэй байвал илүү зүгээр.
Дараа дараагийн энэ хөтөлбөрийн оролцогчид маань Монгол орноо бусад хүмүүст сурталчлан таниулах тал дээр юу хийвэл чамд зүгээр санагдсан вэ?
8 сар орчмын хугацаанд шинэ зүйлийг сурна гэдэг амаргүй шүү дээ. Тэгэхээр шууд хөгжим тоглох ч юм уу, тийм зүйл чаддаггүй юмаа гэхэд оньсого, түргэн хэллэг хэлүүлж болно. Монгол хоолоо хийж өгсөн ч болно шүү дээ. Нэг анхаарахаар зүйл байсан нь очсон Монгол хүүхдүүд маань нэг хэсэг болоод бөөгнөрчхөөд байсан юм. Тэгэхгүйгээр илүү сониуч ,чөлөөт сэтгэлгээтэй байгаарай гэж зөвлөе дөө.
Одоо Энхжингийн дараагийн зорилго юу бэ? Дахин Америкт очиж суралцах уу?
Би Музейд ажиллах сонирхолтой. Энэ нь Америкт очсоны дараа бүр илүү тодорхой болсон. Тэнд очоод олон гоё музей үзсэн. Үзэж байгаа зүйлсээ Монголынхоо музейтэй харьцуулж үзсэн юм. Америкт 5 мэдрэхүйгээрээ мэдэрч болдог музей байдаг юм билээ. Үүний дараагаар би музейд ажиллахаар эргэлзээгүй шийдсэн гэхэд болно. Би одоо 12-р ангийн сурагч. Сургуулиа төгсөөд 1 жил завсарлах бодолтой байгаа. Америк руу дахиад явмаар байгаа.
Яагаад завсарлага авахаар шийдсэн вэ?
Миний хувьд яг одоогоор ямар тэтгэлэг авч хаашаа явж сурахаа хараахан шийдээгүй байна. Мөн 12 жил ачаалалтай сурсан учраас тодорхой хэмжээнд амрахыг хүсэж байна.Амрангаа ажил хийж үзээд, туршлага хуримтлуулаад, хамт олонтой болохыг хүсэж байна.
Америкт байхад хамгийн сайхан зүйлс нь юу байсан вэ?
Олон гоё зүйл үзэж хараад, олон шинэ найзуудтай болсон маань одоо бодоход сэтгэлд сайхан дурсамж болж үлдсэн байна. Мөн Америк гэр бүлийн миний үеийн хүү нь өөрөө масло хийгээд үзэсгэлэн худалдаан дээр зарж байсан. Мөн бид 2 хамтдаа түүний найзуудтай нь уулзаад машинаар нь хамт явах үед намайг урд суулгаад явж байсан. Дараа нь найзуудаа хүргэж өгөөд, харих замдаа тэр өдрийнхөө үйл явдлыг хоорондоо яриад явж байсан нь сэтгэлд үлдсэн байна.
Хөтөлбөрт 8 сарын хугацаанд хамрагдахад хэцүү зүйл юу байсан вэ?
Төсөл хийх нь мөн багаар ажиллах нь амаргүй байсан. Тухайн төсөл нь тодорхой хэмжээний төсөвтэй, дараа нь санхүүгийн тайлан гаргаж өгнө гэдэг нь их хариуцлага юм шиг санагдаж байсан. Цагийн зохион байгуулалт, багийн ажиллагаа дутагдсан ч гэсэн багаараа амжилттай хамгаалаад хөтөлбөрт тэнцсэндээ баяртай байна.
Энэ удаагийн дугаар маань энэ хүрээнд өндөрлөж байна.Энхжиндээ маш том амжилтыг цаашдынх нь бүх зүйлд хүсэн ерөөе.
Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
#MASA