Alumni stories

Г. Түвшинзаяа "Columbia University"-ийн гадаад харилцааны чиглэлээр төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт Колумбия их сургуулийн төгсөгч Г. Түвшинзаяа оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. 

Сайн байцгаана уу. Намайг Г. Түвшинзаяа гэдэг. Би 2017 онд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрөөр Колумбия их сургуульд  магистрын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн байгаа. Одоогоор Аюулгүй байдал судалгааны хүрээлэнд судлаачаар ажилладаг. 

Бакалаврын зэргээ хаана төгсөж байсан бэ? 

Би бакалаврын зэргээ Герман улсын Барт Коллеж Берлин сургуульд 2008-2012 оны хооронд улс төрийн философи утга зохиолын мэргэжлээр дүүргэж ирээд Монголдоо 3 жил гаран ажиллаад Фулбрайт хөтөлбөрөөр явсан.  

Яагаад заавал АНУ д суралцахаар шийдсэн бэ? 

Намайг дунд сургуульд байхад олон улсын мэтгэлцээний тэмцээн болдог байсан. 9-р ангид байхдаа Стоун улсад зохион байгуулагдсан Дэлхийн аваргын тэмцээнд нь оролцож байсан юм. Тухайн үед одоогийнх шиг мэдээлэл нээлттэй биш байсан болохоор бас жаахан хэцүү байсан. Яг тэр үед миний үеийнхэн болон манай дээд үеийнхэн шал өөр түвшинд өөрөөр суралцаж байгааг нь хараад энэ хүмүүсийн түвшинд хүрдэггүй юмаа гэхэд ямар нэгэн байдлаар оролдож үзэх нь чухал юм байна гэж ойлгож аваад шийдэж байсан.

Герман болон АНУ-ын ялгаа нь юу байсан бэ? 

Миний бакалавраа төгссөн сургууль бол Нью-Йоркод байдаг сургуулийн Герман дахь салбар учраас бараг ялгаа байгаагүй. Америкийг бодвол арай цөөн тооны оюутантай байсан. Хүмүүсийн хувьд бага зэрэг ялгаатай байсан. Берлинд залуучууд ихтэй, маш нээлттэй. Харин Америкт хүмүүс нь илүү хурдтай ажилладаг шулуун шударга хүмүүс байдаг. Залуу хүний хувьд энэ бүгд нь маш том боломж байсан.

Фулбрайт хөтөлбөрийн шалгуурыг давахад танд хэр хүндрэлтэй байсан бэ? 

Би Германд суралцаж байх хугацаандаа солилцоогоор АНУ-д нэг жил суралцаж байсан. Магистрын түвшинд байдал шал өөр болж эхэлсэн. Баруунд бол бакалаврын түвшнийг ЕБС-ийн үргэлжлэл гэж хардаг. Харин магистрын түвшинд мэргэжил гэдэг зүйл бүрэн тодорхой болдог. Тэгээд мэргэжилтэйгээ холбогдуулан Нью-Йорк хотыг сонгож байсан юм. Фулбрайтын тухайд миний хувьд мэдээж амархан байгаагүй. Азаар ч гэх юм уу тухайн үед таван хүний нэг болж явж байсан. Мэдээж маш их бэлтгэл шаардлагатай. Миний хувьд мэргэжлийн онцлогоосоо хамаараад хэлний хувьд асуудал гараагүй. Туршлагын хувьд ч гэсэн нэлээн туршлагатай байсан. Магистрын түвшинд байршил их чухал учраас олон хүнтэй үлгэр дуурайлал авахуйц газар гэж үзэн сургуулиа сонгож байсан. Дээрээс нь Колумбын их сургуулийн багш нарынх нь туршлага, заах арга барил гээд дэлхийд танигдсан шилдэг сургуулиудын нэг мөн учраас сонгосон. 

Мэргэжил сонголт дээр манай уншигч нарт ямар зөвлөгөө өгөх вэ? 

Миний зүгээс бакалаврын түвшинд ямар ч мэргэжил сонгосон хамаагүй, харин мэргэжлийг чадвар талаас нь илүү харах хэрэгтэй. Төгсөөд ажлын байран дээр гарлаа гэхэд өгсөн үүрэг даалгаврыг хэр биелүүлдэг хариуцлагатай хүн бэ, хэр сэтгэн бодох чадвартай вэ, ярианы түвшин хэр вэ гэх зэрэг зүйлсийг хардаг. Үүнийгээ дуртай сэдвээрээ сурч байх явцдаа дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Надад ч гэсэн энэ зүйл тохиолдож байсан. Бакалаврт суралцаж байхад манай гэр бүл “Чи яг юу сураад байгаа юм бэ? Яг ямар мэргэжилтэй, юу хийдэг хүн болох юм бэ” гэх жишээгээр асуудаг байсан. Мэргэжил гэдэг зүйл магистрын түвшинд их чухал асуудал болж ирдэг. Одоо мэргэжил сонголт дээр санаа зовоод сууж байгаа хүүхдүүд байвал битгий санаа зовоорой. Өөрийн хүссэн юмаа хийж хүссэн зүйлээрээ л сурах хэрэгтэй. 

АНУ-д байх хугацаандаа ямар гоё дурсамжийг үлдээж чадсан бэ? Сэтгэлд үлдэж чадсан дурсамжтай зүйлээ бидэнтэй хуваалцаач. 

Төдийлөн дурдагдаад байдаггүй зүйлийг хэлье гэвэл спортоор хичээллэх хэрэгтэй. АНУ-д спортын хөгжлийн түвшин маш өндөр хөгжсөн байдаг. Энэ нь хичээлээс гадна надад олон зүйлийг зааж өгч чадсан. Багаар ажиллах, хүмүүстэй хамтрах, ялж ялагдахыг сурах, тэсвэр хатуужилтай болох эрүүл мэнд тал дээр ч гэсэн маш чухал нөлөө үзүүлдэг. Урт сэлүүрт завиар хичээллэх нь надад их гоё дурсамж үлдээсэн гэж би боддог. Миний хувьд Нью-Йорк хотыг завиар туулан бэлтгэл хийнгээ явах үнэхээр сайхан байсан. Төгсөх үед манай гэр бүлийнхэн ирсэн бөгөөд тэд надаар бахархаж сэтгэл дүүрэн уулзах их гоё байсан шүү.   

Эх орондоо эргэж ирээд юу хийж байгаа вэ? Америкт сурсан мэдлэгээ чадвар одоогийн таны карьерт хэрхэн нөлөөлж байна вэ?

2017 онд манай улсад шинээр ерөнхийлөгч сонгогдож байсан. Тухайн үед гаднын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийн уулзах хүн хэрэг болсон. Тэгээд анх Ерөнхийлөгчийн тамгын газар ажилд орж байсан юм. Миний хувьд Монгол улсын ерөнхийлөгч болон Гадаад харилцааны яамны гүүр нь болж ажиллахад их сайхан байсан. Ерөнхийдөө илүү олон нийтийн төрийн байгууллагад ажиллах зорилготой болохоор нийтийн удирдлага талдаа ажилласан. Үүнээс гадна би Афганистан улсад нэг жил цэргийн алба хааж ирсэн. Тухайн үед гэр бүлийнхнийгээ үлдээж явах нь миний хувьд хүнд байсан. 

Гадаад харилцаагаар суралцахаар шийдсэн эсвэл яахаа мэдэхгүй эргэлзэж байгаа хүмүүст хандан юу гэж хэлэх вэ? 

Үнэхээр сонирхож байгаа тэр зүйлээрээ л явах хэрэгтэй. Өөр зүйл судалж байгаад гадаад харилцаа руу орсон хүмүүс ч байдаг. Ерөнхийдөө тухайн үедээ сонирхож байгаа зүйлээ илүү чадвар талаас нь суралцах нь зөв гэж би хувьдаа боддог. Гэхдээ гадаад бодлогын хувьд их төвөгтэй ч гэх үү хариуцлага шаардсан салбаруудын нэг. Эхний үедээ бол уйтгартай ч гэж хэлж болохоор салбаруудын нэг. 

Сурагч болон оюутан залууст хандаж хэл сурахад нь ямар зөвлөгөө өгөх вэ?

Би өөрөө хэлний ямар ч авьяасгүй хүн байсан. Гэхдээ тэр нь миний давуу тал болж хувирсан. Маш олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд сурч байсан юм. Маш хүнд хэцүү аргаар сурч байсан учир надад үлдэх үлдэц нь ч гэсэн сайн байсан болохоор тэгж сурсандаа одоо баяртай байдаг. Ахиц гаргаж чадахгүй байна, бусад хүмүүс надаас илүү байна гэж шантрах хэрэггүй улам илүү хичээгээрэй. Сурах сууриа маш сайн зөв тавьж өгөөрэй гэж зөвлөмөөр байна.   

Колумбия их сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцахад хэр ээлтэй байсан бэ? 

Тэр тал дээр сайн мэдэхгүй ч ээлтэй орчинтой байдаг байсан. Яг тэр хүмүүст ямар бэрхшээл учирдаг талаар сайн мэдэхгүй байна. Тийм учраас өмнөөс нь ээлтэй ээлгүй гэж дүгнэвэл буруудах байх гэж бодож байна. Ерөнхийдөө манай ангид маш олон хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуус сурдаг байсан. Бүх зүйлд эрх тэгш байдлаар ханддаг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бас оролцоод явж байгааг нь олон харсан. 

Энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. 

Та бүхэнд ч гэсэн намайг урьж оролцуулсанд талархаж байна. Цаашдын ажил үйлд нь өндөр амжилтыг хүсье.


Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энддарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.