Alumni stories

Г. Цолмон: 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, "TUFTS University"-ийн магистр

Өнөөдрийн зочноор 2020 оны Фулбрайтер оролцож байна. Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

Намайг Цолмон гэдэг. 2018-2020 оны Фулбрайт тэтгэлгээр АНУ-ын Бостон хотын "Tufts University"-ийн Fletcher School of Law and Diplomacy-д Олон улсын бизнесийн чиглэлээр сурч төгсөөд ирсэн. Өмнө нь бакалаврын зэргээ Бизнесийн сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгсөж байсан юм. Дараа нь Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын зэргээ Эдийн засгийн мэргэжлээр хамгаалсан байна. Фулбрайтаар АНУ руу сургуульд явахаасаа өмнө би дандаа төрийн байгууллагад ажиллаж байсан. Ихэвчлэн гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан.

Өмнө нь хийж байсан ажлынхаа тухай дэлгэрэнгүй бидэнд танилцуулбал?

Ер нь миний өөрийн сонирхол бол эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэл байдаг. Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага маань хуучнаар “Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар”. Шинээр бүтцийн өөрчлөлт хийсний дараа “Үндэсний хөгжлийн газар” гэдэг нэртэй болсон. Энд би хөрөнгө оруулалтын бодлого зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэнд бид нар юу хийдэг вэ? гэхээр Монгол улсад шаардлагатай хөрөнгө оруулалт, түүнийг ямар эх үүсвэрүүдээс татах вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах гэсэн чиг үүргийг хамарч ажилладаг юм.

Тэгээд тэнд ажиллаж байх хугацаандаа анзаарсан зүйл нь Монгол улсад хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, чиг баримжаа гэж байдаггүй. Сонгууль бүрийн дараа, бүтцийн өөрчлөлт орох бүрд тэр бодлогууд маань өөрчлөгдөж байдаг. Нэг жил нь бид бол гадаадын хөрөнгө оруулагчид маш их таатай, ээлтэй орон, та нар ирээч ээ гэдэг хэдий ч дараагийн засаг гарахад, удирдлагаа солигдоход ер нь бид чинь нар гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр өөрсдөө хөгжиж чадах юм биш үү? гэдэг тийм санааг өгөөд эхэлдэг юм. Тийм нэгэн тогтворгүй байдлыг анзаарсны үндсэн дээр энэ талаар гадны туршлага ямар байдаг юм бэ? Яг гадаадын хөрөнгө оруулалтыг хийдэг, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татдаг бизнесийн топ шийдвэрүүд нь хаана байдаг юм бэ? Тэнд нь ийм шийдвэрүүд яаж гардаг юм. Өөрөөр хэлбэл Монголд урих гээд байгаа тэр хөрөнгө оруулагч нар чинь өөрсдөө шийдвэрүүдээ юун дээр үндэслэж гаргадаг юм гэж бодож эхэлсэн юм. Монгол л ганцхан хөрөнгө оруулалт татах гээд байгаа орон биш шүү дээ. Бидэнд олон өрсөлдөгчид байгаа. Түүнээс бид юугаараа ялгарах ёстой юм гэдэг талаар би өөрөө сурч байж энэ чиглэл рүү орж ажиллавал үр дүнтэй болно.

Ер нь бидэнд мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг зүйлс байдаг. Энэ талуудаас нь харж бодоод л өөрийгөө сайн боловсруулъя гэж бодсон юм. Мөн урт хугацааны, сэтгэлийн гүнд байдаг, топ мөрөөдлөө биелүүлье гэж зориглоод шийдсэн юм. Тэгэхдээ урт хугацааны, нэлээн тэвчээр хатуужил шаардсан бэлтгэл болсон. Тэгээд зорилгодоо хүрээд, Фулбрайтийн нэр хүндтэй тэтгэлэг аваад, АНУ-д төдийгүй дэлхийд хамгийн топ дипломат, олон улсын бизнесийн сургуульд сурна гэсэн зорилгодоо хүрч чадсандаа баяртай байгаа. Энэ сургуулийг сонгосон шалтгаан нь их онцлогтой, миний сонгосон Олон улсын бизнесийн мастерийн зэрэг нь зөвхөн MBА юм уу, бизнесийн зэрэг биш юм. Дэлхий даяаршиж, бизнесийн шийдвэрүүд зөвхөн тухайн компани юм уу, улсын түвшинд гарахаа болиод удаж байна. Миний сонгосон мэргэжил бол бизнес, олон улсын харилцааг хослуулсан зэрэг юм. 

Тэгэхээр төгсөж ирээд одоогоор яг ямар ажил хийж байгаа вэ?

За, одоогоор манай бага хүү маань 7 сартай жоохон байгаа. Би АНУ-д сурч байхдаа, төгсөх курсдээ төрүүлсэн. Одоогоор гэртээ хүүхдээ харж байна. Хажуугаар нь Азийн сан дээр Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх шинэ маш гоё төсөл дээр зөвлөх үйлчилгээ хийгээд ажиллаж байна. Энэ маань өөрөө их гоё, Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхыг бэхжүүлэх төсөл юм. Миний хариуцсан чиглэл нь яг бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд, албан бус секторт байгаа жижиг дунд бизнес хийдэг эмэгтэйчүүд рүү хандаад, тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Тэдний бизнесээ цааш нь тогтвортой авч явахад яг бодитой ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ гэдгийг л судалж гаргаж ирээд, газар дээр нь буусан дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилготой. Ковидийн нөлөөгөөр бичил, жижиг, албан бус секторт ажиллаж байгаа, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа нөлөө ямар байна? Тэр хүмүүс маань хаана ч бүртгэлгүй байдаг учраас Засгийн газрын дэмжлэг авч чадаж байгаа юм уу, үнэхээр нөлөө нь хаана байна гэж судлагдсан зүйл байдаггүй. Бид нар үүнийг гаргаж ирэхээр судлаад, үнэлгээ хийж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд шаардлагатай бодлогын болон бусад дэмжлэгийг цогцоор нь үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Фулбрайтийн тэтгэлгийг авахаар хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ? Ямар зарчмаар бэлдсэн бэ?  

Би өмнө нь Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байхдаа надтай нийлээд арван хүүхэд явсан юм.Тэр хүүхдүүдээс нь ес нь төгсөөд ирсэн. Тэр хүүхдүүдээс гурав нь Фулбрайтийн тэтгэлгээр дараагийн шатны магистр хамгаалсан байдаг. Ерөнхийдөө би тэндээс харж, ямар боломжууд байдаг гэдгийг мэдэж авсан юм. Яг 2016 оноос бэлдэж эхэлсэн. Хамгийн эхний хийх зүйл өөрийгөө л тодорхойлох байдаг. Ямар чиглэлээр сурах юм, яаж сурах вэ, үүний тулд би өөрийгөө яаж бэлдэх хэрэгтэй юм бэ?

Тэр стандарт шалгалтууд, шаардагдах оноонууд нь сургуулиа юм уу, чиглэлээ тодорхойлчихсон байхад ойлгомжтой болоод ирдэг. Нийт үйл явц нь нэлээн удаан, бараг хоёр жил үргэлжилсэн. IELTS англи хэлний шалгалт өгөөд, оноогоо авчхаад өргөдлөө явуулах эрхтэй болоод өргөдөл гаргадаг. Дараа нь ярилцлагад орно. За тэгээд ярилцлагаасаа кандидет болоод гарч ирсний дараа стандарт шалгалтуудыг өгдөг. Тэд нарынхаа оноог бариад цааш нь сургуулиуддаа хүсэлт гаргаж хариугаа хүлээнэ дээ. Ярилцлагад тэнцлээ гэснээс хойш бүтэн жилийн бэлтгэл болдог.

Ажлын хажуугаар стандарт шалгалтууддаа хэрхэн бэлдэж байв?

Миний хувьд хэмнэж болох бүх цагийг л гаргаж байсан. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл учраас цагийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Би өдрийн цайны цагаараа цайндаа гардаггүй, гэрээсээ хоолоо бэлдээд ирдэг байсан юм. Тэр цагаараа ажил дээрээ өдөр бүр тасралтгүй чадвал, хоёр ярианы дасгал, хоёр сонсох дасгалтай хийчихдэг байсан. Тэгээд оноогоо өөрөө шалгаад, ахицаа хянаад явдаг.. Мэдээж амралтын өдрөөр цаг гаргаж суугаад мөн бэлддэг байлаа. Тиймэрхүү маягаар л бэлдэж байсан даа. Хүн угаасаа зорилгоо тодорхойлчих юм бол арга зам нь аяндаа гаргаад ирдэг гэж боддог. Хамгийн гол нь цаг төлөвлөлт маш сайн сурсан. Нэг минутын үнэ цэнийг маш сайн ойлгож сурсан.

Хоёр жилийн турш магистраа хамгаалж байх хугацаандаа хүүхдээ төрүүлээд ирсэн гэлээ. АНУ-д жирэмсний хяналт, эмчийн үзлэгээ, эрүүл мэндийн үйлчилгээг яаж авч байв ?

Эрүүл мэндийн хяналтын хувьд АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, ялангуяа манай Бостоны эмнэлгүүд маш сайн юм байна билээ. Энэ тал дээр бол ёстой айх аюулгүй, үйлчилгээ, эмчилгээ сайн байсан. Фулбрайтаар олгогдох даатгалаас гадна, манай сургуульд өөрийн эрүүл мэндийн даатгалд заавал албан журмаар хамруулдаг байсан юм. Тэр даатгал маань надад нэлээн нэмэр болсон. Зарим үед өөрөө хувиасаа бага зэргийн санхүү төлөх асуудлууд байсан гэхдээ даатгал ер нь бүх зүйл дээр дэмжлэг болж чадаж байсан.

АНУ-д амьдарч байх хугацаандаа гэр бүлийн санхүүгээ хэрхэн зохицуулж байв?

Энэ тал дээр гэр бүлийн маань дэмжлэг их байсан. Ер нь гэр бүлийнхэнтэйгээ маш сайн зөвшилцөл, ойлголцолд хүрсний хувьд л энэ том хариуцлагыг аваад явна. Гэр бүл маань тэнд очоод санхүүгийн асуудлаа хариуцаж, нэмэлт орлого олох зорилгоор ажил хийж байсан юм. Фулбрайтийн тэтгэлэг маань өөрөө бас шалгуур өндөртэй. Очоод бас дүнгээ тодорхой хэмжээнд барьж байж дараагийн хичээлийн улирлын мөнгө, төлбөр орж ирдэг. Өндөр шалгууртай болохоор их ачаалал өндөртэй. Миний тэтгэлэг байрны түрээст нэлээн нэмэртэй байсан. Тэгээд манай нөхөр амардаг өдрүүдээрээ бага охиноо аваад гэртээ хоол ундаа хийнэ, нөхөр, том охин завгүй өдрүүдэд нь би бага охиноо аваад сургууль дээрээ очно. Манай охин намайг хичээлдээ сууж байхад өөрийнхөө даалгаврыг хийгээд, миний хичээл, багийн ажилд хамт оролцоод явдаг байсан. Ер нь манай сургуулийнхан надаас илүү манай охиныг таньдаг болсон доо.

Охин маань тэндээ хичээлийнхээ хажуугаар охидын скаутад явдаг байсан. Түүндээ их дуртай, ер нь АНУ-ын сургалтын хөтөлбөрүүд, бусад хөтөлбөрүүд нь ч тэр нийгэмд чиглэсэн, хүүхдийг нийгэмд яаж зөв иргэн болох вэ гэдэг талаар нь их үр дүнтэй, хүртээмжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэж санагдсан. Яахав бүүр нэг боломжгүй өдрүүдэд нэмэлт төлбөртэй хүүхэд өнжүүлэх хичээлд өгдөг байсан. Түүнд хэрэгтэй төлбөрийг өөрсдөө зохицуулаад, хүний хэмнэж болох зардал, хэмнэж болохгүй зардлууд гээд гэрийнхээ санхүүг би ангилчихдаг юм. Хэмнэж болох зардал хувцас хунар, гоёл чимэглэл, гадуур хоол идэх ч юм уу, түүнийг бол хүн хэмнэж болдог. Хэмнэж болохгүй зардал бол хүүхдийн боловсрол, эрүүл мэнд. Тэгэхээр хүүхдийнхээ боловсролд ямар ч байсан гэсэн мөнгөө бол зарцуулах хэрэгтэй юм.  

АНУ-ын Бостон хотын Tufts University - Fletcher School-д давуу тал чиний бодлоор юу байсан бэ?

Mанай сургууль маш их бүтээлч. Сургуулийн маань үндсэн зорилго нь дэлхийн топ дипломатуудыг бэлдэх байсаар ирсэн юм. Сүүлийн гучин жилд яаж өөрчлөгдсөн гэхээр яг энэ олон улсын бизнес, тогтвортой хөгжилд чиглэсэн асуудлууд руу түлхүү орсон. Уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд чиглэсэн мэргэжлийг гол түлхүү анхаарч, судалгааны жижиг багуудыг өөрсдөд дээрээ үүсгэсэн. Үүний үр дүнд хичээлээ үзэхийн хажуугаар оюутнууд нь ч судалгаа хийгээд тэр чиглэлүүдээ хөгжүүлээд явдаг юм билээ. Сүүлийн үед манай сургуулийн төгсөгчид нийгэмд ээлтэй бизнес гэсэн чиглэлээр номер нэгт амжилттай явж байгаа. Нийгэмд ээлтэй, тогтортой бизнес гэж юу гэсэн үг вэ гэхээр бизнесээ хийнэ, бизнест хөрөнгө оруулна, гэхдээ тэр бизнес нь өөрөө ёс зүйтэй, байгаль орчинд ээлтэй, сайн засаглалтай, жендэрийн тэгш байдлыг хангасан ийм бизнесүүд юм. Сүүлийн үед ийм бизнесүүд урт хугацаанд бага эрсдэлтэйгээр их ашиг олж байна, тэгсэн хирнээ энэ бизнес нь давхар нийгэмд ашиг тустай эерэг өөрчлөлтийг авч ирж байна. Түүнийг нь олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулагчид аль хэдийн анзаараад эхэлжээ.  Тийм төрлийн орон зайд манай сургуулийн төгсөгчид тэргүүлж байна.

Би өөрөө ч тэр чиглэлээр нэлээн сонирхолтой. Монгол улсад энэ чиглэлээр хоосон орон зай байгаа юм. Манайхан зөвхөн ашиг гээд яваад байдаг. Гэтэл магадгүй нийгэмд чиглэсэн хирнээ бизнесийн хөөрхөн санаа байх юм бол хөрөнгө оруулагч түүнийг илүү сонирхох болно. Мөнгөтэй хүмүүст чинь зөвхөн мөнгө олох нь асуудал биш. Одоо жишээ нь зүгээр нэг бизнест хөрөнгө оруулж 9 хувийн ашиг олсноос илүүтэй, зорилтот, нийгэмд ээлтэй бизнест хөрөнгө оруулаад 8 хувийн ашиг олоход тэр хүмүүст OK байхгүй юу. Яагаад гэвэл тэдний сэтгэл ханамж илүү өндөр байгаа юм. Тэгэхээр энэ маш том зах зээл. Манай сургууль энэ чиглэл рүү их оновчтойгоор төгсөгчдийг бэлдээд Бостонд болдог ESG болон Impact Investment-ийн олон төрлийн хурал, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд идэвхтэй, нэр хүндтэй оролцож явдаг. Тэнд олон орны гадаад оюутнууд, хөрөнгө оруулагчид ирж суудаг болохоор давхар нэтворкинг үүсгээд өгчихдөг юм.  

Өөрийнхөө сурсан мэргэжлийн онцлогийг дэлгэрүүлээд хуваалцаач?

Бизнесийн чиглэл хөрвөх чадвар ихтэй, бизнес гэдэг маань өөрөө эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь шүү дээ. Бид бизнес гээд ганцхан үгээр тодорхойлчхоод байгаа болов ч бизнес чинь дотроо маш олон төрөлд байдаг. Байгал орчны чиглэлээр, эрчим хүчний чиглэлээр, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, бүх л салбартай холбогдож болдог юм. Түүнийг зангиддаг, амжилттай хийх, удирдах тэр ухааныг миний сурсан мэргэжил заагаад өгчихдөг юм. Тэгэхээр аль ч салбар руу орж болдог. Миний мэргэжлийн онцлог бол олон улсын харилцаатайгаа холбоод асуудлыг том зургаар нь харах, олон төрлийн эрсдлийг давхар тооцох чадваруудыг бидэнд сургаж өгсөн. Тэгэхээр бүх юмыг цогц өнцгөөр нь хараад стратеги боловсруулж, шийдвэр гаргах тийм чадварыг бидэнд суулгаад өгчхөж байгаа юм. Тэр маань одоо надад зөвлөж үйлчилгээний ажил хийгээд явахад их тус нэмэр болж байна.

АНУ-д сурах хүсэлтэй хүүхэд залууст хаанаас юунаас эхлээсэй гэж зөвлөх вэ?

Ер нь хамгийн түрүүнд өөрийнхөө хэлийг сайжруулах хэрэгтэй. Ерөөсөө хэл бол бүх хаалгыг онгойлгох түлхүүр шүү дээ. Тэгэхээр хэлээ л сайн бэлдэх хэрэгтэй. Хэл сурахад одоо орчин нөхцөл гайхамшигтай сайхан болчихсон. Чамд интернет байх л юм бол заавал өндөр төлбөртэй сургууль руу цагаа зориулж очих шаардлагагүй. Интернетээр дүүрэн үнэгүй хичээлүүд байна. Хэрэв хэлний төвшин нэлээн гайгүй болчихсон бол би шууд хэлний шалгалтандаа бэлдээд эхэл гэж зөвлөмөөр байна. Тэгээд хэлтэй болчихсон хүнд угаасаа бүх хаалга нээлттэй шүү дээ. Мэдэхгүй, чадахгүй зүйлсээ хүмүүсээс асууж тусламж хүсэхээс  битгий нэрэлх. Асууснаараа хүн хэзээ ч бурууддаггүй юм. Өмнө нь АНУ-д яваад ирсэн хүмүүсээс асуу, туршлагаас нь суралцах хэрэгтэй. Мэргэжил сонголтын хувьд би үнэхээр заавал тийм мэргэжил сонго гэдэг зөвлөгөөг өгч чадахгүй. Тэр бол цэвэр хувь хүний сонирхол. Гэвч одоо моод болж байгаа мэргэжил гэдэг юм уу, мөнгө их орж байгаа мэргэжлийг гэдэг үүднээс битгий хандаасай. Гол нь өөрийгөө сонсоод, юу хийвэл чамайг их баяртай болгож байна? Түүнийгээ л барьж авсан нь өөрт нь хамгийн зүйтэй байхаа гэж бодож байна.

Яг тэр сургууль чинь чамаас юу харах вэ? Чи зөвхөн сургуулиасаа юм сурах биш, сургууль чинь чамаас сурах зүйл бас байгаа. Тэгэхээр би тэр орчинд өөрөө юу өгч чадах вэ? би юугаараа их онцлог вэ? гэдгээ тодорхойлчих юм бол чамайг авахдаа дуртай байх болно. Би танай сургуулийг сурснаараа мундаг болчихно гэдэг санаа барьж очих биш. Би өөрөө ийм ийм чадвартай, ийм туршлагатай, ийм сонин хүн шүү. Танайд байгаа тэр гоё боломжийг чинь би аваад ашиглаад хэдүүлээ нийлээд ийм юм хийчихье гэсэн санааг л багтаагаад хүсэлт гаргаж өгвөл илүү дээр шүү гэж зөвлөх байна.

За баярлалаа. Бидний ярилцлагаа энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Гантуяагийн Цолмон уригдан оролцсон Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан подкастыг бүхэн эхээр нь та бүхэн доорх холбоосоор орж сонсоорой!

▶️Itunes: энд дарж сонсоно уу
⏸Anchor: энд дарж сонсоно уу  
⏺Castbox: энд дарж сонсоно уу
⏸Stitcher: энд дарж сонсоно уу

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр |  Постер дизайн: М.Ивээл