Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаарт маань АНУ-д суралцсан түүхээсээ хуваалцахаар Г. Жаргал оролцож байна. Бидний урилгыг хүлээж авч тус улсад суралцсан түүхээсээ хуваалцах гэж байгаад баярлалаа. Өөрийгөө бидэнд танилцуулаач.
Урьж оролцуулсанд баярлалаа. Би математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг төгссөн. Дөрвөн жилийн өмнө Америкт ирсэн. Хоёр жил Вашингтоны Bellevue коллежид сураад үүний дараа нь Вашингтоны их сургуульд бакалаврын зэргээ дүүргэсэн. Их сургуулиа экономикс буюу эдийн засаг болон өөр мэргэжлийн хоёр minor-той төгссөн. Санхүү болон нягтлан бодох чиглэлээр хоёр мэргэжил авч төгссөн.
Америкт суралцахын давуу тал юу байсан бэ? Major minor 2-ын ялгаа нь юу вэ?
Major нь монголоор мэргэжил гэж явдаг. Үндсэн сурч байгаа чиглэл гэж хэлж болно. Minor гэдэг нь туслах мэргэжил буюу өөр өөр мэргэжлийн оюутнууд сонгож суралцдаг. Жишээлбэл үндсэн мэргэжилтэйгээ дагалдуулж авбал ажилд гарахад давуу тал болдог. Би бол гурван төрлийн бизнесийн чиглэлийн major minor сонгоод ажлын талбарт өөртөө давуу тал үүсгэсэн гэж болно. Америкт суралцах давуу тал нь олон орны хүмүүсийн соёл түүхийг сонсох юм. Америкт төрөл бүрийн түүхтэй, янз бүрийн хүмүүс ирдэг болохоор дэлхийн хүмүүс ямар байдаг, яаж бодож сэтгэдгийг, ямар амьдрал даван туулдгийг ойлгож авах нь хамгийн том давуу тал байсан байх.
Америк явахад өөр ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? Америкт очиж суралцахад өөрийгөө хэрхэн бэлдэж байсан бэ?
Би багаасаа л Америкт сурах хүсэлтэй байсан. Манай эргэн тойрныхон буюу ах эгч нар, найз нар маань Америк соёлыг үзэж өссөн гэж хэлж болно. Дунд сургуулиасаа авхуулаад ирээдүйн дэлхийн шилдгүүдтэй нэг орчинд өрсөлдөөд, шилдэг боловсролыг эзэмшинэ гэдэг гоё санагдаж байсан. Энэ нь Америк явах эхний алхмыг тавьсан. Харин англи хэлийг багаасаа кино, ном, дуу хөгжмөөр дамжуулж сурсан. Дараа нь Абсолют, IBT center гэх мэт сургалтын төвүүдээр явж шалгалтынхаа ойлголтыг авч бэлдээд төгсөх жилдээ шалгалтуудаа өгөн, материалуудаа явуулаад сонголтоо хийж байсан. Америк явах бэлтгэлдээ ер нь бие дааж бэлдсэн.
Бие дааж англи хэлийг сурч байгаа залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ? Хэл сурахад юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
Хувиараа сурахад найзууд ч юм уу хамаатан садан ч юм уу хамт суралцах групп олж аваарай гэж зөвлөмөөр байна. Хувиараа бэлдэхийн сул тал нь гацсан үед тусламж хэрэг болдог. Монголын энгийн дунд сургуулийн сурагчид тусламж хаанаас авахаа тийм ч сайн мэддэггүй. Миний хувьд хамаатны ах эгч найзуудын групптэй байсан. Тавуулаа хамт англи хэлээ давтаж ТОЕFL-д бэлддэг байсан нь нэлээн их тус болсон. “Хурдан явмаар байвал ганцаараа яв, хол явмаар байвал олуулаа яв” гэдэг үг байдаг шүү дээ. Энэ нөхцөл байдалд Америк руу явах нь бидний холын зорилго болохоор группээр явбал арай амжилттай явах болов уу гэж бодож байна.
Мөн миний хувийн өнцгөөс харахад гадаад хэлийг сурах хамгийн том хүчин зүйл бол соёл юм шиг санагддаг. Хүн өөрийн сонирхож байгаа соёлын нэг хэсгийг даган тэрийгээ цааш судлаад явбал илүү сонирхолтой байдлаар сурах болов уу гэж бодогдсон. Жишээлбэл Америк явахын тулд англи хэл сурч байгаа бол өөрийн сонирхож байгаа Америк соёлын хэсгийг судлаад хүмүүсийн яриа подкаст сонсох нь илүү тустай гэж бодож байна. Би кино үзэх, ном унших, бусад хүмүүсийн яриа сонсох дуртай, өөрөө бас харилцан ярианы видео хийж тоглодог байсан.
Сонсох дуртай подкастаа хуваалцаач?
Би янз бүрийн подкаст сонсдог л доо. Хамгийн анх Youtube-ээс подкаст гээд хайгаад л Joe Rogan, H3H3-ийн подкастууд гарч ирсэн. Хааяа бас Монгол подкастууд сонсох дуртай. Монгол хүмүүс юуг ямар өнцөгтөөс харж ярьж байна, өмнөх туршлагаасаа юу сурсан байна гэх мэт сонсох дуртай. Ер нь Идэрээгийн, Мандуул ахын, Сэхээтэн подкаст гэх мэт подкастуудыг сонсох дуртай. Joe Rogan, Kevin Hart гэх мэт алдартай хүмүүсийг бас сонсдог. Энгийнээр ярьж байгаа нь таалагддаг бөгөөд би үүнийг өөрийгөө илэрхийлэх чадвар гэж боддог. Санхүүгийн чиглэлээр подкастууд сонсож болно.
Сургалтын төлбөр, амьжиргааны зардал өөр бусад зардлууд гэх мэт санхүүгийнхээ төлөвлөгөөг хэрхэн тооцоолж төлөвлөж байсан бэ?
Эхний хоёр жил би гэрээсээ санхүүжилт авсан. Манай гэрийнхэн намайг маш их тусламж дэмжлэг байсанд их талархдаг. Хоёр дахь жилийнхээ дараагаас сургуулиасаа тусдаа тэтгэлэгт хамрагдах болсон. Одоо би магистраар Бостоны их сургуульд сурах гэж байгаа. Тэнд 80%-ийн тэтгэлэг аваад үлдсэн санхүүжилтийг нь зээл хэлбэрээр аваад явна гэж бодож байна. Санхүүгийн асуудал бакалавраар сурахад төдийгүй мэргэжил дээшлүүлэхэд хүртэл тулгардаг учир тэтгэлэг авсан хүмүүсээс зөвлөгөө аваасай гэж хүсэж байна. Сургалтын төлбөр, хоол унд, амьдарч байгаа газрын төлбөр, хаана ямар газар байгаагаас шалтгаалж санхүүгийн зардал тодорхой хэмжээгээр хэлбэлзэнэ. Хамгийн анхны зардал нь шалгалтуудын төлбөр байсан. Нэг шалгалтад ороход дор хаяж 200 ам.доллар байдаг. Үүний дараа визэнд ороход 200-300 ам.доллар гэх мэтчилэн мөнгө бол маш хэрэгтэй гэдгийг эрт мэдэж байсан дээр байх. Тэтгэлэг авсан ч гэсэн наад захын зардлуудыг тооцоолох хэрэгтэй.
Америкт байх үеийн дурсамжуудаасаа хуваалцаач?
Гоё дурсамжууд зөндөө байгаа. Хүн зорилго тавиад үр дүнгээсээ таашаал авдаг. Хүссэн зорилгууддаа хүрч чадсан тэр мөч хамгийн гоё байсан. Бас олон улсын олон соёлын хүмүүстэй найзалж шинэ хүмүүстэй танилцах үнэхээр сайхан байдаг. Миний хувьд аялах, Skydiving хийх, шүхрээр буух дуртай.
Таны сурч байсан Central Washington их сургууль гадаад оюутнуудад ямар боломжуудыг олгодог вэ?
Манай сургууль мужийн хамгийн том улсын сургууль. Олон хүүхдүүд орох гэж үздэг болохоор олон улсын оюутнуудад тэтгэлэг олдоно гэдэг маш ховор. Сургуулиас нь тэтгэлэг авч чадахгүй тохиолдолд Монголын засгийн газрын тэтгэлэг хөөцөлдөх шаардлага гардаг. Манай сургуульд олон улсын оюутнуудад эхний хоёр жилийн дүнгийн голчоос шалтгаалж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шаардлага бий. Би эхний хоёр жил их хичээсний үр дүнд тэтгэлэг авсандаа баяртай байдаг. Цаашлаад тэмцээн уралдаанд оролцон сургуулийнхаа нэр хүндийг гаргаад явах нь сургуулийн багш эрхлэгч нар чамайг мэддэг болоход тустай. Ингэснээр тэтгэлэг авахад ч давуу тал болно. Манай сургуулийн онцлог нь 300 гаруй тэтгэлгийн дэмжлэг байдаг. Сургуулиас өгдөг тэтгэлгээс гадна өөр зөндөө тэтгэлэг байдаг учир АНУ-ын тэтгэлэг их олдоцтой, хүртээмжтэй санагдсан. Хэн хүсэж, хайсан нь тэтгэлэг авч чаддаг гэдэг үг надад их урам зориг өгч байсан.
Central Washington их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад хэр ээлтэй юм шиг санагдсан бэ?
Миний явсан хоёр сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тун ээлтэй байсан. Би өөрөө эхний хоёр жилдээ сургуулийнхаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан төвд нь ажилладаг байсан. Тэнд нэлээн хэдэн ажилчид байдаг бөгөөд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тав тух болон суралцахад туслах олон янзын туслалцаа, дэмжлэгээр хангаж ажилладаг.. Тэр нь надад үнэхээр сайхан санагдсан. Миний хийдэг ажил болохоор хичээл дээрээ тэмдэглэл хийж чадахгүй байгаа оюутнуудад өөрсдийнхөө тэмдэглэлээс өгөх. Түүнээс гадна өөр олон таатай орчин, тав тухаар хангаж өгдөг нь таалагддаг. Тэргэнцэртэй явах үед ямар ч байшин луу орох асуудалгүй байдаг.
Өөрийн Америкт суралцсан түүх дурсамжуудаасаа хуваалцан үнэтэй зөвлөгөөнүүд өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд болон магистраа хамгаалах аялалд нь амжилт хүсье.
За, баярлалаа.
Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.